Нээнтэглэгч

 


Sweet Smell of Success (1957). Шотланд - Америкийн кино найруулагч Alexander Mackendrick-н нуар, егөөдөлт драм. Зохиолч Ernest Lehman-н бичсэн туужийг Clifford Odets, Alexander Mackendrick, Ernest Lehman нар кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд Нью-Йорк хотын сүүдэртсэн нуар зураглалыг Хятад төрсөн Америкийн нэрт зураглаач James Wong Howe авчээ. Киног Hecht-Hill-Lancaster продакшны James Hill продюсерлэж, хөгжмийг Elmer Bernstein найруулан бас удирджээ. Киноны гол дүрүүдэд; Burt Lancaster, Tony Curtis, Susan Harrison, Martin Milner нар тоглосон. Энэхүү бүтээлд, эрх мэдэлтэй, увайгүй хэвлэлийн редактор J. J. Hunsecker гэгчийн холбоо сүлбээ, нэр нөлөөгөө ашиглан газар дээрх ганц охин дүүгийнхээ хайртай залууг нь түүнд таарч тохирохгүй гэж үзэн хэн ч биш болгон, харилцааг нь сүйтгэж байгааг харуулдаг.

"Sweet Smell of Success" урьдчилсан үзвэрээр тааруу үнэлгээ авч байсан ч жилээс жилд нэр хүнд нь өссөөр, эдүгээ критикүүд шедевр хэмээн өргөмжилж байна; ялангуяа кино зохиол, зураглаачийн ажлыг нь магтдаг. Сэтгүүлзүйн ёс зүйн тухай, энэ салбарын хөшигний ардах сайн ба муугийн талаар энэ кинотой зэрэгцэх бүтээл бол Billy Wilder-н "Ace in the Hole" кино л байх болов уу. Эгнэшгүй James Wong Howe-н нүд гялбам хурц контрастай монохром зураглалаар гоёсон "Sweet Smell of Success" бол Холливуудын хамгийн ухаалаг кинонуудын нэг билээ. Ингээд Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 278-р байрт эрэмбэлэгдэж буй уг киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Шаардлагатай бол хулганы нүхэнд орж чадах зальт сэргэлэн, ирээдүйтэй хэвлэлийн агент Falco бол алдартай, нөлөө бүхий хэвлэлийн редактор Hunsecker-н баруун гар. Ойрын үед Hunsecker түүнийг үл тоомсорлож, гадуурхах болсны шалтгаан нь Hunsecker 19 настай охин дүү Susan нь жазз хамтлагийн гитарчин Dallas гэдэг залуутай үерхэж байгааг олж мэдээд тэднийг салгах үүргийг Falco-д даатгасан боловч Falco залуу хосуудын дунд гал тавьж чадахгүй удсаар байдлыг дордуулснаас болжээ. Дашрамд хэлэхэд, Hunsecker охин дүүгээ хэтэрхий хамгаалан цагддаг, өөрийнхөөрөө байлгах хүсэлтэй нэгэн. Falco  Dallas-н авга ахтай уулзаад хайрын шувуухайнуудыг салах хэрэгтэй гэж хэлнэ. Авга ах нь Dallas-д үерхэж байгаа хүүхний чинь ах дээрэнгүй, хүчирхэг хүн шүү гэж анхааруулсан ч залуу эр хаанаас тоогоо аж. Falco ингэж яваад явалддаг хүүхэн болох зөөгч Rita-тай таарах ба Rita Hunsecker-н өрсөлдөгч редактор Leo-той унтаж, үүгээр нь Leo-г нээнтэглэх ёстой байтал хүүхэн татгалзсан учраас ажилгүйдэх аюултай тулгарч, улмаар Falco-гоос тусламж гуйн ирээд буй нь энэ.

  Falco шөнө хүүхнийг ажлынхаа өрөөнд ир хэмээнэ. Falco-н дараагийн таарсан хүн нь цагдаагийн дэслэгч Kello байна; тэд хоёр биеэ үздэггүй, мөн Hunsecker танил талаа ашиглан Kello-г ажилтай байлгадаг учир Kello Hunsecker-д үнэнч гэж жигтэйхэн. Охин дүү нь жазз хөгжимтэй суух гэж байгааг Hunsecker-д Falco хэлнэ. Hunsecker тэдний харилцааг даруйхан үгүй хийхийг түүнд тушаана. Энэ эцсийн боломж ба чадахгүй бол зайлаарай гэнэ. Falco нэгэн ресторанд ороод Leo-той уулзаад Rita-тай холбоотой явдлаар эхнэрийнх нь дэргэд заналхийлэх гэж оролдох буюу Dallas-г коммунист гэж сониндоо бич үгүй бол эхнэрт чинь хүүхэнтэй сээтэгнэснийг чинь хэлнэ гэх боловч Leo мэргэжлийн ёс зүйгээ тэгж уландаа гишгэхгүй гэж хатуу зогссоноор Falco-г эвгүй хүнд байдалд оруулж, харин эхнэрээсээ сайшаал хүртдэг. Falco өөр нэг редактор дээр очоод учраа хэлэхэд Otis гэдэг тэр редактор хүүхэмсэг эр байсан учраас Falco түүнийг Rita дээр аваачаад ганц шөнө энэ чухал эрхэмийг баярлуулчихвал чамд тусална гэдэг.

Ингээд маргаашийн сонины шинэ дугаартай зэрэгцэн Dallas ажлаасаа халагдана. Төлөвлөсөн ёсоор уйлж унжсан Susan-н өмнө Hunsecker баатрын дүрээр утас цохин Dallas-г ажилд нь эргүүлэн оруулахаар болно. Dallas Hunsecker-тэй уулзаад Hunsecker-г ёс зүйгүй, нийгэмд буруу нөлөө үзүүлдэг, мэргэжлээ гутааж байна гэж шууд хэлдэг. Susan ах, хайртай залуу хоёроосоо нэгийг нь сонгохоос өөр аргагүйд хүрээд хайртай хүнд нь ах нь муу зүйл хийж магадгүй гэж санаад ахыгаа сонгодог. Өрсөлдөгчөө үсгүй хяргаж дадсан Hunsecker Dallas-г дуусгахыг Falco-д даатгана. Falco Dallas-н хүрэмний халаасанд марихуан хийчихнэ. Dallas огт сэжиглэхгүй ажлаа тараад явж байтал түүнийг Kello хүлээж байлаа. Falco баяраа тэмдэглэн ууж байтал Hunsecker түүнийг гэртээ дуудаж байна гэнэ. Falco даргынхаа пентхауст яваад очиход Susan тагтан дээрээ амиа хорлохоор зэхэж байна. Falco хүүхнийг авраад ноцолдож байтал Hunsecker орж ирээд Falco дүүгийн нь оролдож байна гэж санаад шууд дайрна.

Балмагдсан Falco Susan-г хамт байгааг мартчихаад Dallas-тай холбоотой хамаг хуйвалдаанаа ярьчихна. Hunsecker Kello руу залгаад Dallas буруугүй, Falco-д хамаг хэргийг бухаж, баривчлахыг тушаана. Энэ үед Susan хамаг юмаа цүнхлээд гарч явж байв. Hunsecker хаалгыг нь хөндөлсөхөд Susan "Тантай хамт амьдарснаас үхсэн нь дээр" гэж хэлдэг. Үүр цайж байлаа. Hunsecker тагтан дээрээ гарч ирэхэд Falco Kello-д зодуулж, Susan Dallas руугаа итгэл дүүрэн алхаж байлаа.

  1954 онд Ealing Studios-г BBC худалдаж авснаар ажилгүйдэлтэй тулгарсан найруулагч Alexander Mackendrick-д Холливуудаас энтертайнмант кинонуудын санал ирэх болжээ. Mackendrick Cary Grant болон David Selznick нартай хамтран ажиллах боломжоос татгалзаад Ирландын зохиолч George Bernard Shaw-н "The Devil's Disciple" жүжгийн зохиолыг киног болгох хүсэлдээ хөтлөгдөн Hecht-Hill-Lancaster кино компанитай гэрээлжээ. Харамсалтай нь, төсөл бүтэлгүйтсэний дараа Mackendrick гэрээнээсээ чөлөөлөгдөхийг хүссэн хэдий ч продюсер Harold Hecht хүсэлтийг хүлээж авалгүй, харин ч Ernest Lehman-н туужийг кино болгох санал тавьжээ. Lehman-н зохиол анх 1950 оны 4-р сард Cosmopolitan сэтгүүлд "Tell Me About It Tomorrow!" гэдэг нэртэйгээр гарсан ба сэтгүүлийн редактор "Sweet Smell of Success" гэсэн нэрний "үнэр" гэсэн үгийг хэвлэхэд зохимжгүй гэж үзээд сайхь нэрийг өөрчилсөн аж. Lehman зохиолоо Нью-Йоркийн хэвлэлийн агент, The Hollywood Reporter сэтгүүлийн тоймч Irving Hoffman-н туслахаар ажиллаж байсан хувийн туршлага дээрээсээ үндэслэн бичжээ.

  Энэ явдлаас болж Hoffman түүнтэй жил хагасын хугацаанд үг солиогүй боловч дараа нь Hoffman сэтгүүлдээ Lehman сайн кино зохиолч болох төлөвтэй байна гэсэн нийтлэл бичсэнээр Paramount студи Lehman руу залгаж гэрээ байгуулах санал тавьсан байдаг. Ийнхүү Lehman кино зохиолчийн замналаа эхлүүлж; "North by Northwest", "Sabrina", "The Sound of Music", "West Side Story" зэрэг гайхамшигтай кинонцудын зохиолыг бичсэн билээ. Hecht-Hill-Lancaster киноны эрхийг олж авахад Lehman туужаа кино дэлгэцнээ хөрвүүлээд зогсохгүй киноны найруулагчаар ажиллах боломжтой байжээ. Гэтэл дистрибьютер United Artists компани продюсер Hecht-д найруулагчийн суудлыг ямар ч туршлагагүй хүнд өгөх нь эрсдэлтэй биш үү гэж хэлснээр найруулагчаар Alexander Mackendrick сонгогджээ. Эхлээд Mackendrick маш их харилцан яриатай кино зохиолыг кино болгоно гэдэгтээ эргэлзэж байсан тул Lehman-тай хамтран хэдэн долоо хоног ажилласан. Кино зохиол бараг дуусч байхад Lehman өвдөж, төслөөс гарахаас аргагүй болсон байна. Продюсер Hill кино зохиолч Paddy Chayefsky-г орны хүнээр санал болгов. Харин Mackendrick тухайн үед Зүүнтэн, Социалист гэж хавчигдаж байсан жүжгийн зохиолч Clifford Odets-тэй хамтрах хүсэлтэйгээ уламжлав.

  Mackendrick Odets-г зохиолыг сайжруулахад ердөө хэдхэн долоо хоног шаардлагатай гэж таамагласан авч үнэндээ дөрвөн сар болсон. Найруулагчийн дурссанаар, тэд зураг авалтаа эцсийн зохиолгүйгээр эхлүүлж, энэ зуурт Odets зохиолыг толгойноос нь хөл хүртэл сэргээн засварласан ажээ. Хэдийгээр зохиол бүрэн бүтэн байсан ч Odets илүү түвэгтэй, илүү хурцадмал, илүү драматик нөхцөл байдал болоод харилцааг сэргээхийн тулд үзэгдэл болгоны бүтцийг задалсан хэмээн Mackendrick намтар номондоо бичсэн буй. Энэхүү үйл явц хугацаа шаардсан ба продакшн эхлэх огноог хойшлуцлах боломжгүй байв. Odets продакшныг дагалдан Манхэттен руу явж, зураг авах газар дээр нь зохиолыг дахин бичиж байлаа. Холливуудад очихыг нь хориглосон хотод буцаж очсон явдал  Odets-г нервтүүлж, бараг л галзуурсан аятай хурдтайгаар ажиллаж, зохиолын хуудсууд бичгийн машинаас шууд зургийн талбайд хүргэгдэж байжээ. Жүжигчин Tony Curtis Falco-н дүрийн төлөө тэмцэх хэрэгтэй болсон байдаг, учир нь түүний гэрээ байгуулсан Universal студи энэ дүр замналыг нь сүйрүүлж мэднэ гэж болгоомжилж байж.

  Царайлаг залуугийн дүрд тоглохоос залхаж, өөрийгөө жүжиглэж чадна гэдгээ батлахыг хүссэн Curtis Falco-н дүрийг үнэхээр хүссэн. Orson Welles-г анхлан Hunsecker-н дүрд тоглуулахыг хүссэн; харин Mackendrick Hume Cronyn-г хүссэн, учир нь эх туужид Hunsecker-г Америкийн алдартай хэвлэлийн редактор Walter Winchell-ээс сэдэвлэсэн бөгөөд Cronyn илүү Winchell-тэй адилхан гэж Mackendrick үзжээ. Lehman нэгэн ярилцлагадаа, Winchell бол туужийнх нь дүрийн хувилбарт санаа өгсөн хүн гэж хэлсэн байдгаас гадна киноны дүр туужийнхаас ялгаатай гэсэн байдаг. United Artists Burt Lancaster, Tony Curtis хоёрыг "Trapeze" кинонд хамтран тоглуулан амжилт олчихоод байсан учраас сайхь хослолыг дахин хүссэн аж. Жүжигчин Robert Vaughn анх Dallas-н дүрд тоглохоор гэрээлсэн ч зураг авалт эхлэхээс өмнө цэрэгт татагдаж, оронд нь Martin Milner сонгогджээ. Продюсерүүд зураг авалтын өмнө Mackendrick-д Нью-Йорк хоттой танилцахыг зөвшөөрсөн. Mackendrick намтар номондоо; "Нью-Йоркийн нэг онцлог шинж чанар, ялангуяа 42-р гудамжаас 57-р гудамжны хоорондох хэсэг нь нервтүүлэм энергитэй хөл хөдөлгөөн ихтэй явган хүн зам. Энэ нь миний үзэж байгаагаар шунал, амбиц, өөдгүй бүхэнд хөтлөгдсөн дүрүүдийн түүхэнд чухал ач холбогдолтой байсан".

"Sweet Smell of Success" киноны урьдчилсан үзвэрт таагүй үнэлгээ авсан; Curtis-г сайн, сайхан залуугийн дүрээр хүлээж авч сурсан фенүүдийн урмыг хугалсан байхад Lancaster-н фенүүдэд ч бас таалагдсангүй; үзэгчид киног хэтэрхий их яриатай, хөдөлгөөнгүй гэж шүүмжлүүлсэн. Ингээд зогссоноор кино санхүүгийн хувьд амжилт олсонгүй. Продюсерүүд бие биенээ буруутгаж байв. Lehman-н хэлснээр Lancaster түүнийг буруутгаж, урьдчилсан үзлэгийн дараах үдэшлэг дээр "чи илүү сайн кино хийж чадах байсан. Би чамайг зодно" гэж заналхийлсэн гэдэг. Mackendrick дэндүү нягт нямбай гэдгээсээ болж халагдах боломжтой байсан авч Lancaster түүнийг маш сайн ажилласан, кино мөнгө олоогүй нь түүний буруу биш гэж хожим хэлсэн байдаг. Мөн Lancaster Curtis-г Falco-н дүрээр Оскар авах ёстой байсан гэжээ. Критикүүд илүү сайнаар хүлээж авсан. Time сэтгүүл киноны чанга найруулаг, жүжигчдийн хүчтэй гүйцэтгэл, дээд зэрэглэлийн камерын ажиллагааг, мөн хамгийн ихээр харилцан яриаг нь магтсан. Жилээс жилд киноны нэр хүнд хурдацтай өссөн бөгөөд критикч David Denby Нью-Йорк хотын тухай хамгийн хорон, хамгийн шилдэг кино гээд өөр ямар ч киноноос илүүтэй их хотын сэтгүүлзүйн уур амьсгалыг гаргаж чадсан гэж бичжээ. Критикч Andrew Sarris 2002 онд бичсэн нийтлэлдээ; энэ киног үзэх гол шалтгаан бол одооны кинонуудад байхгүй болсон хурц, ухаалаг, хэлц үгээр баялаг байдаг гэж бичжээ. Критикч Pauline Kael харин доллар ба эрх мэдлийг шүтэх судалгаа гэсэн буй. Энэхүү бүтээл нь ялзарсан орчин, лугшиж буй их хотын амьдрал буюу гудамж, шөнийн клуб, увайгүй хүмүүс хийгээд чимээ шуугиан, цөхрөлөөс бүрэлдэн бий болдог. 

Comments