Хүлэгт баатрууд

 


Reservoir Dogs (1992). Америкийн нэрт кино найруулагч Quentin Tarantino-н зохиолыг нь бичиж найруулсан гэмт хэрэгт кино. Уг кинонд хэсэг бүлэг хүмүүс үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэж байгаа тухай өгүүлдэг бөгөөд энэ бол найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино нь билээ. "Reservoir Dogs" бол Tarantino-н нэрийн хуудас болсон шугаман бус түүх, хараалын үгс, хүчирхийлэлт гэмт хэрэг хийгээд поп соёлоос ишилдэг мотифуудыг агуулсан анхных нь бүтээл. Киноны гол дүрүүдэд: Harvey Keitel, Tim Roth, Chris Penn, Steve Buscemi, Lawrence Tierney, Michael Madsen, мөн Tarantino өөрөө тоглосон. Энэхүү киног бие даасан кино урлаг классик болон култ кино хэмээн үнэлэх болсон. Анхлан хүчирхийллийгдүрсэлж, хараалын үгсийг ихээр ашигласан гэж маргаан дагуулж байсан ч критикүүдээс сайн үнэлгээ сонссон. Tarantino хоёр жилийн дараа "Pulp Fiction" киногоороо тэсрэлт хийснээр "Reservoir Dogs" илүү алдартай болсон байдаг. Кинонд голдуу 1970-аад оны дуунуудыг ашиглажээ. Empire сэтгүүл тус киног бүх цаг үеийн хамгийн шилдэг бие даасан киногоор нэрлэсэн, мөн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 97-р байрт жагсаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 482-р байрт эрэмбэлээд байна.

Миний хувьд энэ киног Tarantino-н хамгийн шилдэг бүтээл гэж боддог ба тиймээс бичвэр хийхээр шийдсэн. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүний сонголт болоод тэдний гүйцэтгэл төгс. Хөгжилтэй, зэвүүн, үнэхээрийн харгис энэ кино нэгэн зэрэг цочирдуулж бас сэтгэл татна. Stanley Kubrick-н "The Killing", John Huston-н "The Asphalt Jungle" гэсэн классикуудыг санагдуулам энэ киногоороо найруулагч Tarantino хүний мөн чанарын бүтэлгүй, алдаатай, тэнэг шинжийг нихилист комеди маягаар үзүүлсэн байна. Tarantino Калифорнид видео архивын газарт ажилладаг байсан ба анхлан найзуудтайгаа $30,000 долларын төсөвтэй 16 мм-ийн хар-цагаан форматаар кино хийхээр төлөвлөж, өөрөө ноён Ягаанд, продюсер Lawrence Bender Сайн Залуу Eddie-д тоглохоор яригдаж байж. Bender кино зохиолыг жүжиглэлтийн багшдаа өгч уншуулж, багшийн эхнэр зохиолыг Harvey Keitel-д дамжуулсан аж. Keitel-д шууд л таалагдаж, хамтран продюсерлэхээр болсноор Tarantino, Bender хоёрт санхүүжилт олоход амар болжээ. Keitel мөн Нью Иорк хот сонгон шалгаруулалт хийх байрны хөлсийг төлж, тэнд л Tim Roth, Michael Madsen, Steve Buscemi нарыг олсон байна. Roth-н агент нь түүнийг Ноён Ягаан юмуу Ноён Цайварын дүрд тоглуулахыг хүссэн хэдий ч Roth өөрөө "Англи жүжигчин дээрэмчин болж дүр эсгэж байгаа Америкийн цагдаагийн дүрд" тоглохыг хүссэн тул Ноён Улбар шарын дүрийг илүүд үзсэн. Учир нь тэр Өглөө жүжигчин билээ.

Madsen Ноён Ягааны дүрд тоглохыг хүссэн авч Tarantino түүнийг Ноён Цайварын дүрд тоглуулахыг хүсчээ. Жүжигчин James Woods-д ноён Ягааны дүрийг санал болгосон боловч Woods-н агент түүнд хэлэлгүйгээр дур мэдэн татгалзсан хариу өгсөн. Viggo Mortensen, George Clooney, Samuel L. Jackson нарын нэрс хүчтэй яригдаж байв. "Reservoir Dogs" өөр олон кинонуудад хүндэтгэл үзүүлдэг; нэгэн ярилцлагадаа Tarantino киноныхоо нэрэнд дуртай, учир нь энэ нэр найруулагч JeanPierre Melville, жүжигчин Alain Delon хоёрын кино шиг сонсогддог гэжээ. Мөн түүнчлэн Melville-н "Le Samourai" бол Tarantino-н дээдэлдэг киноны нэг агаад "Reservoir Dogs" болон "Pulp Fiction" кинонуудаа бүтээхэд нь хамгийн их нөлөөлсөн бүтээл гэдэг. Киноны хувцасны дизайныг Tarantino болон дизайнер Betsy Heimann хоёр Alain Delon-н тоглосон нуар кинонуудаас санаа авч хийжээ. Tarantino энэ кинонд нь найруулагч Stanley Kubrick-н 1956 оны "The Killing" кино нөлөөлсөн хэмээгээд "Би "The Killing" киног хуулбарлах гэж оролдоогүй, гэхдээ үүнийг би миний "Killing" гэж боддог" гэсэн байдаг.

  Киноны үйл явдлыг мөн " Kansas City Confidential" киноноос санаа авсанаас гадна цагдаагийн офицерыг сандалтай хүлээд тамлаж байгаа сцэнийг Sergio Corbucci-н "Django" болон Joseph H. Lewis-н "The Big Combo" кинонуудаас санаа авч бүтээсэн аж. Тэгвэл гол дүрүүдээ өнгөөр нэрлэсэн явдал бол 1974 оны "The Taking of Pelham One Two Three" киноноос үүдэлтэй ажээ. Мөн найруулагч Ringo Lam-н "City on Fire" кинонд гардагтай төс элементүүдийг агуулдаг ба Tarantino өөрөө тус киног хамгийн их нөлөөлсөн бүтээл байсан гэжээ. Кино продакшны үеэр хэд хэдэн асуудал үүссэний нэг нь жүжигчин Lawrence Tierney зураг авалтын эхний долоо хоногийн эцэс гэхэд тогтворгүй зан авираасаа болж зарим жүжигчидтэй таарахаа больж хэрүүл маргаан үүсгэсэн. Кино багийнхан Tierney-г аажмаар үзэн ядаж эхэлсэн. Эцэст нь түүнийг халсан ба Tarantino: "Тэр ёстой новшийн хар дарсан зүүд байсан. Тэр бүрэн ухаанаа алдсан. Галзуу хүн шиг л байсан. Кино багийнхан түүнийг тэвчиж чадахгүй болсон. Гэнэт тэр надруу хашгирч, харааж эхэлсэн, тиймээс би түүнийг өглөөний цайн дээр халж орхисон. Кино багийнхан ч баяртай хүлээж авсан".

  Агуулах дахь сцэнүүдийг оршуулгын эд хэрэгсэл, занданшуулах шингэн, шарилын хайрцагаар дүүрэн ашиглагдахаа больсон цогцос хадгалах байшинд хийсэн бөгөөд Ноён Улбар шарын байрыг тус цогцос хадгалах байшингийн хоёр давхарт авсан. Киноноос хойш тус байшинг нураажээ. Tarantino үнэт эдлэлийг хулгайлж байгааг хоёр үндсэн шалтгаанаар дэлгэцэнд харуулаагүй; эхнийх нь төсвийн асуудал байсан бол удаах нь дээрмийн нарийн ширийн зүйлсийг хоёрдмол утгатай байлгахыг хүссэн. "Glengarry Glen Ross" жүжигт, мөн уг жүжгээс сэдэвлэгдсэн кинонд дээрмийг үзүүлэхийн оронд дээрмийн тухай маргалдаж, ярилцаж, дүрсэлж байгааг харуулдагтай адилаар Tarantino өөрийнхөө кинонд дээрмийг бус "бусад зүйлсийн тухай" байлгахыг хүссэн гэдэг. Tarantino энэ арга барилыг роман бичигчтэй харьцуулж, кино нь харагдаагүй зүйлсийн тухай байхаас гадна киноны цагаар бус бодит цагаар тоглогдохыг хүсчээ. Оюунлаг, эрч хүчээр хүнгэнэх "Reservoir Dogs" бол Tarantino-н кино найруулагчийн замналыг эхлүүлсэн бүтээл билээ. "Reservoir Dogs" кино Sundance кино наадмаар нээлтээ хийхэд критикч Jami Bernard эл бүтээлийн үзэгчдэд үзүүлсэн нөлөөг 1895 оны "L'Arrivee d'un Train en Gate de la Ciotat" киноныхтой харьцуулсан нь сонирхолтой. Bernard-н хэлснээр 1895 оны үзэгчид галт тэрэг хараад тонгойж байсан нь "Reservoir Dogs" кинонд үзүүлсэн зүйлсэд бэлэн биш байсан үзэгчид хоорондоо төстэй байдлаар шоконд оржээ.

  Критикч Vincent Canby киноны шугаман бус түүх, жүжигчдийн тоглолтыг магтсан, тэрээр мөн Tarantino-н найруулга, кинондоо ойрын зураглал төдийлөн ашиглаагүй нь таалагдсан гэжээ. Критикч Kenneth Turan киноны нийт жүжигчдийн гүйцэтгэл, нэн ялангуяа Buscemi, Madsen, Tierney нарын тоглолтыг магтаад Tarantino-н илэрхий урам зориг, хийсэн зүйлдээ харамсдаггүй хүсэл эрмэлзэл нь эл ухаалаг үйл явдалд эрч хүч өгдөг гэж бичжээ. Критикч James Berardinell мөн жүжигчдийг болоод Tarantino-н харилцан яриа бичих чадварыг сайшаасан. The Washington Post сонин уг киноны "гөлрөнгө хошигнолыг" магтжээ. Критикч Roger Ebert илүү сөрөг шүүмж бичсэн, түүнийхээр илүү ч сайн кино болох боломжтой байсан буюу найруулагч зохиолдоо дутуу ажиллаж, дүрүүдээ ерөнхийдөө хаячихсан гэсэн. Мөн тэрээр авъяаслаг найруулагчийн сайн кино боловч илүү ихийг хүссэнээ илэрхийлжээ. Бусад сөрөг шүүмжүүд голдуу киноны хараалын хэллэг, хүчирхийлэлд чиглэж байв. Үзэгчдийг хамгийн ихээр цочроосон сцэн бол чих тасалдаг сцэн байв. Цагдаагийн офицерын дүрд Kirk Baltz тоглосон, тэрээр "би гэртээ жаахан хүүхэдтэй" хэмээн өршөөл гуйдаг хэсгийг өөрөө зохиож хэлж, үүнийг нь сонссон Madsen-д сайхь хэсгийг дуусгахад тун бэрхшээлтэй болж ирсэн гэдэг.

  Кино үзвэрийн үеэр олон хүмүүс театрыг орхин гарч байсан, нэг удаагийн үзвэрээр аймшгийн кино найруулагч Wes Craven тэсэлгүй гарч явжээ. Тухайн үед Tarantino энэ талаар хэлэхдээ "үзвэр болгоноор ийм зүйл тохиолддог. Зарим хүмүүсийн хувьд хүчирхийлэл эсхүл бүдүүлэг хэл яриа нь тэдний давж чадахгүй даваа нь юм. Энэ бол тэдэнд зориулсан хөнгөн зууш биш. Гэхдээ би тэдэнд нөлөөлж байна. Би тэр сцэнээр сэтгэл түгшээхийг хүссэн". "Reservoir Dogs" ихэвчлэн дэлгэцэн дээрх хүчирхийллийн дүрслэлээрээ онцлогдож ирсэн бөгөөд критикч J. P. Telotte уг киног классик дээрмийн сэдэвт нуөр кинонуудтай харьцуулж, төгсгөлийн сцэнийг нь ёжтой гэжээ. Өөр нэгэн судлаач эл бүтээлийг "Феодалын тууль" гэж нэрлээд өнгөөр нэрлэсэн дүрүүдийг дундад зууны үеийн хүлэгт баатруудын нэрстэй зэрэгцүүлэн авч үзсэн байна. Критикүүд уг бүтээл болон бусад кинонуудын хооронд ижил төстэй зүйлс байгааг ажигласан; киноны шугаман бус түүх нь найруулагч Akira Kurosawa-н "Rashomon" шедевртэй харьцуулсан байхад чих огтолдог хэсгийг Alfred Hitchcock-н "Psycho" киноны шүршүүртэй сцэн болон Tarantino-г David Lynch-тэй харьцуулсан. Критикч Todd McCarthy "Reservoir Dogs" киног "маргаангүй гайхамшигтай" кино гэж нэрлээд "Mean Streets", "Goodfellas" кинонуудын нөлөө байгааг онцолсон.

Дараа нь Tarantino өөрөө киногоо Martin Scorsese, Sam Peckinpah, Gus Van Sant, Abel Ferrara нарын бүтээлүүдтэй харьцуулсан байдаг. "Reservoir Dogs" киног Tarantino-н хоёр дахь кино "Pulp Fiction"-той харьцуулж ирсэн бөгөөд тус хоёр кино бараан хошигнол, гэнэтийн тохиолдлын сэдвээрээ адилхан байдаг. Эдгээр кинонуудад цагаан арьстай хүмүүс ба хар арьстай хүмүүсийн хоорондын харилцааг том байр суурь эзэлдэг; гэхдээ "Reservoir Dogs" кинонд энэ нь арай бага үүрэгтэй байдаг. Критикч Stanley Crouch-н бичсэнээр, энэ кинонд цагаан арьстай гэмт хэрэгтнүүд хар арьстай хүмүүсийн тухай ярьж байгаа нь Scorsese-н "Goodfellas", "Mean Streets" кинонуудад гардагтай төстэй гэжээ. Мөн Crouch-н үзэж буйгаар "Reservoir Dogs" кинонд хар арьстай хүмүүсийг дорд үзэх хандлага ажиглагддагаас гадна гэмт хэрэгтнүүд хар арьстай эрчүүдийг яриагаараа дуурайдаг гэжээ. 

Comments