Хайрын хэлээр ярихуй


 Gertrud (1964). Данийн мастер кино найруулагч Carl Theodor Dreyer-н драм. Тэрээр Шведийн зохиолч Hjalmar Soderberg-н 1906 оны ижил нэрт жүжгээс сэдэвлэн кино зохиолоо бичжээ. Уг бүтээл нь удаан үргэлжилсэн кадруудаараа алдартай ба анхлан таагүй шүүмж сонсож байсан бол эдүгээ Dreyer-н шилдэг бүтээлүүдийн нэг гэж үздэг. Dreyer-н энэхүү сүүлчийн киног хамгийн шижир кинонуудын нэгд тооцдог ба Dreyer жүжигчдээ хөдөлгөөнгүй, нам тайван байдалд тоглуулж, тайз заслыг зоримогоор багасгаж, мөн тэрээр ерөнхий хэмнэлийг эргэцүүллийн хэмжээнд хүртэл удаашруулдаг. Субъектийн сэтгэлийн амар амгалан нь шаналал дээр тогтдог авч энэ ердөө хагас байдлаар илэрхийлэгддэг тул улам бүр сүйрлийн шинжтэй л болдог. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 94-р байрт жагсаж буй энэхүү шедеврийн үйл явдлыг товчхон хүргэе.

Өгүүлэх нь, 20 зууны эхэн үе, Швед улс, Стокгольм хотноо нэгэн тансаг сууцанд гучин нас гараад дөч хүрч яваа нэгэн бүсгүй зүүн дээр суусан мэт тогтож үл чадан гэгэлзэнэ; бүсгүйн нэрийг Gertrud гэдэг бөгөөд өгүүлэх киноны маань гол дүр, гол мөн чанар болно. Gertrud-г харсан хэн ч дээд зиндааны орчинд өсч өндийсэн бүсгүй болохыг харахаас гадна нүднээс нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа цогшсон галыг харна. Харин ажигламтгай үзэгч бүсгүйн үйл хөдлөлөөс өгсүүлээд гэгэлзэх араншингаас нэг юм нуугаад байгааг, тэр нь зөвхөн бүсгүй хүн л ойлгох нууц болохыг эрхгүй ажиглана. Одоо Gertrud-тэй ойроос танилцахын дээрээс хувийн амьдалыг нь сонирхоё. Gertrud бол дуурийн дуучин явсан нийгэмдээ нэртэй бүсгүй бөгөөд өөрөөсөө ах хүнтэй дэр нэгтгэсэн нь өөрийн амьдралын хамгийн буруу алхам байсан гэж ойрын үеэс бодох болсон. Түүний нөхрийг Gustav гэх ба улс төрч, хуульч, мөн удахгүй албан тушаал дэвшихээр болсон том төрийн зүтгэлтэн. Ийнхүү Gertrud нөхөртэйгөө ярихаар, сэтгэлээ уудлахаар хүлээж байна. Энэ үед Gustav орж ирнэ. Gustav эхнэрээ хайрласан бас харамласан харцаар харах ба тун холоос буулт хийх маягаар ярьж эхэлнэ.

Учир нь, тэрээр эхнэр нь өөрөөс нь хөндийрөөд байгааг, эхнэр нь өөр залуустай явалдах болсныг олны цуу ярианаас олж сонсож хардан зовж байгаа билээ. Gertrud шийдэмгий, зоригтой бүсгүй байсан агаад хойшид нөхөртэйгөө хамт амьдрах аргагүй болсноо, зүрх сэтгэл нь өөр эрийн төлөө цохилох болсоор тэсэмгүй болсноо өчин өгүүлнэ; бүсгүй үүнийгээ Gustav-ын халамжгүй сэтгэлээс, хар амиа бодсон зангаас үүдсэн гээд нөхрөө зөвхөн ажлаа л боддог, ажлаас өөр юманд сэтгэлгүй хэмээн буруутгана. Харин нөхөр тайван сонсох нь эхнэрээ холдож явж чадахгүй гэж бодсных бөгөөд гомдоллын хариуд эр, эм хүний ялгаа үүнд оршдог, эрэгтэй хүнд ажил эхний тэргүүнд байх ёстой, ингэж байж эм хүн, эхнэрээ авч явна гэж мэтгэн зөрүүдлэнэ. Энэ үед Gustav-ын ээж ирсэнээр хэрүүл тасалдаж, Gertrud театр явлаа гэсээр явж одох бол Gustav маргааш болох өөрт нь зориулсан албан тушаал дэвшсэн баярын үдэшлэгт хамт явна шүү гэж орилсоор хоцрох ба мөн өөрөө ажилдаа явсанаар план өөрчлөгдөнө. Ингээд план өөрчлөгдөхөд, цэцэрлэгт хүрээлэнд залуу хүүхэн хоёр тэврэлдэн харагдана. Залуу нь ажваас хүүхнээсээ насаар дүү бол хүүхэн нь бидний эчнээ танил Gertrud болно.

  Залууг Jansson гэх ба царайлаг энэ гоё эр уран чадмаг хөдөлгөөн, уярам дотно үгээрээ ямарч эм хүйстэнг өөртөө татаж чадах нь үзэгчдэд харагдах бөгөөд хөнгөн явдалтай, хуурамч нэгэн болох нь илт бөлгөө. Jansson гоё царайнаас цаашгүй нэгэн биш юм, тэрээр нийгэмд ид танигдаж, дээд зиндаанд ихээр үнэлэгдэх болсон ирээдүйтэй төгөлдөр хуурч, өөрөөр хэлбэл хөгжимчин юм. Gertrud амрагтаа эрхлэн байж ойрд хаагуур явсан, яагаад холбоо барьсангүй вэ хэмээн тунирхан гомдоллох бол Jansson бага зэрэг яршиглан байж өөрийн хүндэлдэг хүмүүстэй хамт явж ууж идлээ, чамайгаа санасан, дахиж тэгэхгүй, манайд очьё гэнэ; бараг л энхрийлэлд нь ухаан тавиад байсан Gertrud зөвшөөрөн план өөрчлөгдөнө. Jansson-ны гэрт Gertrud тэр хоёр тэврэлдэн буйгаар нүднээ тусна. Хэн ч харсан тэд саяхан үүлэн борооны ажлаа дуусгаад байгааг ойлгоно. Jansson-ны царайд ханасан тэгээд бушуухан ганцаар үлдэхийн буюу хүүхэнг явуулахын түүс болсон өнгө илэрхий бол Gertrud-ын царайнд энэ бүхэн үүрд үргэлжлээсэй гэсэн хүсэл илэрхий. Gertrud зүрхний амрагтаа хэлж байна: би ерөнхийдөө, нөхөртөө ахиж хамт байх аргагүй болсноо, тэгээд чамтайгаа одооноос үүрд хамт баймаар байна гэдгээ хэлсэн гэнэ.

  Энэ үеэр Gustav хардах сэтгэлдээ хөтлөгдөн театрт байх ёстой эхнэрээ хайсаар теартр очиход эхнэр байсангүй, ер нь ч энд ирээгүй гэсэн хариу мэдээд эхнэрээ алдаж байгаагаа нуцхтайгаар эрэгцүүлж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа Gustav-ын албан тушаал ахих ёслолын үдэшлэг болж буйгаар кино маань эргэн ирнэ; энэхүү үдэшлэгт үзэгч бидний сайн танил Jansson уригдсанаас гадна киноны маань гол дүрүүдийн нэг Lidman гэгчтэй бид анх удаагаа танилцана. Дөчин нас гарч яваа юмуу гэмээр энэ эр Gertrud-тэй ярилцан суух сценд одоо анхаарцгаая. Lidman амьдралын утга учрыг ойлгохоо байснаа хүүхэнд учрлахаас гадна Gertrud -тэй хамт байсан тэр үе л хамгийн аз жаргалтай, жинхэнэ амьдрал байжээ хэмээн уулгалан байна. Lidman өнгөрсөнд их алдаа хийснээ зөвшөөрөөд, одоо ахиж алдах эрх, нас ч үгүй болж, түүний амьдралыг одоо аврах цор ганц хүн бол Gertrud гээд, дахин нийлье, нөхөртэй хайргүйг чинь мэдсэн, салчих, хуучин шигээ дахин хамт байя хэмээн бараг уйлан байж гуйна. Gertrud уг эртэй хар залуугаасаа найзууд явсан агаад анхны хайр, анхны эр хүнийг мэдрэх мэдрэмж бүр нь Lidman-тай холбоотой. Lidman хүүхний нөхрийг бодвол нялцгай зөөлөн, хувирамтгайдуу хүн болой.

  Gertrud өнгөрсөн рүүгээ эргэн харах хүсэл хийгээд чөлөө байсангүй, түүний зүрхийг төгөлдөр хуурч залуу эгнэгт эзэлсэнээс гадна нөхрөө яая гэж байхад юун хуучин амрагтай манатай байв. Үүнийгээ Gertrud шулуухан хэлж Lidman-ны горьдлогыг тасалж, эр хүний нулимсыг нь үзнэ. Lidman соёлтойгоор хүлээн зөвшөөрөөд янаг хайрт Jansson-ынхан талаар харин таагүй ч үнэнийг хэлж өгдөг.  Lidman-ны хэлсэн бүхэн хүүхнийг нүдийг нээх ч зүрхийн шархлуулах байлаа. Lidman-ны хэлснээр Jansson тун шалиг нэгэн бөгөөд хамт янхадаж, архидаж явсан гээд бас болоогүй удахгүй эхнэртэй болно гэдэг. Үүнийг дуулсан Gertrud ухаан балартан унана. Маргааш нь шахуу Gertrud нөгөө болздог газраа Jansson-тай уулзаж шуудхан л хамт эндээс зугтая, би нөхрөөсөө бараг салсан, чамайг л зөвшөөрвөл хаачсан ч яахав гэнэ. Jansson аргагүйдсэнээ мэдэн бидэн хоёрын харьцаа зөвхөн сексийн л харьцаа байсан гээд бас нэг баян хүүхнийг жирэмслүүлсэн түүнтэйгээ сууна гэсээр сүүлийн удаа унтах санал тавихад түүнийг жигшиж, үзэн ядсан Gertrud хөөж явуулна. Gertrud-ыг гэртээ ирэхэд нөхөр нь хүлээж байх агаад чи хүссэн хүнтэйгээ явалд, зөвхөн намайг л бүү орхиоч гэж хүүхнээс гуйхад Gertrud бүр жигшин Парис руу сэтгэлзүйчээр сурахаар явсанаар кино төгсдөг.

Кинонд Gertrud гэх нэртэй эмэгтэйн гурван өөр цаг үеийн хайр сэтгэлийн чанарыг харуулна; Lidman анхны хайр нь боловч анхандаа хүүхэнг үл тоож байсан тэрээр өнгөрсөн буюу залуу цагийг илтгэх бол одооны нөхөр Gustav эхнэрээ ээж шигээ байлгахыг боддог, дэндүү хүйтэн амиа бодогч юм. Харин эцсийн буюу хүүхнээс олон дүү залуу зөвхөн секс л хүссэн ашигч нэгэн байсан нь харамсалтай нь Gertrud-ын сүүлийн хайр нь байдаг. Gertrud -ын энэхүү эмгэнэлт түүх "Анна Каренина" романыг санагдуулам ба кино дэлгэцийн сонгодог эмэгтэй хүний хайрын талаарх киноны нэг гэж болно. Уг киног Gertrud-ын л түүх гэхээсээ илүү бүх эмэгтэйчүүдийн түүх гэж харж үзвэл зохино. Энэ бол найруулагч Dreyer-н 1955 оны "Ordet" шедеврээс нь хойших анхны төдийгүй замналынх нь сүүлчийн кино юм. 9 жилийн хугацаанд тэрээр Euripides-н "Medea", William Faulkner-н "Light in August", Henrik Ibsen-н "Brand", August Strindber-н "To Damascus" зэрэг бүтээлийг кино болгох гэж оролдсон байдаг. Мөн тэрээр Христийн тухай кино хийхээр удаан хугацаанд төлөвлөж байсан ч хэзээ ч кино болгож чадаагүй.

  Түүний хэлснээр 1940-өөд онд Hjalmar Soderberg-н  "Doctor Glas" болон "Gertrud" гэсэн хоёр бүтээлийг кино болгох талаар бодож байсан ч тухайн үед аль нь ч хэрэгжээгүй аж. 1962 онд Deyer Sten Rein-н "Gertrud"-ийн тухай монографыг уншсаныхаа дараа төслөө дахин шинээр эхлүүлжээ. Энэ удаа тэрээр дүрслэлээс илүү үг яриаг кинонд чухалчлахыг зорьжээ. Dreyer эх жүжгийн зохиолыг кино зохиол болгон бичихдээ 3-р үзэгдлийг товчилж, нэмж эпилогийг оруулжээ. "Gertrud" киног Palladium кино компани бүтээж, Nordisk Films-н студид зургийг нь авчээ. Киноны зураг авалт гурван сар үргэлжилж, эвлүүлгийн ажлыг гурван өдөрт хийсэн. "Gertrud" киноны дийлэнх хэсэг хоёр ба түүнээс дээш жүжигчид хоорондын ярилцаж байгаа урт үргэлжилсэн кадруудаас бүрддэг. Жил ирэх тусам Dreyer-н кино хийх хэв маяг зөөлөрч байсан ба "The Passion of Joan of Arc" кинонд хурдтай эвлүүлэг ашиглах эсхүл "Vampyr" кинонд замтай кадр ашиглаж байсантай харьцуулахад эл бүтээлд хязгаарлагдмал өнцгөөс удаан үргэлжилсэн кадр илүүтэй ашиглаж, мөн нэг удаагийн кадрын үргэлжлэх хугацааг нэмэгдүүлжээ.

  Уг бүтээл 1964 онд Францад нээлтээ хийхэд театртын тоног төхөөрөмж доголдож, хадмал орчуулга муу байж, хамгийн гол нь дамар буруу дарааллаар эргэснээр үзэгчдэд огтхон ч таалагдаагүй аж. Дараа жил нь Дани улсад гарсан ба удалгүй Канны кино наадмаар үзүүлэхэд үзэгчид шүгэлдэж байжээ. 1965 онд Венецийн кино наадмаар гарахад үзэгчдийн ихэнх нь театрыг орхин гарч, үлдсэн үзэгчид алга ташихад найруулагч Dreyer нулимсаа нууж чадаагүй гэдэг. Критикүүд хийгээд үзэгчдийн дунд сайн ба муу гэсэн хуваагдсан үнэлгээ авсан эл бүтээл Парист нээлтээ хийхэд хүмүүс "гамшиг" гэж хүлээж авсан; харин Дани улсад уг киног янз бүрээр хүлээж авсны дээр уг кино хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр багагүй шуугиантай маргаан дагуулжээ. Variety сэтгүүлд уг киног Ibsen цуурайтсан, эмэгтэй хүний бие даасан байдлын талаарх нийгмийн лекц гээд жүжигчин Nina Pens Rode романтик, тууштай Gertrud-д зөв таарсан гэрэлтүүлэгч чанарыг эзэмшдэг бол эрэгтэй дүрүүд нь заримдаа дүрдээ хэт автсан үедээ хүлээн зөвшөөрөхүйц байдаг гэжээ. Esquire сэтгүүлд "Gertrud"-г кино урлагийн хомс, энгийн уйтгартай хэв шинжээс улам цааш хальж гарсан кино, найруулагч камераа тохируулж тавиад л хүмүүсийн хоорондын ярилцаж байгааг биччихсэн гэж бичжээ. Cinema65 сэтгүүл; "Dreyer саруул ухаанаас зөнөгрөл рүү явчихлаа. Энэ бол кино бус, төгөлдөр хуур, буйдангийн тухай хоёр цагийн хичээл".

  Dreyer энэхүү киноныхоо тухай; "Миний кинонуудаараа эрэлхийлдэг зүйл юу вэ гэвэл, жүжигчдийнхээ гүн бодлоор дамжуулан тэдний хамгийн нарийн мэдрэмжинд нэвтрэн орох явдал. Энэ бол кино техник бус, харин миний сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл. Энэ бол миний зүрх сэтгэлээр хийгдсэн кино". Найруулагч Jean-Luc Godard тус киног 1964 оны шилдэг кинонуудын нэгдүгээрт үнэлсэн бол Cahiers du cinema мөн оны хоёр дахь шилдэг киногоор нэрлэсэн, тэргүүн байрт Godard-н "Band of Outsiders" оржээ. Критикч Andrew Sarris "Gertrud" бүтээлийг 1966 оны хоёр дахь шилдэг киногоор нэрлэсэн ба нэгдүгээрт "Blowup" шалгарсан. Критикч Tom Milne эл киног цөөхөн найруулагчдын амьдралдаа ганцхан удаа л олж авдаг некроромантик, сүр жавхлант шедевр хэмээсэн буй. Критикч Jean Semolue; "Dreyer-н бүх бүтээлүүдээс энэ нь түүний гоо зүйн титэм биш байлаа ч түүний хамгийн дотоод сэтгэлийг шингээсэн кино". 

Comments