Очир алмаз бол хүүхнүүдийн хамгийн сайн найз


 Gentlemen Prefer Blondes (1953). Америкийн алдарт кино найруулагч Howard Hawks-н мюзикл-комеди. Энэхүү мюзиклыг 1949 онд тайзнаа тавигдсан ижил нэрт мюзикл жүжгээс сэдэвлэн хийсэн бол жүжиг нь Америкийн зохиолч Anita Loos-н 1925 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас үндэслэгджээ. Кино хоёр гол дүрд цаг үеийнхээ секс симбол явсан эмэгтэйчүүд болох Jane Russell, Marilyn Monroe хоёр тоглосон. "Gentlemen Prefer Blondes" кино нь комедик нөхцөлүүд, мюзикл үзүүлбэрүүдээр дүүрэн ба Jack Cole бүжгийг нь дэглэж, хөгжмийг нь Hoagy Carmichael, Harold Adamson, Jule Styne болон Leo Robin нар бичжээ. Styne, Robin хоёрын дуунууд Бродвейн шоуных бол Adamson, Carmichael нар кинонд зориулж тусгайлан дуунууд бичсэн. Monroe-н ягаан даашинзтай "Diamond Are Girl's Best Friend" дуутай сцэн киноны хамгийн алдартай хэсгээс гадна поп соёлын нэг хэсэг болсон байдаг.

Эл домоглог хэсэг олон уран бүтээлчдэд нөлөөлснөөс гадна хүндэтгэлийн хэлбэрээр олон удаа дахин бүтээгдсэн буй. Уг кино Америкт тухайн оныхоо хамгийн их ашиг олсон долоо дахь кино болсон байхад мөн тэр оны Monroe-н дараагийнх нь "How to Marry a Millionaire" кино дөрөвт орсон байдаг. Критикүүд ерөнхийдөө сайнаар хүлээн авч, Monroe, Russell хоёрын гүйцэтгэлийг өндрөөр үнэлсэн буй. Найруулагч Howard Hawks-н энэхүү гоёмсог, дуу шуугиантай мюзикл нь Monroe, Russell хоёр тачаангуй эхлэлийн хэсгээсээ л шууд таныг суудлаас чинь унагана. Эмэгтэй хүний нүдээр, ялангуяа мөнгөтэй эрчүүдийг агнадаг шуналтай хүүхнүүдийн өнцгөас харсан уг кино дахь эрчүүд нь хөгшин шалиг, ноомой тэнэг, эсхүл балчир хүүхэд байх нь хөгжилтэй. Энэ бол эр, эм хүйсийн тулааны гайхалтай жишээ болсон кино ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 604-р байрт эрэмбэлээд байна.

  Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Америкийн бүжигчин хүүхнүүд болох Lorelei, Dorothy хоёр тун дотно найзууд боловч амьдралын эрс тэс философитой. Шаргал үстэй Lorelei эр хүнийг түрийвчээр нь үнэлдэг бол Dorothy санхүүгээс илүү эр хүн бие бялдар сайтай, сэтгэл татам байх ёстой аж. Lorelei хүсэлдээ таарсан Esmond гэдэг үргэлж өөрт нь үнэтэй бэлэг өгдөг ноомой тэнэг залуутай сүй тавьсан. Lorelei Францад Esmond-той гэрлэхээр төлөвлөсөн ч Lorelei-г огт хараагүй ч үргэлж эсэргүүцдэг Esmond-н аав хориглосноор эхний ээлжинд Lorelei, Dorothy хоёр Парист очиж байхаар болж хөлөг онгоцоор аялалд гарна. Esmond хүүхэнд хайрын симбол болгож мөнгөний картаа өгөхдөө энэ хугацаанд биеэ зөв авч явахыг, элдэв асуудалд орвол аав бидний хуримыг хэзээ ч зөвшөөрөхгүй шүү гэж сануулна. Учир нь, хөгшин тархи энд тэндгүй нүд чихтэй байдаг болой. Үнэхээр ч өвгөний хөлсөлсөн Malone гэдэг хувийн мөрдөгч хөлөг онгоц дээр хэдийнээ суусан байлаа.

  Атлантын далайд аялах үеэр Malone Dorothy-г хараад л сэтгэл алдарчихав. Харин угийн хуйсагнуур Lorelei очир алмазын уурхайтай Beekman гэдэг өвгөнтэй хүзүү толгойгоороо нийлээд амжсан байлаа. Beekman гэрлэсэн ч залуухан, халуухан хүүхнээс татгалзаж чадахгүй ба үүнд хатагтай Beekman туйлын дургүйцнэ. Lorelei, Beekman хоёрыг аминчхан байхыг Malone гэрэл зургаар баталгаажуулж байхыг Dorothy санамсаргүй олоод харчихна. Хүүхнүүд ямар ч аргаар хамаагүй хальсыг гартаа оруулахгүй бол Lorelei-н нэр хүнд шалаар цацагдах болсон учир бүжигчид Malone-г согтоож байгаад санасандаа хүрэхээр төлөвлөнө. Dorothy мөрдөгчийг өөрт нь сайн болсныг эмэгтэй хүний зөнгөөрөө мэдснээс гадна өөрөө ч залууд татагдаад байсан нь хэргийг түргэсгэв. Найз хүүхнүүд юутай ч камерын хальсыг гартаа оруулах ба Lorelei хальсыг хэвлэж аваад нэг хувийг нь Beekman-д эхнэрийнх очир алмазан титмээр солилцох санал тавиина. Санал эелдэг бараг дотноор тавигддаг ч Beekman эхнэрээсээ айгаад зөвшөөрчихнө.

  Гэвч хүүхнүүд Malone-г дутуу үнэлсэн байв, мөрдөгч Lorelei, Beekman хоёрын яриаг нууцаар бичиж авсан байлаа. Ингээд Dorothy, Lorelei, Malone гурав нүүр тулахал мөрдөгч Lorelei-г мөнгөтэй эр хайгч гэж шууд хэлэхэд Dorothy мөрдөгчийг худалч хуурамч амьтан гэж загнана. Залууг явахад Dorothy түүнд дурлачихсан болохоо найз хүүхэндээ өчдөг. Хөлөг онгоц Францад ирнэ; бүжигчин хүүхнүүд ихэнх цагаа Esmond-н мөнгөний картаар дэлгүүр хэсэхэд зориулна. Хүүхнүүп баахан хувцас худалдаж аваад буудалдаа иртэл банкнаас картыг нь хаасан, мөн хатагтай Beekman цагдаа дагуулан очир алмазан титмээ авахаар ирээд байв. Буудлаасаа хөөгдөж, ямар ч төлбөрийн чадваргүй болсон бүжигчин хүүхнүүд Парисын тайзнаа бүжиглэж, бас дуулж эхэлснээр хоромхон зуурт алдартай болно. Хартай, хагацаж чадашгүй Esmond ч Lorelei дээрээ гүйгээд ирэв. Энэ зуурт хатагтай Beekman хулгайлагдсан гэж үзэж байгаа очир алмазан титмээ хайж, эрүүгийн хэрэг үүсгэн Lorelei-г шүүхэд дуудна. Dorothy найз шигээ үзэсгэлэнтэй болохоор найзынхаа дүрд хувираад шүүх хуралд очих ба энэ хооронд мөрдөгч Malone онгоцны буудал дээр өвгөн Beekman-г өнөөх очир алмазан титэмтэйгээ байхад нь барина. Эзэн нь юмаа хулгайлсан нь мэдэгдэж Lorelei цагаатгагдсан шүүх хурлын үеэр Dorothy, Malone хоёр ч хайрын сэтгэлээ өөр хоорондоо илчилчихнэ. Киноны төгсгөлд, Lorelei Esmond-н аавтай анх уулзаад өөрийгөө сэргэлэн байдлаар ойлгуулснаар хүссэн баян айлын бэр болох нь тодорхой болдог.

  Найруулагч Howard Hawks өмнө нь хэзээ ч мюзикл кино хийж байгаагүй ч Fox студид нэг кино хийж өгөх өртэй байсан болохоор зөвшөөрчээ. Тайзны мюзикл нь хэдийнээ Бродвейд тоглогдоод хоёр жил өнгөрч байсан ч Fox студид кино болгох эрхийг нь худалдаж авсан. Тэд эхлээд Ginger Rogers, Betty Grable нарыг сонирхож байсан авч Marilyn Monroe-г "Niagara" кинонд амжилттай тоглонгуут нь "шүүрээд" авчээ. Студид Monroe-г илүү хямд бас илүү секс симбол гэж үзсэн. Хэдийгээр Hawks найруулагчийн кредитийг авсан ч киноны бүх дуу, бүжгийг Gwen Verdon, Jack Cole нар дэглэж, найруулсан агаад Jane Russell хожим хэлэхдээ; Hawks мюзикл үзүүлбэрүүдэд огт оролцоогүй, тэр бүр тэнд байгаа ч үгүй гэсэн буй. Найруулагч маань өөрөө ч дараа нь үүнийг зөвшөөрч; "Би "Gentlemen Prefer Blondes" гэдэг мюзикл хийсэн, гэхдээ мюзикл үзүүлбэрүүдийг нь хийгээгүй, надад түүнийг хийх хүсэл байгаагүй" гэжээ. Monroe энэ кинонд тоглоод нийтдээ $18,000 долларын цалин авсан байхад тухайн үед илүү олонд танигдсан байсан Jane Russell $200,000 долларын цалин авчээ. Критикч Bosley Crowther уг киног "таагүй болхи"  гэсэн ч Monroe, Russell хоёроос хараа салгамгүй гэдэг үнэхээр үнэн.

  Хөнгөхөн, зугаа цэнгэлийн маягтай, дэндүү ойлгомжтой үйл явдалтай уг киног онцгой болгож байгаа шинж бол гол хоёр дүрийн тоглолт, ойлголцол бас мэдээж тэдний дур булаам гоо үзэсгэлэн билээ. Өнөөдөр "Gentlemen Prefer Blondes" киног судлаачид эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг харуулсан бүтээл гэж дүгнэх болжээ. Киноны туршид Dorothy, Lorelei хоёр бие биедээ үнэнч байж, хэн нэгэн эрийн төлөө өрсөлдөж, хов жив хөөцөлдөж, ар нуруу руу хутгалдаггүй. Тэд харин ч нөхөрлөлөө бат бөх байлгаж, биесээ тайтгаруулж, хань болцгоохыг эрчүүдийн хойноос гүйхээс илүүд үзэж тавьдаг. Энэ бол эмэгтэйчүүдийн ур ухаан хийгээд эв нэгдлийг мандуулсан амттай, үзэмжтэй мюзикл. Германы нэрт найруулагч Rainer Werner Fassbbinder уг киног өөрийнхөө хамгийн дээдэлдэг 10 киноны тоонд оруулсан байдаг. 

Comments