Monsieur Verdoux (1947). Английн домогт кино найруулагч Charlie Chaplin-н бараан комеди. Францын олон эхнэртэй цуврал алуурчин Henri Desire Landru гэгчээс санаа авч бүтээсэн уг киноныхоо гол дүрд мэдээж Chaplin өөрөө тоглосон, харин туслах дүрүүдэд; Martha Raye, Marilyn Nash, William Frawley нар тоглосон. Энэхүү кинонд өвчтэй эхнэр, бяцхан хүүгээ тэжээн тэтгэхийн тулд чинээлэг, нас тогтсон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй гэрлэж, эд хөрөнгийг нь өөрийн болгосны дараа хөнөөдөг банкны теллерийн тухай өгүүлдэг. "Monsieur Verdoux" дайн болон капитализмын талаар хар бараан өнгө аястай байсан тул нээлтээ хийсэн даруй сөрөг шүүмжлэлд барьж идүүлж, санхүүгийн хувьд ч амжилт олоогүй. Кино нь Chaplin-г коммунист гэж буруушааж байсан цаг үед гарсан учир улс төр, нийгмийн бүлгүүдэд гадуурхагдан ад үзэгдэж, найруулагчийн замналд сэв суулгасан байдаг.
Өнөөдөр "цаг үеэсээ түрүүлсэн бүтээл" гэдэг хэллэг эл бүтээлд яв цав тохирно; киноны хошин шогийн мэдрэмж төгс бөгөөд бүдүүлэг хошигнолыг хурц ухаалаг, алсын хараатай уялдуулан ажиллуулж чадсан Chaplin-н мэргэн ухаан бишрэм. Тиймээс эл кино нь одоо цагт ч үзүүштэй, бидний амьдралтай хамааралтай хэвээрээ байна. Энэ бол заавал үзэх ёстой урлагийн сод бүтээл бөгөөд Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 318-р байрт жагсаагаад байна. "Monsieur Verdoux" киноны санаа нь Америкийн өөр нэг домогт найруулагч бас жүжигчин Orson Welles-нх ба киноны кредитэд түүний нэр байдаг нь ийм учиртай аж. Chaplin, Welles хоёр ямар кино хийх талаар бүтээлч маргаантай байв, гэвч тэд Chaplin-г гол дүрд тоглуулна, тэр дүр нь цуврал алуурчин Henri Landru-аас сэдэвлэсэн байх ёстой гэдэг дээр санал нэг байжээ. Гэсэн хэдий ч тэд түүхийг өөр өөрийнхөөрөө харж байлаа. Welles өөрөө шинэ кино бүтээх гэж байгаа мэдэгдэж, Landru-гаас сэдэвлэсэн дүрд Chaplin-г тоглуулах санаатай байжээ. Chaplin эхэндээ зөвшөөрч байсан авч эцсийн мөчид татгалзсан буюу тэрээр өөр найруулагчийн дор тоглохыг хүсээгүй аж.
Дараа нь Chaplin Welles-ээс зохиолыг нь худалдаж авах санал тавьсан ба Welles-д мөнгө хэрэгтэй байсан учир Chaplin-д бүх эрхийг худалдсан байна. Welles-н хэлснээр, Chaplin зохиолыг худалдаж аваад төгсгөлийг нь оролцуулаад хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд хийж; Welles-нхээс үлдсэн бараг цор ганц хэсэг бол нээлтийн хэсэг байж. Chaplin Welles-ээс зохиол хүлээж авснаа санахгүй байна гэж мэдэгдсэн байдаг, үүнийг ч Welles хүлээн зөвшөөрдөг. Chaplin-н мэдэгдсэнээр, Welles Францын алдартай алуурчин "хөх сахалт" Landru-н тухай цуврал баримтат киноны санаатай түүний гэрт ирж, Chaplin-г энэ төсөлдөө хамтрахыг хүссэн аж. Chaplin эхлээд сонирхож, учир нь энэ нь түүнд илүү драматик дүрд тоглох боломж олгохоос гадна кино зохиолоо өөрөө бичих хүнд ажлаас чөлөөлөх байв. Гэсэн хэдий ч Welles дараа нь зохиол хараахан бичигдээгүй гэж тайлбарлаж, өөрөөс нь тусламж хүссэн гэж Chaplin мэдэгдсэн. Үр дүнд нь Chaplin төслөөс гарсан ба удалгүй тэрээр энэ түүх сайн комеди болно гэсэн санаа Chaplin-д төржээ. Chaplin Welles-тэй утсаар ярьж, өөрт нь шинэ санаа төрсөн, энэ нь Welles-нхээс шал өмнөө, идеаг нь $5,000 доллараар худалдаж авъя гэжээ. Хэлэлцээр амжилттай болж, Welles кино зохиолыг бичсэн гэсэн дэлгэцийн кредитийг авахаар тохиролцжээ.
Энэхүү киноны гол дүр нь Chaplin-н алдартай баатар "Тэнүүлч"-тэй огт төстэй байгаагүй анхны бүрэн хэмжээний кино ("The Great Dictator" кинонд Tramp дүр гардаггүй ч еврей үсчин дүр нь багахан төстэй) байв. Дэлхийн 2-р дайны дууссаны дараа Барууны ертөнцөд "The Best Years of Our Lives", "It's a Wonderful Life" болон "A Matter of Life and Death" зэрэг хайртай хүмүүсээ дайнаар алдсан хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, цааш амьдрах итгэл өгөх агуулга зорилготой олон кинонууд хийгдэн гарч байлаа. Гэтэл Chaplin-н кинонд гол дүр нь үйлдсэн гэмт хэргээ зөвтгөдөг алуурчны тухай хар бараан өнгө аястай байв. Тиймээс Америкчууд уг киног таагүй хүлээж авсан. Энэ киноноосоо болж Chaplin олон нийтэд муу хүн, коммунист гэж хараагдан адлуулсан. "Monsieur Verdoux" нээлтээ хийх үеэр хэвлэл мэдээллийнхэн Chaplin руу хайр найргүй дайрч, зарим газарт бойкот хүртэл тавьсан. Критикч Bosley Crowther уг киног "уйтгартай удаан" гэсэн ч Chaplin-н гүйцэтгэл, ур чадварыг хосгүй гэж магтжээ. Нью-Жерси, Денвер зэрэг хотуудад Католик шөшны байгууллагууд Chaplin-г эх орноосоо албадан гарга хэмээн жагсаж, Теннесси мужид киног гаргахыг хориглосон. Киногоо сурталчлах нэгэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Chaplin руу "Нядалгаагаа эхлүүл" гэж хашгирч байв.
Критикч Richard Coe "Зоригтой, гайхам, гашуун ч зугаатай кино". Критикч James Agee мөн адил киног өндрөөр үнэлээд, "гайхалтай яруу найраглаг. Манай цаг үеийн хамгийн чухал цөөхөн бүтээлүүдийн нэг" гэжээ. Тэрээр цааш нь, энэ Chaplin-н бүтээсэн хамгийн сайн кино биш ч хамгийн сэтгэл татам кино гэдэг нь тодорхой гэсэн буй. Критикч Evelyn Waugh; "Monsieur Verdoux" бол айдас хүрмээр мөртлөө боловсорсон урлагийн бүтээл; кинонд тодорхой захиас агуулагддаг, миний бодлоор киноны гол дүр өрөвдөлтэй нэгэн юм гэж бичжээ. Хачирхалтай нь, эл бүтээл Францад алдартай байсан, Францад хоёр сая гаруй тасалбар борлуулсан аж. 1948 онд Парисын нэгэн банкны ажилтан бас Verdoux гэдэг нэртэй байж таараад хамтран ажиллагсад нь өөрийг нь кинотой холбож шоолоод байна шалтгаанаар Chaplin-н эсрэг гомдол гаргасан боловч бүтэлгүйтжээ. Хэдийгээр арилжааны амжилт олоогүй авч энэ кино Оскарын наадамд шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшсэн байдгаас гадна Бодил зэрэг томоохон нэр хүндтэй шагналууд хүртсэн. Өнөөдөр уг киног шедевр гэж судлаачид үзэж байна. Францын Cahiers du cinema сэтгүүл хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 63-р байрт жагсаасан байна.
Луйварчин, цэвдэг сэтгэлтэй цуврал алуурчин, олон эхнэрт, цагаан хоолтон, хуманист, үнэнч нөхөр, мисогинист, эгоист, сонирхогчийн түвшний химич, увайгүй нэгэн, философич; Henri Verdoux шиг парадокс дүр кино урлагийн түүхэнд байгаа гэж үү?. "Monsieur Verdoux" киноны гол дүр ганцаардмал настай эмэгтэйчүүдийг уран яруу яриагаараа уруу татаж тэдэнтэй гэрлэснийхээ хойно хөрөнгийг нь ховх сорчихоод алаад, эцэст нь цогцсыг нь ул мөргүй устгадаг. Ингээд эцэстээ цагдаа нарт өөрийгөө тушаадаг авч өөрөөсөө бусдыг буруутгадаг. Тэр зэвүүн муухай харагддаг гэвэл тийм бус, тэр бусадтай нөхөрсөг харилцахын дээр биеэ боловсон авч явна; нэг үгээр түүнд бүгд дуртай. Хэдийгээр уг бүтээл бидэнд Verdoux-г өрөвдөх, бүр энэрэх сэтгэл төрүүлдэг ч бяцхан алуурчныг цагаатгадаггүй. Түүний оршихуйн өөрөө ёс суртахууны сорилт ба ёс зүйн шүүлтүүргүй тэрээр үнэнийг хайр найргүй хэлдэг анти-баатар болж, өөрийг нь хүрээлэн буй ертөнцийн шууд тусгал болж хувирдаг. Тэр бол өөрийн амьдарч буй нийгэм лугаа адил төөрөлдсөн, ёс суртахуунгүй, мөн гэмт хэргийн сувгаас гадна ямагт өөрийн хүслээр үйлддэг.
Тэр тодорхой утгаараа нийгмийнхээ хохирогч, бас үйодсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэм буруутан гэдэг нь хөдөлшгүй үнэн. Энэ бол Chaplin-н замналын сүүл үеийн кинонуудаас хамгийн хурц хийгээд инээдтэй, мөн хамгийн ээдрээтэй бүтээл. Хошигнолоос ёс суртахууны эрэл рүү шилжихдээ дундаж давхаргын амжилтын болоод нэр хүндийн үнэлэмж рүү егөөдлөөр довтолсон довтолгоо гэж үзэж болно. Ийм нарийн түвэгтэй боловч уг киног ойлгоход хэцүү биш; киноны бүтэц эпизод маягаар хийгдсэн ба эмэгтэй алга болсноос эхлээд түүний алуурчин гильтон руу алхаж байгаа хүртэлх түүхийг шууд өгүүлдэг. Дашрамд хэлэхэд, киноны төгсгөлд Verdoux цаазлуулахаар явж байгааг араас нь зурагладаг хэсэг Chaplin-н "Modern Time" киноны төгсгөлийг эрхгүй санагдуулна. Хүн амины хэргийн дийлэнх, цагдаагийн мөрдлөгө бараг бүхэлдээ дэлгэцийн гадуур "өнгөрдөг" хэдий ч гарчгийн хуудас, эвлүүлэг, сонины гарчгийн кадр зэргээр үзэгч хроник дарааллыг тодорхой мэдэж байдаг. Verdoux "хууль бусаар" олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг, тэр 30 жил банкинд ажилласан ч жинхэнэ эхнэр болон хүүгээ тэжээхийн тулд (эхнэр хүнд өвчтэй) алуурчин болсон, түүний нүдээр мөнгө л олж байвал яаж олох нь хамаагүй. Өвчтэй эхнэр нь нэгэнтээ, бид ядуу байхдаа ч жаргалтай байсан гэж хэлдэг, мөн нөхөр, эд баялаг хоёрын аль нэгийг сонгох болбол нөхрөө сонгоно гэж эргэлзэлгүй хэлдэг билээ.
Чухамдаа эхнэр, хүү хоёр нь Verdoux-д бүхнээс чухал, гэр бүл нь түүнд гэмт хэргээ зөвтгөх хуурамч, хэвийн мэдрэмж төрүүлж тайтгаруулдаг. Тэр гэр бүлээ жаргалтай байлгахын тулд аллага үйлддэггүй, тэр жаргалгүй байгаагаа умартах гэж аллага үйлддэг. Нөхрийнхөө талаар бусад эхнэрүүд шиг нь үнэнийг мэддэггүй жинхэнэ эхнэр мөн л Verdoux-н хохирогч болж байна. Францын нэрт критикч Andre Bazin энэ киноны талаарх нийтлэлдээ Verdoux эхнэр, хүүхдээ хөнөөсөн байх гэсэн саналыг дэвшүүлсэн байдаг. Chaplin эрин үеийнхээ хамгийн гарамгай акробат комедиан биш байсан ч биеийн хэлэмжийн мэдрэмж өндөртэй байв. Бяцхан Тэнүүлчийг (Tramp) харахад тэр өргөн өмд, хулсан таяг гэх мэт хувцас нь мэлээж домоглог ч түүний алхах, мөрөө хавчих, инээмсэглэх нь Тэнүүлчийг тодорхойлдог. Тэнүүлчийг бүтээхэд тусалсан пантомимийнх нь авъяас чадвар Chaplin-д Verdoux-г бүтээхэд мөн тусалжээ. Verdoux язгууртан шиг алхаж, биеэ авч явдаг ба нарийнхан, эмэгтэй хүн шиг хуруугаараа мөнгө тоолж байгаа сцэн сэтгэлд хадагдам, мөн тэр энэ гараараа цэцэг хийгээд хорыг гаргууд зохицуулдаг билээ. Тэнүүлчээс ялгаатай нь Verdoux маш яриасаг байдаг; Chaplin-н дуу хоолой гайхалтай тод, уран яруу байдаг, эл кинонд. Verdoux-н эелдэг зусардалт, хэтрүүлэгтэй баян тансаг үгс эгээ л хөгжим шиг эгшиглэдэг. Verdoux дүрийн эсрэгцэл нь түүний "хуурамч" эхнэр Annabelle байдаг буюу жүжигчин Martha Raye-н дүрийн хоолой эршүүд бүдүүн, зохимжгүй муухай байдаг. Chaplin, Martha хоёр варьетё жүжигчид байжээ.
Уг кинонд тэдний тоглолт баялаг инээдтэй хэмнэлийг өгч, тэдний хошигнол бахдам динамик байдаг. Verdoux түүнийг үзэн ядаж, биеэ барих гэж хичээдэг, харин Annabelle түүнд гүн итгэдэг, бас түүнд их хайртай байх шиг байдаг. "Monsieur Verdoux" бол Chaplin-н ямар ч киноноос илүүтэй хамгийн сайн туслах дүрүүдтэй кино ба харамч эхнэр Lydia-гаас ирээдүйн эхнэр Maria хүртэл бүх жүжигчдийн сонголт бас гүйцэтгэл өөлөх зүйлгүй байдаг. Үүн дотроос Marilyn Nash-н нэргүй охины дүр надад хамгийн сэтгэлд хоногшмоос гадна энэ жүжигчин бүсгүй уг кинонд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Ерөнхийдөө "Monsieur Verdoux" киноны туслах дүрүүд бүгдээрээ өөрсдийгөө хэт үнэлэгчид байдаг, үүнд Verdoux-г барьчихлаа гэж хөөрөөд уусан дарсандаа үхдэг мөрдөгч, бас мэдээж үүнд Verdoux өөрөө ч орох ёстой. Өнгөц харахад тэр ертөнцийн жинхэнэ ариун хүн нь Verdoux-н алах гэж байгаад больдог нэргүй охин шиг байдаг ба үнэндээ охин тийм ч ариун нэгэн байдаггүй. Охин бол Verdoux-н эмэгтэй хувилбар болой. Verdoux түүнийг өрөвдсөндөө бус романтик хайрын төлөө хүн алж чадна гэсэн өөрийнхтэй нь адилхан философитой болохоор өршөөж явуулдаг. Киноны төгсгөл хэрд тэд дахин уулзахад Verdoux охины жинхэнэ төрхийг олж хардаг, үзэгчид ч бас. Энэ уулзалтын дараа Verdoux өөрийгөө цагдаа нарт тушаадаг, одоо түүнд аллага үйлдэх шалтгаан алга, бас амьдрах ч шалтгаан үлдсэнгүй; ариун охин бас өөр шиг нь болж шүү дээ. Энэ чинь л түүний парадокс.
Comments
Post a Comment