Grease (1978). Америкийн кино найруулагч Randal Kleiser-н мюзикл, романтик комеди. Түүний анхны бүрэн хэмжээний кино байсан ба Jim Jacobs, Warren Casey хоёрын 1972 оны ижил нэрт театрын мюзиклээс сэдэвлэн Bronte Woodard кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Allan Carr кино зохиолд оролцсоноос гадна продюсерлэжээ. Киноны гол дүрүүдэд; John Travolta, Olivia Newton-John, Stockard Channing, Jeff, Conaway нар тоглосон. "Grease" нээлтээ хийгээд арилжааны хувьд асар их амжилт олж хит болсны дээр критикүүдээс ч сайн үнэлгээ авсан байдаг. Киноны саундтрак цомог 1978 онд Америкт хамгийн их борлогдсон хоёр дахь цомог болсон, сонирхуулахад нэгдүгээр байрт мөн л John Travolta-н тоглосон "Saturday Night Fever" мюзиклын саундтрак цомог орсон байдаг. "Grease" мюзиклын "Hopelessly Devoted to You" дуу Оскарын наадамд шилдэг оригнал дуу төрөлд нэр дэвшсэн бөгөөд Алтан Бөмбөрцөг кино наадамд 5 төрөлд нэр дэвшиж байв. Киноны үргэлжлэл болгон "Grease 2" 1982 онд гарсан ч бүтэлгүйтсэн байдаг.
Найруулагч Randal Kleiser эх сурвалжуудад чөлөөтэй хандсан; хамгийн голлох нь үйл явдал театрын мюзикл-д өөрийнх нь сурсан Филадельфийн хотын захын дүүргийн Раднор ахлах сургууль шиг орчинд өрнөдөгийг Чикагогийн хотын захын дүүргийн ахлах сургууль болгон өөрчилсөн. Мөн найруулагч маань киноныхоо хөгжмийн аспектүүдэд бага оролцоотой байжээ. John Travolta өмнө нь "Grease" мюзиклын бас нэг продюсер болох Robert Stigwood-тэй "Saturday Night Fever" мюзикл-д амжилттай ажиллаад байснаас гадна "Grease" киноны тайзны мюзикл-д Doody-н дүрд тоглочихсон туршлагатай байсан тул гол дүрд зовлонгүй сонгогджээ. Анхны сонголт нь Henry Winkler гэдэг жүжигчин байсан ч тэрээр саяхан төстэй дүр бүтээгээд байсан учир татгалзсан аж. Хожим Winkler энэ шийдвэртээ харамсаж явдаг аа өгүүлсэн буй. Найруулагч Kleiser өмнө нь бүрэн хэмжээний кино найруулж байгаагүй боловч Travolta-той 1976 онд теле-кино дээр хамтран ажиллаж байсан ба тухайн үед Travolta найз охин Diana Hyland-аа цаг бусаар алдчихаад гашуудаж байхад Kleiser хань болж байжээ.
Olivia Newton-John сонгогдохоос өмнө продюсер Carr Ann-Margret, Carrie Fisher, Susan Dey гэх мэт олон эмэгтэй жүжигчдийг тоглуулахаар бодож байсан ба "Star Wars" киногоо дөнгөж дуусгаад байсан Fisher-г Stigwood дуулж чадахгүй гэж үзээд хассан. Зарим жүжигчид дүрийн эсэргүү болж хувирч байгаа өөрчлөлтөөс болж татгалзсан. Carr Olivia-тай нэгэн үдэшлэг дээр танилцаад сонгосон ба Olivia жүжигчний хувиар туршлага багатай байсан учир шууд зөвшөөрөхийн оронд дэлгэцийн тест өгөхийг хүссэн. Тухайн үед тэрээр 28 настай байсан тул өөрийгөө сонгогдохгүй байх гэж бодсон хэдий ч дүрийг нь Австрали болгож (Америк аялгуунаас зориуд зайлсхийсэн), илүү хүлцэнгүй болгон өөрчилсөнөөр тоглохоор болсон, энд бас цалин нэлээд чухал үүрэгтэй байсан. Сонирхолтой нь, Olivia-н амьдрал Sandy дүртэйгээ төстэй байдлаар өөрчлөгдсөн байдаг; уг киноны дараа дуучны хувиар гаргасан "Totally Hot" цомог нь өмнөх бүтээлүүдээс нь илүүтэй секси, поп хандлагатай болж, цомгийнх нь ковер Sandy дүрийнх нь эрс өөрчлөлт шиг харагддаг аж.
Stockard Channing "The Fortune" дебют киноноосоо хойших анхных нь эл мюзикл байсан ба тухайн үед 33 настай байсан тэрээр жүжигчдийн багаасаа хамгийн хөгшин нь байсан ч хангалттай сайн тоглосон байдаг. Тэрээр дүрийнхээ "There Ara Worse Things I Could Do" дуутай сцэнийг хийхийн тулд ард урдуур тун их гүйсэн гэдэг. Jeff Conaway тайзны мюзикл-д Danny-н дүрд тоглож байсан ба кинонд Kenickie-д тоглодог. The Teen Angel-н дүрд Elvis Presley, Frankie Valli хоёр яригдаж байсан ч Frankie Avalon сонгогдсон. Критикч Vincent Canby уг киног "аймшигтай хөгжилтэй" хэмээгээд 1950-аад оны өсвөр насныхны мюзиклын тухай орчин үеийн фантааз буюу Холливуудын киноноосоо илүү том, ухаалаг, хөгжилтэй, уран сэтгэмжтэй, өөртөө амьдрал агуулсан кино гэжээ. Критикч Gene Siskel зөвхөн John Travolta дэлгэцэн дээр гарахад л сэтгэл хөдлөм байдаг, дөрвөн алга ташилт хүртэхүйц мюзикл-тай хэсгийг эс тооцвол энгийн мюзикл гэсэн буй. Variety сэтгүүл киноны бүжиг дэглэлт, шинэ, сэргэг дуу хөгжим хийгээд Travolta Olivia хоёрын хамтран тоглолтыг магтсан.
Критикч Charles Champlin; "Би энэ киноны тайзны хувилбарыг үзээгүй, гэхдээ энэ бол чахарсан, замбараагүй, сонирхол үл татам кино". The Washington Post сонинд эл бүтээлийг найруулагч Stanley Donen юмуу Elvis Presley нарын мюзикл шиг гэсэн байхад критикч David Ansen "Grease" бол дунд зэргийн, үхээнц хэмнэлтэй, амтгүй драматик хэсгүүдтэй ахлах сургуулийн хошигнолтой кино гэж хяргатал шүүмжилсэн. 2018 онд Критикч Peter Bradshaw; "Энэ кино одоо ч чихэрлэг хэвээрээ байна" гэжээ. Channel 4 хамгийн шилдэг 100 мюзикл кино жагсаалтыг "Grease" тэргүүлсэн байдаг ба илүү сүүл үеийн критикүүдэд энэхүү киног ялгаварлан гадуурхах хандлагыг харуулсан кино гэж муулах болсон. Зарим феминист критикүүд "дэндүү феминист бус кино" гэж шүүмжлэх болжээ. Критикч Katy Hall; "Гүнзгий асуудалтай ч цаг үеэсээ түрүүлсэн кино" гэсэн бол критикч Joe Hildebrand; "Энэ кино аймшигтай сексист юмуу доромжилсон биш, дүрүүд нь л сексист юмуу доромжилсон зүйлс хэлж, хийдэг" гэж бичжээ. Киноны нэр болох Grease буюу Greasers гэдэг нь 1950-1960 оны хооронд Америкийн ажилчин анги болон нийгмийн доогуур давхаргад үүссэн ерөнхийдөө залуусын дэд соёл.
Энэ кино бол 1950-аад оныг носталжиа болгон мандуулахдаа өөрөө нэгэн өвөрмөц носталжиа болчихсон кино. "Grease" бол миний хувьд хамгийн дуртай мюзикл кинонуудын нэг маань, дуунуудад нь ч би дуртай, ерөөсөө миний Guilty Pleasure болсон кинонуудын нэг. Шедевр юмуу заавал үзэх ёстой гэсэн ангилалд ордоггүй боловч энэхүү кино нь тухайн үеийнхээ хамгийн их ашиг олсон мюзикл болж байснаас гадна одоо ч энэ ангилалдаа дээгүүрт бичигддэг. Тус кинонд John Travolta бүхий л талаараа гялалзаж, тодорч, барагалж киног аврагч шиг байдаг ба энэ бол маргаангүй түүний замналын шилдэг киноны нэг мөн. Киноны үйл явдалд, чанга, догь залуу байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй Danny, даруухан, ичимхий Sandy-тай зуныг романтик өнгөрүүлж, хичээлийн шинэ жил ирэхэд ингээд үүрд салах нь гэж бодтол охин залуугийн сурдаг сургуульд сурахаар болж байгааг өгүүлнэ. Гэтэл сургуульдаа догь, бардам байдаг Danny найзуудаасаа ичээд Sandy-г харсан анхны мөчөөсөө эхлэн өөрөөрөө байж чадахаа больж, ингэснээрээ ч дотроо шатаж эхлэх бол ариун хайр хүссэн Sandy туйлын ихээр гомдоно. Үүний хажуугаар Danny-г хайрладаг охины хардалт, Sandy-д дурласан залуу, хөвгүүдийн бүлгэмийн өрсөлдөөн, охидын фракцын зодоон гээд киног чимэглэх зүйлс олон. Өсвөр насныхны хувьд хайр гэдэг амь амьдрал, үхлийн асуудал байдаг ба мөн тэд өөрийгөө үнэлж, биеэ тоох хямралд шаналдаг. Уг кино бол үүний л тухай ба мюзикл жанр фантааз шинжтэй байдаг, энэ бүтээл таны романтик фантаазыг өдөөнө.
Comments
Post a Comment