Дорд үзэгдэгсэд

 


Freaks (1932). Америкийн кино найруулагч Tod Browning-н драм, хоррор. Энэхүү киног 1923 онд Munsey's сэтгүүлд нийтлэгдсэн Tod Robbins-н "Spurs" гэдэг богино өгүүллэгийн элементүүд дээр үндэслэн бүтээжээ. MGM студийн урлагийн хэлтсийн дарга Cedric Gibbons худалдан авалтыг хариуцсан ба тэрээр Robbins-той багийн найзууд байв. 1931 оны намар Лос-Анжелес хотод зураг авалт хийгдсэн бөгөөд MGM-н ажилчдад "гажигуудын" дүрийг бүтээж байгаа зарим жүжигчидтэй хамт байх тавгүй байсан учир илүү энгийн бус төрхтэй "гажигуудыг", тухайлбал Сиамын ихрүүд, одой нарыг студийн бус өөр тусгайлан барьсан майханд байрлуулсан байдаг. "Freaks" киноны туршилтын үзүүлбэрийг 1932 оны нэгдүгээр сард хийхэд үзсэн хүмүүс бүгдээрээ шахуу хэтэрхий гротески болж хэмээн сөргөөр хүлээж авсан. Үүний хариу болгон MGM-н гүйцэтгэх захирал Irving Thalberg найруулагч Browning-той ярилцалгүйгээр оригнал 90 минутын хувилбарт "гар" хүрч, ширүүхэн тайралтыг хийж, үргэлжлэх хугацаанд тааруулж шинэ хэсгүүдийг нэмсэн байна.

Тухайн оны 2-р сард гарсан киноны эцсийн хувилбар 64 минутын хугацаатай болсон ба эх хувилбар байхгүй болжээ. Хэдийгээр кинонд цомхотгол хийсэн ч циркт ажиллаж байсан жүжигчид ба жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хольж тоглуулсан тул үзэгчдийн анхаарлыг татсаар байлаа. Жүжигчдийн бүрэлдэхүүнд одой ах дүү Earles-үүд, Сиамын ихрүүд Daisy, Violet хоёр, микроцефали өвчтэй Schlitzie, sacral agenesis эмгэгтэй Johnny Eck нарын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий байв. Иймэрхүү маргаантай асууддаас болж уг киног Их Британид 30 гаруй жилийн турш хориглосон бол Канадад "харгис, гротески" гэж шошголсон. Анх нээлтээ хийхдээ санхүүгийн хувьд дампуурч, критикүүдэд хатуу шүүмжлүүлсэн ч "Freaks" 1960-аад оноос үзэгч, критикүүдийн анхаарлыг дахин татаж, Венецийн кино наадмаар гарч, Европт гэнэт алдартай болсон ба мартагдсан классик киногоо Холливуудынхан ч дахин шинээр харж дүгнэх болсон. Шинэ дүгнэлтэд, олон критикүүд кино дарлан мөлжлөхийн шинжтэй гэхээсээ илүүтэй циркийн шоуны дүрүүдийг энэрэн ойлгох ёстой гэж дүрсэлсэн гэж үзсэн ба критикч Andrew Sarris уг бүтээлийг кино урлагийн сан дахь хамгийн энэрэнгүй киноны нэг гэжээ. Мөн судлаачид киноны хоррор элементүүдийг өнөөдөр ч анхааран судалсаар байгаа ба критикч Joe Morgenstern-н үзэж буйгаар "Freaks" кино урлагийн түүхэн дэх хамгийн аймшигтай сцэнүүдийн нэгийг агуулсан гэж бичжээ.

  Кино судлаачид энэ бүтээлийг анги давхаргын зөрчил, Их Хямралын үеийг дүрсэлсэн зүйрлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр евгеник үзлийг эсэргүүцсэн утгатай хэмээн олон янзаар тайлбарлаж байна. Өнөөдөр уг кино асар том нөлөөтэй урлагийн бүтээл төдийгүй култ классик статустай болсон ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 322-р байрт эрэмбэлээд байна. "Freaks" бол тайз дэлгэцийн, циркийн жүжигчид болон жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамтран ажиллуулж, үр дүнд нь мелодраматик хоррор өнгө аясыг бүтээсэн жинхэнэ суут найруулагчийн сор бүтээл билээ. Edgar Allen Poe, David Lynch, Antonin Artaud нарын бүтээлийг санагдуулам уг кино эгдүүцэм зүйлсээр дүүрэн байдаг; жишээлбэл эмэгтэйчүүд улам бүр харийссан хөндий болж байгааг, мөн шоу бизнесийн алдартан гэдэг төрөлхийн гажиг мөн чанартай юм байна гэсэн гутранги бодол төрүүлнэ. Гэхдээ сайн ойлгож үзвэл энэ бүхэн зөвхөн гадна талдаа болохыг та ухаарах бизээ.

Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Өгүүлэх нь, нэгдсэн улсын хаа нэгтээ нэгэн явуулын цирк ээлжит шоугаа толилуулж байна. Циркийн босгосон олон майхан дундаас гажигүүд гэх нэр бүхий үзүүлбэртэй майхан үзэгчдээр битүү дүүрсэн байх агаад хөтлөгч нь ийнхүү хэлж байна: одоо үзэгч та бүхэнд үзүүлэх гаж хүн бол цагтаа Cleopatra нэртэй явсан хосгүй үзэсгэлэнтэй циркчин бүсгүй бөгөөд аймшигт тэр нэгэн бороотой шөнө ийм эрэмдэг, үзэшгүй гаж болсон билээ гэсээр торны хөшгийг авна. Хөшгийг дөнгөж авахтай зэрэгцэн үзэгчдийн дундаас муухай орилох, хүчтэй уулга алдалт, мөн уйлахаас бөөлжих хүртэл цочирдом хандлага үзэгчдээс ирнэ. Торонд байх хүн гэхэд хүн биш болсон энэхүү “амьтан” үргэлжид муухайгаар чарлах ба нэгэн цагт мандаж явсан гоо бүсгүй яаж яваад ийнхүү тамын зовлонд унасныг өгүүлсү. Өгүүлэгч би нэрийг нь мэдэхгүй ч нэгэн алдартай явуулын цирк байжээ; цирк үргэлжийн аялж явах ба хаа очсон газраа үзэгч ихтэй байв. Циркт алиалагчаас авхуулаад хүч тамирын, үсрэлт агаарын гээд бүхий л сонирхол татахуйц шоу байх бол циркийн хамгийн их үзэгчтэй, хамгийн их орлого оруулдаг шоу нь гажигуудын шоу болно.

Гажигууд гэдгийг тодруулбал, циркийнхэн тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэгтгэн нэг баг болгон шоу хийнэ гэсэн үг. Иймэрхүү хүмүүсийг харахаар, иймэрхүү хүмүүс юу хийж чаддаг болохыг мэдэхээр хүмүүс мөнгөө өгч үйлчлүүлнэ. Одоо харин гажигууд гэдгээ жаахан дэлгэрэнгүйлэхэд, ташаагаарай холбогдсон ихэр эгч дүүс, сахалтай хүүхэн, нэг ч хөл бас гаргүй зөвхөн бие, толгойноос бүрдсэн эр хийгээд одойчууд гээд итгэмээргүй, төсөөлөхөд маш хүнд, аз заяагүй хүмүүсийн шоуг гажигуудын шоу гэнэ ээ. эдгээр гажигууд тус циркийн нэгээхэн хэсэг бөгөөд тус циркийн нүүр царай, гуа үзэсгэлэн Cleopatra болон Hercules нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Hercules нь хүч тамирын үзүүлбэр үзүүлэгч том биетэй сайхан эр боловч шал тэнэг бол Cleopatra нь аль түрүүн хэлсэнчлэн циркийн согоо, гоё хөлтэй, хөөрхөн боловч шуналтай шулам болой. Тэгвэл киноны барагалж гол дүр болох гажигуудын фракцыг төлөөлөгч эхнэр, нөхөр одойчууд Hans, Frieda хоёртой танилцая; Hans гэх нэртэй энэ эр хэдий одой ч тун сайхан биеэ авч явахаас гадна уг циркийн ганц боловсон эр гэвэл итгэмээргүй ч үнэн юм. Hans уг циркт ажиллах ба шалтгаан нь эхнэр Frieda юмуу? эсхүл зүгээр жүжиглэх хоббитой гэмээр, юу ч гэсэн циркт ажиллаж, амьдарна.

Яагаад гайхаад байгаагаа тайлбарлавал, уг одой эр асар их хөрөнгөний өв залгамжлагч буюу циркт байх ёсгүй баяр эр бөлгөө. Frieda бол бас л нэг одой хүүхэн бөгөөд циркийн ажилчин, нөхөртэй хайртай, халамжтай, үнэнч, нэг үгээр сайн эхнэр юм. Ийнхүү нар мандаж, сар гэрэлтсэн өдрүүдээр Hans маань Cleopatra-д дурлана. Бүсгүйн гоо үзэсгэлэн хийгээд аальгүй шалиг зан хөөрхий Hans-ын зүрх сэтгэлийг аймшигтай үймрүүлж, ухаан санааг нь балартуулна. Cleopatra үүнийг мэдрэн хөөрхий одойг ашиглан, эхлээд мөнгө зээлж байсан бол сүүлдээ цайран илтээр шулж буюу ашиглаж эхэлнэ. Frieda нөхрөө яаж ч ухааруулж, сэнхрүүлэх гээд чадахгүй ба эцэстээ цөхрөн бууж өгнө. Cleopatra одойгоосоо авсан бүхнээ өөрийн янаг хайрт Hercules-тэйгээ хуваан хэрэглэх бөгөөд Hans-ын бүх хөрөнгийг хуу хамхын тулд түүнтэй суух хэрэгтэйг тэд бодож олно. Hans ч хуримлахыг хүсч байсан ба хөөрхий Frieda-гаа хаян байж Cleopatra-тай суухаар болно. Тийнхүү нижгэр хурим хийнэ; бүх цирк, бүх гажигууд ирнэ. Cleopatra, Hercules хоёр энэ үед Hans-д хор уулгаж алахыг бодох агаад санаагаа ч хуримын үеэр гүйцэтгэнэ. Ингээд бүх юм бүтчихээр байтал хурим дээрээ согтсон Cleopatra гажигуудыг үзэн яддагаа, бас Hercules-тэй явалддагаа хэлж орхино. Согтуугийн гай аминд хүрнэ гэж гоё хүмүүс хэрхэн мэдэх билээ. Энэ үед Hans ч ухаан балартан унана. Cleopatra-гийн муу санааг, хэрхэн Hans-ыг ашигласныг бүх гажигууд ухааран ойлгоно. Гажигууд амь нэгтэй ба хэдий гажигууд хэдий ч юугч чаддаг болохоо харуулахаар, өөрөөр хэлбэл хөөрхий муу Hans-ын өмнөөс хатуу өшөө авна. Гажигууд Hercules-ыг алж хаяад, Cleopatra-г түрүүн хэлсэнчлэн хүн ч биш, амьтан ч биш болгоод  орхино.

  Кино шүүмжлэгч Melvin Matthews уг бүтээлийг Их хямралын хүрээнд авч үзэн тайлбарласан байдаг; "кинонд гарах жижиг хүмүүс бол дундаж давхаргын Америкчууд, харин тэдний эсрэг байгаа том хүмүүс бол Америкийн баячууд, бизнесийнхэн" гэжээ. Cleopatra, Hercules нар нь "гажгууд" буюу жижиг хүмүүсийг басамжилдаг том хүмүүс юм. Ийм доромжлол, басамжлал Их Хямралын үед хэт баячуудаас илэрч байсан бодитой хандлага байсныг мөн дурдсан байдаг. Кино судлаач Jennifer Peterson мөн энэ кино бол "гадуурхагдагсдын" тухай кино гэж бичжээ. Эл кинонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дүрсэлсэн нь кино шүүмжлэгч, судлаачдын дунд анализ хийх чухал цэг болсон ба Jon Towlson-н бичсэнээр энэ бол анти-евгеник мэдрэмжийг төрүүлсэн кино аж. Towlson-н тэмдэглэснээр, Roscoe, Venus гэх мэт бие махбодийн хувьд эрүүл саруул уран бүтээлчид гажигуудтай өдөр бүр найз нөхөд, хамтран ажиллагсад шиг ажиллаж байгаа нь тэднийг тэгш эрхтэй болгож байгаа буюу циркийн ажил нь тэдний бие махбодийн ялгааг бүдгэрүүлж байгаа аж. Мөн трапец үзүүлбэр үзүүлэгч, Cleopatra зэрэг бие бялдрын хувьд сайхан дүрүүд нь өш хонзон санасан, бардам, ёс суртахуунгүй хүмүүс байдаг. Тэрээр цааш нь, кинонд гарах биеэрээ нийлсэн ихэр эгч дүүсээр бие даасан бэлгийн амьдралыг далд утгаар үзүүлж байгаа явдал бол "бие махбодийн хувьд зохисгүй" хүмүүсийн нөхөн үржих, бэлгийн үйл ажиллагааны эсрэг байдаг евгеник хандлагыг дайрсан хэрэг бололтой гэжээ.

  Towlson эцэст нь ингэж төрх байдлыг урвуулж байгааг евгеник үзлийн үндсэн итгэл үнэмшлийг эрс эсэргүүцэж байгаагийн тод жишээ гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй кино судлаач Angela Smith мөн адил энэ кинонд гажигууд ердийн бөгөөд энгийн гэр бүлийн зан үйлийг хийж байгаа олон тооны сцэнүүдтэй гэж бичжээ. Тухайлбал киноны чухал хэсэг болох оройн зоогийн үеэр гажигууд Cleopatra-г хүлээж авч байгаагаа баяртайгаар илэрхийлж дуу дуулцгаадаг билээ. Харин зарим судлаачид найруулагч Browning-н киноны төгсгөлийн өшөө авалтын үзэгдлийн зорилгын талаар эргэлзэж, Cleopatra-д яагаад харгис хандах болсны шалтгаан тодорхойгүй байна гэж бичжээ (гажигууд эрүүл саруул сайхан төрсөн ч ёс суртахууны доголдолтой Cleopatra-г зэрэмдэглэдэг). Уламжлалт үзлээр эрхгүй болсон цөөнхүүд олонхын эрхийг үгүй хийхийн төлөө хүчээ хамтатгаж, Cleopatra-г жинхэнэ утгаар нь өөрсдийнхөө нэг болгодог билээ. Одоо өөрөө гажиг болсон Cleopatra үнэхээр эрхгүй болсон уу, эсхүл шинэ арга замаар эрхтэй болсон уу гэдэг нь тодорхойгүй ба найруулагчийн энэхүү хоёрдмол утга нь киноны сэтгэл түгшээх шинжийг зөвхөн нэмэгдүүлсээр л байна.

  Энэхүү киног хоррор жанр эсэх талаар маргаан байдаг. Олонх шүүмжлэгчид хоррор жанрт багтааж үздэг ч хоррор жанрыг бүрэн илэрхийлдэггүй гэж үзэгсэд ч бий. Жихүүцмээр кино мөн хэдий ч, зарим нэгэн хоррор элемент агуулсан боловч энэ кино үнэхээр хоррор жанрынх биш гэж зарим сэтгүүл бичсэн байдаг. Тайван, хүйтэн, эвгүй уур амьсгалыг хослуулсанаараа алдарт Luis Buñuel-н бүтээлийг санагдуулам гэж бас үздэг. Кино судлаач Joan Hawkins уг киноны жанрыг хэрхэн хувьссан тухай ийнхүү тайлбарлажээ; "Энэ кино мэйнстрим хоррор кино гэж эхлээд мөлжлөгийн жанрт шилжиж, эцэст нь авангард юмуу урлагийн төсөл гэж дахин үнэлэгдэх болжээ. Найруулагч Browning энгийн, жирийн, гоо сайхныг аймшиг болгож, аймшигтай, гажууд байдалд бидний сэтгэл, хүндлэл, хайрыг төрүүлж байгаа нь зориуд үзэгчдийн хүлээлтийг урвуулж байгаа явдал ажээ. Зарим судлаачид хэрвээ энэ киног хоррор жанрт багтаавал бусад бүх хоррор киног ойлгож үзэхэд хүндрэлтэй болгох буюу ерөөсөө хоррор жанрыг дахин тодорхойлох хэрэг гарна" гэсэн буй. Кино онолч Eugene Brinkema : "Энэ кино хоррор жанрын функцтэй, Херкулес үхэж, Клеопатра зэрэмдэглүүлж байгаадаа бус бүх гэрэл сүүдэр, аянга цахилгаандаа биш, энэ кино өөрөө үзэхэд аймшигтай юм, яагаад гэвэл үзэхэд айдас төрүүлж байгаа л бол тэр аймшиг билээ". MGM 1920-оод оны дундуур Browning-н хүсэлтээр Robbins-н "Spurs" богино өгүүллэгийг $8,000 доллараар худалдаж авчээ. Browning-д, түүний "The Unholy Three" кинонд тоглосон Harry Earles сайхь өгүүллэгийг кино болгох саналыг тавьсан буюу Harry Earles өөрөө "Freaks"-д тоглосон билээ. 

  Студи өмнө нь Browning-той хамтран "Dracula: киногоор амжилттай хийчихээд байсан учир төсөл асуудалгүй кино болохоор болов. 1931 онд MGM Browning-д найруулагч John Barrymore-той хамтран "Arsene Lupin" киног хийх санал тавьсан ч Browning татгалзаад дөрвөн жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн "Freaks"-дээ төвлөрөхийг илүүд үзсэн. Тэрээр кино найруулагч болохоосоо өмнө аяллын багт наадамд ажилладаг байсан учир циркийн ертөнцийг гадарладаг байжээ. Кино зохиолчид болох Willis Goldbeck, Elliot Clawson хоёрыг Browning-н хүсэлтээр төсөлд авсан ба кредитэд ороогүй ч хувь нэмрээ оруулсан 4 эрхэм бас байдаг аж. Кино зохиолыг 5 сарын хугацаанд боловсруулсан ба анхлан үйл явдал нь Францад өрнөдөг байсныг Америк болгон өөрчилснийг эс тооцвол өөр өөрчлөлт багахан хийгдсэн. Хэдийгээр ихээхэн цомхотгол хийсэн ч уг бүтээлийг кино сонирхогчид таагүй хүлээж авсаар байсан ба шүүмжлэлийн хариу болгон MGM "Хэвийн бус хүмүүс яах вэ? Тэд ч гэсэн бас амьдралтай шүүдээ!" гэсэн сөрөг сурталчилгаа хийсэн байдаг. Эл бүтээл нээлтээ хийх үед олон хүмүүс Browning-н замнал ийнхүү төгсөв гэж хүртэл ярьж байж. Зарим критикүүд шүүмжлэхээс илүүтэй үзэн ядаж, жигшиж байгаагаа нуулгүй илэрхийлэв. Harrison's Reports "энэ киног зугаа цэнгэл гэж харж байгаа хэн боловч сэтгэцийн эмнэлэгт хэвтэх хэрэгтэй" гэж бичиж байлаа.

Критикч John C. Moffitt "энэ киног өмөөрөх ямар ч шалтаг байхгүй, энэ киног бүтээхэд эрүүл бус ухаан хэрэгтэй, харин үүнийг үзэхиЙн тулд тэнэг зориг хэрэгтэй" гэжээ. The Hollywood Reporter "Үзэгчдийн сэтгэл, мэдрэмж, тархи, ходоод руу халдсан аймшигтай дайралт". 20-р зууны дунд болон сүүлээр "Freaks" Европт култ болсноос хойш үзэгчид, судлаачид дахин үзэж дүгнэж, улмаар алдаршжээ. Гадаадад нэр хүндтэй болсон нь Америкчуудын анхаарлыг дахин татсан агаад 1964 онд критикч Jhon Thomas "бяцхан шедевр" гэж нэрлэсэн. Критикч Kim Newman-н үзэж буйгаар энэ киног 20-р зууны дунд болон сүүлээр үзэгчид талархан хүлээж авсан шалтгаан бол "гажиг" гэдэг нэр томьёог доромжлол гэхээсээ илүүтэй тэмдэглэлт гэсэн эерэг утгатай болсонтой холбоотой гэсэн. Критикч Mark Chalon Smith 1995 онд; "Энэ кино галзуу аялал боловч зарим хүмүүсийн хэлсэн шиг мангасын аялал биш. Хирдхийлгэм, түгшээсэн авч найруулагч гаж төрхтэй хүмүүсийг чөтгөр гэж харуулах бус хүнлэг болгохын тулд киноны харанхуй төвд байршуулсан" гэж бичжээ. 21-р зуунд ч уг киноны хурц хоррор зураглал алдартай хэвээр байгаа ба критикч Jamie Russell "Кинонд хүмүүсийн хандах хариу үйлдэл яагаад ийм хүчтэй болсныг ойлгоход хялбар, энэ кино 70 жилийн өмнөх шигээ одоо ч этгээд, хэвийн бус, түгшээм байдлын каталог хэвээрээ л байна" гэж 2002 онд бичжээ.

Критикч Mark Kermode "өнөөдөр Browning-г бүгд ойлгож байгаа нь тодорхой байна" гэж 2015 онд бичсэн байхад критикч Ed Gonzalez киноны ёс суртахууны ач холбогдол халхлагдсан гол шалтгаан бол киноны цочирдом элементүүдээс үүдэлтэй, үүнийг тухайн үеийн критикүүд дутуу үнэлж ойлгосон гэсэн байдаг ба кинонд хуманизмыг хүчтэй авч үзэж, найруулагч бидний гоо үзэсгэлэн ба хэвийн бусыг тодорхойлох аргыг гоо зүй, философиор зоригтой сорьсон гэжээ. Өнөөдөр "Freaks" нь Browning-н хамгийн оргил бүтээл гэгддэг бөгөөд Европт култ болж байхдаа Францын сэхээтнүүд Browning-г Allen Poe маягийн гэж үзэж харьцуулж байв. Derek Malcolm; "Энэ бол Барокко кино урлагийн шедеврүүдийн нэг" хэмээгээд гажиг гэж дуудагддаг хүмүүст үзүүлсэн онцгой хүндэтгэл гэжээ. 

Comments