Би гангстер болмоор байна


 Goodfellas (1990). Америкийн мастер кино найруулагч Martin Scorsese-н намтарчилсан гангстар жанрын кино. Америкийн зохиолч Nicholas Pileggi-н 1985 оны баримтат "Wiseguy" номыг Scorsese,  Pileggi хоёр хамтран кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд; Robert De Niro, Joe Pesci, Ray Liotta, Lorraine Bracco, Paul Sorvino нар тоглосон. "Goodfellas" Венецийн кино наадмаар нээлтээ хийж, Scorsese шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бол Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг 6 төрөлд нэр дэвшиж Pesci шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. Засгийн газрын гэрч болсон мафийн гишүүн Henry Hill-н дурсамжаас сэдэвлэсэн уг бүтээлийг Scorsese үнэнхүү уртай сайхан урласан ба миний хувьд түүний хамгийн шилдэг кино гэж боддог. Эрч хүчтэй, загварлаг "Goodfellas" өнөөдөр классик гангстер кино гэгддэгээс гадна зарим судлаачид энэ жанртаа зөвхөн "The Godfather" киноны ард л бичигдэх бүтээл гэж үнэлдэг. Мафизмыг бараг романтик маягаар үзүүлж, үзсэн хүн гангстеруудын амьдралд татагдахуйц сэтгэл хөдөлгөм бүтээгдсэн уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 60-р байрт жагсаасан байна. Эл киноны үйл явдлыг бүгд мэдэх учраас үйл явдлыг алгасаад илүүтэй хөшигний ард юу болсныг хуваалцая.

Энэхүү кино нь Нью-Йорк хотын гэмт хэргийн сурвалжлагч Nicholas Pileggi-н "Wiseguy" номоос сэдэвлэсэн гэж түрүүн хэлсэн. Martin Scorsese дахин мафитай кино хийх бодолгүй байсан ч 1986 онд "The Color of Money" кино дээрээ ажиллаж байхдаа Pileggi-н номын тоймыг уншсан ба мафийн амьдралын хэв маягт үргэлж сэтгэл татагддаг байсан тэрээр Pileggi-н номд дурлаж, энэ ном түүнд гангстеруудыг хамгийн бодитой харуулсан санагджээ. Номыг уншсаны дараа Scorsese ямаршуу хэв маягтай кино хийхээ төсөөлж эхэлсэн. Scorsese: "Би энэ киногоо буун дуу шиг эхлүүлж, бараг хоёр цаг хагасын трайлер шиг хурдтай өрнүүлнэ. Энэ бол амьдралын хэв маягаасаа үнэхээрийн хөөр баяр мэдэрч, олон хүмүүс яагаад үүнд татагддаг болохыг мэдрэх цорын ганц арга гэж би бодсон" гэсэн байдаг. Pileggi-н хэлснээр, Scorsese өөр рүү нь залгаад "Би энэ номыг насан туршдаа хүлээсэн" гэж хэлэхэд Pileggi хариуд нь "Би энэ дуудлагыг насан туршдаа хүлээсэн" гэж хариулжээ. Scorsese 1988 онд "The Last Temptation of Christ" киногоо хийх хөрөнгө босгож чадсаныхаа дараа "Goodfellas" төслөө хойшлуулахаар шийджээ.

Түүнд Pileggi-н номын баримтат аспектууд тун таалагдсан; "Энэ ном танд өдөр тутмын амьдрал, уйтгар гуниг, тэд хэрхэн ажилладаг, яаж шөнийн клубуудыг булаадаг, мөн үүнийг ямар шалтгаанаар, хэрхэн хийгдэж дууссан болгоныг мэдрүүлдэг" гэж найруулагч маань дурссан буй. Scorsese уг киног Итали-Америкчуудын амьдралыг "арай өөр өнцгөөс" судалсан төлөвлөөгүй трилоги кинонуудынх нь гурав дахь нь болно гэж харж байв. Мөн тэрээр уг бүтээлээ мөнгөний талаарх "мафийн гал голомтын тухай кино" гэж олонтаа тодорхойлсон байдаг, учир нь түүнийхээр мафи мөнгөний төлөө л бизнес эрхэлдэг гэжээ. Киноны зураг авалтаас хоёр долоо хоногийн өмнө бодит Henry Hill-д $480,000 доллар өгчээ. Scorsese, Pileggi хоёр кино зохиолоо хамтран бичиж, санаанд хүрсэн зохиол бичих хүртлээ 12 нооргийг бэлтгэсэн бөгөөд ингэхдээ тэд номоос таалагдсан хэсгүүдээ сонгоод барилга барьж байгаа мэт өрж, угсрах маягаар бичжээ. Scorsese Pileggi-д уламжлалт хүүрнэлийн бүтцийг дагах шаардлагагүй гэж зөвлөжээ.

Scorsese гангстер хэв маягийг гаргахыг хүсч, эпизод эпизодоор нь үзүүлэхийг зорихдоо үйл явдал дундаасаа эхэлж, урагш хойшоо шилжих ёстой байв. Найруулагч маань сцэнүүдийг нягтруулж, богино байлгаж чадвал цаг хагасын дараа үзүүлэх нөлөө нь гайхалтай байж болохыг ухаарсан гэдэг. Тэр Францын кино найруулагч François Truffaut-н "Jules and Jim" киног санагдуулам хүүрнэлтэй байлгахыг хүссэн бөгөөд мөн 1961 оны Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний бүхий л үндсэн арга барилыг ашиглахыг зорьжээ. Кинонд зориулж бодит амьдрал дээрх гангстеруудын нэрийг өөрчилсөн; тухайлбал, Tommy DeSimone-г Tommy DeVito болгож, Jimmy Burke-г Jimmy Conway болгосон бол Paul Vario-г Paulie Cicero болгосон байна. Scorsese анхлан киноныхоо нэрийг "Wise Guy" гэж нэрлэсэн ч Найруулагч Brian De Palma 1986 онд ийм ижил нэртэй кино хийчихсэн байсан тул Pileggi, Scorsese киногоо "Goodfellas" болгон өөрчилжээ.

Robert De Niro Jimmy-н дүрд тоглохыг зөвшөөрсний дараа Scorsese киногоо бүтээхэд шаардлагатай мөнгийг босгож чаджээ. Henry Hill-н дүрд тоглосон Ray Pileggi-н номыг анх гарахад нь уншчихаад ихээхэн татагдсан агаад түүний агент Scorsese тус номоор удахгүй кино хийхээр төлөвлөж байгааг дуулгаж. 1988 онд Liotta Scorsese-тэй хэдэн сарын туршид уулзаж, киноны шалгаруулалт орохоор болжээ. Liotta дүрийг авахын төлөө улайран зүтгэж байсан гэдэг. Robert De Niro Liotta-г 1986 оны Jonathan Demme-н "Something Wild" киноноос хараад Scorsese-д хэлж, улмаар Scorsese Liotta-г сонгосон гэдэг:  Scorsese-д түүний тэсэрсэн эрч гайхам санагджээ. John Malkovich, Al Pacino хоёрыг Jimmy-н дүрд, Sean Penn, Val Kilmer, Tom Cruise нарыг Henry-н дүрд сонгохоор төлөвлөж байж. Robert De Niro дүрдээ бэлтгэхийн тулд Pileggi-ээс зөвлөгөө авч, номонд оруугүй материалуудыг хүртэл уншиж судалсан гэдэг. De Niro өдөрт хэдэнтээ Henry руу залгаад Burke хэрхэн алхдаг байсан, тамхиа яаж татдаг байсан талаар асуудаг байсан.

  Харин Liotta зураг авалтын талбайгаас гэртээ харих замдаа Henry-н Холбооны Мөрдөх Товчооны бичсэн аудио бичлэгийг сонсож, бодит амьдрал дээрх түүнтэй адилхан ярихыг хичээж байжээ. Karen Hill-н дүрд Madonna-г сонирхож байсан гэдэг. Азаар Lorraine Bracco сонгогдож, тэр ч дүрийн судалгаа болгож мафийн нэгэн гишүүний эхнэртэй ойртон танилцах гэж оролдсон авч мафийн нийгэмлэгийн хязгаарлагдмал шинжээс болж чадаагүй байдаг. Lorraine жинхэнэ Karen-тэй уулзахгүй байхаар шийдсэн ба энэ дүр өөрөөс нь төрөх ёстой гэж шийдсэн байдаг. Харин Paul Sorvino-н хувьд дүрийнхээ дуу хоолой, алхаа гишгээг сурахад хэцүү байгаагүй ажээ. Joe Pesci дүрээ шүүж яллаагүй авч Spider-г алдаг хэсэгт Tommy-н мэдэрч байгааг илэрхийлэн гаргахад амаргүй байсан гэдэг. Жүжигчдийн ихэнх эрчүүд байсан тул Lorraine дан эрчүүдийн дунд сэтгэлийн хувьд хүндрэлтэй байсан ч өөрийгөө барьж, ажлаа нэгдүгээрт тавихгүй аваас өөрийнх нь хийсэн бүхэн эвлүүлгийн өрөөнд устгагдана гэдгийг сайтар ухаарч байсан гэдэг.

Киноны зураг авалтыг 1989 оны хавар, зуны улиралд Нью-Йорк, Нью Жерси болон Лонг-Айлендад авчээ. Найруулагч Scorsese киноны дарааллыг хувааж, хэв маяг нь түвэгтэй байсан тул бүгдийг нь өгүүлэмжийн самбарт буулгажээ. Тэрээр хэлэхдээ "би маш их хөдөлгөөн хүссэн, киног бүхэлд нь ингэж харуулахыг хүссэн, харин төгсгөлд нь энэ хэв маягийг эвдэхийг хүссэн, ингэснээр (Henry-н) хэрсүү залуугийн хувьд төгсгөл нь ирж, кино бүхэлдээ хяналтаас гарч, тэр ирмэг дээрээс унаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн" гэжээ. Scorsese мөн киноных нь хэв маяг 1962 оны "Jules and Jim" киноны эхний 2, 3 минутаас үүдэлтэй буюу дэлгэрэнгүй хүүрнэл, хурдтай эвлүүлэг, кадрыг царцаах, байршлыг олонтаа өөрчлөх гэх мэт болно. Ингэж уламжлалд бодлогогүй хандсан нь кинонд гардаг гангстеруудын хандлагыг тусгасан аж. Нэг үгээр Scorsese киногоороо жинхэнэ панк хандлагыг харуулахыг зорьжээ. Тэр үзэгчдийг дүрс, мэдээллээр "дарамтлахыг" хүссэн бөгөөд гангстеруудын амьдрал маш баялаг тул кадр болгоныг нарийн ширийн зохиомжлохыг хүсчээ. Pesci-н хэлснээр, импровиаци ба бэлтгэлгүй тоглох нь Scorsese-н жүжигчиддээ хүссэнээрээ ажиллах боломжийг олгосон сургуулилтаас бий болжээ.

Найруулагч маань тус сургуулилтыг бичиж аваад жүжигчдийнхээ хамтаар хамгийн таалагдсан зөв гэж үзсэн хэсгүүдийг кино зохиолдоо нэмж оруулдаг байв. Жишээлбэл, Tommy нэгэн түүх ярьж, Henry хариу үйлдэл үзүүлдэг сцэн бол Pesci зөөгчөөр ажиллаж байсан өөрийнхөө туршлагаас санаа авч бүтээж. Pesci, Liotta хоёр тус хэсгийг импровиацлан сургуулилт хийж байхыг Scorsese 4-5 удаа бичиж аваад харилцан яриа болгон зохиолдоо оруулжээ. Tommy-н ээжтэй (Scorsese-н ээж тоглодог) оройн хоол иддэг сцэн мөн импровиаци байсан ба зохиолд зөвхөн "Tommy миний зурсан зургийн талаар ярьсан уу?" гэдэг мөр л байжээ. Копакабана шөнийн клуб дахь урт үргэлжилсэн замтай зураг авалт нөхцөл байдлаас үүдэн асуудалтай тулгарсан; кино багийнхан товчхон аргаар ажиллах зөвшөөрөл авч чадаагүй учир тэд өөр аргыг ашигласан. Scorsese Henry-н бүхий л амьдрал урд нь байгааг бэлгэдлээр үзүүлэхийн тулд, Henry-н Karen-г эргүүлсэн явдлыг, мөн ийм амьдралын хэв маягт татагдан орсныг нь тайлбарлах гэж сайхь урт үргэлжилсэн замтай үзэгдэлд нэг тасалдсан кадр багтаахаар шийджээ. Henry-н гэмт хэрэгтэн болсон сүүлчийн өдрийн зураг авалт Scorsese-н хувьд хамгийн хүнд зураг авалт байв.

Henry-н хар тамхи хэрэглэснээс болж түгшүүртэй, паранойг зохистой харуулахыг хүссэн. Киноны төгсгөлд Pesci камерын өөдөөс бууддаг хэсгийн тухай Scorsese хожим хэлэхдээ; ; Энэ бол "The Great Train Robbery" киноны төгсгөлөөс санаа авсан хэсэг. Ерөнхийдөө "Goodfellas"-ийн өрнөл нь энэ киноныхтой төстэй. Юу ч өөрчлөгдөөгүй, 90 жилийн дараа ч ийм түүх, буун дуу байх болно". Найруулагч маань Henry хэрсүү залуу байхаа больсонд харамсаж байгаагаар киногоо дуусгасан ба ингэснээр үзэгчид түүнд уурлана гэж бодсон бас тэгээсэй гэж найджээ. Scorsese кинонд дүрслэгдсэн хүчирхийллийг сэтгэлгүй, хүйтэн, аймшигтай, барагалж бодит бус харагдуулахыг хүссэн бөгөөд MPAA-аас R үнэлгээ авахын тулд 10 кадр дахь цусыг арилгасан. "Goodfellas" тухайн цагт Scorsese-н хамгийн өндөр үнээр бүтсэн кино байсан ч Холливуудын жишгээр бол дундаж төсөв байв. Warner Bros. анх удаа түүнд урьдчилан үзүүлбэр хийхийг "тушаасан" ба Калифорнид хоёр удаагийн үзүүлбэр хийхэд үзэгчид Henry-н сүүлчийн өдрийг гангстер хэвээр үзүүлсэнд "хямарцгаасан". Сонирхуулахад энэ санаа нь алдарт эвлүүлэгч Thelma Schoonmaker-н санаа байсан гэдэг. Урьдчилан үзүүлбэрээр үзэгчдэд хамгийн таалагдсан сцэн бол Tommy, Henry хоёрын ресторан дахь "алиалагч шиг хөгжилтэй байна уу? Би чамайг зугаатай байна уу?" гэдэг хэсэг байжээ.

Критикч Gene Siskel киноны жүжигчдийн бүх гүйцэтгэлийг нэгдүгээр зэрэглэлийнх гээд ялангуяа Pesci-н зан төрх зохиолгүй мэт байдгаараа бусдаасаа ялгарна гэжээ. Олон критикүүд уг киног 1990 оны хамгийн шилдэг киногоор нэрлэсэн байдаг. Критикч Vincent Canby; "Өмнөх Scorsese-н ямар ч киноноос илүүтэй энэ кино жүжигчдийн чуулга тоглолтоороо мартагдашгүй. Кино гол дүрүүдээс эхлээд жижиг дүр хүртлээ гайхам сайхан бүтээгдсэн". Vincent Canby мөн Scorsese-н найруулгын сонголт, кадр царцаалт, хурдтай эвлүүлэг, хааяхан тохиох урт үргэлжилсэн замтай кадрыг сайшаасан байдаг. Sight & Sound сэтгүүлийн 2022 оны санал асуулгаар "Goodfellas" найруулагчдын саналаар 28-р байрт, критикүүдийн саналаар 63-р байрт жагссан. Критикч Roger Ebert уг киног хамгийн шилдэг мафийн сэдэвтэй кино гэж үнэлж, мөн зохион байгуулалттай гэмт хэргийн талаар өгүүлсэн байдлаараа "The Godfather" киноноос ч илүү гэсэн буй. "Goodfellas" кино найруулагч David Chase-н алдарт "The Sopranos" телевиз цувралыг хийхэд нөлөөлсөн гэдэг бөгөөд тэрээр найруулагч Peter Bogdanovich-д хэлэхдээ; "Goodfellas" бол миний хувьд маш чухал кино, энэ кино үнэхээр шан татагч. Энэ кино маш инээдтэй, харгис, бас тун бодитой" гэжээ. 

Comments