Stagecoach (1939). Америкийн домогт кино найруулагч John Ford-н Вестерн жанрын бүтээл. Америкийн зохиолч Ernest Haycox-н "The Stage to Lordsburg" гэдэг богино өгүүллэгийг Dudley Nichols дэлгэцнээ хөрвүүлжээ. Уг кинонд, эрэгтэй, эмэгтэй янз бүрийн хэсэг бүлэг хүмүүс Апачигийн аюултай нутаг дэвсгэрээр өртөөний тэргээр аялж байгаа тухай өгүүлдэг. Уг киног Вестерн жанрын хил хязгаараас давсан бүтээл гэж дүгнэдэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг, нөлөө бүхий кинонуудын нэгээр нэрлэдэг. Гэсэн хэдий ч "Stagecoach" маргаанаас хол байж чадаагүй, учир нь, бусад тухайн үеийн Вестерн кинонуудын адилаар уугуул Америкчуудыг зэрлэг балмад байдлаар дүрсэлсэн гэж шүүмжлүүлсэн.
Киноны гол дүрүүдэд Claire Trevor, John Wayne нар тоглосон. Энэ бол Америкийн Баруун өмнөд хэсэгт орших Аризона - Ютагийн хил дээрх Монумент хөндийд Ford-н олон Вестерн киноныхоо зургийг авсны анхны тохиолдол байсан. Орчин цагийн анхны Вестерн гэгддэг Ford-н энэхүү гайхамшигтай кино хойшдын олон уран бүтээлчдэд нөлөөлснөөс гадна Ford, Wayne хоёрын хүндэтгэм хамтралын эхлэл болсон байдаг. Цөлийн ариун дагшин байдал ба хоёрдмол утгатай "соёл иргэншлийн" хоорондын эсрэгцлийн суурь дээр киноны сайтар боловсруулсан хүүрнэл нь жигдхэн урсана. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 173-р байрт жагсаагаад байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1880 оны зун, өртөөний тэрэгний жолооч Buck Аризона мужийн Тонто хотоос Нью Мехикогийн Лордсбург хот руу явах зорчигчдоо хүлээн авахад бэлэн болжээ. Эхний зочин хотоос хөөгдөж буй Dallas нэртэй янхан байлаа, удаах нь архичин эмч Boone, мөн морин цэрэг нөхөртэйгөө нийлэхээр явж байгаа ямбатай хатагтай Lucy, вискиний наймаачин Peacock нар байлаа. Энэ зуурт бид дөнгөж шоронгоос оргосон "Ringo" хочит Henry-д анхаарлаа хандуулах ёстой; тэр мөн Лордсбург руу зорьж яваа ба аав, дүү хоёрыг нь хөнөөгөөд өөрийг нь хилсдүүлэн шоронд оруулсан ах дүү Plummer нараас өшөөгөө авахаар тангараглажээ. Маршал Curley Ringo-г баривчлахаар өртөөний тэргэнд сууна. Энэ мөчид Холбооны армийн офицер асан зартай мөрийтэй тоглогч Hatfield хатагтай Lucy-г хамгаалж явахаар багт нэгдэнэ; мөн бид ааштай банкир Gatewood-г мартах ёсгүй. Америкийн морин цэргийн дэслэгч энэхүү багийнханд Апачигийн дайчил дайны үйл ажиллагаа явуулж байгааг анхаарлуна. Гэсэн ч өртөөний тэрэг замдаа гардаг. Манай тэрэг замдаа Ringo-той таарах ба Curley Ringo-г баривчилна.
Тэд Драй Порк гэдэг газарт хүрэхэд тэднийг цааш хамгаалан явах ёстой морьт цэргүүд Апачи Уэлсс рүү явчихсан байв. Зорчигчид цааш явах эсэх дээр санал хурааж, улмаар замдаа гарахыг олонх дэмжинэ. Замын туршид Dallas-г ямар хүн гэдгийг нь мэдээгүй Ringo хүүхэнд сэтгэл татагдсан нь бүгдэд ил байлаа. Тэрэг Апачи Уэлсс-д ирэхэд Lucy нөхөр Апачи нартай тулалдаж байгаад шархдаж Лордсбург руу явсныг олж мэднэ. Хүүхэн ухаан алдах ба тэр жирэмсэн байсан болохоор нярайлах хугацаа нь ийнхүү болсон байв. Зорчигчид эмч Boone-н архийг гарган сэрээснээр, эмч Dallas хоёр хамтран Lucy-г амжилттай төрүүлдэг. Тэр шөнө Ringo Dallas-д хандан өөртэй нь гэрлэж, Мексикийн хилийн цаана эзэмшдэг эдлэн газартаа хамт амьдрахыг гуйна. Өнгөрсөн түүхээсээ ичсэн хүүхэн татгалзсан ч дотроо дуртай байлаа. Эцэст нь Dallas зөвшөөрсөн ч яг одоо бол нялх биетэй Lucy болон хүүхдийг нь орхиж чадашгүй байгаа тул эхлээд чи зугтаа, би хожим араас чинь очно гэдэг. Ringo явах гэж байгаад Апачигийн дайны дохио болсон утааг хараад зугтах шийдвэрээсээ няцна.
Өртөөний тэрэг Апачи нарын хүйс тэмтэрсэн гатлага онгоцны гарам дээр ирнэ. Тэд голыг хамтран ажилласнаар давж чадах буюу Curley Ringo-г гавыг тайлсан нь тэдний эв хамт болсныг харж болох. Эцэст нь заналт Апачи нар тэдний рүү уулгалан довтолж, улмаар Buck, Peacock, Hatfield нар шархддаг. Энэ аюулт үед 6-р морин цэргүүд ирж тэднийг аварнө. Зорчигчид Лордсбургт ирнэ; энд Gatewood банкны мөнгө хулгайлан зайлахыг завдсан хэмээн баривчлагддаг бол Lucy нөхөр нь эдгэрсэн гэсэн сайхан мэдээ сонсоно. Одоо дурласан хүүхнийхээ өнгөрснийг мэдсэн Ringo саналаасаа буцахгүй эр хүн шиг загнах авч ах дүү Plummer нараас өшөөгөө авахаасаа буцсангүй. Уушийн газарт байсан Plummer-чууд Ringo-г ирснийг мэдээд угтаж очих ба буудалцааны дараа Ringo амьд үлдэж, Curley-н өршөөл дор Dallas-тайгаа сайхан амьдрахаар морин тэргээр давхиж одно.
Эх зохиолыг кино болгох эрхийг найруулагч Ford 1937 оны Collier's сэтгүүлээс "The Stage to Lordsburg" өгүүллэгийг уншчихаад ихэд таалагдсан учир худалдаж авчээ. Зарим сайхан үздэгээр Ford сайхь өгүүллэгээс гадна Францын зохиолч Guy de Maupassant-н "Boule de Suif" гэдэг өөр нэгэн бол өгүүллэг нөлөөлсөн гэдэг. Ford-н мэдэгдснээр Haycox өгүүллэгээ Maupassant-н зохиолоос санаа авсан байх магадлалтай гэжээ. Гэсэн хэдий ч Haycox-н намтар судлаачдын хэлснээр Haycox Maupassant-н зохиолыг мэддэг байсан гэсэн нотолгоо байхгүй, тэр өөрт нь нөлөөлж болзошгүй гэж үзэн бусдын зохиолыг уншихаас зайлсхийдэг байсан, голдуу түүхэн холбогдолтой ном уншдаг байсан гэжээ. Найруулагч Ford мөн Америкийн зураач Frederic Remington-н "Downing the Nigh Leader" гэдэг зургаас санаа авсан байдаг аж. Продакшн эхлэхээс өмнө, Ford төслөө бариад Холливуудын олон студийн хаалгыг татсан авч дуугүй эринээс хойш том төсөвтэй Вестерн кино моодноос гараад байсан тул студид сонирхохгүй байв, мөн Ford B-киноны од John Wayne-г заавал гол дүрд тоглуулна гэж зүтгэж байсан нь татгалзах шалтгааны нэг болж байлаа.
Продюсер David O. Selznick эцэст нь төслийг нь бүтээхийг зөвшөөрсөн ч Ford зураг авалтаа хэзээ эхлэх талаар шийдэмгий бус байсанд бухимдахаас гадна дүрүүдийн сонголтод нь эргэлзэж байв. Ингээд Ford Selznick-ээс төслөө татаад өөр продюсер Walter Wanger-тай хамтрахаар болсон. Wanger А зэрэглэлийн Вестерн хийх тал дээр, мөн Wayne-г гол дүрд тоглуулах тухайд Ford-той адилхан бодолтой байсан ба Ford дуугүй эринээс хойш Вестерн кино найруулаагүй байлаа. Гэхдээ Wanger Wayne-г Gary Cooper-ээр, харин Dallas-н дүрд Marlen Dietrich-г тоглуулахыг хүссэн, учир нь тэр мөнгөө эрсдэлд оруулахыг хүсээгүй. Ford Wayne эсхүл хэн ч биш гээд огт хөдлөөгүй. Эцэст нь хоёр тал тохиролцсон ба тэр үед Wayne-ээс илүү алдартай байсан Claire Trevor хамгийн өндөр цалин авчээ. Уг кинонд Lucy-н дүрд тоглосон Louise Platt продакшны үеэрх явдлыг эргэн дурсахдаа, Wayne-н кино ирээдүйн талаарх Ford-н үзэл бодлыг ийнхүү тэмдэглэсэн; "Wayne хамгийн том од болно, яагаад гэвэл тэр төгс төрхтэй жүжигчин" гэжээ.
Энэ бол Вестерн жанрыг хамгийн тод томруун илтгэсэн. Ford-н динамик найруулаг, Wayne-н үзэмж төгөлдөр тоглолтоор өргөгдсөн гайхам сайхан адал явдалтай кино. Мастер найруулагч Orson Welles "Stagecoach" бүтээлийг кино урлагийн төгс сурах бичиг болсон кино гээд "Citizen Kane" киногоо хийхээр бэлтгэж байхдаа 40 гаруй удаа үзсэн гэсэн буй. Критикч Robert B. Pippin кино дахь дүрүүдийн цуглуулга болон тэдний аялал зөвхөн хувь хүн гэхээсээ илүүтэй архетип шинжтэй гээд уг бүтээл нь улс төрийн хувьд тэгш эрхийг чухалчилсан нь Америкийн хүсэл эрмэлзлэлийг илтгэсэн домоглог шинжтэй гэсэн буй. Критикч Roger Ebert киноны уугуул Америкчуудад хандсан байдлыг харанхуй бүдүүлэг гэж шүүмжлүүлсэн.
Comments
Post a Comment