Paper Moon (1973). Америкийн нэрт кино найруулагч Peter Bogdanovich-н аян замын комеди-драм. Америкийн зохиолч Joe David Brown-н "Addie Pray" гэдэг романыг Alvin Sargent дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны үйл явдал Их Хямралын үеийн Канзас, Миссури мужуудад өрнөж; киног хар-цагаанаар зураглажээ. Киноны хоёр гол дүрд бодит амьдрал дээр аав, охин хоёр болох Ryan O'Neal болон Tatum O'Neal тоглосон. Addie-н дүрд тоглосон Tatum O'Neal-н гүйцэтгэлийг шүүмжлэгчид, үзэгчид өндрөөр хүлээн авсан. Тэрээр тухайн жилийнхээ Оскарын кино наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн нь Оскарын түүхэн дэх хамгийн залуу алтан барималтан болсон билээ. Howard Hawks маягийн комеди ба John Ford маягийн уран яруугийн холимог уг кино нь хэтэрхий сентиментал бус авч өхөөрдөм, сэтгэлд дулаахан шинжийг өөртөө агуулжээ. Орчин үеийн увайгүйтлийг харуулсан байдал, жүжигчдийн үр дүнтэй гүйцэтгэл нь зураглаач Laszlo Kovacs-н бишрэм монохром камерийн дуранд улам тод, инээдтэй харагдана. Улам бүр хачирхалтай болох гол дүрийн хоёрын аяллыг нэгэн төрлийн пикареск аялал гэмээр. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 751-р байрт жагсаж буй энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Канзас муж, 1936 он, 9 настай Addie охин ээжийнхээ оршуулгын ёслолд оролцож байхад жижиг гарын луйварчин, аялагч Moses гэгч эр оршуулгын ёслолд нэгдэх бөгөөд хүмүүс түүнийг Addie аав байна гэж сэжиглэцгээнэ. Moses үүнийг үгүйсгэдэг боловч өнчин охиныг Миссури дахь нагац эгчид нь хүргэж өгөхөөс татгалзахгүй. Ийнхүү Moses, Addie хоёр яг л аав, охин хоёр шиг аялалд гарна. Охины ээжийг санаандгүй хөнөөсөн эрийн ах болох хүнийг ятгасаар байгаад Moses $200 доллар салгаж дөнгөх ч үүнийг нь адтай Addie сэм чагначихна. Мөнгөтэй болсон Moses машинаа засч сэлбүүлж, мөн галт тэрэгний тасалбар авч тансаглан өнөөх мөнгөний хагасыг нь үрчихнэ. Харин Addie мөнгөө $200 бүтнээр нь авна, үгүй бол бүрэн өгтөл нь хамт аялна гэж шахамдуулснаар санасандаа хүрч хамт аялахаар болно. Moses сонин харж байгаад бэлэвсрээд удаагүй байгаа хүүхнүүд авгайчүүд дээр очин нөхөр нв үхэхээсээ өмнө эхнэрээ нэр дээр нэрийг нь бичсэн тусгай Библи захиалсан гэж хэлж хүүхнүүд авгайчуудын нимгэн сэтгэл дээр тоглон мөнгө олдог ажил саяхнаас хийж байгаа ажээ.
Адтай охин түүний залийг харж мэдээд энэхүү залилангийн хэрэгт нь нэгдэх буюу нимгэн сэтгэлтэнгүүд охин хүүхэд хараад Moses-д улам их итгэн мөнгөө өгч байлаа. Охины жүжиглэх авъяас, арга ухааныг Moses биширч, хэдхэн хоногийн дараа тэд гайхалтай баг болж, овоо ч ашиг хийнэ. Тэд нэгэн багт наадам үзэж явтал угийн хүүхэмсэг Moses Trixie гэдэг бүжигчин хүүхнээс салахаа болино. Хатагтай Trixie өсвөр насны өнгөт арьстай зарц охин дагуулан явах агаад Imogene гэдэг тэр охин Addie-д эзэгтэйн үе үе биеэ үнэлчихдэг гэмтэй, үүнээсээ болоод ойр ойрхон шээс алддаг гэж ховлоно. Аяллын баг дөрвүүл болоод цааш аян замдаа гарахад Addie-н толгойд энэ завхай хүүхнээс яаж хурдан салъя даа гэсэн ганц бодол эргэлдэнэ. Moses хонгор хатагтайдаа таалагдахын тулд хуримтлуулсан мөнгөөрөө шинэ машин авч балайрна. Addia Imogene-тэй найзлан янхан хүүхнийг хорлох төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Тэд нэгэн буудалд буух ба буудлын ажилтан Trixie-г сонирхоод байгааг Addie анзаарав. Addie тэр ажилтанд, манай эзэгтэй таныг сонирхоод байна өрөөнд нь очиж уулзаарай гэж хэлнэ. Нөгөө талд Imogene бас эзэгтэйдээ мөнгө олох боломж нээгдснийг дуулгах ба ингэж ажилтан Trixie хоёр зуучлуулан уулзаад ид жаргаж байтал Moses тэдэн дээр явж орсноор аяллын баг дахиад Addie, Moses гэсэн хоёр хүнээс бүрдэх болж цааш замдаа гарна.
Тэд хөдөөний нэгэн буудалд бууна. Архи дамлан зардаг хууль бус этгээдийн нууц амбаарыг олж илрүүлэх бөгөөд шөнөөр амбаарыг хоослоод дараа нь хулгайлсан бүх архиа буцаагаад эзэнд нь худалдаж овоохон мөнгө олов, манай зальт хоёр. Гэтэл гай болж архи дамлагчийн ах нь цагдаа байж тааран манай хоёрыг баривчилна. Адтай охин мөнгөө малгайдаа нууж амжсанаар мөнгөө хадгалж үлдээд зогсохгүй машиныхаа түлхүүрийг хулгайлаад Moses-н хамтаар цагдаагийн газраас зугтааж чаддаг. Moses мөрөө баллахын тулд шинэ машинаа хуучин ямбий ачааны машинаар солиод Миссури муж руу оров. Гэсэн ч жаргал удаан үргэлжилсэнгүй; цагдаа тэднийг олох ба өөрсдийнх нь харъяаллаас гадуур, баривчлах боломжгүй тул тэд Moses хэмх нүдээд хамаг мөнгийг нь булаагаад алга болно. Доромжлогдож, ялагдсан Moses охиныг нагац эгчийнд нь хүргэж өгнө. Гэтэл нэг харсан Addie араас нь гүйгээд ирэх бөгөөд "та надад $200 долларын өртэй хэвээрээ байгаа шүү" гэж хэлснээр тэд дахин хамт аялалд гарахаар болдог.
Уг кино төсөл анхлан домогт найруулагч John Huston-той холбоотой байж, гол хоёр дүрд алдарт Paul Newman охинтойгоо хамт тоглох ёстой байв. Гэтэл Huston төслийг орхихдоо зэрэгцэн Newman ч охины хамтаар төслөөс гарчээ. Найруулагч Peter Bogdanovich "What's Up, Doc?" киногоо дөнгөж дуусгаад байсан ба түүний экс эхнэр, хамтран ажиллагч Polly Platt "Addie Pray" гэдэг романыг кино болговол яасан юм бэ гэж. Түүхэн үйл явдлыг харуулсан кинонд дуртай, мөн хоёр ч охинтой Bogdanovich номонд шууд л татагдаж, кино болгохоор ханцуй шамлан орсон. Номыг кинонд хөрвүүлэхийн тулд багагүй өөрчлөлт хийсэн; Addie-н насыг Tatum-д тааруулахын тулд 12-оос 9 болгон бууруулсан бол киноны хугацаа, хэмнэлээс болж номын зарим хэсгийг урд хойно нь оруулж, сүүлийн гуравны нэгийг хассан буюу Moses, Addie хоёр хуурамч саятантай хамтран хууран мэхлэгчдийн том лигт орж байгааг хэсгийг хассан аж. Polly Platt-н санал болгосноор тухайн үед 8 настай, ямар ч кинонд тоглож байгаагүй Tatum охиныг Bogdanovich сонгосон нь тэрээр охины эцэг нэрт жүжигчин Ryan O'Neal-тэй "What's Up, Doc?" кинонд хамтран ажиллаад байсантай холбоотой гэдэг.
Bogdanovich мөн киноны нэрийг өөрчлөхөөр шийдсэн. Тэрээр киноныхоо хөгжмийг сонгож байхдаа "It's Only a Paper Moon" гэдэг дууг сонсож. Дотно найз, ментор домогт найруулагч Orson Welles-ээс зөвлөгөө авахад Orson "Paper Moon" гэдэг нэрийг боломжит хувилбаруудаас нь сонгосон нь Bogdanovich-н өөрийнх нь хүсэлтэй ч нийцжээ. Зураглаачаар ажилласан Laszlo Kovacs Orson-н зөвлөснөөр камертаа улаан шүүлтүүр ашигласан байна. Bogdanovich мөн кинондоо гүн фокустай, уртасгасан зураг авалтыг ашиглажээ. Критикч Vincent Canby аав, охин хоёрын гүйцэтгэлийг дээд зэрэглэлийнх гэсэн авч кино цаанаа л нэг депресстэй гэсэн байна. Критикч Roger Ebert бяцхан охин, луйварчин хоёрын баг 1936 оны хямрал, ядуурлыг бодитоор харуулсан гээд найруулагч Bogdanovich тун эгэл байдлаар өмнөх үеийнхээ кинонуудад хүндэтгэл үзүүлсэн гэжээ. Критикч Gene Siskel бяцхан Tatum-н тоглолтыг өхөөрдмөөс ч илүү, хүүхдүүдийн кинонд тогтоосон уламжлалаас давсан тоглолт үзүүлсэн гэжээ. Variety сэтгүүл мэдээж Tatum-г хагартал магтаад кино ийм сайн болсны шалтгааныг Alvin Sargent-н кино зохиолтой холбосон бол Los Angeles Times киног чанга, хөгжилтэй, сайхан тооцоолсон энтертайнмэнт гэсэн буй. Критикч Tom Milne киног ойлгоход тун хялбар байгаагийн учир нь Alvin Sargent-н бичсэн ухаалаг харилцан ярианаас улбаатай гэжээ. Өнгө аясыг гарамгай тэнцвэржүүлсэн "Paper Moon" бол кино носталжиа хийгээд жүжигчдийн төгс гүйцэтгэлийг хослуулсан бүтээл билээ.
Comments
Post a Comment