The Umbrellas of Cherbourg (1964). Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний найруулагч Jacques Demy-н мюзикл, романтик-драм. Киноны хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Michel Legrand бичсэн бол кино зохиолоо Demy өөрөө бичжээ. Киноны гол дүрүүдэд Catherine Deneuve, Nino Castelnuovo нар тоглосон. Киноны харилцан яриа бүхэлдээ ярих маягаар дуулагдсан, ингэхдээ энгийн яриа ч дуулалт хэлбэртэй бөгөөд зарим хэсэг нь дуурь, тайзны мюзикл тавилттай байдаг. Уг кино нь "Lola", "The Young Girls of Rochefort", "Model Shop" гэсэн зарим нь ижил жүжигчидтэй, дүрүүдтэй, ерөнхийдөө романтик гунигтай уур амьсгалтай шинжийг агуулсан Demy-н албан бус тетралогийн хоёр дахь бүрэн хэмжээний кино гэгддэг.
1964 оны Канны кино наадмаас "The Umbrellas of Cherbourg" кино Palme d'Or шагналыг хүртэж; Оскарын наадамд шилдэг эх зохиол, шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг эх хөгжмийн зохиол гэсэн 5 төрөлд нэр дэвшиж байсан. Найруулагч Demy-н энэхүү классик мюзикл сэтгэлийг хөвсөлзүүлээд зогсохгүй уран сайхны хувьд шинэчлэгч байв. Байдаг л нэг хайрын сэдэвтэй энэ кино өнөөдөр кино урлагийн хамгийн романтик бүтээлүүдийн нэг гэж өргөмжлөгдөж байгаа нь хүмүүний хайранд хандах сэтгэлийн нарийн мэдрэмжийг бодитой гаргасанд оршихоос гадна продакшны нүд гялбам, өнгөний ялгарал хайр шиг ид шидийн сэтгэгдэл төрүүлнэ. Michel Legrand-н хайр шиг гашуун хэрнээ амтлаг хөгжим киноныхоо эд эс бүрийг чихэнд эгшиглүүлнэ. 2018 онд, BBC бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 Англи хэл дээрх бус кино жагсаалт гаргахад эл мюзикл багтсан байдаг ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 148-р байрт эрэмбэлээд байна.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Өгүүлэх нь, Францын далайн эргийн жижиг хот Шербургт бороо орж гудмаар алхах хүмүүс өнгө өнгийн шүхэр барьсан байх ба хотыг дээрээс нь харвал чихрийн набор шиг харагдана. Өнгөөрөө, хэлбэр загвараараа ялгарах шүхэрнүүд барьсан эзнийхээ зан авир, дур сонирхлыг илтгэх бөгөөд тус шүхэрнүүд цөм хатагтай Emery-ын шүхэр зардаг дэлгүүрийнх бөлгөө. Хатагтай Emery жижиг хотдоо л тохирсон жижиг шүхрийн бизнестэй дөч дөнгөж л гарч яваа зуны сүүлчийн цэцэг шиг сайхнаараа байгаа нэгэн бол энэ ертөнцөд дээр түүний бүхий л баялаг болсон охин Geneviève-тэйгээ хоёулаа аж төрнө. 17 настай Geneviève гоо үзэсгэлэнгээрээ хотдоо байтугай даяан дэлхийд гайхагдам ба ээжийн хайртай ганц охин учир зөрүүд, эрх дураараа ааштай нь дээр залуу насны мөрөөдөмтгий романтик аа. Охин хотын машины засварын газар ажилладаг Guy гэх өөрөөсөө дөрөв, тав ах царайлаг залуутай ээжээсээ нууцлан үерхэнэ; Guy өөрийг нь өсгөсөн бие муутай авга эгчийн хамт амьдрах агаад эгчийг нь эргэж тойрох, мөн өөрийг нь нууцхан сэтгэлдээ хайрлах Madeleine гэх даруухан, сэтгэл татам бүсгүйтэй энгийн нөхөрлөнө. Guy-ыг ажлаа тарахыг дөхөх үед нь Geneviève очиж хосууд гудмаар зугаалан, театр хамт орох зэргээр цаг мөч бүрийг аз жаргалтайгаар, хоёр биедээ уусан өнгөрүүлнэ.
Тэд суух талаар ярицгаах болж, охин ч ээждээ Guy-ын талаар дурдаж эхлэх боловч ээж нь түүнд хандан “чи жаахан байна, хайрын талаар ямарч туршлагагүй, одоохондоо толгойг чинь би мэднэ” гэх мэтээр охинтойгоо маргацгаах болно. Эсэргүүцэлтэй тулгарсан хайр гэдэг бол гал дээр тос нэмсэн адил улам догшин асдаг ба хосууд ч хурим, цаашдын амьдралаа романтик сэтгэлээр дүрслэн төлөвлөцгөөж эхэлнэ. Гэтэл энэ үед тэд нарт хоёр ч муу мэдээ ирнэ. Нэгдэх нь: хатагтай Emery зээлээ төл гэсэн яаралтай шуудан байх агаад эх, охин хоёр дэлгүүрээ зарахгүй л бол зээлээ төлөх боломжгүй, хэрэв дэлгүүрээ зарвал гудманд гарна гэсэн үг байв. Emery залуу насандаа ганган явсан нэгэн бөгөөд залуу наснаас нь үлдсэн үнэт эдлэлүүдээ зарж түр ч гэсэн амьсгаа авъя хэмээн Geneviève сэтгэж, эхийгээ удтал ятгаснаар тэд үнэт эдлэлийн дэлгүүрт очно, харамсалтайн харин дэлгүүрийн эзэн барааг нь сонирхохгүй Эх, охин хоёрыг бурхан тэнгэр нь бүр ч хаясангүй байв, тэд дэлгүүрт үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг, гадаад дотоод явдаг, харахаас чинээлэг байрын Roland гэх гуч орчим насны нүдэнд дулаахан эртэй танилцаж, залуу ч сайхан сэтгэлээр эх охины асуудлыг сонсоод барааг нь авахаар тохиролцоно.
Roland-ын үнэн санаа бол сайхан сэтгэл биш хосгүй гуа сайхны өмнө ялагдан нугарсан, хуял тачаалдаа боолчлогдсон алхам байлаа. Roland өнгөрсөнд эмэгтэй хүнээс болж тун их зовж, хайранд итгэхээ болиод байтал Geneviève-ыг олж харан анхны харцаар дурлаж, түүний төлөө сүнсээ өгөхөөс ч буцахгүй болно; хоёрдахь муу мэдээ нь: Guy-ыг цэрэгт татсан зарлан ирнэ, энэ мэдээ зээлний асуудалтай барагалж давхцдаг. Өгүүлэн буй цаг үе маань Алжирын дайн болж байсан ба Guy хоёр жилийг армид өнгөрүүлэхээр болно. Уг мэдээ Geneviève-ыг хамгийн ихээр тарчлаан, хөөрхий охин энэ хагацлыг, ганцаардлыг тэсэж чадахгүй үхчихнэ гэдгээ шуудхан Guy-д хэлж битгий яваач, хамт үлдээч хэмээн яаж ч усан нүдэлсэн ч Guy ямар ч аргагүй гэдгээ хэлж, намайгаа хүлээгээрэй гэхээс өөр үг хэлж үл чадна. Хайртай залуу нь хоёр жил бараа сураггүй явж, хамгийн гол нь амьд эргэж ирэх эсэх нь баталгаатай биш болохоор Geneviève маш их айж аргаа барахдаа Guy-ыг нуугаад үлдээчихье гэхэд Guy мэдээж зөвшөөрөхгүй, эх орон дуудаж байхад хулчгар эр л эмэгтэй хүний ард нуугдана шүүдээ.
Roland-ын үнэн санаа бол сайхан сэтгэл биш хосгүй гуа сайхны өмнө ялагдан нугарсан, хуял тачаалдаа боолчлогдсон алхам байлаа. Roland өнгөрсөнд эмэгтэй хүнээс болж тун их зовж, хайранд итгэхээ болиод байтал Geneviève-ыг олж харан анхны харцаар дурлаж, түүний төлөө сүнсээ өгөхөөс ч буцахгүй болно; хоёрдахь муу мэдээ нь: Guy-ыг цэрэгт татсан зарлан ирнэ, энэ мэдээ зээлний асуудалтай барагалж давхцдаг. Өгүүлэн буй цаг үе маань Алжирын дайн болж байсан ба Guy хоёр жилийг армид өнгөрүүлэхээр болно. Уг мэдээ Geneviève-ыг хамгийн ихээр тарчлаан, хөөрхий охин энэ хагацлыг, ганцаардлыг тэсэж чадахгүй үхчихнэ гэдгээ шуудхан Guy-д хэлж битгий яваач, хамт үлдээч хэмээн яаж ч усан нүдэлсэн ч Guy ямар ч аргагүй гэдгээ хэлж, намайгаа хүлээгээрэй гэхээс өөр үг хэлж үл чадна. Хайртай залуу нь хоёр жил бараа сураггүй явж, хамгийн гол нь амьд эргэж ирэх эсэх нь баталгаатай биш болохоор Geneviève маш их айж аргаа барахдаа Guy-ыг нуугаад үлдээчихье гэхэд Guy мэдээж зөвшөөрөхгүй, эх орон дуудаж байхад хулчгар эр л эмэгтэй хүний ард нуугдана шүүдээ.
Guy явахын өмнөх шөнө тэд анх удаагаа нэг орондоо орох бөгөөд охин онгон биеэ насан туршдаа харамсахааргүйгээр хайртай хүндээ өгнө. Төмөр замын өртөөн дээр хосууд салж чадахгүй тэврэлдэцгээх бөгөөд бүсгүй хүлээхээ амлах бол залуу хүлээгээрэй хэмээн аминчлан захиж, галт тэргийг далд ортол Geneviève харж зогсоно. Хэдэн сар өнгөрөхөд, бүсгүй жирэмсэн болсоноо мэднэ, уг мэдээ эхийг нь алах шахах ба охиноо Roland-тай суулгах туйлын хүсэлтэй байлаа; эх нь эцэггүй хүүхэд гараад ирвэл найзууд, хөршүүд, садан төрлөөсөө юу гэх бол гэхээс айж, охиноо Roland-тай суулгахаар ил далд, наана цаана нь орон охиныгоо ятгаж эхэлнэ. Ам л нээвэл Roland-ыг магтаж, өөрсдийнх нь аж амьдрал дээшилнэ зэргээр зогсоо зайгүй сурталчиж өгөх бол Roland ч тэднийхээр орж гардаг дотно хүн нь болж ирнэ. Guy-ыг явсанаас хойш Geneviève-ын бие сайнгүй байлаа, үүнд: давхар бие хийгээд хайрыгаа санасан бэтгэрэл, санаа зовнилыг дурдахад хангалттай болов уу. Ядахад Guy-аас хааяа л нэг захиа ирэх бөгөөд яагаад захиа ирэхгүй болчихов гэхэд нь эх нь цаадах чинь өөр хүүхэнтэй болсон гэх юмуу чамайг мартсан гэх зэргээр байнга Guy-ын эсрэг ухуулга хийж байлаа.
Geneviève-ын гэдэс томрон, төрөх ч ойртоод ирлээ, Guy-аас сураггүй бол Roland албан ёсоор гэрлэх санал тавьж, төрөх хүүхдийг хамт өсгөе, би аав нь байж чадна гэж хэлнэ. Ингээд, Geneviève төрж охинтой болох агаад Françoise гэдэг нэр өгнө, энэ нэрийг хүүхэддээ өгнө гэж Guy-тай хамт ярьдаг байсан, түүнчлэн мэдээж Geneviève Roland-ын саналыг хүлээн авч гэр бүлээрээ Парис рүү нүүж, харин дэлгүүрээ зардаг. Уг явдлаас бараг жилийн дараа Guy доголон болчихсон цэргээс халагдан гэртээ ирнэ. Болсон бүх явдлыг сонссон тэрээр Geneviève-д хүлээж чадаагүйд нь гомдож, шөнийн клубээр хэсүүчлэн, гомдол, гутралаа архины мансуурал, янханы янаг тэврэлтэд мартагнаж байлаа. Төд удалгүй Guy-ын авга эгч нас барж, эцсийн амьсгал хураахдаа дориун хэмжээний мөнгө гэрээслээд үүрд одно; өөрийн гэсэн машины бизнестэй болох мөрөөдөлтэй явсан залууд энэ бол мөрөөдлөө биелүүлэх боломж бөгөөд шавар шалбаагнаас одоо л толгойгоо татаж хүн шиг амьдрах учиртайгаа ухамсарлана.
Guy-ыг эзгүйд эгчийг нь ээж шигээ харж байсан Madeleine-г энэ бүх хугацаанд өөрт нь сайн ч хэлж зүрхэлдэггүй байсныг эгчийг нь өнгөрсөний дараа Madeleine-ны “одоо би явъя даа, намайг гэх хүн алга” хэмээн гоморхуу хэлэхэд л залуу ухаарч ойлгох ба бүсгүйг хамт байхыг гуйж зөвшөөрүүлж чадна. Хэсэг хугацаа өнгөрч, бизенсээ эхлүүлэхэд бэлэн болох үед Madeleine энэ бүх хугацаанд өөрийг нь тоодоггүй байсанд болон хамгийн гол нь Geneviève-ыг мартаагүй болов уу, Geneviève ахиад гараад ирвэл намайг орхино доо гэж эмээж, Guy-аас итгэлтэй байна уу гэж асуухад, тэрээр “Geneviève-ыг мартсан, чамтай хамт бүхнийг шинээр эхлүүлмээр байна” гэдэг. Энэ явдлаас хойш бараг гурав, дөрвөн жил өнгөрч, шинэ жилийн үдэш байлаа. Guy Madeleine-тэй хуримлан гурав орчим насны хүүтэй болсны дээр өөрийн гэсэн бензин түгээгүүрийн газартай болж, сэтгэл хангалуун, жаргалтай сайхан амьдарна. Цас хаялсан үдэш бензин авахаар тансаг машин ирэх ба машинд чинээлэг улс болох нь мэдэгдэх хувцастай ээж, охин хоёр сууна, эд бол Geneviève охин Françoise юм. Madeleine хүүгийнхээ хамт ойрхон гарсан хойно Geneviève, Guy хоёр ийнхүү тэр нэгэн салалтаас хойш анх удаагаа уулздаг ба машинд байх охиныг Guy өөрийнх нь охин гэж таниад нэрийг нь асуухад Geneviève охинтойгоо уулзахуу гэж асуухад, Guy үгүй гэдэг. Бүсгүй бензинээ авч дуусчихаад Guy-аас чи зүгээр биздээ гэж асуухад хариуд нь залуу би зүгээрээ хэмээнэ. Geneviève машиндаа суун явахад төд удалгүй Madeleine хүүтэйгээ ирэх бөгөөд Guy хүү болон эхнэрээ тэвэрдэг.
Хамгийн аугаа хайр бол бүтээгүй хайр гэсэн үг эл кинонд маань тун тохирох санагдах. Хэдий киноны маань гол дүрүүдийн хайр бүтээгүй, төгсгөл хүртэл үзэгчдэдээ ахин нийлэх болов уу гэсэн горьдлого хүлээлгэх ч тэд зам замаа хөөцгөөнө, энэ нь ч зөв шийдэл байж, угаасаа ч жинхэнэ хайр бүтэх ёсгүй гэсэн урлагийн мөн чанарыг харуулжээ. Тодруулбаас, урлаг нь хүнийг асуудалд умбуулж, орчин тойрон хийгээд мөн чанарын эргэлзээнд оруулах ёстой бөгөөд эл бүтээл ч энэ чигийг дагаж залуусын хайр сэтгэлийн нарийн ярвигтай асуудлыг сургамж маягаар бас амьдрал бол тохиолдол, ийм тохиолдол хаа сайгүй, одоо ч энд тэндгүй болж байгаа шүү гэдгийг харуулжээ. Тасралтгүй үргэлжлэх хөгжимт шинж, тод өнгийн зураглал энэрэнгүй киног өвөрмөц болгож алдаршихын чухал түлхүүр элементүүд байв. Албан ёсоор бол эл кино нь үйл явдал нь бүхэлдээ хөгжимтэй дуурийн шинжтэй аж.
Таван жилийн үйл явдлыг энгийн хэмнэл, аялгуунаас бүрдсэн найрал хөгжмөөр тайлбарлахдаа тод, хурцаар зурагласан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм бас мартагдашгүй. Жүжигчдийн бүрэлдэхүүнд бэлтгэгдсэн дуучин байгаагүй тул ихэнх тохиолдолд ам барих юмуу тааруулсан ажээ. Энэ кино Францын жүжигчин Catherine Deneuve-г дэлхийн од болгосон ба кино дахь түүний гүйцэтгэл, харагдац цаглашгүй билээ. Найруулагч Damien Chazelle уг киног өөрийнхөө дээдэлдэг киноны нэгээр нэрлэснээс гадна "La La Land" киногоо хийхэд нь хамгийн их нөлөөлсөн бүтээл байсан гэжээ. Харин найруулагч Greta Gerwig "Barbie" кинонд нь эл мюзикл чухал санаа, онгод өгсөн гэсэн буй. Мюзикл киногоор хүмүүний сэтгэлийн гүнд хүрч болдогийг харуулсан гайхалтай энэхүү бүтээлийг ихэнх том критикүүд сайшаасан байдаг. "The Umbrellas of Cherbourg" кино Frank Sinatra-гаас Louis Armstrong хүртэлх хүмүүсийн сонсдог поп стандартыг эхлүүлсэн бөгөөд 20 настай байсан Catherine Deneuve-г дэлхийн од болгосон. Анх нээлтээ хийснээсээ хойш дахиад хоёр ч удаа театрт гарах болгондоо шинэ үзэгчидтэй болж, улам бүр алдартай болсон кино. Мюзикл киног хөнгөн зугаа гэж боддог хүмүүсийн бодлыг эрс өөрчилсөн энэхүү киног Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний бяцхан жиргээч Jacques Demy-г энэ кино нь алдаршуулж, сайхь Хөдөлгөөний хүндтэй гишүүн болгосон гэвэл хилсдэхгүй.
Критикч Bosley Crowther эл мюзиклыг гялалзсан, зөөлөн, яг л шихэр шиг нялуун хэмээн үл ойшоож байсан. Энэ кино бол Demy-н хүсдэг бодит амьдрал, тохиолдол хоёрын нийлмэлийг төгс илэрхийлэхдээ түүний хамгийн дуртай мюзикл хэлбэрээр үзүүлсэн бөгөөд ерөөсөө түүний мюзикл кинонууд эдгээрийн дунд орших кино урлагийн ид шидэнд оршдог билээ. Эл кино амьдралынхаа янз бүрийн үе шатанд байгаа хүмүүст төрөл бүрийн өөр мэдрэмж төрүүлнэ. Дайнаас болж хагацсан, эдийн засгийн асуудлаас болж салсан, эсхүл хувь тавилангийн эмгэнэлтэй байдлаар хоёр тийш болсон хүмүүст энэ кино нөлөөлөх боловч энэ кино хэн бүхэнд анхны бүтэлгүй хайрыг нь санагдуулна; өөрөөр хэлбэл анхны хайрынх шиг тийм гүн гүнзгий, мартагдашгүй гашуун хэрнээ амттай дурсамж үгүй. 1964 онд Demy энэхүү шедеврээ гаргах үед Холливуудын мюзикл кинонууд дэндүү нүсэр, маш их зардалтай байлаа. Demy энэ мюзикл киногоороо эл жанрыг өөрчилсөн буюу илүү минималист, бас энгийн болгосон ба хамгийн гол нь мюзикл жанрын кино А зэрэглэлийнх байж болно гэж харуулсан. Эл бүтээлийн төгсгөл кино урлагийн түүхэн дэх хамгийн гунигтай мөч байж болохын сацуу хамгийн жаргалтай төгсгөл ч байж болно; юутай ч найруулагч Demy хайрын гоо сайхан хийгээд гүн гүнзгий байдлыг кинондоо тусгажээ.
Comments
Post a Comment