Салхит хотын цагдаа

 


The Untouchables (1987). Америкийн кино найруулагч Brian De Palma-н найруулж, Art Linson-н продюсерлэж, David Mamet-н зохиолыг нь бичсэн гэмт хэрэгт жанрын кино. Уг киноны үйл явдал 1930 оны Чикаго хотод өрнөхдөө агент Eliot Ness Хууриа хуулийн үед зартай мафи Al Capone-г баривчлахын тулд "Хүршгүй" хэмээх багийг бүрдүүлж байгаа тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд: Kevin Costner, Andy Garcia, Robert De Niro, Sean Connery, Charles Martin Smith нарын томчууд тоглосон. Энэ бол "Hi, Mom!", "Greetings" кинонуудыг оруулаад De Palma, De Niro хоёрын хамтарсан 3 дахь кино нь боло. Киноны зохиолыг Oscar Fraley-н 1957 онд гарсан Eliot Ness-н амьдралаас сэдэвлэсэн ижил нэрт номоос үндэслэн бичсэн хэдий ч кинонд гарах үйл явдлын ихэнх нь зохиомол байдаг аж.
Киноны хөгжмийг домогт Ennio Morricone бичсэн ба тэрээр энэ киноныхоо ажлаар Греммийн шагналын эзэн болсон буй. Кино нээлтээ хийгээд дэлхий даяар $106.2 сая долларын ашиг олж, шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан. Кино Оскарын наадамд дөрвөн төрөлд нэр дэвшсэнээс жүжигчин Sean Connery шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. Brian De Palma-н энэхүү кино нь Чикагогийн гэмт хэргийн түүхийг классик гангстер, триллер бүхий хурц харагдацтайгаар үзүүлсэн ч уран сайхны нарийн мэдрэмжээр дүүрэн байгаад зогсохгүй шиг жүжигчдийн дээд зэрэглэлийн гүйцэтгэлтэй байдаг билээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

  1930 он, Хуурай хуулийн үе, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафийн мастер толгой Al Capone Чикаго хотыг эрхшээж байлаа. Хуурай хуулийн товчооны агент Ness мафийн боссыг баривчлахаар томилогдсон ч анхны оролдлого нь хахуульд автсан цагдаа нараас болж бүтэлгүйтнэ. Дараа нь Ness авилгад идэгдсэн цагдаа, хуулийн байгууллагын эсрэг тууштай тэмцэгч, тэтгэвэртээ гарсан офицер Malone-тэй танилцаж, зүг чигээ олоод зогсохгүй Malone-н зөвлөснөөр мөнгөний үнэр аваагүй идеалист цагдаагийн сурагчдыг өөртөө элсүүлэхээр болно. Тэд мэргэн буудагч Stone болон нягтлан бодогч Wallace хоёрыг багтаа элсүүлдэг. Тэд хамтдаа хүршгүй мэт байсан Al Capone-н өмчид хүрэх болсноор сонин сэтгүүлүүд тэднийг "Хүршгүй" баг хэмээн нэрийдэж эхэлнэ. Capone дөрвөн жилийн турш хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүйг олж мэдсэн Wallace Capone-г татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудаж болох нь гэж хамтран зүтгэгчиддээ хэлнэ.

Үнэндээ үүнээс өөр аргаар Capone-г торны цаана суулгана гэдэг үлгэр байлаа. Нэгэн хүндтэй ч настай ч дарга Ness-г өрөөндөө дуудаад энэ хэргээ орхи хэмээн хахууль өгөхийг оролддог ч Ness эрс татгалзана. Үүнийг сонссон Capone-н өршөөлгүй алуурчин Nitti Ness-н гэр бүлийг заналхийлснээр Ness гэр бүлээ нүүлгэхэд хүрнэ. Энэ үйл явдлын дараа Ness багийнхны хамтаар Канадын хилээр орж ирж байгаа архи ачсан машины цуваа руу дайрч, олон гэмт хэрэгтнийг хөнөөж, гол нь Capone-н нягтлан бодогч George гэгчийг баривчилж чадна. Удалгүй, Чикагод, Nitti Wallace, George хоёрыг эгнэгт чимээгүй болгочихно. Үнэнч хамтрагчаа алдсан Ness галзуурах шахан, Capone руу дайрахад хашир суусан Malone түүнийг зогсоогоод; энэ арга ирээдүйгүй, шүүхээр явбал харин үүрдийн ялалт ирнэ гэснээр Ness-г зогсооно.

Malone цагдаагийн дарга нь Wallace, George хоёрыг үхэлд оролцсоныг мэдээд Capone-н нягтлан бодогчийг гаргаж өг гэснийхээ хариу болгож тэр шөнөдөө Capone-н залууст буудуулдаг. Malone-г үхэж байх мөчид Ness, Stone хоёр амжиж ирээд эцсийн амьсгалтайн зэрэгцсэн Capone-н нягтлан бодогчийн хотоос явах галт тэрэгний хуваарийг хэлж амжина. Галт тэрэгний буудал дээрх Ness, Stone хоёрын нягтлан бодогчийг барих сцэн кино урлагт үнэхээр алдартай ба Ness нягтлан бодогчийг амьдаар нь барьж чаддаг. Ингээд Capone-н нягтлан бодогч эзнийхээ эсрэг мэдүүлгийг шүүх дээр өгснөөр Capone сүйрснээр кино маань жаргадаг. Энэ киноны хөгжим миний хувьд хамгийн урам зориг сэргээх, хамгийн дуртай кино хөгжмийн тоонд ордог; Ennio Morricone үнэхээр төгс мэдрэмжтэй хөгжмийн зохиолч юм.

"Америкт нэг удаа", "Загалмайлсан эцэг" кинонуудтай адилхан хуурай хуулийн үеийн Америкийг харуулахдаа илүүтэй энтертаймэнт, хурц явдалтайгаар үзүүлсэн. Продюсер Ned Tanen 70-80-аад онд Universal Pictures-д ажиллаж байхдаа Eliot Ness-ын амьдралаар кино хийхээр олон жил оролдсон ч бүтээгүй ба Eliot Ness-ын дурсамж номын эрхийг авсан Paramount Pictures-ын дарга болонгуутаа кино болгох ажилдаа шууд оржээ. Тэрээр Art Linson гэгчийг кино болгох ажилд томилсон ба Linson өмнө нь хийгдсэн телевизийн цувралаас илүү бодитой, нухацтай кино хийхээр төлөвлөж байв. Ингээд David Mamet кино зохиолчоор. Brian De Palma найруулагчаар томилогдсон ба Mamet-ын кино зохиолыг зураг авалтын үеэр Palma өөрчилж, дахин бичиж байсан гэдэг. Жишээлбэл, Чикагогийн галт тэрэгний буудал дээрх хэсэг бол 1925 оны "Battleship Potemkin" киноны алдарт хэсгийн дуураймал буюу Palma-ын энэ кинонд үзүүлсэн хүндэтгэл аж. Brian De Palma "Би өөрөө зохиолч хүн болохоор хийгээгүй зүйлийнхээ төлөө магтагдах дургүй. Би энэ кино зохиолыг хөгжүүлээгүй, Mamet миний зарим санааг ашигласан, заримыг нь ашиглаагүй" гэжээ.

Linson, De Palma хоёр Ness-н дүрийг 1950-аад оны телевизийн цувралд тоглосон жүжигчин Robert Stack-н "чанга" дүрээс ялгаатай илүү зөөлөн дүрслэхийг хүсч, өөрсдийнхөөрөө Ness-г "эмзэг гэрсэг хүн" гэж харуулахыг зорьжээ. De Palma эхэндээ Don Johnson-г тоглуулахыг хүссэн. Мөн Mickey Rourke, Jeff Bridges, William Hurt, Harrison Ford, Michael Douglas нар тоглохоос татгалзсан байдаг. Variety сэтгүүлийн 1985 оны дугаарт Jack Nicholson Ness-д тоглоно гэсэн мэдээ гарсан ч эцэст нь Kevin Costner-оор сольсон. Kevin Costner дүрдээ бэлдэхийн тулд Холбооны мөрдөх товчооны ажилтан асан Al Wolff гэгчийн гэрт зочилж Ness ямаршуу зан араншинтай хүн байсан зэргийг асууж лавлан судалгаа хийсэн гэдэг. Жүжигчид Robert De Niro анхнаасаа De Palma-н Al Capone-дүрд тоглуулах сонголт байсан ч Broadway-н жүжигт тоглож байсан De Niro тоглох эсэх нь тодорхойгүй байв. De Niro Capone-н дүрд тоглохын тулд 14кг жин нэмэх шаардлагатай болсон" найруулагчийн хэлснээр De Niro нүүр царайныхаа хэлбэрт л хамгийн их сэтгэл зовниж байсан аж.

  Хэрвээ De Niro "чөлөөтэй" болж чадахгүй аваас De Palma жүжигчин Bob Hoskins-г тоглуулахаар ярилцаад байж. Ингээд De Niro тоглохоор болж, De Palma Hoskins-д "баярлалаа гэсэн зурвасыг $20,000 долларын чектэй хамт илгээсэн байдаг. Сонирхуулахад, аль аль нь тоглох боломжгүй болбол, Б төлөвлөгөөнд Gene Hackman, Marlon Brando нараас сонгохоор байжээ. De Niro дүрийн судалгаа болгон Capone-н намтар түүхийг уншиж, түүхэн бичлэг үзэж, тэр байтугай Capone-н оёдолчинтой холбогдож өөртөө ижилхэн хувцас хунар хүртэл хийлгэсэн байдаг. Уг кино түүхэн үйл явдлаас сэдэвлэгдсэн ч ихэнх хэсэг нь зохиомол юмуу түүхийн хувьд оновчгүй байдаг; тухайлбал, Канад-АНУ-ын хил дээрх сцэн зохиомол бол, мөн шүүхийн байранд, төмөр замын буудал дээр буудалцаан болоогүй. Neas Nitti-г алаагүй агаад Nitti Capone-н шүүх хурлаас хойш 12 жилийн дараа өөрийгөө егүүтгэсэн байдаг. Мөн бодит амьдрал дээр Capone-г татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудсан явдалд Ness-н оролцоо тийм ч их байгаагүй гэдэг.

  Capone дэслэгчийг бейсболлын цохиураар зодож алдаг алдартай сцен кинонд байдаг, энэ нь үнэндээ аман домгоос үүдэлтэй бөгөөд түүхчид ийм явдал болсонд эргэлздэг. Продюсер Art Linson-н хэлснээр, кинотой холбоотой судалгаа явуулахад, кино үзэгчдийн 50% нь эмэгтэйчүүд байсан байна. Царайлаг эрэгтэй жүжигчид тоглосон нь үндсэн шалтгаан нь байсан бололтой. Ерөнхийдөө, хүчирхийлэлтэй киног голдуу эрчүүд үздэг, энэ кино нөхөрлөл, өршөөлийн тухай сэтгэл хөдөлгөм байдлаар үзүүлсэн нь хүүхнүүдийг сэтгэлийг татсан болов уу. Шүүмжлэгч Vincent Canby уг киног "шагшим бүтээл" гээд "бүдүүлэг, харгис, хөгжилтэй, заримдаа үнэхээр үзэсгэлэнтэй" байдаг гэсэн буй.

  Шүүмжлэгч Roger Ebert киноны тулаант үзэгдлүүд, байршлуудыг магтсан ч кино зохиол болоод найруулгад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, мөн Capone-г маш муу дүрсэлсэн гэж шүүмжилсэн бол Sean Connery-н тоглолтод А үнэлгээ өгсөн. Washington Post сонин мөн киног сөргөөр шүүмжилж, гол алдаа бол Brian De Palma өөрийнхөө хэв маягт хэт анхаарсантай холбон тайлбарласан байдаг. Шүүмжлэгч Pauline Kael: "Шилдэг кино биш: дэндүү улиг болсон, ёс суртахууны хувьд хэтэрхий тухтай. Сайн гангстер кинонууд сайн ба муугийн ялгааг гаргадаггүй. Гэхдээ энэ бол үзэгчдэд зориулсан сайн кино; гайхалтай оромдол" гэжээ. Яг эсрэгээр нь Time сэтгүүл зохиолч Mamet-н дэгжин кино зохиол ганц ч үгийг гарздаггүй, найруулагч De Palma нэг ч кадрыг хоосон үрдэггүй, эрч хүчтэй, итгэлтэй, нягт, олон давхаргат кино гэж үнэлсэн. 

Comments