Eyes Wide Shut (1999). Нью Иоркт Зул сарын баяр иржээ. Нийгмийн дээд давхаргад хамаарагдах Bill бол хаанаас нь ч харсан сайхан эр бөгөөд эмч мэргэжил нь түүнийг нэр хүндтэй болгохоос гадна хөрөнгө мөнгөтэй болгожээ. Тэрээр есөн жил ханилж буй сайхан эхнэр Alice болон бяцхан гүнж Helena хоёртойгоо жаргах суух ба өөрийн өвчтөн, бас найз Victor гэгч баян эрхмийн зул сарын баярын үдэшлэгт эхнэрийн хамт хүрэлцэн ирж буйгаар кино маань эхэлдэг; тансаг харш, гял цал хувцасласан эрчүүд, хүүхнүүд, мөн мэдээж шампаан дарсыг төсөөлөөд үзэхэд энэ үдэшлэгийн зураг тодорно. Эхнэр, нөхөр хоёр маань үдэшлэг дээр хоёр биенээсээ тусгаарлагдчихна, Bill хоёр модел охинтой аальгүйтэн марзагнана, охид түүнд илэрхий сээтэн хаяна, нөгөө талд Alice нэг Унгар эртэй бүжиглэх бөгөөд орж ирсэнээсээ хойш нэлээн их шампаан дарс уусан Alice багагүй халамцсан байв, үүнийг анзаарсан Унгар эр түүнийг нөхөртэйгөө хамт явааг мэдсэн ч үл тоож чихэнд нь хэдхэн хором хамт дээд давхарт гараад ирье буюу секс хийх саналыг боловсоноор тавихад Alice уг шаргуу эрээс олон дахин татгалзсаар сална.
Нөгөө талд Bill Victor-ын яаралтай дуудлагаар өрөөнд орж ирээд маш гоё нүцгэн хүүхэнд анхны тусламж үзүүлж байх агаад хүүхэн хар тамхи хэтрүүлэн хэрэглээд ухаан балартсан байсныг эмч маань сэргээгээд ахиж ингэж хэрэглэж болохгүйг хүүхэнд сануулах бол сандарсан Victor чи миний амийг аварлаа гэж учиргүй талархана. Эмч маань мөн үдэшлэг дээр оюутан цагийн найз, одоо төгөлдөр хуурч болсон Nick гэгчтэй таарах ба Nick ойрхон уушийн газарт тоглодог гээд ирж уулзаарай гэнэ. План солигдоход эхнэр, нөхөр хоёр үдэшлэгээс тарж ирээд хурьцал хийснийхээ дараа хар тамхи татан мансууран элдэвийг ярьж байна: чамд боломж олдсон бол чи тэр хоёр охинтой унтах байсан уу гэж Alice нөхрөөсөө асуухад Bill үгүй хэмээгээд чамайг тэр Унгартай хамт байхыг харсан шүү гэхэд эхнэр тэр надад унтах санал тавьсан гэхэд Bill огт хардсан шинж гаргахгүй, үүнд Alice уурлаж, чи намайг ерөөсөө харддаггүй юмуу гэхэд нөхөр чи минь үзэсгэлэнтэй учраас эрчүүд чамд татагдана, тэр болгонд би хардана гэж юу байхав, тэгээд ч эмэгтэй хүн байгалиасаа үнэнч шүүдээ гэнэ.
Ингэж хэлсэнд нь Alice маш их уурлаад ийнхүү өгүүлнэ: хэдэн жилийн өмнө охин бид гурав амралтаараа хөдөө явахад амралтын газарт би нэг усан цэргийн офицертэй танилцсан бөгөөд офицер надад маш их таалагдсан, бүр хэсэгтээ бодлоос гараагүй, боломж гарсан бол би түүнтэй хурьцахад бэлэн байсан гэнэ.. Bill-ын царай төрх сайхь түүхийг сонсоод ямар болсныг асуух хэрэггүй бөгөөд яг энэ үед дуудлага ирэн Bill-ын хяналтад байдаг өвчтөн өнгөрчихлөө гэх ба Bill-д энэ мэдээ аврал шиг санагдан бушуухан талийгаачийн гэр рүү явна; замын турш Bill эхнэрийгээ офицертой хурьцаж байгааг төсөөлөн бодож шаналж явсаар талийгаачийнд ирэхэд бурхан болооч үүрдийн тайванд нойрсч байх бол охин нь уйлан хайлж байснаа гэнэт Bill-г озон үнсээд би чамд хайртай, нөхрөөсөө салаад чамтай хамт байна гэж солиорч байтал нөхөр нь ирсэнээр Bill бараг зугтаан гарах ба шууд харихыг хүсээгүй Bill гудамжаар алхаж яваад Domino гэдэг янхантай танилцаж, улмаар гэрт нь дагаж ороод үнсэлцэж байтал Alice залгаж хэзээ ирэхийг нь асуухад Bill сайн мэдэхгүй байна гэж хэлдэг бөгөөд ямарч үйлчилгээ аваагүй ч Domino-д мөнгийг нь төлчихөөд яваад өгнө. Bill янханыхаас гараад явж байгаад Nick-ын тоглодог уушийн газарт ирэх ба замын туршид эхнэрээ офицертой хардан тарчилна.
Эртний андууд ганц нэг хундага тогтоон байдал Nick-ын утас дуугарч, Nick нэгэн сонин үгийг тэмдэглэж авах ба гайхсан Bill гуйж бас шаардсаар найзаасаа учрын асуухад угийн ам султай Nick энэ үг бол нууц үг, нэгэн нууц үдэшлэгийн нэвтрэх код, би тэнд нүдээ боолттойгоор төгөлдөр хуур тоглодог, тэнд байх бүх хүмүүс маск болон биеэ халхалсан нөмрөгтэй байдаг гээд хотоос зайдуу орших үдэшлэг болдог шилтгээний хаягийг Bill-д хэлчихээд явчихна. Шөнө залуухан бас эмч харих хүсэлгүй байв, иймээс Bill нэгэн хувцас түрээсэлдэг газраас маск, нөмрөг аваад такси бариад хотоос гаран өнөөх шилтгээн дээр ирэх бөгөөд шилтгээн ойн модон дунд, бас маш сайн хамгаалагдсан төмөр хашаан дотор байх агаад Bill таксины жолоочид намайг хүлээж бай гэж ихээхэн мөнгө өгчихөөд маск болон нөмрөгөө өмсөөд шилтгээний үүдэн дээрх масктай харуулд fidelio гэдэг нууц үгийг хэлж нэвтрэх эрхээ авна. Шилтгээн доторх хэв маяг эртнийх, харуул болон үйлчилгээнд ажиллах залуус масктай, бас костюмтай ба Bill-г гол танхимд ороход нэг улаан нөмрөгтэй хүн, түүнийг тойрсон арваад нөмрөгтэй хүүхэн, хүүхнүүдийг тойрон эр эмээс бүрдсэн зуугаад нөмрөгтөн байх агаад бүгд мэдээж масктай.
Улаан нөмрөгтэй хүн нэгэн гүрэм үйлдсэний дараа түүнийг тойрсон хүүхнүүд маскнаас өөр юмгүй нүцгэлээд тойрон зогсох зочид руу очин нэгийг сонгон танхимаас гарах ба Bill-г сонгосон хүүхэн маш гоё биетэйн дээр эмчид хандаж: чи энд анх удаагаа ирсэн бололтой, эртхэн амьд байгаа дээрээ харь гэж анхаарулна; энэ бол масктай секс нууц үдэшлэг байв, хаа сайгүй масктай эр-эм, эм-эм, эр-эр эсхүл груп секс болж байх агаад Bill-г гайхширч байтал харуул ирээд таныг таксины жолооч дуудаж байна гэсээр дагуулж явсаар гол танхимд оруултал Bill-г улаан нөмрөгтөн болон бусад нөмрөгтөнгүүд хүлээж байж байх ба эмчийг шинэ хүн болохыг хоёр асуулт тавиад л тогтоогоод зогсохгүй маскын авхуулаад, цаашлан бүрэн нүцгэлэхийг тушаах үед нөгөө масктай хүүхэн гэнэт гарч ирээд наад залуугийнхаа оронд намайг ав гэснээр хүүхнийг нэг хүн авч явна, харин Bill суллагдсандаа аймшигт үхлээс мултарсан мэт санагдах боловч улаан нөмрөгтөн түүнд хандаж: энд харсан бүхнийхээ талаар ганц үг ган хийвэл амь нас чинь, бас гэр бүл чинь үгүй болно шүү гэж заналхийлдэг.
Үүрээр айж бас цочирдсон Bill гэртээ ирээд орондоо орох үед Alice хар дарсан зүүднээсээ сэрж байх буюу Alice уйлан байж зүүдээ ийнхүү ярина: бид хоёр цөлд байна, үүнд би чамайг бууртгах бөгөөд гэнэт чи алга болж, би ногоорсон сайхан цэцэрлэгт хэвтэж байтал баахан эрчүүд гарч ирээд надтай хурьцсан, би тоймгүй олон эртэй хурьцсан гээд уйлахад Bill-ын царай чөтгөрөөс ч муухай. маргааш өглөө нь Bill эрж сурсаар Nick-ын буудалласан буудалд очоод Nick-ын талаар хүлээн авагчаас асуухад ноён Nick үүрээр хоёр том биетэй залуутай ирсэн, хацар нь хөхөрсөн байсан, бас их айсан байсан гэж хэлэх бөгөөд Bill буцах замдаа түрээсэлсэн хувцсаа эргүүлж өгөхөд маск нь алга болсон байлаа. Bill гэр бүлийнхтэйгээ оройн хоол хамт идэхийг хүссэнгүй, эхнэрээ өөр эрд эзэмдүүлж байна гэсэн шаналалдаа автан гудмаар алхаж явахдаа Domino-той уулзахаар байр руу нь ортол таньдаг янхан байхгүй оронд нь найз охин нь байх ба Bill Domino-ын найзтай хурьцах гэтэл охин өөрийгөө ДОХ-той гэснээр эмч тэндээс гардаг.
Ингэж яваад тэрээр сонин дээрээс алдартай модел хүүхэн хар тамхинд хордож үхэв гэсэн буланг уншаад мооргт очин эмчийн үнэмлэхээрээ хүүр харах эрх олох агаад үхсэн хүүхэн Victor-ын өрөөнд харсан хүүхэнтэй туйлын төстэй, бие хаа нь тун ижилхэн байв. Яг энэ үед Bill-г Victor гэртээ урих ба хөгшин баян эр эмчид хандан хэлнэ: би бас тэнд байсан, чамайг хэрхэн цочирдож буйг ойлгож байгаа ба энэ бүхэн худлаа, чиний харсан бүхэн тавилттай жүжиг буюу үзсэн бүхэн чинь маяг, Nick найз чинь амжилттай гэртээ харьсан бол тэр модел охин угаасаа бүтэхгүй амьтан байсан гэнэ. Ингээд Bill-г гэртээ ирэхэд Alice орон дотроо Bill-ын алга болгосон маскыг хажуудаа тавин унтаж байна. Та энэ киног үнэхээр үзэхийг хүсч байвал цааш нь уншихын оронд өөрөө үзэхийг илүүд үзэх байх, ядаж л би тэгж бодож байгаа учир киноны үйл явдлыг энд хүргээд тасалж байгааг болгооно уу.
Америкийн мастер гэдэг кино найруулагч Stanley Kubrick-н продюсерлэж, найруулж, хамтран зохиолыг нь бичсэн эротик драм. Австрийн зохиолч Arthur Schnitzler-н 1926 оны "Dream Story" туужаас сэдэвлэсэн уг киноны гол дүрүүдэд Tom Cruise, Nicole Kidman нар тоглосон. Kubrick 1960-аад оны үед "Dream Story"-г кино болгох эрхийг худалдаж авсан ба найруулагч маань эротик буюу сексийн харилцааны тухай кино хийхэд таарсан зохиол гэж боджээ. Kubrick 1990-ээд онд зохиолч Frederic Raphael-г кино хөрвүүлэлтэд туслуулахаар хөлсөлжээ. Киноны ихэнх зураг авалт Англид явагдсан ба киноны продакшн 400 хоног үргэлжилсэн нь хамгийн удаан үргэлжилсэн кино зураг авалтаар Гиннесийн амжилтын номонд бичигдсэн буй. Kubrick киноныхоо сүүлчийн цомхотголоо Warner Bros-д үзүүлснээс хойш зургаан хоногийн дараа зүрхний шигдээсээр нас барсан ба "Eyes Wide Shut" бол түүний сүүлчийн кино байв. Америкт театрын R үнэлгээг баталгаажуулахын тулд студид пост-продакшны үеэр зарим нэг секстэй сцэнүүдийг дижиталаар өөрчилжээ.
Киноны анхны шүүмжүүд янз бүр байсан авч цаг хугацааны явцад уг киног шедевр гэж хүлээн зөвшөөрөх болсон. Дэлхийн даяар $162 сая долларын ашиг олсон нь Kubrick-н хамгийн их ашигтай болсон бүтээл болжээ. "Eyes Wide Shut" бол Kubrick-н судлаагүй талбар руугаа хийсэн зоригтой ч, эрсдэлтэй ч аялал байсан; "Crash", "Blue Velvet" гэсэн эрэлхэг, сексийн хувьд ялзарсан авч эцсийн дүндээ ёс суртахуунлаг кинонуудтай төстэй эл бүтээл нь галзуурал ба суу ухаан хоёрын заагт байдаг. Гэхдээ "Eyes Wide Shut" илүү тогтвортой өнгө аястай, гэнэтийн тааварлашгүй шинжээрээ өег байдаг ба оньсого мэт, хагас санагдах зүүд шиг сэтгэлд хадагдам энэ кино бол урлагийн хамгийн аугаа шинийг санаачлагчийн нэгний эцсийн ялгуусан амжилт байв. Америкийн өөр нэгэн мастер найруулагч Martin Scorsese: "1990 онд Kubrick-г нас барснаас хэдхэн сарын дараа гарсан энэхүү киног хүмүүст тун буруу ойлгогдсон байдаг, гэхдээ энэ бол гайхмаар хэрэг биш. Хэрэв та өнгөрсөн рүү очоод тухайн үеийн Kubrick-н кинонуудыг хүмүүс хэрхэн хүлээж авч байсныг харвал түүний бараг бүх киног эхэндээ шүүмжлэн хүлээж авдаг болохыг ойлгоно. Тав, арван жилийн дараа л тэд "Barry Lyndon", "The Shining" зэрэг кинонууд хэзээ ч өмнө нь байгаагүй, хойшид ч бий болохгүй бүтээлүүд болохыг ухаардаг". BBC уг киног Америкийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 киноны 61-р байрт жагсаасан бол Slant Magazine 1990-ээд оны хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 2-р байрт эрэмбэлсэн. Тэгвэл Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 264-р байрт эрэмбэлээд байна.
Найруулагч Stanley Kubrick домогт "2001: A Space Odyssey" киноныхоо дараа шинэ төсөл эрэлхийлж байхдаа Artur Schnitzler-н "Dream Story" хэмээх номыг уншаад кино болгохоор ажиллаж эхэлжээ. Kubrick Jay Cocks гэдэг сэтгүүлчийн тусламжтайгаар кино болгох эрхийг нь худалдан авчээ. Дараагийн 10 жилд тэрээр эх зохиолыг зэрлэг, бараан, сексий комеди болгон хөрвүүлж, гол дүрүүдэд Woody Allen, Steve Martin хоёрыг тоглуулна гэж төлөвлөж байж. Kubrick мөн Tom Hanks, Bill Murray, Dustin Hoffman, Warren Beatty нарын 1980-аад оны эрэлт ихтэй эрэгтэй жүжигчдийг бодолцож үзсэн. 1994 онд Kubrick төслөө сэргээж, Frederic Raphael-г кино зохиол дээр ажиллуулж, 20-р зууны эхэн үед Венад өрнөдөг үйл явдлыг 20-р зууны сүүлээр Нью-Йорк хотод өрнөж байгаагаар өөрчилжээ. Arthur Schnitzler-н "Dream Story" зохиолын гол дүрүүд нь Fridolin, Albertina гэдэг хосууд байдаг ба тэд хотын захад амьдардаг дундаж давхаргын энгийн гэр бүл байдаг. Зохиолынхоо гол дүр шигээ Schnitzler нь Венад амьдардаг еврей хүн байсан; тэрээр эмч мэргэжилтэй ч зохиолч болохоор шийджээ.
Kubrick кино болгосон номуудынхаа еврей дүрүүдтэй холбоотой бүхнийг байнга арилгадаг байв. "Eyes Wide Shut" киноны тухайд гэвэл, еврей гаралтай Frederic Raphael гол баатруудын еврей гарлыг хадгалахыг хүссэн боловч Kubrick санал нийлэлгүй, дүрүүдийг еврей гэж тодорхойлж болох бүхнийг хассан аж. Мөн түүнчлэн Kubrick Bill дүр нь "Harrison Ford" шиг байх ёстой гэж шийдээд жүжигчний нэрнээс санаа авч Harford гэдэг овгийг дүрдээ зохиож өгчээ. Эх зохиолын өрнөл нь багт наадмын үеэр хүмүүс маск өмсөөд үдэшлэгт оролцож байгааг дүрсэлсэн бөгөөд тууж болон киноны аль алины эхлэлд нөхөр, эхнэрүүд үдэшлэгт оролцож байгаа гардаг; туужийнх багт наадам байхад киноных Зул сарын үдэшлэг байдаг. Туужид, үдэшлэгт нэвтрэх нууц үг нь "Дани" гэсэн үг байдаг; энэ үг бол Albertina Дани улсад нэгэн цэрэгт дурлаж байсантай холбоотой; харин кино дээрх нууц үг "Fidelio" билээ. Кино зохиолын анхны ноорогт нууц үг "Fidelio Солонго" гэж байж. Дээрх хоёр нууц үгүүд хосуудын зан авирын элементүүдийн цуурай болж байна. Сонирхолтой нь, тууж дахь үдэшлэг нь голдуу нүцгэн бүжгээс бүрддэг байна. Туужид, үдэшлэг дээр Fridolin-г шийтгэлээс авран өөрийгөө "зольдог" эмэгтэй гэлэнмаагийн өмсгөлтэй байдаг агаад үдэшлэгт оролцогсдын дийлэнх нь лам, гэлэнмаагийн өмсгөлтэй байдаг бол Fridolin өөрөө ламын өмсгөл өмссөн байдаг. Энэ аспект кино зохиолын анхны хувилбарт байсан ч зураг авалтын хувилбараас устгагджээ.
Туужид, Fridolin Albertina-г юу юунаас илүү үзэн ядаж, тэд одоо эгээ л тэсвэрлэшгүй дайснууд шиг хамтдаа хэвтэж байна гэж тодорхой бичсэн байдаг аж. Туужийн оргил мөч нь Albertina-н зүүд байсан гэж үзэж болно, харин кинонд Bill нууц нийгэмлэгийн групп секс үдэшлэгт оролцож байгааг онцлон тодотгосон нь явдал нь киноны агуулгыг илүү цочирдом болгож өгчээ. Дэлгэцийн хөрвүүлэлт нь туужид байдаггүй дүрийг бүтээсэн; энэ бол Ziegler агаад энэ дүр Bill-н хүсдэг чинээлэг, алдар хүндтэй амьдралыг төлөөлдөгөөс гадна Bill-г ердийн амьдрал болон нууц нийгэмлэгийн үдэшлэг гэсэн хоёр ертөнцийг холбогч болдог. Критикч Randy Rasmussen-н тайлбарлаж буйгаар Ziegler нь Bill-н муу дүр төрх буюу Kubrick-н бусад кинонуудад ч ийм зүйл ажиглагддаг аж; жишээлбэл, "Dr. Strangelove" киноны гол дүр Америкийн үндэстний аюулгүй байдлын хамгийн муу төлөөлөгч бол The Shining" киноны Charles Grady бол Jack Torrance-н муу тал болдог, тэгвэл "Lolita" кинонд Clare Quilty нь Humbert Humbert-н сөрөг тал нь ажээ. Мөн илүү анхаарахуйц зүйл бол кинонд Ziegler бүх үйл явдал буюу Bill-г заналхийлсэн, эмэгтэйн зодиослол, үдэшлэг гээд бүх зүйлс тавилттай жүжиг байсан гэж Bill-д тайлбарладаг билээ. Энэ нь үнэн эсэх нь хамаагүй, энэ бол хүчирхэг элитийн нэг гишүүн болох Ziegler-н ертөнцийг харах харааг илэрхийлнэ.
Warner Bros-ийн ерөнхийлөгч Terry Semel 1995 онд киноны продакшныг батлахдаа Kubrick-д "The Shining" кинонд Jack Nicholson-той ажилласнаас хойш том одтой ажиллаагүй тул том одтой ажиллахыг зөвшөөрчээ. Kubrick гол дүрийн хосуудад Alec Baldwin, Kim Basinger хоёрыг сонирхож байсан ч Tom Cruise Англид байж таарсан буюу тухайн үед эхнэр нь байсан Nicole Kidman өөр нэгэн кинонд тоглож байж. Тэд Kubrick-тэй очиж уулзаж, уулзалтын дараа найруулагч маань тэдэнд дүрүүдээ өгсөн. Kubrick энэ кино нь дуустал өөр төрлүүдэд оролцох ёсгүй гэсэн ам өчгийг нь тэднээс авчээ. Jennifer Jason Leigh, Harvey Keitel хоёр туслах дүрүүдэд сонгогдож, зарим зураг авалт ч хийгдээд байсан ч өөр төслийн хуваарьтаа давхацсаны улмаас тэд төслийг орхисон гэсэн мэдээлэл байдаг. Хожим Keitel хэлэхдээ, төслийг орхисон гол шалтгаан бол Kubrick түүнийг үл хүндэтгэсэн гэжээ. Gary Oldman-н хэлснээр бол Kubrick энгийн нэг кадрыг маш олон удаа ахин дахин аваад байсанд Keitel уурлаж тэр чигтээ гараад явчихсан гэдэг. Ингээд түүний оронд Sydney Pollack сонгогдсон. 2019 онд групп сексийн үдэшлэг дээрх масктай нууцлаг эмэгтэйн хоолойг Cate Blanchett хийсэн нь илэрхий болсон.
Жүжигчин Abigail Good Америк аялгаар сайн ярьж чадаагүй ба Cruise, Kidman хоёр Kubrick-г нас барсны дараа Blanchett-аас ам барахыг хүсчээ. Уг кино "эротик триллер" гэж маркетинг хийсэн ч зарим критикүүд эротик триллер биш гэсэн. Cruise, Kidman хоёр кино зураг авалтын үеэр харилцаа нь муудаж, секс эмчилгээний эмчтэй уулзаж байсан гэдэг. Зарим судлаачид эл бүтээлийг "гэрлэлт болон сексийн харилцааны талаарх ээдрээтэй түүх" гэсэн буй. Туужийн цаг хугацааны хүрээ Марди Грас баяраар өрнөдөг бол кино Зул сарын баярын үеэр болдог; Kubrick Зул сарын баярыг сэргээн шинэчлэх бэлгэдлийн улмаас ийм үйлдэл хийсэн гэдэг. Зул сарын баярын гэрлэн чимэглэлүүд нь Kubrick-н тухайн орчны гэрэлтүүлгийг ашигладаг арга ба тэрээр "Barry Lyndon" кинондоо яг ийм аргыг ашигласан байдаг. Зул сарын гэрлүүд нь өөр ертөнцийн туяарал, шинж чанарыг өгдөг, мөн Зул сарын баярын гэрлүүд нь киноны бараг бүх газар, орчинд байж, гэрэлтүүлдэг гэж судлаачид тэмдэглэсэн. Кинонд байнга давтагдах мотиф бол Зул сарын баяртай холбоотой зүйлс байдаг; Зул сарын гацуур нь бидний секс хийгээд сэтгэл хөдлөлийн өдөр тутмын бодит байдалтай харьцуулахад сүрлэг, ихэрхүү шинжээрээ бидний дур таашаалын фантааз болдог аж; учир нь дур хүсэл гэдэг яг Зул сарын баяр шиг ба энэ нь үргэлж өгөхөөсөө илүүг амалдаг. "Сатанист" үдэшлэгт Зул сарын гацуур гардаггүй цорын ганц хэсэг бөгөөд Сомертон харш дахь сцэнүүд зүүд шиг бүрхэг гэрэлтэж байдаг. "Eyes Wide Shut" хэдий зун гарсан ч Зул сарын баярын сэдэвт кино гэж үзэгсэд байдаг.
Kubrick Зул сарын баяр буянтай, энэрэнгүй шинжээ гээгээд хэт хэрэглээний шинжтэй болсон бараан талыг харуулахыг зорьсон. Энэ кино бол мөнгөний материаллаг бодит байдлыг харуулсан хэмээдэг. Хэдийгээр киноны бараг бүх сцэнд гацуур мод юмуу баярын гэрэлтүүлэг байдаг авч Зул сарын дуу хөгжим, хөгжөөм уур амьсгал байдаггүй. Уран зураг, уран баримал киноны туршид харагддаг ба Kubrick-н эхнэр Christiane, охин Katharina хоёрын зургуудыг киноноос харж болно. Bill-н гэрт Kubrick-н гэр бүлийн гишүүдийн зурсан зургуудын ихэнх нь харагддаг. Киноны эхэнд Bill, Alice хоёр охиндоо баяртай гэж хэлэх үед Christiane-н зурсан "View from the Mentmore" нэртэй зураг гацуур модны дэргэд харагдана. Ziegler-н үдэшлэгийн үеэр Bill угаалгын өрөө рүү яаралтай дуудагдаад эргэдэг шатаар өгсөхдөө Giulio Bergonzoli-н "The Loves of Angels" уран баримлын хажуугаар өнгөрдөг; энэ баримал 19-р зууны яруу найрагч Thomas Moore-н ижил нэрт шүлгээс санаа авсан агаад шүлэгт үхэх тавилантай эмэгтэйд дурласан гурван сахиусан тэнгэрийн тухай өгүүлдэг; тэд диваажинд нэвтрэх нууц үгийг хэлснийхээ төлөө өөрсдөө хөөгддөг ажээ. Эл шүлэг гарсан даруй эротик агуулгатай гэж маргаан дагуулсан байдаг. Кинонд, нэгэн үдэшлэгт Bill хоёр модел хүүхэнтэй хамт алхаж байхдаа Lorenzo Bernini-н "Apollo and Daphne" гэдэг баримлын жижигхэн хуулбарын хажуугаар өнгөрч байгаа харагдана. Киноны төгсгөл хэрд Bill нэгэн кафед ороход John William Waterhouse-н "Ophelie", "Dante Gabriel Rossetti-н "Astarte Syriaca" гэсэн хоёр зураг өлгөөтэй байдаг ба энэ хоёр зураг киноны экзотизм, тачаангуй, зан үйлийг тусгадаг.
Comments
Post a Comment