Хөөрхөн хөлтэй шулам




 Double Indemnity (1944). Америкийн нэрт кино найруулагч Billy Wilder-н нуар жанрын бүтээл. Америкийн зохиолч James M. Cain-н ижил нэрт романыг Billy Wilder, Raymond Chandler хоёр дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны нэр статистикийн хувьд ховор байдаг даатгуулагч нас барсан тохиолддог амин насны даатгалын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж өгдөг "давхар нөхөр төлбөр" гэсэн заалтыг хэлжээ. Киноны гол дүрүүдэд; Fred MacMurray, Barbara Stanwyck, Edward G. Robinson нар тоглосон. Уг кино Оскарын кино наадамд 7 төрөлд нэр дэвшсэн бөгөөд өнөөдөр Wilder-н классик төдийгүй нуар жанрын стандартыг тогтоосон кино гэж үздэг. Фемме фатал дүр ямар байдгийг мэдэхийг хүсвэл энэ кино дээрх Barbara Stanwyck-н гайхамшигтай тоглолтыг үз гэж зөвлөх байна. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 163-р байрт бичигдэж буй киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Шөнө болж, бүгд амарч байх үед нэгэн даатгалын компанийн үүдэн дээр машин ирж зогсох бөгөөд машин дотроос нуруулаг эр буун шууд компани руу орох нь эндхийн ажилчин гэдэг нь мэдэгдэх агаад өнөөх эр гол хаалгаар орж, улмаар явсаар өөрийнхөө ажлын өрөөнд орж сандал дээр барагалж унаад өгнө. Хөлс болон цусандаа шалба норж, ядарч цуцсан тэрээр ширээн дээрх диктапоноо асаан анд найзаас гадна ажлынхаа нөхөр Barton гэгчид өөрийн хийсэн аллага хийгээд гэм буруугаа ярьж, бичиж үлдээж байгаагаар кино маань эхэлнэ; өөрөөр хэлбэл, Лос Анжелес хотын даатгалын компанид даатгалын борлуулагчийн ажлыг амжилттай хийж яваа, ганц бие, амьдралдаа уйдаж эхэлсэн Walter гэгчийн үхэхийнхээ \цагдаад баригдах ч юмуу\ өмнө бүх үнэнээ эрхэм найздаа улайж байгаагаар кино маань эхлэх буюу түүний хүүрнэл яриа киноны өгүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, кино дурсамж, өнгөрсөнийг сөхөх түүх хэлбэрээр өрнөнө.

Ингээд, Walter-ын ярианд анхаарахыг хүсье. Нэгэн нартай сайхан өдөр Walter ажлынхаа шугамаар хатагтай Phyllis-нд ирэх ба хатагтай даатгалын гэрээгээ шинэчлэх хүсэлтээ учир тэрээр тансаг харшид хүрэлцэн ирнэ. Walter байшинд оруут хагас нүцгэн, шаргал үстэй залуухан хүүхэн хоёрдугаар давхараас угтах ба энэ бол хатагтай Phyllis. Хүүхэн хувцсаа өмсөөд ирье гэх хооронд Walter байшин доторхтой танилцаж амжих бөгөөд тун баян айлд ирсэнээ, тэгээд хөгшин авгай угтана гэж бодтол залуухан хүүхэн байсанд багагүй гайхаж, энэхэн зуур хөгшин нөхөртэй залуухан шувуухай болохыг түвэггүй олж мэднэ. Төд удалгүй хүүхэн шатаар бууж ирж, Walter түүнийг бууж ирэхийг дороос нь тэгэхдээ маш гоё хөлийг нь шатны гишгүүр дээр тавих тоолонгоор бахдан, шохоорхон харах агаад тэрээр шууд л, тэр мөчид л хүүхний гоё хөлөнд дурлаж орхих ба Phyllis ч үнэхээр чөтгөрийн гэмээр ад тачаал хөдөлгөсөн үзэсгэлэнтэй хүүхэн байв. Хүүхний яриа, үйл хөдөлгөөн бүхэн уйдаж, ганцаардсан өнгөөр илхэн бөгөөд эрээ цээргүйгээр Walter-д сээтэн хаях бол Walter ч тэнгэрээс унаад ирсэн хишгийг үмхчих санаатайгаа үл нууж харьцана.

Ажил явдал цэгцрэн төгсрөх тийшээгээ хандах үед Phyllis аальгүйтэн байж Walter-аас бяцхан тусламж хүснэ; энэ нь болохоор, нөхрийнхөө амь насыг даатгуулах даатгал агаад хамгийн чухал нь энэ талаар нөхөртөө мэдэгдэлгүй нууцаар хийх явдал байв. Walter усан тэнэг хүн биш учир бүхнийг ойлгож, эрс эсэргүүцээд хаалгыг нь саваад гарч одно. Гарахдаа тэрээр хүн амины бузар хэрэгт чинь оролцмооргүй байна гэдгээ шулуухан хэлнэ.  Хэд хоног өнгөрөх боловч Walter-ын толгойноос хүүхний хэлсэн зүйлс болон хорхой хүргэм бие цогцос, үзэсгэлэн гуа нь үл гарч, байнга бодогдоно. Нэг өдөр гэртээ гиюүрэн сууж байтал Phyllis гэрт шууд хүрээд ирнэ, хаанаас яаж олсныг мэдэхгүй ч тэрээр хүүхнийг хаалган дээрээ зогсож байхыг харахдаа л дотроо бууж өгөн хэлсэн бүхнийг нь биелүүлнэ гэдгээ урьдчлан мэдэрнэ. Тэд гайхалтай шөнийг өнгөрөөх бөгөөд Walter одоо хүүхний утсан хүүхэлдэй болоход дургүйцэх юмгүй болтлоо дурласан байх бол хүүхэн түүнд хамаг зовлонгоо тоочино: үүнд хөгшин нөхөр нь сүүлийн үед архи их ууж зовоох болсон гээд өмнөх эхнэрийнхээ том болсон охинд хамаг хөрөнгөө өвлүүлнэ, надад юу ч өгөхгүй гэсэн хэмээн уйлан хайлж, эцэстээ би чамайг хараад л дурласан, хоёулаа түүнийг эвтэйхэн цааш нь харуулаад даатгалын мөнгөөр нь хамт жарган сууя гэж ятгаж бас тушаана. Тэд тохирох ба бүр уулзахаа, утсаар ярихаа ч нарийн бодож төлөвлөж, мөн хэрхэн алах арга аа ч цаашдын уулзалтуудаараа ярилцан тохирохоор болно.

Юуны өмнө тэд Phyllis-ын нөхрөөр даатгал хийлгүүлэх хэрэгтэй байсан агаад нэг өдөр Walter тэднийд очиж хүүхний хөгшин нөхөр болон охинтой нь танилцана. Энэ үеэр Walter хөгшнийг ятгах бол нөгөө талаас хүүхэн нөхрөө сэнхрүүлсэнээр чухам хэрэгтэй тэр даатгалыг хийлгэж дөнгөнө.. Энэ даатгалыг одоо тодруулбал, амь насны даатгал ба санамсаргүй байдлаар осолдож үхвэл нас барагчийн ар гэрийнхэнд даатгалыг хоёр дахин нугалж олгох журамтай ба давхар даатгал гэдэг нэртэй байв; эд тохирох ба бүр уулзахаа, утсаар ярихаа ч нарийн бодож төлөвлөж, мөн хэрхэн алах арга аа ч цаашдын уулзалтуудаараа ярилцан тохирохоор болно. Юуны өмнө тэд Phyllis-ын нөхрөөр даатгал хийлгүүлэх хэрэгтэй байсан агаад нэг өдөр Walter тэднийд очиж хүүхний хөгшин нөхөр болон охинтой нь танилцана. Энэ үеэр Walter хөгшнийг ятгах бол нөгөө талаас хүүхэн нөхрөө сэнхрүүлсэнээр чухам хэрэгтэй тэр даатгалыг хийлгэж дөнгөнө. Уг даатгалыг одоо тодруулбал, амь насны даатгал ба санамсаргүй байдлаар осолдож үхвэл нас барагчийн ар гэрийнхэнд даатгалыг хоёр дахин нугалж олгох журамтай ба давхар даатгал гэдэг нэртэй байв. Дараагийн өдрүүд ирэхэд, Phyllis-ын нөхөр хөлөө хугална, гэхдээ энэ нь чөтгөрийн хосуудад харин ч зүгээр хэрэг болох агаад олны дунд Walter суга таягтай явах нь харин ч олон гэрчийн нүдэнд өртөж, сэжиглэх юмгүй болох байв.

  Ийнхүү үйлт өдөр ирж, ганц санаа зовоох юмыг эс харгалзвал төлөвлөгөө ёсчлон бүтнэ. Энэ нь юу байв гэвэл Walter галт тэрэгний төгсгөлийн хэсэгт очиход тэнд нэг хүн байж таарсан ч түүнийг аргалж чадна. Уг хэрэг явдлын дараа даатгалын компанийхан хуралдах агаад захирал хохирогчийг амиа хорлож үхсэн гэж үзээд мөнгийг нь олгоё гэхэд компаний хамгийн ухаалаг бөгөөд шилдэг ажилчин Barton энэ бол цэвэр зохион байгуулалттай аллага гэдгийн олон аргаар нотлохын дотор галт тэрэгнээс унаж үхэх бараг боломжгүйг нотлож \энэ сцен тун сайхан\ харин энэ үед Walter ямаршуу царай төрхтэй байсынг уншигч төсөөлөх буйзаа. Компани мөнгө өгөхөөс татгалзсанаар манай хоёрын харьцаа ч муудаж ирнэ. Тэд олны нүдэнд цуг байгаагаар харагдаж болохгүй учир хааяа нэг хальтхан уулзана.

Ингэхдээ голдуу хэрэлдэх бөгөөд хүүхэн сүүлдээ эрээ цээргүй заналхийлэх бол Walter төгсгөлгүй зовлонд учирсанаа сая л нэг юм ойлгох нь харамсалтай. Энэ үед Walter дээр Lola ирж уулзан, ингэж хэлнэ: аавын минь үхэлд Phyllis буруутай, Phyllis ээжийн маань сувилагч байсан, ээж маань тодорхойгүй байдлаар үхсэн, би зөнгөөрөө Phyllis-ыг ээжийнхээ үхэлдэг буруутай гэж үздэг, аав маань амиа хорлох хүн биш тэр хүүхэн л алчихлаа, Phyllis ойрын үед Nino-той нууцаар уулзах болсон гэж хэлнэ. Walter ямар чөтгөртэй нөхцөж урхинд орсоноо энэ мөчид ухаарна. Phyllis Nino-ын толгойг эргүүлэн Lola болон өөрийг нь алах гэж байгааг гадарласан Walter хүүхэнтэй очиж уулзах ба Phyllis түүнийг гэртээ хүлээж авна. Phyllis буу нууж байгаад бүх үнэн илэрсэн хойно Walter-г буудна, гэхдээ дахиад буудаж чадахгүй; Walter бууг нь булааж аваад Phyllis-г буудаж ална. Шархадсан Walter ажил дээрээ очин бүх үнэнээ найздаа диктапонд бичиж үлдээхээр замдаа гарчээ. Тэр одоо үхэх юмуу баригдана, нэг үгээр ирээдүйгүй болсон хүн.

Зохиолч James M. Cain 1927 онд Нью-Йорк хотод сэтгүүлчээр ажиллаж байхдаа гэрлэсэн эмэгтэй нууц амрагтайгаа нийлээд нөхрөө алсан хэргийн шүүх хуралд оролцсон ба тэрээр энэ хэргээс сэдэвлэн "Double Indemnity" романаа бичжээ. Ruth Snyder гэх тэр эмэгтэй нөхрөө амь насны даатгал хийлгэ гэж ятгасаар байгаад хийлгүүлснийх нь дараа нууц амрагтайгаа хамтран нөхрөө алж даатгалын мөнгө авчээ. Гэвч алуурчид дорхноо баригдаж, Ruth цахилгаан сандалд суусан байдаг. Уг роман Либерти сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш Холливуудынхан ихээхэн сонирхох болсон. Cain өмнөх жил нь "The Postman Always Rings Twice" нэртэй бүтээлээ гаргачихсан, ерөнхийдөө нэртэй болчихсон байв. Cain-н агент романы хуулбарыг томоохон студиуд руу илгээж, студиуд ч романы эрхийг авахаар өрсөлдөж байтал тухайн үеийн Америкийн цензурын холбооноос анхааруулсан захидал ирснээр төсөл хойшлогдов. 8 жилийн дараа Paramount эрхийг нь худалдаж аваад Billy Wilder найруулуулахаар болов. Paramount студид зохиолыг бага зэрэг өөрчлөөд цензурын холбоо руу явуулсан ч 8 жилийн өмнөхтэйгөө адилхан хариу сонссон ба Wilder Charles Brackett-г кино зохиолын боловсруулалт дээр дахин ажиллуулснаар ямар ч байсан дараагаар хүсэлтийг нэг юм зөвшөөрчээ.

Гэхдээ цаазлах хэсэг, цогцсыг зайлуулж буй хэсэг, гол дүрийн эмэгтэйг хэт задгай гаргахгүй гэсэн хэд хэдэн заалттайгаар зөвшөөрчээ.  Paramount кино компани найруулагч Wilder-д зориулан романы эрхийг авсны дараа кино зохиолыг хэн бичих вэ гэсэн дараагийн асуудал боссон. Холливууд хатуу цензураас болж энэ төсөлд орох зоригтой кино зохиолч бараг байгаагүй гэдэг. Brackett  зохиолын боловсруулалт дээр ажиллаж байсан ч энэ хэтэрхий увайгүй муухай гэж үзээд төслийг орхисноор Wilder өөр хамтрагч хайхад хүрчээ. Түүний анхны сонголт болох Cain өөр төсөл дээр ажиллаж байсан учраас продюсер Joseph Sistrom санал болгосноор "The Big Sleep" номоороо алдаршаад байсан Raymond Chandler төсөлд сонгогджээ. Wilder Chandler-тай уулзсан анхны сэтгэгдэл таагүй байсан гэж дурссан байдаг. Chandler Холливуудад шинэ хүн байсан ч энэ бол алтан боломж гэж ухаарч байсан ба харамсалтай нь Wilder-тай хамтран ажиллана гэж мэдээгүй байсан тэрээр кино зохиолыг долоо хоногт дуусгана гээд тухайн үеийн ханшаар маш их мөнгө шаардсан байдаг. Энэ явдал Wilder-н  хөх инээдийг хүргэв.

  Найруулагч маань хамтрагчдаа туслахын тулд түүнд "Hold Back the Dawn" киноны зохиолыг өгөөд үүнээс суралц гэсэн байдаг. Хамтран ажилласан эхний долоо хоногт Chandler 80 хуудас бүхий материалыг Wilder-д үзүүлэхэд Wilder маш ихээр дургүйцээд өгсөн материалыг нь "хаяад" Chandler-д бид хамтдаа удаан бөгөөд маш нягт нямбай ажиллах болно гэж хэлж, үнэнийг ойлгуулжээ. Ингээд тэд дөрвөн сар хамт ажиллахдаа таарамж муутай байсан ч тэдний дундаас энэ кино гарсан нь үнэн юм. Домогт найруулагч Wilder Chandler-н үг, бичгийн авъяасыг бишрэн хүндэлсэн учраас түүний жижиг сажиг алдааг уучилсан бололтой. Гол дүрийн хоёр бие биенээ үхэлд хүргэж байгаа нь тухайн үеийн Холливуудын цензурын холбооны "таашаадаг" зүйлсийн нэг байсан буюу кинонд гарсан гэмт хэрэгтэн болох муу дүр заавал үйлийн үр болох шангаа хүртэх ёстой байсан нь энэхүү киноны үйл явдалтай тааран тохирч байв. Энэ бүтээл кино урлагийг шинэчилсэн бөгөөд Холливуудын кинонд хүн амины хэрэг үйлдэх утга учир, сэдэл, боломжийг ил тод харуулснаараа анхных байв.
Иймэрхүү кинонд, айхтар муу санаатай, урваж шарвасан дүрүүдийг гаргахад шилдэг жүжигчид шаардлагатай нь ойлгомжтой. Phyllis-н дүрд найруулагчийн анхны сонголт угаасаа Barbara Stanwyck байсан. Тухайн үед Barbara Stanwyck холливуудын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин байсан ба тэрээр дүрийнхээ эрээ цээргүй шинж төрх өөрийнх нь замналыг сүйрүүлэх бий гэж айж байсан авч зөвшөөрсөн байдаг. Walter-н дүр нь эсрэг дүрээс гадна сул дорой, дуулгавартай байсан болохоор тухайн үеийн алдартай эсрэг талд тоглодог эрэгтэй жүжигчид тоглохоос татгалзаж байв. Wilder бүр аргаа барсан гэдэг. Эцэст нь тэрээр энэ дүрд эсрэг талын дүрд тоглож алдаршсан жүжигчин бус эерэг сайн талын дүрд тоглодог жүжигчин сонгох хэрэгтэйг ухаарчээ. Fred MacMurray хөнгөн инээдмийн кинонуудад сайн залуугийн дүрд тоглож дассан нэг байсан учир Wilder-н саналд татгалзаад "та амьдралынхаа хамгийн том алдааг гаргаж байна шүү" гэж найруулагчид хэлж байж. Wilder бараг Fred-н хаа явсан газарт дагаж ятгасаар зөвшөөрүүлж чаджээ. Fred дүрээ гайхалтай бүтээсэн бөгөөд "энэ кино миний тоглосон хамгийн шилдэг кино болно гэж төсөөлж байсангүй" гэж хожим дурссан буй. Энэ киног нуар жанрыг илэрхийлэх хамгийн чухал жишээ болсон бүтээлийн нэг гэдэг.

  Урлаг судлаач Robert Sklar-н хэлж буйгаар классик нуар жанрт эдгээр сэдэвчилсэн элементүүд заавал байдаг; гэмт хэргийг гэмт этгээдийн өнцгөөс өгүүлсэн үйл явдал, психосексуал сэдвийг судлах, мөн дүрслэлийн хувьд бараан болон клаустрофобик хүрээтэй, дүрүүдэд сэтгэлийг далдалж бас тусгасан хурц сүүдэр үүсгэсэн мизасцэн дотроос эх авсан үндсэн гэрэлтүүлэгтэй байдаг гэж, энэ бүх элементүүд уг бүтээлд буй. Эл киног Wilder-н өөр нэгэн нуар шедевр болох "Sunset Boulevard" кинонтой харьцуулдаг агаад энэ хоёр кино нь бүтцийн хувьд одоо цагт эхлээд одоо цагт төгсдөг ч үйл явдлын ихэнхийг гол дүрүүдийнх нь хүүрнэх өнгөрсөн дурсамжаар өрнөдөг. Sklar-н үзснээр түр зуурын зэрэгцээ хүүрнэл нь үзэгчдэд өнгөрсөнд юу болсныг, одоо цагт юу болж болохыг урьдчилан таамаглах боломжийг олгодог ажээ. "Sunset Boulevard" киноны хүүрнэгч нь түүхээ ярихаасаа өмнө үхчихсэн байдаг бол энэхүү киноны хүүрнэгч нь арай өөр буюу хараахан үхээгүй ч хэдийнээ ирээдүйгүй өнгөрчихсөн хүний дуу хоолой байдаг билээ. Киноны талаарх тухайн цаг үеийн шүүмжүүд ихэнхдээ эерэг байсан авч зарим нь үнэмшилгүй, түгшүүртэй гэж үзсэн; мөн жинхэнэ триллер гэж үзэгсэд ч байсан.

Критикч Bosley Crowther киноны үргэлжлэх хугацаа хийгээд нэг хэвийн байдлыг шүүмжилсэн хэдий ч тогтвортой энтертайнмэнт гэжээ. Мөн тэрээр хоёр гол дүрийн хооронд сэтгэл татам чанар дутдаг боловч Франц киног санагдуулам реалист хэмээжээ. Критикч James Agee 1944 онд бичсэн нийтлэлдээ "Double Indemnity" киног; олон талаараа сэтгэлд хүрсэн сайн кино, үнэндээ хямд төсөвтэй, ухаалаг, харгис кино гэсэн буй. New York Herald Tribune сонин: "энэ оны хамгийн чухал, драматик кинонуудын нэг" гэсэн байхад Variety: "найруулагч Wilder энэ ангилалдаа кино зохиолын шинэ стандартыг тогтоолоо" гэж бичжээ. The Brooklyn Eagle-д бичсэнийг сийрүүлбэл; жүжигчин Fred MacMurray өөрийнх нь хувьд шинэ төрлийн дүр байсан ч А зэрэглэлийн жүжигчин болохоо харуулсан, харин Barbara Stanwyck урьд урьдынхаас илүү гялалзсан гүйцэтгэл толилуулсан бол энэ киноны гуравдагч од нь Edward G. Robinson байж чадан, замналынхаа шилдэг дүрийг энэ кинонд мөнөхөлсөн гэжээ. Энэ бүтээлийг өсвөр насныхнаас хол байлгах шаардлагагүй, энэ кино тэдэнд аллага гэдэг огтоос хэрэггүй зүйл болохыг харуулах болно гэж цааш нь бичсэн байна.

  Илүү орчин үеийн шүүмжүүдэд Chandler роман дахь Лос Анжелэс хотын уур амьсгалыг гаргууд буулгаж, үйл явдлыг илүү энгийн, дүрүүдийг илүү бодитой болгон бичсэн гэж магтсан буй. Критикч Roger Ebert: "John F. Seitz-н хурц ирмэгтэй сүүдэртсэн, хачирхалтай өнцөгтэй зураглал нь зураач Edvard Hopper-н зураг шиг ганцаардмал дүр төрхийг бий болгодог" гэжээ. Los Angeles Times сэтгүүл уг киног "Citizen Kane", The Maltese Falcon", "The Human Comedy" гэсэн кинонуудын хамтаар Холливуудын тэргүүлэх кино бүтээлүүд жагсаалтад оруулсан. Найруулагч Alfred Hitchcock Wilder-д бичсэн захидалдаа; "Double Indemnity" киноноос хойш кино урлагт хоёрхон үг л чухал болсон, энэ бол "Billy" ба "Wilder" гэжээ. 

Comments