Day of Wrath (1943). Данийн нэрт кино найруулагч Carl Theodor Dreyer-н драм. Норвегийн зохиолч Hans Wier-Jenssen-н "Anne Pedersdotter" хэмээх 16-р зууны Норвегид өрнөсөн шулмын ан нэртэй аймшигтай хүнлэг бус үйл явдлаас сэдэвлэгдсэн жүжгийг Dreyer кино дэлгэцнээ хөрвүүлсэн аж. Уг киног Дани улс нацистуудад эзлэгдэн түрэмгийлэгдэн байх үед бүтээгдсэн бөгөөд кино нээлтээ хийсний дараа Dreyer эх орноо орхин Швед руу дүрвэжээ. Анхлан удаан хэмнэлтэй гэж шүүмжлүүлж байсан бол өнөөдөр шедевр гэгдэх болсон бүтээл. Киноны гол дүрүүдэд; Lisbeth Movin, Thorkild Roose, Preben Lerdorff Rye нар тоглосон. "Day of Wrath" гол асуултад хариулахгүй урам хугарам өндөрлөхийн дээр эрч хүчтэй, гэрэлтсэн, хүсэл тэмүүлэлтэй амьдрахын учир утгыг агуулдаг.
Найруулагч маань жүжгийг 1925 онд анх үзсэн бөгөөд 1943 онд гарсан уг кино нь бүтцийн хувьд өнөөдрийн ямар ч киноноос илүү дэвшилтэт харагдана. Киноны түүхэн үеийг харуулсан боловсруулалт зүйрлэшгүй бөгөөд өгүүлэмж нь эхэндээ төөрөгдөм хэдий ч үнэнхүү баялаг. 1960-аад оны хүмүүс шулам байдагт итгэн, жирийн хүмүүсийг яргалан хөнөөж байсан хар түүхийг өнөөдрийн өнцгөөс харах нь сонин бас аймшигтай байх болов уу. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 287-р байрт эрэмбэлээд байна. Данийн хамгийн аугаа кино гэгддэг уг бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэе.
Өгүүлэх явдал маань Европ тив шашны бурангуй дарамт дор тарчлан, биедээ бага сага согогтой \үүнд мэнгэ ч хамаатай\ охид, хүүхнүүдийг шулам, шулмын хорлол хүрсэн хэмээн амьдаар нь галд шатааж байсан, мухар сүсэг хүний эрхийг багалзуурдан буй тэр үед өрнөнө. 1623 он, Дани улсын нэгэн тосгонд амьдран суух Absalon гэгч хижээл насны пасторын гэрт анхаарлыг тань хандуулъя. Тэрээр орон нутгийнхаа хүндтэй пастор бөгөөд шулам гэгдэх эмэгтэйчүүдийг яллах уу, эс яллахыг шийддэг шашны шүүгчээр ажилдаг. Пасторын анхны эхнэр нас нөгчиж, ганц хүү нь сургууль соёл хөөгөөд явсанаар тэрээр хөгшин эхтэйгээ үлджээ; бас ч гэж эхнэр авах хэмжээний залуу байсан учир өнчин өрөөсөн нэгэн залуухан охиныг гэргий болгон авчээ. Аав шигээ хүнтэй суусан бүсгүйг Anne гэх ба цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа үзэсгэлэнтэй бүсгүй. Anne нөхөртөө хүндлэлтэй хандах бол хадам эхтэйгээ таарамж муу. Яхир хатуу эх бэрдээ анхнаасаа дургүй байсан ба шалтгаан нь, хэтэрхий залуу эхнэр хэзээ нэгэн цагт хүүг нь хуурах юмуу, орхиж явна гэсэн хардалт болой.
Ийнхүү амгалан амьдарч байтал алс холоос пасторын хүү Martin гэртээ эргэн ирнэ; царайлаг, жавхаатай, залуу насны ид хавийг цогцлоосон эрд Anne харуут сэтгэл алдарна. Хаашаа ч харсан хөгшин хүн, өдөр болгон дахин давтагдах шашин номын уйтай амьдралыг Martin мананг хага зүсэн гэрэлтэх нар лугаа сэтлэн бүсгүйн амьдралд орж ирнэ. Бүсгүй хүсэл тачаал хийгээд зөнгөө хазаарлахыг үл хүсэн харин ч чөлөөлж орхино. Martin-тай хоёулахнаа үлдсэн хойноо “намайг эзэмдээч” гэсэн харцаар харж, илт аальгүйтэх мэтээр залууд хандлагаа илэрхийлнэ. Залуу ч Anne-г анхнаасаа ээжээ гэж харьцах үндэсгүй байлаа, үе тэнгийн бүсгүйг найз шигээ үзэж, байнга хамт гарах юмуу өдрийн ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлсээр, эцэс сүүлдээ дурлачихна. Хүү хойд эхтэйгээ, хойд эх хүүтэйгээ нууцаар амраглаж эхэлнэ. Энэ үед тосгонд шинэ шулам төрнө. Энэ шулам бол хөгшин эмгэн Marte гэгч болно. Эмгэнг шулам хэмээн үзэж шатаахаар шийдвэр гарсан агаад эмгэн зугтааж орхиж.
Ингэж яваад тусламж гуйхаар Absalon дээр ирнэ. Пастор дээр ирэх шалтаг байлаа, учир нь тэдний дунд нэгэн нууц буй; олон жилийн өмнө Anne-н эхийг бас шулам гэж үзэн алах гэж байхад Absalon амийг нь аварч байсан агаад үүнийхээ шанд Anne-г эхнэр болгон авсан ажгуу. Marte үүнийг нь мэдэхээ хэлж, амийг нь авар, үгүй бол Anne-г чинь харааж, цаашлаад шулам хэмээн нийтэд зарлана гэнэ. Пастор үгэнд нь оролгүй эмгэнийг шатаалгана. Уг явдлаас үүдэн пастор сэтгэлийн хямралд орж, өөрийгөө буруу юм хийсэн, Anne-н өмнө буруутай гэж үзэн гэмшиж эхэлнэ. Энэ зуур пасторын хөгшин эх ач болон бэрийнхээ дунд хачин жиг ургасанг гадарлаж, айхтар сэрдэж эхэлнэ. Хөгшний хувьд энэ харьцаа байж боломгүй бузар хэрэг, өөрөөр хэлбэл бэрийгээ шулам гэж үзэж эхэлнэ. Пасторын бие бага багаар муудна. Тэрээр Anne-тай уулзаж, бүсгүйд залуу насыг нь үгүй хийсэн, шударга бус хандсан гэдгээ хүлээн уучлалт эрэхэд бүсгүй түүнд \ Martin-аас өөр бодох юм байсангүй\ чамайг харахаас ой гутдаг, надад хүрэхэд чинь бөөлжис цутгадаг хэмээн хатуурхана. Эдгээр үгс үхэж байсан пасторыг улам цааш нь явуулж нас нөгчөөнө. Яг энэ явдлаас өмнө Martin, Anne хоёр уулзаж ирээдүйгээ ярилцдаг. Залуу хойшдын ирээдүйдээ итгэхгүй байгаагаа, энэ явдал ариун бус болохыг бүсгүйд учрлахад бүсгүй хамтдаа байхын төлөө юугч хийхэд бэлэн, эцэг чинь үхээд өгөөсэй гэж хэлдэг. Пасторын үхлийн дараа Anne-г буруутнаар шашны шүүх татах ба хөгшин эх түүнийг шулам гэж зарладаг.
Найруулагч Dreyer 1932 оны "Vampyr" шедеврээсээ хойш кино хийгээгүй байж байгаа уг киног хийжээ. Тэрээр эдгээр жилүүдэд сэтгүүлчээр ажиллахын сацуу "Madame Bovary" романыг болгох гэж, мөн Mary Stuart-н тухай кино хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн байна. Тэрээр Weir-Jenssen-н жүжгийг үзээд кино болгоно гэсэн хүслээ олон жил тууштай тээсэн бөгөөд кино болон жүжгийн хооронд зөрүүтэй талууд байдаг; жишээлбэл, жүжигт Anne, Martin хоёр танилцангуутаа үнсэлцдэг, мөн жүжигт тэд сексийн тал дээр эргэлзэж, ичимхий ханддаг, харин кинонд сексийн харьцаа илэрхий байдаг. Dreyer-н продюсерүүд түүнд Eyvind Johan-Svendsen гэдэг жүжигчнийг Absalon-н дүрд тоглуулах хэрэгтэй хэмээхэд Dreyer энэ жүжигчин хэтэрхий "Сэргэн мандалтын хүн шиг" гэж татгалзаж, өөрийнхөө хүсч байсан даруухан өнгө төрхийг гаргаж чадах жүжигчинг тоглуулна гэжээ. Lisbeth Movin найруулагчтай уулзсаныхаа дараа кинонд тоглохоор болсон ба түүнийг ямар ч нүүр будалт хийхгүй байхыг Dreyer шаардсан, Dreyer бодит харагдах байдлыг таашаадаг байлаа.
Кинонд, Marte шатаж үхэж байгаа сцэн байдаг. Үүнийг дүрслэхийн тулд Marte-д тоглосон жүжигчинг модтой хүлсэн бөгөөд ихэнх жүжигчид эсэргүүцэж байсан ч Dreyer кино багаа аваад өдрийн хоолонд явахдаа сайхь жүжигчин эмэгтэйг тэр чигээр нь орхижээ. Кино баг буцаж ирэхэд хөөрхий жүжигчин ядарч, хөлөрсөн байдгийг кинонд шууд оруулсан гэдэг. "Days of Wrath" болон ер нь Dreyer-н кинонуудыг хэтэрхий удаан хэмнэлтэй гэж шүүмжилдэг байсан авч Dreyer өөрийн хэмнэл хийгээд эвлүүлэг үнэндээ удаан бус харин хурцадмал шинжийг бий болгохын тулд дэлгэц дээрх дүрүүдийн хөдөлгөөнийг зориуд удаашруулдаг гэж тайлбарлажээ. Кино Копенгагенд нээлтээ хийхдээ санхүүгийн алдагдал хүлээж, сөрөг шүүмж сонссон. Хожим Дэлхийн 2-р дайны дараа илүү сайн шүүмжүүд сонссон. Олон Даничууд энэ киног нацистуудын эзлэн түрэмгийллийн үед еврейчүүдийг устгаж, хавчин гадуурхаж байсан явдлыг шулам хэмээн олон гэмгүй эмэгтэйчүүдийг шатааж байсантай холбон харах болжээ. Dreyer киногоо нацистуудын тухай байгаагүй гэж мэдэгдэж байсан боловч дайны үед энэ кино нь Даничуудын эсэргүүцлийн хөдөлгөөний цуурай болж байжээ.
Энэхүү бүтээлийг Америкчууд "туйлын уйтгартай", "тайвшруулам өчүүхэн ч хөнгөн баясалгүй, маш хүнд түүхтэй" гэж хатуухан хүлээж авсан. Критикч Bosley Crowther: "Удаан, нэгэн хэвийн хэдий ч оюунлаг" гэжээ. Гэсэн хэдий ч зарим критикүүд сайшаан хүлээж авсан; тухайлбал The New Yorker "хамгийн сор кинонуудын нэг: гэсэн байхад Bertrand Channon "Шедевр" хэмээжээ. Илүү сүүл үеийн шүүмжүүд улам талархалтай болсон; критикч Robin Wood: "Энэ бол Dreyer-н хамгийн баялаг кино. Учир нь энэ түүний ертөнцийг үзэх үзлээс үүдсэн хоёрдмол байдлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг" гэжээ. Dreyer-н бүтээлүүд яагаад сонирхолтой байдаг вэ гэвэл үйл явдлыг юмуу урьдчилсан тодорхойлогдсон дүрийг дүрслэхдээ бус харин үйл явдлаар дүрд бий болсон өөрчлөлтийг дүрслэн харуулахад оршдог ажээ. Критикч Jonathan Rosenbaum "Days of Wrath" бүтээлийг тоталитар дэглэмийн дор амьдарч буй хүмүүний тухай өгүүлсэн хамгийн аугаа кино байж магадгүй гэж магтжээ. Мөн түүний үзэж буйгаар зохиолч Arthur Miller "The Crucible" жүжгээ эл киноноос санаа авч бичсэн гэжээ.
Comments
Post a Comment