La Dolce Vita (1960). Италийн мастер кино найруулагч Federico Fellini-н егөөдөлт, комеди-драм ба тэрээр Ennio Flaiano, Tullio Pinelli, Brunello Rondi нартай хамтран кино зохиолоо бичсэн. Уг бүтээлд, нэгэн шар сонины сэтгүүлчийн жаргал, хайрыг эрэлхийлэн Ром хотоор долоон өдөр, долоон шөнө аялан буйг үзүүлдэг. Кино нь пролог, эпилог, интермеццо болон долоон эпизодоос бүрддэг. Киноны гол дүрд Италийн нэрт жүжигчин Marcello Mastroianni тоглосон бол туслах дүрүүдэд Anita Ekberg, Anouk Aimée, Yvonne Furneaux, Walter Santesso нар тоглосон. "La Dolce Vita" кино гарсан даруй зарим нэг газарт цензурлагдаж байсан ч асар их хит болж, критикүүдээс өндөр магтаал хүртсэн. Уг кино Канны кино наадмаас Palme d'Or шагнал хүртсэн бол Оскарын кино наадамд шилдэг найруулагч, шилдэг эх зохиол шагналуудад нэр дэвшиж, харин шилдэг хувцасны төрөлд ялагч болжээ.
Энэхүү киноны амжилт Италийн кино урлагийг, цаашилбал Европын кино урлагт томоохон эргэлт авчирсан ба өнөөдөр бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэгдэж байна. Сонирхуулахад, мэдээний гэрэл зурагчин Paparazzo-н дүр бол олон хэлээр салж өгдөггүй ядаргаатай гэрэл зурагчдыг тодорхойлсон Paparazzi гэдэг үгнээс үүсэлтэй ажээ. "La Dolce Vita" киног Empire сэтгүүл дэлхийн кино урлагийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 11-р байрт жагсаасан бол Sight & Sound сэтгүүл 2012 оны критикүүдийн дунд явуулсан санал асуулгад 39-р байрт эрэмбэлэгдсэн. Тэгвэл Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 34-р байрт эрэмбэлээд байна. Шүүмжлэгч Robert Richardson-н хэлснээр эл киноны өвөрмөц буюу анхдагч чанар бол "үл тохирохуйн гоо зүй"-г судлан гаргасан хүүрнэлийн шинэ хэлбэр байсан гэжээ. Уламжлалт зохиолын өрнөл хийгээд уламжлалт "дүр сайжружлалт"-аас татгалзсан Fellini болон хамтран ажилласан кино зохиолчид Dante маягийн аянчин, Marcello-н шугаман бус долоон тохиолыг гаргахын тулд тасралтгүй байдал, шаардлагагүй тайлбар, хүүрнэлийн логикоос "ухарсан".
Тохиолууд үзэгчдэд цогц мэдрэмжийг төрүүлдэг буюу амьдрал ямар байсан эсхүл байж болох байсан ба үнэндээ ямар вэ гэсэн үл тохирох мэдрэмжийг бий болгодог. Marcello бол 1950-аад оны сүүлээр Ромд амьдарч буй сэтгүүлч юм. Тэр илүү учир утгатай амьдралыг эрэлхийлэхийн зэрэгцээ шашны үзэл, кино оддын тухайн хов жив, язгууртнуудын тухай нийтлэл бичиж амьдардаг. Тэрээр сэтгүүл зүй ба уран зохиолын аль нэгийг сонгох оршихуйн тэмцэлтэй нүүр тулж байна. Мэдрэмжтэй Marcello зохиолч болохыг хүсч, тухайн үеийн яруу найрагчид, зохиолчид, философич гэсэн элитүүдийн дунд орохыг эрмэлздэг. Киноны гол сэдэв дайны дараах Италийн кафены нийгэм хийгээд сүйрэл, ядуурлаас өндийн босч буй олон янзын, гялтганасан ертөнцөд төвлөрдөг. Нээлтийн үзэгдэлд нисдэг тэрэгнээс Есүсийн хөшөөг дүүжлэн эртний Ромын усан сувгийн туурин дээгүүр нисч өнгөрдөг бөгөөд хөшөөг Ватикан дахь Пап ламд аваачиж буй нь энэ. Сэтгүүлч Marcello болон Paparazzo гэдэг гэрэл зурагчин хоёр хөшөөтэй нисдэг тэрэгний араас хоёр дахь нисдэг тэргээр дагадаг. Бүхий л Ромыг адислах мэт гараа алдлан нисэх Есүсийн хөшөөний симболын үзэгдлийн дараа 1950-аад оны сүүлээр эдийн засгийн гайхамшгаас улбаатай "шинэ" Ромын бурханд сүсэглэдэггүй, нео-модерны архитектураар солигддог.
Хөшөөг хүргэж байгаа явдал бол хөгжиж буй эдийн засаг, шинээр бий болж буй масс-хэрэглээнд автсан "орчин үеийн" ёс суртахуунгүй дүрүүдийн дунд шашны дүрсийг байршуулсан нь иймэрхүү үзэгдлүүдийн эхлэл болдог юм. Fellini олон ярилцлагадаа киноныхоо анхны санааг эмэгтэй хүний өмсдөг цамцан даашинзаас авсан гэдэг бөгөөд аливаа гоё ганган болгоны доор үнэн нуугдаж байдаг гэсэн санаанаас үүдэлтэй юм. Fellini-н хамтран зүтгэгч зохиолч Brunello Rondi энэхүү үзлийг бататгасан: өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн даашинзны загвар биет байдлаар үзэсгэлэнтэй, бие тойрон эргэлдэх эрвээхэй мэт тансаг мэдрэмжийг агуулдаг боловч ёс суртахууны хувьд эсрэгээрээ санагдсан учир даашинз нь найруулагчийн сэтгэлийг хөдөлгөсөн гэжээ. Дотоод ганцаардал, доройтолтой эмэгтэйг эл хувцас нь гоёмсог харагдуулж нүд хуурсан өнгөн далдлалт болдог ба энэ л чухам киноны үндсэн санаа аж. Хоёр хүүхдээ буудаж хөнөөчихөөд амиа егүүтгэдэг сэхээтэн Steiner-н дүрийг Fellini-н хамтрагч зохиолч Tullio Pinelli бүтээжээ.
Pinelli Италийн зохиолч Cesare Pavese-н хамт сургуульд сурч байхдаа зохиолчийн замналыг ойроос ажиглах боломж олдсон ба Чезарегийн оюун ухаан хэт ачаалласнаас болж сэтгэл хөдлөлийн хувьд "үргүйдэж" байгааг мэдэрсэн байдаг агаад улмаар зохиолч 1950 онд Турин хотод амиа хорлосон байдаг. "Хуурамч гайхамшиг"-тай хэсгийг 1958 онд Тернигийн ойролцоох ферм дээр хоёр хүүхэд Madonna-тай уулзсан гэдэг шуугиант хэргээс санаа авч кинонд оруулсан байдаг ба харин "Далайн үхсэн мангас"-тай хэсэг бол 1953 онд 21 настай Wilma Montesi гэдэг бүсгүйн цогцос далайн эргээс олдсон явдлаас сэдэвлэжээ. "La Dolce Vita" бол Fellini, Mastroianni хоёрын анхны хамтарсан бүтээл байв. Продюсерүүд гол дүрд Paul Newman-г тоглуулахыг хүссэн боловч Fellini Newman-г хэтэрхий гоё залуу гэж үзэж байсан бол Mastroianni-г "хэвийн төрхтэй" залуу гэж үзэн илүү таашааж байжээ. Mastroianni ичиж, дүрд тоглохыг зөвшөөрөхөөсөө өмнө зохиолыг уншихыг хүсчээ. Хожим энэ талаараа тэрээр ийнхүү дурссан: "Би зохиолоо уншмаар байна гэж хэллээ. Fellini яагаад болохгүй гэж надад өглөө. Би зохиолыг нээтэл тэнд юу ч алга, хов хоосон хуудснууд. Дараа би далайн ноорог зураг, тэнд сэлж байгаа асар том эр билэг эрхтэн харсан. Тэр элементийг тойроод лусын дагинууд бүжиглэж байв. Миний царай ногоон, улаан, шар болсон" тэгээд би за энэ их сонирхолтой санагдлаа, хаана гарын үсгээ зурах вэ? гэж хэлсэн, тэгж би Fellini-тэй танилцсан даа".
Италийн зохиолч Alberto Moravia уг киноны өнгө аясыг тодотгож; Fellini экспрессионист элэглэлээс неореалзим хүртэл эпизод бүрийн сэдвийг дагуулж киноныхоо өнгө аясыг өөрчилдөг, ерөнхийдөө элэглэл руу хандах тусам киноны ёс суртахууны үнэлэмж илүү хатуу чанд болдог ч энэ нь хэзээ ч бүхэлдээ жигшихүйц байдаггүй гэжээ. Мөн тэрээр Ром хотын гадна язгууртнуудын шилтгээн дэх эпизод эсхүл киноны төгсгөлийн групп сексийн сцен сэтгэл ханамж, оролцох мэт мэдрэмж агуулж, ялангуяа төгсгөлийн хэсэг өгүүлэмжийн хэмнэл, хурц дүрслэлээрээ онцгой үр дүнтэй байдаг гэж бичжээ. Италийн өөр нэг мастер кино урлаач Pier Paolo Pasolini "La Dolce Vita" бол чухал бүтээл хэмээгээд; Chaplin, Eisenstein, Mizoguchi нар шиг аугаа биш ч Fellini найруулагч гэхээсээ илүү зохиолч болох нь эргэлзээгүй гэсэн буй. Мөн тэрээр; камер нь объект болгоны эргэн тойронд нэг төрлийн диафрагм үүсгэх замаар зургийг хөдөлгөж бас засдаг ба ингэснээр объектын ертөнцтэй харилцах харилцаа нь иррационал, ид шидийн мэт болдог; шинэ эпизод эхлэх болгонд камар нарийн нягт хөдөлгөөнүүдийг ашиглан хэдийнээ ажиллаж байдаг гэжээ.
Критикч Jacques Doniol-Valcroze энэхүү киноны талаарх нийтлэлдээ; "La Dolce Vita" кинонд сор бүтээлд байдаг бүтэц дутагдаж байна; чухамдаа кинонд ямар ч зохистой бүтэц байхгүй; энэ кино нь зарим хэсэг нь арай үнэмшилтэй кино мөчүүдийн дараалал л юм гэж сөргөөр шүүмжилсэн байдаг. Критикч Roger Ebert эл бүтээлийг Fellini-н оргил кино төдийгүй өөрийнхөө хамгийн дуртай киногоор нэрлэсэн. Тэрээр 1960 онд уг киноны тухай анхны нийтлэлээ бичиж байсан ба 1967 онд кино критикчийн замналаа эхлүүлсэн байдгийг бодолцвол "La Dolce Vita" бараг анхных нь том нийтлэл болж байна. Roger Ebert: "Кино өөрчлөгддөггүй, үзэгчид л өөрчлөгддөг. Би 1960 онд энэхүү киног үзэхэд "амттай амьдрал" нь нүгэл, Европын чамин тансаг байдал, увайгүй сэтгүүлчийн романс зэрэг миний өсвөр насны мөрөөдлийг илэрхийлж байлаа. Дараа нь би 1970 оны үед дахиад үзсэн, би Marcello-н маягийн ертөнцөд амьдарч байв; би Marcello-той ойролцоо настай болсон байв. 1980 оны үед би дахиад үзэхэд Marcello-той нас чацуу ч би түүнээс 10 насаар хөгшин, архи уухаа больсон боловч түүнийг үлгэр дуурайл гэж харахаа болиод хохирогч гэж харж, хэзээ ч олдохгүй аз жаргалын төлөө эцэс төгсгөлгүй эрэл хайгуул хийхийг нь буруушааж байлаа. 1991 онд илүү нарийн анализ хийж үзэхэд Marcello надад залуухан санагдсанаас гадна өмнө нь биширч бас шүүмжилж байсан бол одоо би түүнийг өрөвдөж, хайрлан харж байв".
Fellini-н эхэн үеийн кинонууд илүү сэтгэл хөдөлгөм, зүйрлэлээр өлссөн, циркийн амьдрал шиг ер бусын үзүүлбэр шиг байсан бол арай хожуу үеийн түүний бүтээлүүд сүрлэг, носталжик, хийсвэр; бүр нарийвчлан хэлбэл том хөхтэй хүүхнүүд, туранхай шалиг эрс гэсэн төсөөлөн зүүд маягтай болж ирсэн. Түүний шилдэг кинонууд амьтай, амьсгалдаг, өөрчлөгддөг бөгөөд пикареск "La Dolce Vita" нь бол түүний ер бусын гунигтай, уярал багатай, бас хамгийн шилдэг кино нь байж магадгүй. Энэ бол хүмүүсийг зугаацуулах гэж чармайсан ч төдийлөн амжилт олоогүй 3 цаг үргэлжилдэг эмгэнэлт-комеди. Бүх цаг үеийн хамгийн зөнч кинонуудын нэг болсон уг бүтээл 1960-аад оны баян, завхарсан хүмүүстэй нэгдэхийг урьж байна, Fellini дайны дараах гачигдлыг харуулсан неореалзимын арваад жилийн хойно Ромыг мөрөөдөл, хар дарсан зүүд, доромжлогдсон бас өрөвдөлтэй хэрнээ дур булаам жуулчдын сонирхлыг татдаг газрын зэрэгцээ там руу хөтлөх буудал болгон шинээр бүтээв.
Өнөөдөр киноны хувьсгалт зорилго нь ёс суртахууны доройтол, мөнгөтэй ч жаргалгүй байх, шашин шүтлэгийг үл тоомсорлох, хайргүй хосууд гэх ёс суртахуун, шашин сүмийн сэдвүүдтэй нь улиг домог болсон мэт санагдаж болох авч цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү кино нь тавиур дээрх сэтгэл баясгам бэлэг дурсгалын зүйл биш гэдгээ батлан харуулсаар байна. Чухамдаа бол энэ кино одоо илүү гүн гүнзгий, илүү цочирдом санагдах ёстой. Цаг хугацаа "La Dolce Vita" киноны үнэ цэнэ, агуулгыг тодотгож, 1960-аад онд үр дагавар багатай, дутуу үнэлэгдэж байсан сэдвүүд өнөөдөр илүү бодитой санагдах. Бидний амьдрал хэт виртуал болж байгаад, энэ виртуал ертөнцдөө хувийн гэсэн бүхнээ алдаж байгаадаа шаналж байгааг энэ кинонд шууд харагдахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн доройтол, алдартай байхын төлөөх хүсэл, хэт нэг талын соёл иргэншил хувь хүнийг сонгох эрхгүй болгож байгаа явдал ч тольдсон мэт харагдана. "La Dolce Vita" одоо ч юу юунаас илүү хуманист кино хэвээр байгаа билээ. Уг кино нь кино урлагт харагдах өнгө үзэмж, хэв маяг, цаг хүрээг өөрчилж, Европ хүүхнүүдийн хувцасны загварт хүртэл нөлөөлсөн. Мөн Холливууд Европт юмуу Ромд кино зураг авалт хийх нь ихэссэн.
Найруулагч Alfred Hitchcock усан оргилуурын дэргэд зугаалж байгаа Anita Ekberg-н үзэгдлээс "The Birds" киноныхоо эх түүхийг олжээ. Мөн түүнчлэн хүн бүх Италиар "амттай амьдрал" гэж хэлж сурсан нь хөгжилтэй. Царайлаг, эелдэг, увайгүй, сүйрсэн баатарт тоглосон Mastroianni энэ дүрээрээ олон улсын од болсон. Нэрт критикч Andre Bazin Fellini-н кино зохиолыг эпизодик хэлбэрээр бичих өвөрмөц хандлагыг онцолж; Fellini-н ертөнцөд үйл явдал болдоггүй, харин ертөнц доторх оршин суугчдад нь үйл явдал тохиодог ба баатрууд өөрсдийнхөө дотоод цаг хугацаандаа л өөрчлөгддөг гэжээ. Салангид хэсгүүдээр дамжуулан дүрээ илчлэх нь зохиолч Cervantes шиг гэдэг. Fellini-ээс өмнөх кино урлаг, ялангуяа Италийн неореалзим нь ихэвчлэн зөрчил, тэмцэл, шийдэл гэсэн гурван томьёоллоор явагддаг байв.
Comments
Post a Comment