Өнөөдөр бол чи

 


A Man and a Woman (1966). Францын нэрт кино найруулагч Claude Lelouch-н найруулсан романтик драм. Кино зохиолыг Lelouch Pierre Uytterhoeven-тэй хамтран бичсэн ба гол дүрүүдэд Anouk Aimée, Jean-Louis Trintignant хоёр тоглосон. Уг кино нь өнгөт, хар-цагаан болон сепиа өнгө аястай кадруудад тасралтгүй шилжих тансаг зураглалаараа алдартай. Киноны хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Francis Lai бичжээ. "A Man and a Woman" нээлтэй хийсэн даруйдаа дэлхий дахинд хит болсон, Францад л гэхэд 4 сая гаруй тасалбар борлуулсан. Канны кино наадмаас Гран При шагнал хүртэж, Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг эх зохиол гэсэн хоёр төрөлд ялсан. Киноны үргэлжлэл анги "A Man and a Woman: 20 Years Later" нэртэйгээр 1986 онд гарсан бол гуравдугаар анги "The Best Years of a Life" 2019 онд нээлтээ хийсэн билээ.

  Найруулагч Lelouch-н дурссанаар, киноны санааг тэрээр "The Grand Moments" кинонд дистрибьютер олох гэж стресс-дэж явахдаа олсон гэжээ. Асуудал тулгарсан үед дадаж сурсан зангаараа машинаараа удаан давхидаг Lelouch шөнийн 02:00 цагт Довиллийн эрэг дээр иржээ. Хэдэн цаг машиндаа дуг хийснийхээ дараа сэртэл нар мандаж байсан бөгөөд далайн эргээр нэгэн эмэгтэй охинтойгоо алхаж байгааг олж харжээ. Харсан зүйл нь онгодыг нь сэрээж, дараагийн нэг сарын дотор Uytterhoeven-тэй хамтран киноныхоо зохиолыг бичсэн байна. Киноны нэр нь кино дээр гарах Jean-Louis, Anne хоёр машинаар явж байхдаа радиогоор сонсдог мэдээнээс үүдэлтэй аж; радионы хөтлөгч "дөнгөж саяхан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаараа хурдтай давхиж яваад осолд нас баржээ"  гэдэг билээ.

  Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Парисаас нэлээд зайтай Довилл гэдэг газарт хүүхдийн дотуур байртай сургууль оршино; уг сургуульд хүүхдүүдээ харах завгүй, ажил төрөлдөө нухлагдсан эцэг эхчүүд хүүхдүүдээ сургаж амралтын өдрөөр очиж аван эцэг эхийн дүрдээ ахин хувирцгаана. Бороотой нэгэн үдэш Anne болон Jean-Louis хоёр хүүхдүүдтэйгээ хамт байх амралтын өдөр нь дуусан хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцахдаа зам нийлэн Парис руу хамт явах буюу Jean-Louis машинаараа Anne-г хүргэж өгөнгөө танилцаж байгаагаар эл бүх цаг үеийн хамгийн гайхалтай нэгэн романтик киноны нэг маань эхэлнэ. Тэд гуч гараад дөч хүрч яваа бүхэн юм нь жигдэрсэн, төлөвширсөн, нэг үгээр бол ид ирэн дээрээ байгаа тамирчид шиг насан дээрээ яваа ганц бие ээж, аавууд ба үр хүүхдүүд нь ч долоо, найм орчим насны чацуугаас гадна нэг сургуульд сурдаг болохыг тэр нэгэн үдэш үзэгч бид Jean-Louis, Anne хоёртой хамтдаа мэдэцгээнэ. Зам урт, цаг удаан явна, Jean-Louis хүүхнээс охиных нь талаар асууж байгаад аажмаар хувийн амьдрал руу нь орж дөнгөх бөгөөд Anne охиноо баахан магтах ч өшөө ч олон цагаар ярьж чадах нь нүднээс нь илрэхийн дээр нөхрөө хорвоогийн хамгийн сайн эр, сайхан залуу гэж магтахдаа аман дээр бяцхан гунигийн үрчлээ тодорно.

Таны нөхөр төгс юмаа гэж Jean-Louis хүүхнээс асуухад Anne тиймээ, тэр минь наддаа төгс хүн байсан гэдэг. Anne шударга, илэн далангуйн дээр байгалиас заяасан сэтгэл татам энхрийхэн, гуа үзэсгэлэнтэй хүүхэн бөгөөд энэ насных нь цор ганц хайр гэж боддог нөхөр нь золгүй байдлаар нас нөгчжээ. Түүний нөхөр киноны орлон тоглогч байсан бол Anne өөрөө кино зохиол хянагч байсан ба тэдний хайрын сэтгэл богинохон ч чанартай, жаргалтай, урт жаргалгүй амьдралаас дээр байсан болов ч нөхөр нь гэнэт үхсэнээр Anne охинтойгоо амьдрах болжээ. Jean-Louis-г харсан ямар ч хүүхэн түүний сайхан төрх, боловсон хандлагад татагдахаас гадна зоримог, авхаалжтай чанарыг нь үнэлнэ; яриа халууран, зам дундаа орж байхад Jean-Louis өөрийгөө хуримлаж байсан гэхэд Anne эргэлзэнгүйгээр та хуримлаж байсан юм шиг харагдахгүй байна гэдэг.  Jean-Louis-ын эхнэр амиа хорложээ. Jean-Louis авто уралдааны жолооч байсан ба уралдааны үеэр маш хүнд осолд орж бараг үхээд боссон агаад нөхрөө үхчихлээ гэж айсан эхнэр нь айдас, шаналлаа дийлэлгүй амиа хорлосон нь маш харамсалтай.

Одоо тэрээр авто уралдааны тест жолооч бөгөөд хүүгийн хамт амьдарч буй. Хайрын хагацал хийгээд ганцаардлын халуунд шатсан тэдний зүрх, бие мах бодь энэхүү буянт урт замын турш бие биесээ ойлгохын цаагуур ойлгож, чин сэтгэлийн итгэлцэлээс үүссэн баярт хөөрөлдөөн, яриандаа хоёр биеэ сонжин харахад дурлалын аагьтай агаарыг бүх судсаараа гүйлгэн авч байсан гэлтэй. Anne хүссэн газартаа ирэхэд Jean-Louis түүнд хандаж дараагийн амралтаар хүүхдүүд дээрээ хамт очьё гэх санал тавиад зөвшөөрөл авах ба хүүхний ичингүйрэл, залуугийн шийдмэг араншин нь нандин, жинхэнэ хайрын урьдач бэлгэдэл биш гэж үү. Jean-Louis гэртээ ирэхэд орон дээр нь нэг хүүхэн унтаж байна, тэрээр хүүхнийг зөөлхөн сэрээгээд би чамд дуулгах муу мэдээтэй гэж хэлдэг; дараагийн амралтын өдрөөр тэд хүүхдүүдийн хамт хоолонд орж, завиар зугаалан сайхан өнгөрүүлнэ, өөрөөр хэлбэл тэд нэг гэр бүл болчиход төгс зохицмоор ажээ. Энэ өдрүүдэд Jean-Louis, Anne хоёрын харилцаа, бие биесээ хүсэх мэдрэмж ямар хурдтай өссөнийг асуух хэрэггүй. Авто уралдааны томоохон тэмцээнд Jean-Louis орохоор болж олон хоногоор аялан явах болох ба ядаж байхад энэ үед цаг агаар туйлын муудсан нь Anne-ын санаа сэтгэлийг зовоон тэрээр зурагт болон сонины мэдээг алгасалгүй чих, хараа тавин анхаарна.

  Аз болж Jean-Louis уралдаанаа амжилттай дуусгах агаад үүнд баярласан Anne баяр хүргэе, би чамд хайртай гэсэн шууданг бодон бодон байж эцэслэн шийдээд Jean-Louis руу явуулах ба өөр хотод байсан Jean-Louis шууданг хүлээж аваад хүүхэд шиг баярлан шууд машиндаа суун Парис руу, Anne руугаа явна. Эмэгтэй хүн үнэхээр хайртай хүндээ л тэгж шууд хэлнэ, би явж очоод яг яах билээ, гэнэт очихоор яаж хүлээж авах бол, очоод хаалгын хэдэн удаа тогшихуу гээд тэрээр есөн шидийн юм бодож байгаад нэг мэдэхэд Anne-н гэрт хүрч очих ба даанч хүүхэн гэртээ байхгүй, охиныхоо сургууль руу явсан болохыг жижүүр нь хэлнэ. Тэрээр сургууль дээр олон цаг явж байж очиход тэнд Anne өөрийн охин болон Jean-Louis-ын хүүтэй тоглон байх агаад тэр дөрвөл ямаршуу сэтгэл хөдлөм тэврэлдэн уулзсаныг зөвхөн уран зураач л бүрэн илэрхийлж чадах болов уу.

  Хүүхдүүдээ сургуульд нь оруулчихаад Jean-Louis, Anne хоёр ойрхон буудалд орох ба секс халуухан, нойтон эхлэх ч ид дундаа ороход Anne нөхрөө бодон, Jean-Louis-ын үнсэлт, хүрэлт, түлхэлт болгон нөхрийг нь сануулж, нөхрөөсөө урвасан юм шиг санагдах бол харин Jean-Louis ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрнэ,  гэсэн ч тэвчсээр сексийг дуусгана. Jean-Louis тэнэг, мэдрэмжгүй хүн биш болохоор хүүхнээс яачихав гэхэд Anne миний нөхөр гэхэд тэр чинь үхчихсэн шүүдээ гэж залуу хэлэхэд Anne надад бол үхээгүй ээ гэж хариулаад хувцасладаг. Хүний нэг насны амьдралд олон дурлал, олон секс учрал, бас олон хайр тохиолддог ч хүн жинхэнэ хайр ганцхан, тэгэхдээ цэвэр ариун дурлалаа үргэлж санаж байдаг ба үүнээ сэвтүүлэх юмуу орлуулахыг барагтаа зөвшөөрдөггүй, тэгүүлэх ч боломжгүй бизээ. Гэхдээ хэдий төгс юмуу бишрэм хайр байгаад тэр нь боломжоо алдан өнгөрсөн бол түүнээ сайхан дурсамж болгон үлдээгээд цааш аялах хэрэгтэйг эл бүтээл хэлжээ. Мөн хүний дурсамж, өнгөрсөн амьдрал, нэн ялангуяа өнгөрсний хайр хичнээн хүчтэйг Anne-аас харж, тэр бас бидний сүүдэрт дарагдсан дурсамжыг сэргээнэ. Гэхдээ кино жаргалтайгаар төгсдөг; үзэгч амттай сайхан төгсгөлийг үзэх юмуу төсөөлөх давуу эрхийг нээлттэй үлдээе.

  Найруулагч Lelouch жүжигчин Trintignant-г сонгосон шалтгаанаа ийнхүү ярьсан; "Надад жүжигчдийг хэрхэн чиглүүлж ажиллахыг зааж өгсөн хүн бол Trintignant гэж би боддог. Бид бие биедээ их тусалдаг байсан. Тэр надтай ажиллаж байхдаа жүжиглэх арга барилаа өөрчилсөн, харин би түүнтэй ажиллаж байхдаа жүжигчдийг чиглүүлнэ гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь ойлгож эхэлсэн. Найруулагч, жүжигчин хоёрын харилцааг хоёр хүний хайрын түүх шиг романтик харилцаа байх ёстой гэж би боддог. Найруулагч жүжигчинээ хайрлахгүй бол чиглүүлж чадахгүй, мөн жүжигчин эргүүлээд найруулагчаа хайрлахгүй бол найруулагч сайн ажиллаж чадахгүй" Trintignant Lelouch-оос хэнийг эмэгтэй гол дүрд тоглуулах вэ, хамгийн идеал эмэгтэй жүжигчин хэн байна вэ гэж асуухад найруулагч маань Federico Fellini-н "La Dolce Vita" шедервт тоглосон Anouk Aimée-г гэжээ. Trintignant Anouk Aimée-н найз байсан учир шууд залгасан ба Anouk зохиолыг уншиж үзэлгүйгээр шууд тоглохыг зөвшөөрчээ. Хэдийгээр эхэн үедээ Lelouch, Anouk хоёр бага төсөв энэ тэрээс болж маргалдах үеүд байсан авч мэргэжлийн хүмүүс тул үл ойлголцлоо түргэн шийдэж, эцэстээ дотно найзууд болсон гэдэг.

  Найруулагч Lelouch сайн зохиол бичиж, зохиолоо ч дордуулалгүй уртай сайхан найруулсан ба улиг болсон зураглалыг ур чадвараараа гялалзсан, яруу найраглаг романс бүтээжээ. Критикч Bosley Crowther уг бүтээлийн талаарх бичвэртээ; зураглаачийн ур чадвар, гоёмсог зургууд, сэтгэл хөвсөлзүүлсэн хөгжмийг нэгтгэн эвлүүлсэн дээд зэрэглэлийн романтик кино гээд найруулагч Lelouch-н энгийн зүйлсийг онцгой болгож чаддаг ур ухааныг магтсан байдаг. "A Man and a Woman" киноны зураг дүрслэл үзэсгэлэнтэй бас алмайруулам; энэ нь романтик түүхтэйгээ нийлэхээрээ сэтгэлийг өдөөж романтик үүлэнд нисгэнэ. Variety сэтгүүл бичихдээ; Anouk Aimée-н боловсорсон гоо үзэсгэлэн нь бүтээсэн дүрийнх нь илэрхий улиг болсон шинжийг арилгаж, дотоод сайн чанарыг нь илтгэдэг гэжээ. Мөн тус сэтгүүл Trintignant ухамсартай эр хүнийг гаргууд бүтээсэн гэж магтжээ. 

Comments