Токиод үхсэн нь

 


Enter the Void (2009). Аргентины танхай кино найруулагч Gaspar Noe-н сюрреалист арт кино. Тэрээр кино зохиолоо эхнэр Lucille Hadzihalilovich-той хамтран бичсэн. Киноны үйл явдал неон гэрэлтэй Токиогийн шөнийн клубуудын эргэн тойронд өрнөхдөө, Oscar гэдэг Америк хар тамхичин залуугийн цагдаад буудуулж үхсэн хойно, биеэс нь сүнс нь гараад Токиогоор тэнэж буй тухай өгүүлдэг. Энэхүү бүтээл нь нэгдүгээр биеэс харуулахдаа удаан үргэлжилсэн зураг авалт ашигласан ба Oscar-н хотын дээгүүр хөвөх мөч, Oscar-н өнгөрснийхөө мөчүүдийг эргэн дурсдаг сцэнүүд гайхамшигтай бүтээлч байдаг. Найруулагч маань киногоо "Психоделик мелодрам" гэж нэрлэсэн. Noe-н хувьд энэ кино нь олон жилийн мөрөөдөл байсан ба 2002 онд "Irreversible" кино нь амжилт олсноор санхүүгийн боломжтой болжээ. Мэргэжлийнхэн хийгээд шинэковуудаас багаа бүрдүүлсэн уг кино нь экспериментал кино болон психоделик нөлөөллийг киноны эд эс бүхэнд шингээхийг зорьсон. Үндсэн зураг авалт Токио хотод авагдсан ба олон түвэгтэй кадруудыг кранаар авчээ. Кинонд электроник поп, экспериментал хөгжмүүдийг ашигласан. 

  2009 оны Канны кино наадмаар "Enter the Void" боловсроогүй хувилбараар нээлтээ хийсэн, пост-продакшн үргэлжилсээр жилийн дараа Францын театруудаар олонд хүрсэн. Шүүмжлэл ёстой янз бүр байсан; эерэг шүүмжлэгчид шинэлэг бас хараа булаам гэсэн бол сөрөг шүүмжилсэн уйтгартай, хүүхдийн гэжээ. Кино мэдээж олигтой ашиг олоогүй ба бүгдээрээ Токиогоор тэнэсэн сүнстэй хамт аялаад үзье. Уг киноны идеа нь Noe-г үхэл ба оршихуйн асуудлын талаар анхлан өсвөр насандаа эрэгцүүлж эхэлсэн үеэс бодолд нь ургаж төлжиж иржээ. Тэрээр 20 орчим настайдаа псилоцибин мөөгний нөлөөнд мансууран байхдаа 1947 оны "Lady in the Lake" гэдэг кино үзэж, энэ кино нь бүхэлдээ нэгдүгээр биеэс харуулсан зураг авалттай байсан агаад тэрээр хэрвээ кино хийвэл хойд насны тухай л кино хийнэ гэж хатуу шийджээ. Noe кино продакшнаа эхлүүлэхээсээ өмнө 15 жилийн туршид кино зохиолынхоо янз бүрийн хувилбар дээр ажиллаж иржээ. Киноны түүх эхэндээ илүү шугаман хэлбэртэй байж, үйл явдлууд нь Нью-Йорк, Франц, Андын нуруу зэрэг газруудад өрнөхөөр бичигдэж. Токиог сонгосон шалтгаан нь уг хот киноны халлюциноген аспектэд шаардлагатай өнгөлөг орчинг бүрдүүлж чадаж байсны дээр Японы хар тамхины эсрэг хууль кинонд драматик шинж нэмж, гол дүр цагдаагаас айдаг явдлыг тодотгожээ.

Noe бүр 2000 оны эхээр кинондоо санхүүжилт татах гэж оролдсон ба хэд хэдэн продюсерүүд уг төслийг нааштайгаар хүлээж авсан, Tom Tykwer-н Германы компани болох X-Filme Creative Pool-н удирдлага дор богино хугацаанд боловсруулалт хийжээ. Гэвч төсөл хэтэрхий өндөр өртөгтэй байна хэмээн продюсерүүд халгаад явцгаасан агаад 2002 онд Noe-н "Irreversible" арилжааны амжилт үзүүлснээр "Enter the Void" төслийг харах үзэмж нааштайгаар эргэсэн. Noe "Irreversible" киногоо StudioCanal-н удирдлага дор бичиж, найруулсан, харин тэдний охин компани болох Wild Bunch нь олон улсад зарагдсан. Wild Bunch-н продюсерүүд Noe-оос дараа нь ямар бүтээл хиймээр байна гэж асуухад найруулагч эргэлзэлгүй "Enter the Void" гэжээ. Төсөл ахадсан өртгөөр бүтээгдэж, ашиг олох магадлал бага гэж тэд дурамжхан байсан авч Noe киногоо Pathe кино компанитай хамтран хийнэ шүү гэж "айлгаснаар" Wild Bunch хүссэн төсвийг нь өгөхөөр болсон байдаг. Гэхдээ Noe Pathe-тай хамт төслийг эхлүүлсэн хэдий ч төслийн хөгжил удаашраад явж өгсөнгүй; Noe буцаад Wild Bunch-тэй гэрээгээ сэргээжээ. Хожим Noe хэлэхдээ, "Irreversible" бол "Enter the Void" киног санхүүжүүлэхийн төлөө хийсэн банкны дээрэм байсан гэж хошигносон байдаг. Мөн тэрээр эл бүтээлээ ашиг тустай техникийн дасгал байсан гэсэн буй.

Кино урлагийн мэдрэмж нь өөрөө энэ киноны үндсэн сэдэв боловч хоосон чанар бас нэгэн сэдэв болдог. Gaspar Noe киноныхоо сэдвийг хөхтөн амьтны сэтгэл, хүний мэдрэмжийн гялалзсан хоосон чанар" гэж тодорхойлсон байдаг. Oscar-н буудуулсны дараах драматик явдал бол "The Tibetan Book of the Dead" номоос санаа авсан буюу энэ кино нь сүнсний дахин төрөлтийн эрлээр төгсдөг. Шашны бүх итгэл үнэмшлийн эсрэг байдаг Noe хэлэхдээ "кино бүхэлдээ The Tibetan Book of the Dead номыг уншсан хүний зүүд" гээд цааш нь "энэ бол үхээд, нисээд, дахин төрсөн хүний түүх биш, энэ бол мансуурсан байхдаа буудуулсан, өөрийнхөө зүүдийг дуулж буй хүний түүх" гэжээ. Noe киноныхоо төгсгөлийг Oscar-н дурсамж буюу түүний амьдралын хамгийн хэцүү үе - төрөх агшин гэжээ. Харин найруулагч Oscar-н амьдрал эцэс төгсгөлгүй ахин дахин давтагдах уу гэдэг дээр асуултыг нээлттэй үлдээжээ. Киноны гол дүрүүдэд, анхнаасаа Англи хэлээр ярьдаг жүжигчдийг тоглуулахаар шийдвэрлэсэн. Кино нь тун хараа булаам дүрслэлтэй байх тул найруулагч үзэгчдийг хадмал орчуулгад найдах шаардлагагүйгээр зураг дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн. Linda-н дүрийн жүжигчинг хамгийн түрүүнд сонгосон; Noe Нью-Йоркт сонгон шалгаруулалт явуулж байхдаа Америкийн жүжигчин Paz de la Huerta-тай танилцсан аж.

Noe: "Би Paz-тай уулзаад надад тэр үнэхээр таалагдсан. Түүнд дүрд тохирох дүр төрх байсан, тэр хашгирч, уйлж, өөрийгөө нүцгэн харуулахаас татгалзаагүй; түүнд дүрд тохирсон бүх чанар байсан" гэж ярьжээ. Linda, Oscar хоёрыг ихэр ах дүүс гэж харагдуулах үүднээс, Paz-тай төстэй болохоор нь мэргэжлийн бус жүжигчин Nathaniel Brown-г Oscar-н дүрд сонгожээ. Noe түүнийг бараг бүхэлдээ араас нь зураглахад уурлах болов уу гэж эмээж байсан авч Brown найруулагч болох хүсэлтэй байсан учраас түүнд энэ төсөлд оролцох нь өөрөө чухал явдал гэжээ. Японд амьдардаг Барууныхныг Токиогоос гаралтай бусад дүрүүдэд тоглуулжээ. Noe залуу халуундаа төрөл бүрийн халлюциногенийг туршиж үзэж байсан "хүнд гар" ба эдгээр туршлагаа киноныхоо харааны хэв маягт ашигласан. Хожим нь тэрээр кино хийхээр төлөвлөж байхдаа сэтгэцэд нөлөөлдөг айхуаска гэдэг нэрмэл архийг Перугийн ширэнгэн ойд хийж үзсэн; ингэж нэрэхийг тэнд хуулиар зөвшөөрдөг аж. Noe энэхүү туршлагадаа сэтгэл хангалуун байж, үүнийгээ "барагалж мэргэжлийн судалгаа шиг" хэмээн додигор байсан гэдэг. Кино багийнхан иймэрхүү халлюциноген мэдрэмж авч үзээгүй учраас Noe үүнтэй төстэй уран зураг, гэрэл зураг, кино, хөгжмийн цуглуулга хийх шаардлагатай болсон ба түүний нэг ашигласан лавлагаа бол биологич Ernst Haeckel-н бүтээлүүд байв. Хэв маягийн хувьд өөр нэг гол нөлөөлөгч бол экспериментал киноны мастер Kenneth Anger-н бүтээлүүд байжээ.

Noe 1990 оны эхээр "Carne" богино хэмжээний киногоо сурталчилж байхдаа Anger-н кинонуудыг үзээд түүний шүтэн бишрэгч болжээ. Jordan Belson, Peter Tscherkassky нарын экспериментал кино урлаачид түүнд мөн нөлөөлсөн байна. Майнстрим киноноос Noe-н хамгийн дуртай "2001: A Space Odyssey" шедевр үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд тэрээр 7 настайдаа сайхь киног үзээд кино найруулагч болохыг хүссэн байна. Найруулагч Brian De Palma-н "Snake Eyes" болон бусад агаараар хөвөх мэт зураглалтай кинонууд Noe-д ийм харааны мэдрэмжтэй кино бүтээхэд нь санаа өгчээ. Gaspar Noe: "Шинэ радикал зүйл ерөөсөө байхгүй ээ. Би аль хэдийнээ кинонд ашиглагдаж ирсэн техник эсхүл хүүрнэлийн аргыг сонгохдоо арай хэнээрхүү байдлаар л ашигласан хэрэг". Камерийг дүрийн нүд болгохоос илүүтэй эргэн дурссан үзэгдлүүдийн үед Oscar-н толгой, мөрийг кадр дотроос харуулах хоёр шалтгаан байж; нэгдүгээрт, Noe зүүдэндээ өөрийгөө ингэж хардаг байсны дээр өнгөрсөн явдлыг эргэн санахдаа өөрийгөө тэгж төсөөлдөг байж. Мөн түүний бодлоор, иймэрхүү харааны мэдрэмжтэй кинонууд инээдтэй харагддаг тул дүр нь үзэгчдэд харагдаж байвал илүү амар гэж боджээ. Зарим критикүүд "Enter the Void" киног Stanley Kubrick-н "2001: A Space Odyssey"-той харьцуулж, өөр ямар ч кино найруулагч Noe шиг ийм уртай зураг авалт хийж, үзэгчдийг толгой эргэм мэдрэхүйн хуй салхи руу татан оруулж чадахгүй гэж сайшаасан байдаг.

  Япончууд киног ёозгүй хүлээж авсан боловч Японы нийслэлийг харааны хувьд сэтгэл хөдлөм дүрсэлсэн найруулагчийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Техникийн хувьд дажгүй ч байдаг л идеатай, улиг домог болсон агуулгатай, залхмаар уйтгартай гэж хэмх балбасан критикүүд ч байсныг дурдах хэрэгтэй. Гэхдээ энэ бол цаг хугацааны ойлголтыг гэрэлтүүлгийн нөлөөн дор хэрхэн ховсдом байдлаар үзүүлж болохыг харуулсан шинэлэг кино санагддаг, надад лав. Критикч Peter Bradshaw "Enter the Void" киног нэгэн аравны шилдэг 50 киноны тоонд оруулаад өөрийнхөө дургүй Noe-н "Irreversible" кинотой нь харьцуулсан; энэ кино цочирдуулам шигээ, туйлширч байгаа шигээ, галзуурал шигээ нажидтай  сорил, "Irreversible" киног бодвол энэ нь илүү хүнлэг зорилгыг агуулдаг, энэ бүтээлийг хайрлана, үгүй бол үзэн ядна гэж тэрээр бичжээ. Мөн тэрээр Noe-г боломжит хязгаарыг давж, нөхцөл байдалдаа шинэ зүйл хийхийг оролдож байгаа цөөхөн хэдэн найруулагчдын нэг гэжээ. Тэгвэл Noe энэ киногоороо эмэгтэйчүүдийг доромжлов, аймшигтай уйтгартай кино, жүжигчдийн гүйцэтгэл авах юмгүй гэж "зэмлэгчид" ч байсан, мөн архичин амьдралын хэв маяг, сексийн фетиш, философийн эрэл хайгуулын сулбагар түүх гэж үл тоогчид ч байсан авч энэ бол үзэгчдийн хэзээ ч харж байгаагүйг харуулах гэж оролдсон кино гэдгээрээ миний сонголтод ордог. Психоделик, бас бохир энэ кино бол кино урлагийн гаж шидтэн Noe-г хүндэлдэг, дуртай үзэгчдийн хүлээлтэд хангалттай нийцэхүйц кино туршилт болой. 


Comments