Эмэгтэй хар дарсан нь

 


Dead Ringers (1988). Канадын кино найруулагч David Cronenberg-н сэтгэлзүйн триллер. Кино зохиолыг Stewart болон Cyril гэдэг ихэр эмчүүдийн бодит амьдралаас, мөн энэ ихрүүдийн тухай бичсэн Bari Wood, Jack Geasland хоёрын "Twins" (нэлээд уран сайханжуулсан ном) гэдэг романаас сэдэвлэн Cronenberg, Norman Snider нар бичжээ. Киноны гол дүрд Английн жүжигчин Jeremy Irons тоглосон; тэрээр хоёр дүрд буюу ихрүүдийн дүрд ганцаараа тоглосон. "Dead Ringers" Канадын кино наадам Genie-гээс 10 төрөлд ялсан байдаг ба өнөөдрийн байдлаар Канадын бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 кинонд багтаж байна. Rolling Stone сэтгүүл "Тэрслүү 100 кино жагсаалтынхаа 95-р байрт, Total Film сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 хоррор киноныхоо 35-р байрт тус тус жагсаасан бол John Carpenter, Park Chan-wook нарын найруулагчид уг киног дээдэлдэг хэмээжээ.

Тэгвэл Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 523-р байрт эрэмбэлээд байна. Найруулагч Cronenberg ихэр ах дүүсийн гажуудсан харилцаагаар өөрийнхөө дуртай сэдэв болох сэтгэл, оюуны сүйрлийг судалсан ба энэ бол бие махбод болоод оюун санааны задрал; үхэл, хүйсүүд хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл зэргээс айх дагжин чичрэлтийн тухай сэтгэлзүйн хурц драм болой. Cronenberg абстракт, экспрессионист дүрслэлээр сэтгэц хийгээд бие махбодийн нийлбэрийг гаргахыг зорьсон гэлтэй. Jeremy Irons ихрүүдэд бишрэм тоглосныг заавал дурдах ёстой. Найруулагч тжсгаарлалт ба хагацлын гүнд дэндүү лав ордог учраас энэхүү киног үзсэн хүн цочирдолт, түгшүүрээс үүдэн хөлстэйгөө хутгалдах авч харцаа салгаж үл чадна.

Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Анагаах ухааны салбарт буюу тодруулбал эмэгтэйчүүдийн салбарт ихэр эмч болох Beverly, Elliot хлё цахиур хагалан гарч ирнэ. Ах дүү ихрүүд багасаа энэ салбарт дур сонирхолтой байсны дээр бүх зүйлсээ хуваалцаж сурсан тэдний онцгой харилцаа нь амжилт, бадралынхан хөшүүрэг гэлтэй. Ах дүүс гадна талаасаа ялгагдахын аргагүй төстэй бол дотоод сэтгэл, араншингаараа өөр хүмүүс болно. Elliot нь хүйтэндүү, хурц талдаа бол Beverly нь арай зөөлөн, дорой зан чанартай; оюутан цагаасаа салбартаа танигдсан ихрүүд цагийн шалгуураар алдаршиж, салбартаа тэргүүлэх эмчид болцгооно. Ихрүүдэд мөнгө, алдар нэр өөрөө л хүрээд ирж байв. Онцгой чадвартай хүмүүс зан араншин хийгээд сэтгэлзүйн өвөрмөц “галзуу” талтай байдагчлан киноны баатрууд маань ч тийм байна. Тэдний хачин байдал нь гэвэл бүх юмаа хуваалцаж дундаа хэрэглэнэ: нас биед хүрцгээсэн ч хамт амьдрах бөгөөд нэгнийхээ завгүйд нөгөөх нь очиж ажил албыг нь өмнөөс зохицуулна. Үүгээр зогсохгүй хүүхнүүдийг ч тэд дундаа хэрэглэнэ, тухайлбал, Elliot нь нүүрэмгий тул эхэлж хүүхнүүдтэй танилцан түрүүлэн өвөртөө оруулчихаад арай номхон Beverly-дээ шилжүүлдэг байв.

Хүүхнүүд тэднийг солигдож байгааг мэдэхгүйд хамаг амт нь оршино. Нэг хүүхнээ энэ байдлаараа хэсэг ашиглаж байгаад солиж дараагийнхдаа шилжих бөгөөд ихрүүдэд энэхүү явдал нь их зугаатайгаас гадна хэрхэн, яаж цэнгэн жаргаснаа өөр хоорондоо ярина. Тэдэн дээр олны алдартай жүжигчин, дуучин хүүхнүүд ирж үйлчлүүлнэ. Эмэгтэйчүүдийн эмч болохоор “хохирогчдоо” эмнэлэгээсээ олох нь энүүхэнд. Elliot нэгэн жүжигчин хүүхэнтэй эмчийн хуваарь танилцана. Тэр хүүхнийг Claire гэх агаад хүүхэд төрүүлэх боломжгүй жүжигчин маань сексийн донтой байсан нь Elliot-ын сонирхолд их нийцэнэ; тэд садист төрлийн секс хийдэг байв. Ингээд хүүхнээ шилжүүлэх хугацаа болж Claire-г Beverly “авна”. Beverly харин Claire-д дурлачихна. Хүүхнийг хаях цаг ирэхэд Beverly чадахгүй, мөн хүсэхгүй болсон байв. Юу гэвэл, хүүхний сайн талуудыг олж нээсний дээр дотоод сэтгэлдээ ганцаардаж байсан Beverly-д хүүхэнтэй хамт үлдэх айдас хийгээд хүсэл төрнө. Энэ бол эхний шалтгаан бол хоёрдахь шалтгаан нь, хүүхний сексийн “авъяас” Beverly-г ороон хүлсэн байлаа.

Гэвч Claire нэг хүнтэй л явж байна гэж бодох ба тэр нэг хүндээ сэтгэлтэй болсон байв. Ямар ч нууц илчлэгддэгийн “онолоор” ихрүүдтэй явж байгаагаа хүүхэн олж мэдэн тэднээс холбоогоо тасална. Энэ явдалд Beverly сэтгэлээр унаж архинд орох бол Elliot шал тоохгүй. Гэхдээ нэгэнт хайр сэтгэлээр холбогдсон улс дахин учрах ёстой байлаа. Ийнхүү хэсэг хугацааны дараа Beverly, Claire нар дахин нэгдэж, хамтдаа амьдарна; Claire нойрны эмгүйгээр унтдаггүй, хааяа нэг хар тамхи хэрэглэчихдэг байсан ба Beverly-д энэ нь халдаж орхино.  Секс, Мансуурал, самууралд хэт живж эхэлнэ Beverly.. сүүлдээ ажилдаа ч явж чадахаа больж хар тамхины нөлөөнд гүн орно. Claire жүжигчин болохоор сараар, улирлаар өөр хотруу явчихдаг байв. Энэ үед хяналтгүй дээр нь угийн зөөлхөн, дорой Beverly хар тамхичин болон хувирна. Хар тамхины нөлөөгөөр хий юм харах, төсөөлөх болж, хий хоосон Claire-г хардана. Мансуурсан байдалтайгаар хагалгаа хийж байгаад өвчтөнөө гэмтээж эмнэлэгээсээ ч хөөгдөж нэг мөсөн баларна. Elliot чадах чинээгээ тусалж эхлэх ч оройтсон байлаа, учир нь Claire түүнд дургүй болохоор Elliot тэдний амьдралаас бараг гарсан байв.. мансууран галзуурсан Beverly хайрт хүүхнийхээ хүүхэд гаргадаггүйг эмчлэхээр эмэгтэйчүүдэд зориулсан багажыг төсөөллийнхөө ертөнцөөс буулган байж бүтээнэ. Киноны үйл явдлыг энд хүргээд зогсоосон нь зөв болов уу. Учир нь, кино оргил мөчдөө ирэхийн сацуу улам бүр аймшигтай болж ирдэг.

Найруулагч David Cronenberg ихрүүдийн тухай кино хийх бодолтой байгаагаа продюсер Carol Baum-тай 1981 ярилцаж байжээ. Baum Cronenberg-д Stewart, Cyril ихрүүдийн тухай ярьж, тэдэнтэй холбоотой нийтлэл, мөн "Twins" номыг уншихыг зөвлөсөн аж. Cronenberg нэгэн сэтгүүлээс ихрүүдийн тухай "Dead Ringers" нэртэй нийтлэл олж уншсан. Baum продюсер Joe Roth-н хамтаар Ливаны продюсер Sylvio Tabet-г ятгаснаар кинонд санхүүжилт олов. Cronenberg өмнө нь хамтран ажиллаж байсан нэг нутгийн Norman Snider-г кино зохиолчоор хөлсөлсөн байна. Tabet Snider-н анхны нооргоор шууд кино хийхийг хүссэн, харин Cronenberg татгалзаж, өөр бичвэр санал болгосон боловч Tabet эсрэгүүцэж, анхны хувилбараар киногоо хийнэ гэж зүтгэжээ. Хожим Cronenberg-н хэлснээр Tabet өөрт нь төлөх ёстой төлбөрийг өгөөгүйгээс гадна Tabet-н кинонд оруулсан хөрөнгө оруулалт 1982 оны сүүлээр эцэслэжээ. ABC motion Pictures уг кино төслийг сонирхсон боловч аливаа асуудлаас хол байхын тулд Snider, Baum, Roth болон бусад эх сурвалжийг хассан. Cronenberg "Klute" киноны зохиолыг бичсэн Andy Lewis-г сонгосон ба Cronenberg Lewis-н кинонд хандах хандлагыг нь буруушаасан, учир нь Lewis ихрүүдийг нууцлаг бус, хачин эсхүл гаж биш, мөн ихрүүдэд ямар нэгэн домоглог шинж наахыг хүсээгүй гэдэг агаад тэрээр тэднийг бүхий л ихэр хүмүүсийн адилаар зүгээр л ихэр болоод төрчихсөн жирийн хүмүүс гэдэг талаас нь үзүүлэхийг хүссэн аж.

Гэтэл удалгүй ABC Motion Pictures татан буулгагджээ. Cronenberg киноныхоо нооргийг 1982 онд Snider-н бичсэн нооргоос үндэслэн өөрөө бичсэн бөгөөд кино зохиолынх нь 60% нь өөрийнх нь, 40% нь Snider-нх гэж мэдэгдсэн байдаг. Cronenberg өмнө алдарт продюсер Dino De Laurentiis-тай хамтран "The Dead Zone" кино дээр ажиллаж байсан, мөн "Total Recall" киноны дэлгэцийн хөрвүүлэлт дээр ажиллаад бүтэлгүйтээд төслйг орхихдоо Dino De Laurentiis-н охин Raffealla-г "Dead Ringers" киноныхоо продюсерээр ажиллахыг санал болгожээ. Raffaella түүнд компани нь санхүүгийн алдагдалтай байгаа учраас намайг битгий л хөөдөж үзээрэй, сайн, амжилттай кино хийгээрэй гэж хатуухан сануулсан гэдэг. Ихрүүдийн дүрд анхлан Robert De Niro сонгогдсон авч De Niro киноны сэдэв хийгээд эмэгтэйчүүдийн эмчийн дүрд тоглох нь эвгүй байсан тул татгалзсан ба William Hurt "хоёр байтугай ганц дүрд тоглоход ч хэцүү кино байна" гээд бас татгалзжээ. Jeremy Irons хоёр дүрд тоглох тул түүнд хоёр өөр хувцас солих өрөө, хоёр өөр хувцасны багц өгчээ. Гэхдээ Irons төөрч будлихгүйн тулд нэг өрөөнд орж, дүрүүддээ зориулагдсан хувцаснуудаа өөрөө сонгохыг хүсчээ.

  Тэрээр мөн дүр болгоныг бүтээх "дотоод аргыг" боловсруулж, дүр болгонд өөрийн гэсэн төрх шинжийг өгсөн "Александрын техник" гэдгийг ашиглажээ. "Dead Ringers" бол найруулагч Cronenberg-н гаж аймшгийг тодотгосон, Jeremy Irons-н ур чадварыг бататгасан чөтгөрлөг кино. Критикч Roger Ebert уг киног анагаах ухааны сургууль болон супермаркетын сурталчилгааны хуудас хоёрын хамтын ажиллагаа шиг гээд ихрүүдийг тус тусад нь өвөрмөц болгосон Irons-н гүйцэтгэлийг магтсан. Критикч Rita Kempley: "Энэ бол эмэгтэй хүн бүрийн хар дарсан зүүд аймшигт триллер болж хувирсан кино" гэжээ. Энэ бол хирдхийлгэм эвгүй ч үзэхгүй байж чаддаггүй тийм л төрлөөр кино болой. 

Comments