Скотт Фицжеральд "Агуу Гэтсби"

 


"Агуу Гэтсби". Америкийн нэрт зохиолч Ф. Скотт Фицжеральдын 1925 онд хэвлүүлсэн роман. Романы үйл явдал Нью-Йорк хотын ойролцоох Лонг Айлендад, Жазз эрин үед өрнөнө. Романы үйл явдлыг хуучин янаг амраг Дэйзи Бьюкенентэй эргэн нийлэх хүсэлдээ автсан нууцлаг саятан Жей Гэтсбитэй ямар харилцаатай байсан талаараа өгүүлэх Ник Каррауэй нэгдүгээр биеэс хүүрнэдэг. Энэхүү бүтээл нь зохиолч Фицжеральдын язгууртан хатагтай Жиневра Кингтэй өнгөрүүлсэн романтик харилцаа, мөн 1922 онд Лонг Айлендын хойд эрэгт оролцож байсан шуугиантай үдэшлэгүүдээс нь урган гарчээ. Францын Ривьер руу нүүснийхээ дараа Фицжеральд 1924 онд романыхаа нооргийг бэлэн болгосон ба редактор Максвелл Перкинст үзүүлтэл редактор түүнд ирэх өвөл хүртэл зохиолоо засч сайжруулах хэрэгтэй гэжээ. Дахин хянаж засварласныхаа дараа Фицжеральд текстэдээ сэтгэл хангалуун байсан авч номынхоо нэрний тухайд хэд хэдэн сонголтын улмаас эргэлзэж байжээ. Испанийн зураач Фрэнсис Кугатын "Тэнгэрийн нүд" гэдэг зураг Фицжеральдын сэтгэлийг соронз мэт татаж, зургийн дүрслэлийг зохиолдоо шингээж өгчээ. 1925 оны 4-р сард Скрибнерийн хэвлэлийн газраас ном болгон гаргасны дараа "Агуу Гэтсби" нь ерөнхийдөө сайн үнэлгээ авсан ч зарим томоохон уран зохиолын шүүмжлэгчид Фицжеральд өмнөх бүтээлүүдээсээ сул роман бичлээ хэмээсэн.

Фицжеральдын өмнөх "This Sidw of Paradise", "The Beautiful and Damned" романуудтай харьцуулахад "Агуу Гэтсби" арилжааны хувьд хүлээлтэд хүрээгүй; роман 10-р сар гарахад 20,000-аас хүрэхгүй хувь борлогдсон нь Фицжеральдын дориун мөнгө олно гэсэн итгэлийг хугалсан аж. Фицжеральд 1940 онд нас барсан ба тухайн үед эл бүтээлээ мартаад, өөрийгөө бүтэлгүйтсэн гэж итгэж байв. Дэлхийн 2-р дайны үед Америкийн засгийн газар хилийн чанадад алба хааж буй цэргүүддээ зориулсан унших номын жагсаалт гаргаж, энэ жагсаалтад "Агуу Гэтсби" орж, цэргүүдэд үнэгүй тараагдсанаар огцом алдартай болов. Дахин төрсөн романыг судлаач, шүүмжлэгчид дахин задлан шинжилж, удсан ч үгүй Америкийн ихэнх ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт багтан, Америкийн поп соёлын нэг хэсэг болжээ. Дараагийн жилүүдэд уг романаар хийгдсэн театрын жүжиг, кино фильм тоймгүй их гарсан. Уг роман өнөөдөр ч судлаачдын анхаарлыг татсаар буй. Энэ бүтээл нь нийгмийн анги давхарга, өв залгамжлал ба өөрөө бүтээсэн өв хөрөнгө, жендер, арьс өнгө, байгаль орчны асуудлыг авч үзснээс гадна хамгийн чухал нь Америк Мөрөөдлийн увайгүй талыг онцолсноорооо алдартай. "Агуу Гэтсби" бол уран зохиолын сод туурвил ба зарим судлаачдын дүгнэлтээр Америкийн хамгийн шилдэг роман билээ.

  ҮНДСЭН СЭДЭВ. "Агуу Гэтсби" өнгөц харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайрын бэрхшээлийн тухай түүх. Гэсэн хэдий ч романы үндсэн сэдэв нь илүү өргөн том, романтик сэдэв арай бага хүрээг эзэлнэ. Романы бүх үйл явдал 1922 оны зун Нью-Йоркийн Лонг Айленд орчимд, газарзүйн хязгаарлагдмал бүсэд өрнөж байгаа авч уг бүтээл нь 1920-оод оны Америкийг бүхэлд нь, тухайлбал, урьд хожид хэзээч ч байгаагүй материаллаг хөгжил цэцэглэлтийн эрин үед Америкийн Мөрөөдөл хэрхэн нуран унаж буй талаарх туйлын симболик бясалгал болой. Фицжеральд 1920-оод оныг нийгэм, ёс суртахууны үнэ цэнэ доройтсон эрин үе гэж дүрсэлсэн бөгөөд энэ нь нийтээрээ увайгүй, шуналтай, зугаа цэнгэл хөөцөлдсөн байдлаар илэрхийлэгддэг. Романд, Гэтсбигийн бямба гаригийн үдэш бүр зохион байгуулдаг зэрлэг жазз хөгжимд хөтлөгдсөн, эрээ цээргүй, нүсэр тансаг үдэшлэгүүдээр ийм бодлогогүй баяр баясгалан нь эцэстээ мөнгө хийгээд таашаал авах гэсэн хязгааргүй хүсэлд хүргэснээр илүү дээд эрхэм зорилгоос хазайн, Америкийн Мөрөөдлийг завхралд хүргэнэ гэжээ. 1918 онд Дэлхийн 1-р дайн дуусахад дайнд тулалдсан залуу Америкчуудын урам хугарч, тэдний дөнгөж саяхан үзэж туулсан харгис хядлага нь 20-р зууны эхэн үеийн Америкийн нийгмийн ёс суртахууныг хахир, хоёр нүүртэй мэт санагдуулжээ. Дайны дараах хөрөнгийн зах зээлийн толгой эргэм өсөлтөөс болж ард иргэдэд урьд хожид байгаагүйгээр үрэлгэн загнаж, хэрэглээ өссөнөөр үндэстний эдийн засаг гэнэт бас тасралтгүй нэмэгдэж, шинэ материаллаг үзлийг бий болгожээ.

Ямар ч нийгмийн гаралтай хүн баяжих боломжтой байсан боловч Америкийн язгууртнууд буюу хуучны чинээлэг гэр бүлүүд шинээр баяжсан үйлдвэрийн эзэд, дамын наймаачдыг нэг нүдээрээ хардаггүй байв. Мөн түүнчлэн, 1919 онд Арван найм дугаар нэмэлт өөрчлөлт хууль батлагдсанаар согтууруулах ундаа худалдахыг хориглосон явдал нь баян, ядуу хамаагүй нийгмийн бүх давхаргад согтууруулах ундааны асар их хэмжээний эрэлт хэрэгцээг бий болгож, улмаар эрэлт хэрэгцээ хууль бус дамын наймаачдын бизнес хөгжин цэцэглэхэд хүргэсэн. Фицжеральд "Агуу Гэтсби" романы дүрүүдээ ийм нийгмийн чиг хандлагын бэлгэ тэмдэг болгосон ба Дэлхийн 1-р дайнд тулалдаж явсан Ник, Гэтсби нар дайны үр дүнд бий болсон увайгүй космополитанчууд аж. Гэтсбигийн үдэшлэгт оролцдог төрөл бүрийн нийгмийн шатаар өгсөгчид болон амбицтай дамын наймаачид эд баялгийн төлөө шунахайран тэмцэж байгаагаас харагдаж байна. "Хуучин мөнгө" ба "шинэ мөнгө" хоёрын мөргөлдөөн нь романы бэлгэдлийн газарзүйгээр илэрдэг; Ист-Эгг тогтсон уламжлалт язгууртнуудыг харин Уэст-Эгг өөрийгөө бий болгосон шинэ баячуудыг илэрхийлнэ. Мейер Вольфсхайм, Гэтсби нарын хөрөнгө мөнгө зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус согтууруулах ундааны наймаа өсөн хөгжиж байгааг бэлгэддэг.

  Фицжеральд үүнийг харсны хувьд (мөн Ник номын 9-р бүлэгт тайлбарласнаар) Америкийн Мөрөөдөл гэдэг анхлан нээлтэд, хувь хүнийг дээдлэхэд, мөн жаргалыг эрэлхийлэх тухай байв. Романд дүрсэлснээр 1920-оод онд хялбар мөнгөний, чөлөөт нийгмийн үнэт зүйлс нь Америкийн Мөрөөдлийг сүйтгэсэн буюу ялангуяа Зүүн Эрэгт энэ Мөрөөдөл нуран унасан. Гэтсбигийн Дэйзиг хайрлах мөрөөдөл нь тэдний нийгмийн статусын ялгаатай байдлаас болж сүйрсэн тул тэрээр  Дэйзигийн амьдралын хэв маягийг тодорхойлдог материаллаг үзэлд нь нийцүүлж, сэтгэгдэл төрүүлэхүйц мөнгө хөрөнгөтэй байх гэж гэмт хэрэгт татагдан орсон нь романы хөндсөн материализмыг шүүмжилсэн шүүмжийн тусгал болдог. Нэмж хэлэхэд, романы газар орон, объектуудад дүрүүд л тэдгээрт утга учир өгдөг учраас тэд утга учиртай байдаг; жишээлбэл доктор Т. Ж. Эклебуркийн нүдний идеаг дурдаж болно. Эхэн үеийн Америкчууд шинэ үндэстэндээ өөрсдийн үзэл санаа, үнэт зүйлсээр хөрөнгө оруулалт хийж байсан нь Никийн бодлоор утга учиртай бэлгэдлийг бүтээх чадамжтай байсан нь Америкийн Мөрөөдлийн үндэс болж байжээ. Америкчууд өөрсдийн амьдралынхаа мөрөөдлөөр дамжуулан Америкийг утга учиртай болгосон шиг Гэтсби хүртэж ч, эзэмшиж ч болдоггүй нэгэн төрлийн төгс төгөлдөр шинжийг Дэйзид шингээжээ.

  1920-оод оны Америкийн Мөрөөдөл нь мөнгө, таашаал гэсэн үнэ цэнэгүй зүйлсээс болж нурсантай адил Гэтсбигийн мөрөөдөл нь объект өгсөн зохисгүй байдлаас болж сүйрсэн хэрэг. 1920-оод оны Америкчууд шиг мөрөөдөл нь үнэ цэнэтэй байсан өнгөрсөн үеэ үр дүнгүй эрэлхийлж байгаатай адил Гэтсби эгнэгт алга болсон өнгөрсөн үеийг буюу Луисвилл дахь Дэйзитэй өнгөрүүлсэн цаг мөчөө дахин бүтээхийг хүсч байгаа авч үүнийг хийх чадамжгүй билээ. Түүний мөрөөдөл нуран унахад Гэтсбид үхэх л үлддэг; харин Никийн хийж чадах ганц зүйл бол Америкийн үнэ цэнэ хараахан доройтоогүй байгаа Миннесота руугаа буцах билээ. "Агуу Гэтсби" романд судалсан гол сэдвүүдийн нэг бол баялгийн социологи буюу ялангуяа 1920-оод оны шинэ саятнууд тус улсын хуучны гэр бүлээс гаралтай язгууртнуудаас ямар ялгаатай бас тэдэнтэй ямар холбоотой байсан тухай билээ. Эл бүтээлд, Уэст-Эггийн оршин суугчид шинэ баячуудыг төлөөлдөг бол Ист-Эггийн оршин суугчид, жишээлбэл Дэйзи, Том нар хуучин язгууртнуудыг төлөөлдөг. Фицжеральд шинэ баячуудыг бүдүүлэг, сайрхуу, гял цал авч нийгэмдээ ивээлгүй, мэдрэмжгүй гэж дүрсэлсэн. Жишээлбэл, Гэтсби аймшигтай тансаг харшид амьдарч, ягаан өнгийн хослолоор гоёж, Rolls-Royce унадаг ба Слоунсийн үдийн хоолны урилга гэх мэт нийгмийн битүү дохиог хүлээж авдаггүй. Үүний эсрэгээр, хуучин язгууртнууд болох Бьюкененчүүдийн гэр орон зохимжтой байхаас гадна тэдний нарийн мэдрэмж, дэгжин байдлын зохицол нь Жордан Бейкэр, Дэйзи хоёрын цагаан даашинзаар илэрдэг. Гэсэн хэдий ч хуучин язгууртнуудын мэдрэмжинд дутагддаг зүйл бол зүрх сэтгэл байдаг; Ист-Эггийнхэн хайхрамжгүй, дээрэлхүү байдаг, мөн тэд мөнгөөр сэтгэлээ тайвшруулж дассан учир бусдыг гомдоохдоо ажирдаггүй. Бьюкененчүүд романы төгсгөлд Гэтсбигийн оролцохын оронд шинэ байшин руугаа нүүж байгаа явдал нь дээрх ойлголтыг бататгана. Харин Гэтсби буруу замаар баяжсан боловч үнэнч, чин сэтгэлээсээ байдаг ба 7-р бүлэгт тэрээр өглөө хүртэл Дэйзигийн аюулгүй байдлын төлөө цонхныг нь сахин үлддэг.

Егөөтэй нь, Гэтсбигийн сайн чанарууд (үнэнч, хайрлах чадвар) нь түүнийг үхэлд хүргэдэг, учир нь тэр Дэйзиг шийтгэлээс аварч, Миртлийг хөнөөсөн гэмийг өөртөө үүрч байхад Томын муу чанар ( хувиа хичээсэн, үнэнч бус) нь тэднийг эмгэнэлт байдлаас зөвхөн бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд холдуулж чаддаг. "Агуу Гэтсби" романд Том ба Дэйзи, Жорж ба Миртл гэсэн хайраас үүсээгүй нэгдэл холбоо болсон хоёр гэрлэлт гардаг ба хайр болон гэрлэлтийн сэдэв номын чухал хэсэг болдог. Дээрх хоёр гэрлэлт нь жинхэнэ хайраас илүүтэй ашиг, давуу талаас үүссэн нэгдэл маягтай санагдана. Миртл Жоржийг "боловсон эр" гэж бодсон учир гэрлэсэн, түүнтэй гэрлэснээр нийгмийн статусаа дээшлүүлнэ гэж найдсан гэж хэлдэг. Дэйзи хуримынхаа өмнөх өдөр Томтой гэрлэхээсээ татгалзах шахсаныг ба Том хуримлаад жил болоогүй нууц амрагтай болсон авч тэд материаллаг сонирхолтой, зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэлтэй, мөн мэдээж адилхан нийгмийн статустай гэдгээрээ сайтар зохицдог. Тэр ч атугай Гэтсбигийн Дэйзи гэсэн хүсэл нь жинхэнэ хайр гэхээсээ илүү хүршгүй зүйлийг эзэмших гэсэн мөрөөдөл мэт байдаг. Харин Ник романы туршид Жордан Бейкэртэй болздог ч тэдний харилцаа зарим мөчүүд л дотно, дулаахан байдгаас ерөнхийдөө сэтгэлийн хувьд хөндий, дүрэлзсэн халуурал дутагддаг билээ.

  МОТИФ. Уильям Шекспирийн ихэнх бүтээлийн нэгэн адил "Агуу Гэтсби" романы цаг агаар нь сэтгэл хөдлөл, хүүрнэлийн өнгө аястай тохирч байдаг. Гэтсби, Дэйзи хоёрын дахин уулзаж байгаа мөч бороон дунд эхэлж, энэ мөч эвгүй, гунигтай байдаг; бороо зогсч, нар мандахдаа зэрэгцэн тэдний хайр дахин сэргэдэг. Гэтсбигийн Томтой хийсэн анхны сөргөлдөөн зуны хамгийн бүгчим халуун өдөр тохиодог нь Шекспирийн "Ромео, Жульетта" жүжиг дэх Меркуцио, Тибалт хоёрын үхлийн учрал шиг байдаг. Гэтсби цаг агаар хүйтэн байсан ч усан сандаа байхдаа Уилсонд алуулдаг; намрын анхны өдөр бол Гэтсбигийн хувьд 1917 он буюу цаг хугацааг зогсоож, Дэйзитэй харилцах харилцаагаа таван жилийн өмнөх шигээ сэргээх гэсэн симбол оролдлого болой. Уг романд өнгийг ахин дахин онцлон ашигласан нь хүмүүс болон объектуудад нарийн утга санаа өгөх үүрэгтэй. Алт нь голдуу жинхэнэ жинхэнэ өв хөрөнгө, эрх ямбыг бэлгэддэг. Дэйзи, Жордан Бейкэр, Том зэрэг дүрүүд нь ихэвчлэн алтаар гоёх юмуу алт хэрэглэж, заримдаа бүр өөрсдийгөө алт шиг хүн хэмээдэг. Харин Гэтсби шар өнгөтэй холбоотой зүйлс хэрэглэх юмуу хуурамч алттай холбогддог.

  Гэтсби хичнээн мөнгөтэй байлаа гээд түүний мөнгө өвлөгдөж ирээгүй тул тэр хэзээ ч Ист-Эггийн хуучин баяжуудын бүлэгт хамаарагдахгүй билээ. Бусад өнгөнүүд нь Гэтсбигийн эдлэнгийн дүнсгэр, гунигтай уур амьсгал болон нүдний эмч Т. Ж. Эклебуркийн зурагт хуудаст хамаарагддаг. Гэхдээ роман дахь хамгийн алдартай өнгө бол ногоон өнгө бөгөөд ногоон өнгө нь ихэвчлэн шунал хийгээд атаархлын симбол болдог тул энэ өнгө нь  Гэтсбигийн хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй хэт баян нийгмийг хүсэн шунаж буйтай туйлын зохицдог. Гэхдээ ногоон өнгө нь мөн амьдрал, эрч хүчийг бэлгэдсэн өнгө билээ. Гэтсбигийн ногоон гэрэлд итгэх үнэмшил нь шуналаас давсан хүсэл бөгөөд энэ бол хэзээ нэгэн цагт заавал олж авна даа гэж уйгагүй хөдөлмөрлөсөн амьдрал бас хайрын итгэл найдвар буюу түүний оршин байхуйн зорилго.

  СИМБОЛ. Романы 2-р бүлэгт анх гардаг Уэст-Эгг болон Нью-Йоркийн дунд орших нүүрсний үйлдвэрийн хогоос үүссэн нүүрсний хогон хөндий байдаг. Энэ нь баячууд өөрсдийнхөө зугаа цэнгэлээс өөр юуг ч үл хайхардаг, шуналаас үүдэлтэй ёс суртахууны болон нийгмийн доройтлыг илэрхийлдэг. Нүүрсний хөндий нь мөн Жорж Уилсон шиг бохир орчинд амьдарч, үүнээсээ болж амьдрах чадвараа алдаж буй ядуусын зовлонгийн симбол. Доктор Эклебуркийн хуучин сурталчилгааны самбар дээрх бүдгэрч, өнгө алдсан хоёр нүд Америкийн нийгэм ёс суртахуунгүйтэж гүйцэж буйг тольдон харах Бурхны мэлмийг илтгэж байж магадгүй. Гэхдээ Эклебуркийн нүд романд тодорхой утгыг заагаагүй байдаг. Доктор Эклебуркийн нүд ба Бурхан хоёрын хоорондын холбоо зөвхөн Жорж Уилсоны уйтай сэтгэлд л байдаг. Тиймээс доктор Эклебуркийн нүд нь хорвоогийн утга учиргүйг харуулахаас гадна хүмүүсийн ухааны хөгжил объектэд ямар утга өгч байгааг харуулдаг. 

Comments