La Grande Illusion (1937). Францын мастер кино урлаач Jean Renoir-н дайны сэдэвт драм. Киноны нэрийг Их Британийн сэтгүүлч Norman Angell-н 1909 онд бичсэн "The Great Illusion" гэдэг номын нэоээс авсан ба уг ном Европын бүх улс орнууд эдийн засгийн нийтлэг ашиг сонирхолтой учраас дайн ямар ч үр ашиггүй гэсэн утга агуулгатай ажээ. Кино зохиолыг Jean Renoir Charles Spaak-тай хамтран бичсэн. Эл бүтээлд, Дэлхийн 1-р дайныг үед Германд олзлогдсон Францын офицерүүдийн жижиг бүлгийн хоорондох анги давхаргын харилцааг үзүүлэхээс гадна тэдний хэрхэн оргох төлөвлөгөө боловсруулж байгааг онц сонирхолтой үзүүлдэг. Киноны хандлага нь янз бүрийн үндэстнүүдийг ялгаж салгалгүй тэнуүүхэн авч үзсэнээрээ тун хуманист шинжтэй билээ. "La Grande Illusion" бүтээлийг судлаач, шүүмжлэгчид Францын кино урлагаас төрсөн сод бүтээл гэж үздэгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд оруулдаг. Домогт найруулагч Orson Welles нэгэнтээ, хэрвээ хүнгүй арал руу хоёр кино авч явах болбол нэг кино нь "La Grande Illusion" байх болно гэсэн буй. Америкийн найруулагч Sidney Pollack уг киног өөрийнхөө дээдэлдэг 10 киноны нэгээр нэрлэсэн бол Ватикан "Арт" гэсэн ангиллаар уг киног шилдэг 45 кино жагсаалтдаа оруулжээ. Empire сэтгүүл 2010 онд Дэлхийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 35-р байрт эрэмбэлсэн, харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 61-р байрт жагсаагаад байна.
Кино урлагийн түүхэн хөгжилд үлэмж ач холбогдолтой энэхүү кино нь мөн Оскарт шилдэг кино төрөлд нэр дэвшсэн анхны гадаад хэл дээрх кино байлаа. Дэлхийн 1-р дайны хувь тавилан болон хөгшин Европын мөхлийн талаар Renoir гунигтай, бодлогошронгуй тансагаар урласан. Renoir эл киногоо өөрийнхөө титэм бүтээл гэж нэрлэдэг байв. Франц, Германы офицерүүдийн нөхөрлөлөөр хүн төрөлхтний гүн гүнзгий хэрнээ хэврэгхэн мөн чанарыг харуулсан буй. New York Magazine 2020 онд "Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшээд шагнал аваагүй шилдэг кинонууд" гэсэн жагсаалтдаа уг киног багтаасан байдаг. Akira Kurosawa, Billy Wilder, Woody Allen, Martin Scorsese нарын аваргууд уг киног дээдэлдэг, заавал үзэх ёстой кино жагсаалтдаа оруулсан байдаг билээ. Найруулагч Jean Renoir уг киногоороо дэлхийн 1-р дайныг, мөн фашизм (ялангуяа нацист Герман) болон дэлхийн 2-р дайны ойртон буй аюулыг судалсан. Тэрээр орчин үеийн улс төр, үзэл суртал үндэстэн, арьс өнгөний хязгаарыг давж, радикал үндсэрхэг үзлийг өөгшүүлснээр хүн төрөлхтнийг хувааж, улмаар дэлхийг хамарсан дайнд хүргэж буйг шүүмжилсэн аж. 1958 онд уг кино дахин нээлтээ хийх үед Renoir: "Энэ бол хүн төрөлхтний харилцааны тухай түүх юм. Өнөөдөр бид шийдэхгүй бол үзэсгэлэнтэй дэлхийдээ баяртай гэж хэлэхээс өөр аргагүйд хүрэх тийм чухал асуудалтай тулгарсан гэдэгт би итгэж байна" гэжээ. Хэдий энэ сэдвийг тухайн үед өргөнөөр сонирхож байсан ч Renoir продюсер, дистрибьютер олоход хүнд байсан учир олон жилийг төслийнхөө төлөө "дэлгүүр хэсэх" шаардлагатай болжээ.
Энэхүү кино нь Европ дахь нийгмийн янз бүрийн анги давхаргын харилцааг судалдаг. Гол дүрүүдийн хоёр нь болох Boeldieu, Rauffenstein нар нь ялгууртнууд юм. Тэд олон соёлд суралцсан, хэд хэдэн хэлээр ярьдаг, космополитиан хүмүүсийг төлөөлдөг билээ. Тэдний боловсролын түвшин, нийгмийн ёс заншил, зан үйлдээ үнэнч байгаа нь үндэстнийхээ доод анги давхаргаас ялгаатай гэсэн хамтын мэдрэмжийг тэдэнд өгдөг бөгөөд тэд Парисын Максимийн ресторанд хамт хооллох, нэг хүүхэнтэй зэрэг явалдах, тэр ч атугай танил талаараа дамжуулан бие биенээ мэддэг гэх мэтээр хамтын мэдрэмжийг хуваалцдаг. Тэр хоёр хоорондоо албан ёсоор Франц, Герман хэлээр харилцаж, илүү аминчхан яриа өрнүүлэхдээ доод давхаргынхаасаа үүнийгээ нуухын тулд Англиар ярилцдаг билээ. Найруулагч Renoir уг кинондоо язгууртны засаглал нь эрх дарх эдэлж өсөөгүй хүмүүсээр удирдуулсанаар шинэ бөгөөд шинээр гарч ирж буй нийгмийн дэг журамд орохдоо уналтад орж байгаагаар дүрсэлжээ. Тэдний анги давхарга улс орныхоо улс төрийн чухал бүрэлдэхүүн хэсэг байхаа больсон гэдгийг найруулагч онцолж байна. Rauffenstein, Boeldieu хоёр хоёулаа цэргийн албаа үүрэг гэж үзэж, дайныг зорилго гэж хардаг; иймд Renoir тэдний ертөнцийг алга болж байгаа, утга учир өгдөг үнэт зүйлс нь хурдацтай үгүй болсон, сайшаалтай боловч эмгэнэлтэй дүрүүд гэж харуулжээ.
Тэд хоёулаа өөрсдийнх нь цаг хугацаа өнгөрч мэдэж байгаа ч тэдний бодит байдалд хандах хандлага ялгаатай; Boeldieu язгууртны хувь тавиланг эерэг дэвшил гэж хүлээн авдаг бол Rauffenstein хүлээн зөвшөөрдөггүй. Найруулагч мөн язгууртнуудыг эсрэг Парисын механикч Marechal гэх мэт ажилчин ангийнхныг харуулдаг; доод анги давхаргын дүрүүд хоорондоо ижил төстэй шинж багатай; тэд өөр өөр сонирхолтой ба боловсрол, ертөнцийг харах үзлээрээ адилгүй боловч нийтлэг мэдрэмж, сэтгэлээрээ "ураг төрлийн" холбоотой байдаг. Язгууртан Boeldieu бараг концерт тоглон байж шоронгийн хуягуудын анхаарлыг татсанаар доод анги давхаргын гишүүд Marechal, Rosenthal нарт зугтах боломж олгодог, язгууртны ингэж өөрийгөө золиослож байгаагаас Renoir-ын хэлэх гэсэн санаа тодорхой харагддаг. Rauffenstein өөртэйгөө тэмцэлдэн байж, цэвэр үүрэг хариуцлагын үүднээс Boeldieu-г бууддаг, Boeldieu үүнд нөхрөө буруутгадаггүй, би чиний оронд байсан бол бас буудах л байсан гэдэг. Boeldieu үхлийг хүлээн зөвшөөрөхдөө "энгийн хүний хувьд дайнд үхэх бол эмгэнэл, харин чи бид хоёрын хувьд энэ бол сайн хэрэг" гэж хэлдэг. Эндээс Boeldieu өөрийгөө тайвшруулсан санааг олж байгаагийн дээр Rauffenstein-г цаашдаа шинэ дэлхийн дэг журамд олон саад тотгортой учран зовохыг нь өрөвдөж байгааг харж болно.
Уг кино романтик туйлын сайнд зорьсон шинжийг шүүмжлэхдээ Эрих Мария Ремаркийн зохиолоос сэдэвлэсэн 1930 оны "All Quiet on the Western Front" кинотой харьцуулагддаг. "La Grande Illusion" кинонд Renoir шинэ баян болох еврей банкны эзэн гэр бүлээс гаралтай Rosenthal (Францын Rothschild-н банкны эзэн гэр бүлтэй зэрэгцүүлсэн) гэдэг дүрээр дамжуулан антисемитизмын асуудлыг товчхон хөндсөн буй. Нацист Герман дахь Adolf Hitler-н засгийн газраас еврейчүүдийн эсрэг кампанит ажиллагааг эсэргүүцэхийн тулд Renoir Rosenthal гэдэг дүрийг бүтээсэн гэж найруулагчийн намтар судлаачид үздэг. Мөн түүнчлэн сайхь дүрийг хүнлэг байдлын симбол гэж харуулсан; тэрээр баян чинээлэг хэдий ч бусад хоригдлуудтай хоод хүнсээ гар таталгүй хуваалцдаг билээ. Нэг үгээр Renoir энэ дүрээрээ еврейчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг эвддэг. Renoir эл бүтээлээрээ дайн хийлээ гээд ямар ч ашиггүй, дайнаар аливаа асуудлыг шийдвэрлэх юмуу илүү сайн ертөнцийг болгох боломжгүй санааг илэрхийлэхийг хүсчээ. "La Grande Illusion" бол тулаанй ямар ч дүрслэлгүй дайны тухай кино ба тулааны оронд хоригдогсдын байрлах хуаранг олон үндэстний цэргүүдийн нийтлэг туршлагаа хуримтлуулдаг орон зай болгон ашигладаг.
Жишээлбэл, Германы бэлэвсэн эхнэр Elsa Вердун, Льеж, Шарлерой, Танненбэргийн тулаанд амь үрэгдсэн нөхөр болон ах дүү нарынхаа гэрэл зургийг Maréchal, Rosenthal хоёрт үзүүлдэг. Эдгээр тулалдаан болсон газруудын сүүлийн гурван тулаан нь Германы Дэлхийн 1-р дайнд ялсан хамгийн алдартай ялалтууд болой. Эл бүтцээр дамжуулан Renoir энгийн хүний эр зориг, нэр төр, үүрэг агуу үйл явдалд нөлөөлж чадна гэсэн ойлголтыг няцааж байна. Киноны гол дүрүүдэд: Jean Gabin, Marcel Dalio, Pierre Fresnay, Erich von Stroheim (Австри-Америкийн нэрт кино найруулагч, жүжигчин) нар тоглосон. Эл бүтээлийн элементүүд нь хагас намтарчилсан шинж чанартай байдаг; найруулагч маань өөрөө Дэлхийн 1-р дайны үед тагнуулын нисгэгч байсан ба тулааны үеэр шархадсаныхаа дараа албан тушаалаа сольсон байна. Renoir-н амийг Францын нисгэгч Armand Pinsard гэгч аварсан аж. Энэ ачтан дайны үеэр долоон удаа баригдаж, долоон удаан оргож, долоон удаа онгоцоо буудуулж байснаа 1935 онд Renoir-д дурсан ярьж байсан нь кино дахь дэслэгч Maréchal-н загвар болжээ. Renoir өөрийнхөө өмсөж байсан дүрэмт хувцасыг кинонд Jean Gabin-д өмсүүлсэн гэдэг. Кинонд ажилласан олон хүмүүс мөн дайнд явж байсан туршлагатай байдаг, жишээлбэл Marcel Dalio "Croix de Guerre" одонгоор шагнуулж байж. Renoir хийсэн кинонуудыг нь биширдэг, өөрийг нь кино найруулагч болоход чухал түлхэц өгсөн Erich von Stroheim-г кинондоо тоглуулсан.
Хэдий Stroheim Венад (тухайн цагт Австри-Унгарын эзэнт гүрэн байсан) төрсөн ч 1909 оноос Америкт амьдарч ирсэн тул Герман хэл төдийлөн сайн мэддэггүй байв. Зураг авалтын үеэр хэлээ сайжруулах гэж мэрийж байсан ба эцэст нь Renoir түүнд багш хөлсөлсөн байна. Энэхүү кино нь 1937 онд Венецийн кино наадмаас "Best Artistic Ensemble" шагнал хүртсэний дараа Нацистын суртал ухуулгын сайд Joseph Goebbels "La Grande Illusion" бол ард түмний номер нэг дайсан кино гэж зарлажээ. Айсан Францын эрх баригч 1940 онд дайн дуустал гаргахыг хориглосон байдаг. 1940 онд нацистууд Францад давшин ороход Goebbels хамгийн түрүүнд энэхүү киноны хальс болоод холбогдох бүхнийг хурааж авахыг зарлигджээ. Хачирхалтай нь, кино Францад асар хит болж, 12 сая тасалбар зарагдсан гэсэн тооцоо бий. "La Grande Illusion" Америкт гарахад критикч Frank S. Nugent хачирхалтай ч сонирхолтой кино гээд жүжигчдийн гүйцэтгэлд А үнэлгээ өгсөн. Мөн түүнчлэн Stroheim-н тоглолтоос ийм сайн жүжигчинд дүр өгөхгүй зүгээр суулгаж байгаа Холливуудын мунхаг байгааг бидэнд санууллаа гэж бичжээ. Уг киног үзсэн Америкийн домогт найруулагч John Ford-н сэтгэл ихээхэн хөдөлж, Англи хэлтэй хувилбарыг хийхийг хүссэн ч продюсер Darryl F. Zanuck: "Чи энэ киног давсан кино хэзээ ч хийж чадахгүй" гэж түүнд хэлсэн гэдэг. Orson Welles 1970 онд өгсөн ярилцлагадаа; хэрэв өөрийнх нь кинонуудыг оролцуулахгүйгээр ирээдүй хойч үедээ хадгалж үлдээх цөөхөн кинонуудыг сонго гэвэл "La Grande Illusion" тэдний нэг байх болно гэсэн буй.
Критикч Janet Maslin: "Энэ бол бүхий л дайны тухай кинонуудаас хамгийн сэтгэл хөдөлгөм киноны нэг. Кино урлагийн ландшафт дээрх нарийн нягт, ёс суртахуунлаг, гүн сэтгэл хөдлөлийн баян бүрд болсон бүтээл". Критикч Roger Ebert "La Grande Illusion" кино нь олон амжилт гаргаснаас гадна "Casablanca", "The Great Escape" гэсэн хоёр шедеврт нөлөөлсөн гэжээ. Түүнийхээр, "La Grande Illusion" кинонд Францын хоригдлууд газар ухаж түннел гарган оргохыг оролддог хэсэг "The Great Escape" кинонд давтагддаг бол "Marseillaise"-г дуулдаг хэсэг мөн "Casablanca" киноны оргил мөчүүдийн нэг болдог гэжээ. Roger Ebert мөн уг бүтээлийг шоронгоос оргох сэдэвт кино биш, бас эх оронч байхын талаарх улс төрийн тухай кино биш; энэ бол Европын соёл иргэншлийн хуучин дэг журам нуран унаж буй тухай бясалгал хэмээжээ.
Comments
Post a Comment