The 400 Blows (1959). Францын мастер кино урлаач Francois Truffaut-н насанд хүрэх явцыг харуулсан драм. Энэ түүний дебют бүтээл байсан ба Marcel Moussy-тэй хамтран киноныхоо зохиолыг бичжээ. Анаморфик форматаар хийгдсэн уг киног Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнийг тодорхойлогч кинонуудын тоонд оруулдаг; уг Хөдөлгөөний хэв маягийг илтгэсэн олон шинж чанарыг шингээсэн буй. Киноны гол дүрүүдэд; Jean-Pierre Leaud, Albert Remy, Claire Maurier нар тоглосон ба киноны гол баатар Antoine Doinel гэдэг дүр нь найруулагч Truffaut-н амьдралаас зохиогдсон хагас намтарчилсан дүр билээ. Antoine Doinel гэдэг дүрийг "Stolen Kisses", "Antoine and Colette", "Bed and Board", "Love on the Run" гэсэн дараагийн дөрвөн кинонд Jean-Pierre Leaud дахин бүтээсэн байдаг. Парист өсөж торниж байгаа авхаалжтай сэргэлэн хүүгийн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хэрхэн гэмт хэргийн ертөнц руу унаж байгааг харуулсан Truffaut-н хагас намтарчилсан "The 400 Blows" бол өсвөр насныхны тухай өгүүлсэн хамгийн сэтгэл хөдөлгөм, хурц тод киноны нэг.
Энэ кино яагаад шедевр болж байна вэ гэвэл үүний бүх үндэс нь эгэл бодитой байдал, сэтгэлд шууд хүрч чаддаг чанарууд ба найруулагчийн амьдралын туршлагаас үүссэн учир тийм бодитой дотно мэдрэмж өгдөг; өөрөөр хэлбэл энэ кино Truffaut-г зүрх сэтгэлээс гарсан болой тэрээр эл бүтээлээрээ яг л Antoine шиг насандаа байхдаа хэрхэн амьдрахаа шийдэж ядан зүг чигээ олохгүй байхад нь эцэггүй Truffaut-г ивээлдээ авч чиглүүлсэн Францын нэрт критикч Andre Bazin-д буюу оюун ухааныхаа эцэгт зориулсан. Кино хийгдэж байх үед нэрт критикч нас барсан байна. "The 400 Blows" кино Канны кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж, Оскарт шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшсэн. Эл кино Францад 4 сая гаруй тасалбар борлуулж, Truffaut-н замнал дахь Францад гаргасан хамгийн амжилттай кино нь болжээ. Уг киног кино урлагийн эрдэнэсүүдийн нэгээр нэрлэдэг. Sight & Sound сэтгүүл 2022 онд уг киног хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 50-р байрт, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 27-р байрт эрэмбэлээд байна.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Цагдаагийн түр саатуулах газраас арав орчим насны хүүг хулгайч, янхануудын хамтаар цагдаагийн бүхээгтэй машинд суулган авч явна. Машины арын цонхоор шөнийн Парисын гудамж, анивчих гэрэл, гэр рүүгээ яарах улс амьтан гол баатарт маань одоо харийн, танихгүй ертөнц болов уу гэмээр бөгөөд хүүгийн хацар дээгүүр айсан бас цөхрөлийн нулимс бөмбөрнө. Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар руу хүргэгдэж яваа энэ хүүг Antoine гэдэг, харин юуны учир эрх чөлөөнөөсөө хасагдаж байгааг тодруулъя. Урьхан царайтай, сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй Antoine Парисын хаа нэгтээ үргэлж толины өмнө суух ээж болон гэнэн тэнэгдүү хойд эцгийн хамт гурвуулаа умгар гэртээ арай ядан багтан амьдарна. Antoine засан хүмүүжүүлэх газарт очсон хойно сэтгэлзүйчийн асуултад: би зүгээр худлаа хэлчихдэг, заримдаа үнэнээ хэлсэн ч тэд \багш болон эцэг эх\ итгэдэггүй, тиймээс би худлаа хэлэхийг илүүд үздэг гэж хэлдэг. Гэртээ оройн цагаар л ирсэн болдог, хамт байхаараа ихэнхдээ хэрэлдэх хүүгийн эцэг, эх хоёр Antoine-г бараг тоодоггүй агаад санаа тавихын оронд загнаж, эсхүл алдаа дутагдалыг нь зааж сурган түүнийг ойлгохын оронд зэмлэн буруушаах нь Antoine-д хэцүү санагдаж, үүнээсээ болж гэрийн даалгавараа хийхгүй унтах нь олонтаа.
Antoine-г засан хүмүүжүүлэх газарт байхад нь эргэж ирсэн ээж нь хүүгийнхээ талаар: би Antoine-г авхуулах гэж байтал ээж маань уурласанаар түүнийг төрүүлсэн, ерөөсөө үгэнд ордоггүй, байнга асуудал дагуулдаг болохоор эцэгтэйн яриад энд аваачсан гээд энд хүмүүжиж, ажил хийж хүн болог гэж хэлдэг. Нэг өдөр хичээлдээ сууж байх ёстой Antoine-г ээж нь гудманд алхаж байхыг нь харах агаад харин хүү ээжийгээ нэг залуутай үнсэлцээд зогсож байхыг нь бас харчина, ингээд хэн хэн нь чимээгүй өнгөрөхийг илүүд үзэх бөгөөд Antoine-ын ээж ажлынхаа газрын залуутай нууцаар явалддаг ажээ. Antoine-г төрсөн эхээс нь илүү хойд эцэг нь илүү ойлгож, дотно харилцах агаад гэвч амьдралын чухал үе, шийдвэрлэх цаг ирэхэд хойд эцгийн төрхөө гарган хойш суун хүүг огт үл тоох нь Antoine-г одоо сараалжин торны цаана тамхи татан суухад нөлөөлсөн.
Antoine хүү азгүй буюу ангиараа бүгд адилхан үймүүлэхэд манай баатар л баригдаж үеийнхнийхээ өмнө шийтгүүлэх бөгөөд гэртээ хариад хичээл хийх нөхцөлгүй зэргээс болж хичээлдээ суух дургүйн дээр хүүхэд л юм хойно хичээл таслах, сахилгагүйтах ч азгүйгээр хүндрээд, асуудал нь өсөөд байна. Өдөржин найзтайгаа гадуур тэнэж, кино үзэх Antoine хэд хоног хичээлдээ суугаагүйгээ багшдаа; ээж нас бараад ирж чадсангүй гэж хэлээд баригдан хатуухан донгодуулна. Дараа нь эссэ бичих даалгаварт өөрийн хайрлан дээдэлдэг Honoré de Balzac зохиолчийн бүтээлээс санаа аван бараг “хуулбарлачих” ба энэ нь баригдсанаар гэртээ харих зориг, хүсэлгүй болно мань нөхөр. Ингээд, Antoine эцэг, эхдээ захиа биччихээд дотно найзыгаа дагаж гэрт нь нууцаар хонох юмуу эсхүл эзэнгүй үйлдвэрт хонож бүр замаа алдаж эхэлнэ. Antoine эхэндээ сүү хулгайлах бол дараа нь хойд эцгийнхээ ажлын газраас бичгийн машин хулгайлсан ч зарж чадахгүй байж байгаад буцааж аваачиж тавих гэж байгаад баригдана. Өөрсдийнхөө хайхрамжгүй, халамжгүйгээсээ хүүхдээ бүрэн эвдэх дөхсөн хариуцлагагүй эцэг эх энэ л болдоггүй, энэ чөтгөр болчихсон гээд хүүгээ насанд хүрээгүйчүүдийн хөдөлмөр лагерьт илгээх бөгөөд тэд ер нь Antoine-г сонсож, ойлгохыг оролдсон билүү? Ээж нь хүүгээ хамгаалж чадсан билүү? Antoine, хөвгүүд хөлбөмбөг тоглож байх хойгуур оргох ба зугтааж явсаар далайн эрэг дээр ирээд кино төгсдөг. Antoine далайг анх удаагаа ингэж харж байгаа ба далай түүний ирээдүйг илтгэх бол зогсож байгаа эх газар нь одоо цагийг нь илтгэнэ.
Киноны Франц нэр нь "faire les quatre cents coups" буюу Англиар "to raise hell" гэсэн утгачлан орчуулсан байдаг ч дистрибьютерүүдэд энэ нэр таалагдаагүй учир "The 400 Blows" болгон өөрчилжээ. Уг кино нь хэв маягийн хувьд Францын кино найруулагч Jean Vigo-н "Zero de conduite" киноны багагүй хэсгээс санаа авчээ. Энэхүү кино нь дүрийн судалгаа болдогоос гадна тухайн үеийн Францад гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хэрхэн шударга бус хандаж байсныг илчлэн харуулсан гэдэг. Судлаач Annette Insdorf-н бичсэнээр уг кино нь Truffaut-н хүүхэд наснаас үндэслэгдсэн кино ба жишээлбэл, Truffaut ч, Antoine ч тэр хоёулаа гэр орноо кино театраар орлуулж, мөн хэн хэн нь төрсөн эцгээ мэддэггүй гэжээ. Luis Buñuel, Satyajit Ray, Jean Cocteau, Steven Spielberg, Woody Allen, Carl Theodor Dreyer, Wes Anderson зэрэг найруулагчид "The 400 Blows" киног дуртай кинонуудынхаа тоонд оруулсан байдаг бол Akira Kurosawa "Миний үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй кинонуудын нэг" гэсэн буй.
Найруулагч Truffaut-н "The 400 Blows" бол хагас намтарчилсан киноноос илүү гарсан ач холбогдолтой байсан; Францын Шинэ Давалгаа Хөдөлгөө гэдэг бол найруулагчийн хувьд камер гэдэг үзэг, камер буюу үзгээрээ тэр чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх боломжтой гэсэн утгатай шинэ кино арга техник байлаа. Өөрөөр хэлбэл найруулагч өөрийгөө зохиолч шиг сэтгэн бичих хэв маяг нь камерийн дуран болж байв. "The 400 Blows" бол кино урлаг дахь нэгдүгээр биеэс өгүүлсэн хамгийн шилдэг жишээнүүдийн нэг. Truffaut гадуурхагдсан Antoine-н түүхийг хүүрнэхдээ цаг хугацааны хувьд ухарч, урагшилж байхдаа 1960-аад оны туршид улам боловсронгуй болж хөгжсөн кино хэлийг үүтгэж буйгаа ухаарсан болов уу. 1932 онд Парист төрсөн Truffaut хөхүүл эхээс эмээ дээрээ шилжсэн учир эцэг, эхтэйгээ бараг холбоогүй өссөн. Эмээ нь нас барахдаа тэрээр 8 настай байсан ба гэртээ эргэн ирээд ээжтэйгээ холбогдож чадахгүй, ихэнх цагийг кино театрт өнгөрүүлэх юмуу ном уншин суудаг байжээ.
Тэр яг л Antoine дүр шигээ кино театрт нууцаар орж гарч, жижиг сажиг хулгай хийж Парисын гудмаар найзтайгаа тэнэдэг байв. Кинонд, Antoine найз Rene-тэйгээ кинонд хорхойсон дурлаж бас хулгай, тонуул хийж байгаа нь залуухан Truffaut, Robert Lachenay (энэ кинонд туслах найруулагчаар ажилласан) хоёрын зүггүйтлийн толин тусгал болой. Мөн л Antoine дүр шигээ Truffaut 11 настайдаа худал хэлж хичээл тасалснаасаа болж гэрээсээ зугтаж байсан ба кино дээр Antoine ээжийгээ үхчихсэн гэж багшдаа худал залдаг бол бодит Truffaut аавыг нь Германчууд баривчилсан гэж зохиож. Сүүлд олж тогтоогдсоноор түүний төрсөн эцэг нь еврей эмч байсан нь энэ түүхэнд гунигийн өнгө нэмнэ. Мастер найруулагчийг төрөх үед ээж нь дөнгөж 17 настай байсан бөгөөд 18 настайдаа Roland Truffaut гэгчтэй гэрлэжээ. Roland Truffaut бяцхан хүүг өөрийнхөө хүү гэж үзэх болсон байна. Гэсэн хэдий ч кино дээр Antoine хойд эцэгтэйгээ харьцдагаас илүү амаргүй харьцаа найруулагч болон хойд эцгийн хооронд байсан аж.
Залуу Truffaut жижигхэн хулгай хийснээ өөрөө улайтал хойд эцэг нь түүнийг цагдаад аваачаад өгчихсөн гэдэг. Найруулагч Truffaut-н бүтээлүүдэд давамгайлдаг, нарийвчлан авч үздэг сэдвүүдийн нэг маргаангүй эцэг байх тухай байдаг; тэрээр замналынаа туршид Jean Renoir, Alfred Hitchcock зэрэг мастеруудыг хүндэтгэж, ментороо гэж дагадаг байв. "The 400 Blows" кинонд, Англи хэлний хичээл дээр багш "Аав хаана байна?" гэсэн дуудлагыг зааж байгаа тухай гардаг, энэ бол Antoine болон найруулагч Truffaut хоёрын амьдралынх нь чухал асуултын цуурай болно. Antoine Doinel гэдэг дүр нь найруулагч Truffaut болон жүжигчин Jean-Pierre Leaud хоёрын нэгдэл болжээ. Жүжигчдийн сонгон шалгаруулалт ирсэн 60 хөвгүүн дундаас найруулагч тухайн үед 14 настай байсан Leaud-г сонгосон шалтгаанаа; "Нийгмийн эсрэг, ганцаардмал, бослогын ирмэгт байгаа дүрийг тэр авахыг маш их хүссэн" гэсэн буй. Truffaut Leaud-д зохиолоо тууштай дагалгүй өөрийнхөө үг яриагаар яриарай гэж зоригжуулсан байдаг. Truffaut-н хожмын бүтээлүүдэд илүүтэй ажиглагддаг эротик хайрын сэтгэл хөдлөлийн өнгө аясын зарим очис уг кинонд бий; тухайлбал, кинонд Antoine ээжийнхээ гоо сайхны ширээний ард "тоглож" байгааг, мөн ээж нь шилэн оймсоо тайлж байхад хөлийг нь шохоорхон харж байгааг бид хардаг.
Мөн түүнчлэн Antoine-н аав, ээж хоёр байнга хэрэлдэж бас эвлэрч, бие бие рүүгээ дайрч байдаг; Antoine ээжийгээ нууц амрагтай болохыг санамсаргүй мэдчихдэг. Энэ бүхэн бол Truffaut-н кинонуудын эрэгтэй гол баатар үргэлж романтик юмуу гэр бүлийн асуудалтай байдгийн зөгнөл гэлтэй. Киноны төгсгөлийн кадр тодорхойгүй байдлаараа алдартай. Энэхүү киног бүрэн дүүрэн болгож байгаа гунигтай авч сэтгэлд хадагдам богинохон мэдрэмж бол найруулагчийн замналынхаа туршид үзэгчтэйгээ дотно харилцаа тогтоох гэсэн хандлагын анхных нь байсан. Төгсгөлийн царцаасан кадр Antoine цагдаагийн газарт авхуулдаг хэсгийг санагдуулна, эдгээр царцаасан кадр нь түүний хөдлөшгүй, эцэслэгдэн баригдсан болохыг илтгэнэ. Төгсгөлийн сцэнд, Antoine-н хөлийн мөрийг далай угаах авч үзэгчийн ухаанд сайхь хэсэг арилшгүй үлдэнэ.
Comments
Post a Comment