Дээд хүн


 Fight Club (1999). Америкийн зохиолч Chuck Palahniuk-н 1996 онд хэвлэгдсэн "Fight Club" романаас сэдэвлэгдсэн Америкийн найруулагч David Fincher-н найруулсан хосгүй бүтээл. Цагаан захтны ажилдаа сэтгэл дундуур явдаг нэргүй Өгүүлэгч нэгэн саван зарагчтай танилцаж "зодооны клуб" байгуулж буй тухай энэ кинонд өгүүлнэ (гадна талдаа л ийм болохоос тун гүн гүнзгий утгатай кино). Киноны гол дүрүүдэд Edward Norton, Brad Pitt, Helena Bonham Carter нар тоглосон. Palahniuk-н романыг Fox 2000 Pictures-н продюсер Laura Ziskin кино болгохоор сонгож, дэлгэцэнд хөрвүүлэгчээр Jim Uhls-г хөлсөлсөн. Fincher-г эл номонд "дурласан" байсан учир сонгосон гэдэг. Fincher, Uhls хоёр хамтдаа кино зохиолоо боловсруулахдаа салбарынхаа нөхдөөс, мөн түүнчлэн жүжигчдийн багаасаа санал, зөвлөгөө авч байжээ.

Киноны зураг авалтыг Лос-Анжелес хотод авсан. Уг киног "Rebel Without a Cause" болон "The Graduate" кинонуудтай харьцуулдаг ба "Fight Club" кинонд зар сурталчилгааны үнэ цэнийн тогтолцоо ба X үеийнхний хоорндох зөрчлийг судалжээ. Венецийн кино наадмаар нээлтээ хийж, удалгүй Америкт гарсан уг кино студийн хүлээлтэд хүрээгүй, мөн критикүүд сайнгүй хүлээж авсан. Гэхдээ 1990-ээд оны хамгийн их яригдаж, маргаан дагуулсан киноны нэгээр шалгарсан. Киноны DVD гарснаар ашгаа нөхөж, култ классик гэгдэх болсон ба The New York Times "манай эрин үеийг тодорхойлсон кино" гэжээ. "Fight Club" нь тестостероноор ажилладаг, ёжтой, таны мэдрэлээр нааддаг кино. Орчин цагийн  алдагдсан эр хүний эрх мэдлийг хайх явцдаа бүхэл бүтэн нийгэмд психоанализ хийхийг оролдож, асар том, уран зөгнөлт бүтцийг бүтээдэг уг киног ганц хоёр үзэх даанч хангалтгүй. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 495-р байрт жагсаж байгаа зодооны клубээр түр зочилцгооё.

  Найруулагч David Fincher киногоо 1967 онд гарсан "The Graduate" кино шиг 30 насныханд зориулсан ч насанд хүрэх явцыг харуулсан бүтээл гэжээ. Fincher Өгүүлэгчийн "бүх хүн" гэж тодорхойлсон ба кино зохиол дээрээ "Jack" гэж нэрлэсэн байсан ч кинонд нэрийг огт дурддаггүй. Fincher Өгүүлэгчийн гарал үүслийг тоймлохдоо: "тэр өөрт нь сургасан бүхнийг хийхийг хичээсэн, өөрийнхөө биш ертөнцөд багтах гэж оролдсон. Тэр жаргалыг олж чадаагүй учраас гэгээрлийн замд орохын тулд эцэг эх, бурхан, багшийгаа "алах" ёстой" гэжээ. Кино эхлэхэд тэрээр эцэг эхээ "дуусгасан" байдаг ба Tyler Durden-тэй хамт хийх ёсгүй зүйлээ хийж бурханаа хөнөөдөг. Төлөвшилтийн үйл явцыг бүрэн болгохын тулд багш Durden-г алах ёстой. Энэхүү дүр бол 1990-ээд оны "The Graduate" киноны архетипийн урвуу дүр юм; өмнөө байгаа боломжит ертөнцөд байх боломжгүй залуугийн тухай агаад түүнд ямар ч боломж байхгүй, тэр амьдралаа өөрчлөх аргыг төсөөлж чаддаггүй. Тэрээр хилэгнэж, төөрөлдсөн, тиймээс эргэн тойрондоо үзүүлсэн түүний хариу үйлдлээс Durden бий болж байна.

Ницшегийн "Дээд хүн" буюу Durden ингэж түүний ухаанд үүсч байна. Durden бол Өгүүллэгчийн байхыг хүсдэг хүн, Durden-д бусдыг ойлгох чадвар байхгүйгээс гадна Өгүүллэгч амьдралд тулгарсан ёс зүй хийгээд ёс суртахууны түвэгтэй асуудлыг шийдвэрлэхэд тусалдаггүй. Fincher тайлбартаа "Durden бидний амьдралын концептыг идеалист байдлаар шийдэж чадна, гэхдээ энэ нь орчин үеийн хүмүүсийн мэддэг шиг бодит амьдралын зөвшилцөлтэй хамаагүй.  Энэ бол одоо болж байгаа олон зүйлд чиний шаардлага байхгүй. Энэ зүйл бий болчихсон, одоо ажиллах л хэрэгтэй" гэжээ. Студийн захирлууд уг киног "хөнөөлтэй, үймээн самуунтай" гэж санаа зовж байсан ба Fincher киногоо "инээдтэй, үймээн самуунтай" болгохыг хичээж, хэтэрхий хорон элементүүдийг зөөлрүүлэхийн тулд хошин өнгө аяс оруулж өгчээ. Кино зохиолч Jim Uhls киногоо романтик комеди кино гэж тайлбарладаг: "Энэ кино бол дүрүүдийн эрүүл зөв харилцаанд хандах хандлагатай холбоотой. Бие биедээ эрүүл бус, хатуу ширүүн юм шиг санагдаж байгаа ч үнэндээ энэ нь өөрсдөд нь хэрэгтэй байдаг, учир нь хоёр дүр хоёулаа сэтгэлзүйн хувьд туйлдсан байдаг" гэжээ.


Өгүүлэгч Marla-тай дотно болохыг эрмэлзэж байгаа боловч өөрөө түүнтэй дэндүү адилхан болохоор ойртож чаддагггүй. Marla бол Өгүүлэгчийн хувьд дур татам, сөрөг үзэлтэн боловч Өгүүлэгч Durden-тэй нөхөрлөж байхдаа сэтгэл татам, шинэлэг шинж чанарыг өөртөө хүлээн авдаг. Өгүүлэгч Durden-тэй биечлэн холбогдоход таатай байдаг, гэхдээ Durden Marla секс хийхэд тэдэнд атаархдаг ба Өгүүлэгч нөхөрлөлийнхөө талаар Durden-тэй маргалдахад Durden түүнд найзууд байх бол тэдний судалж буй философийг хэрэгжүүлэхэд л зориулагдсан хоёрдугаарт орох зүйл гэж хэлдэг билээ. Durden Marla эрсдэлтэй учир замаасаа зайлуулах ёстой гэж хэлэхэд Өгүүлэгч хүүхэнд анхаарах ёстойгоо ухаараад Durden-ээс хөндийрдөг. Найдваргүй хүүрнэгч болох Өгүүлэгч нь Durden-г ухаандаа төсөөлж байгаагаа ухаардаггүй. Мөн тэрээр тулааны клубыг хүчирхэг гэдгээ мэдрэх арга зам хэмээн андууран хөгжүүлдэг, гэтэл Өгүүлэгчийн биеийн байдал сулрах тусам Durden-н гаднах төрх сайжирдаг билээ.

  Durden анхандаа Өгүүлэгч шиг бодит зодооноос "жинхэнэ мэдрэмж"-ийг хүсдэг хэдий ч институт, үнэт зүйлсийн системийг үгүйсгэж, устгадаг нихилист хандлагыг илэрхийлж эхэлнэ. Fincher, Jeff Cronenweth  (зураглаач) хоёр дүрүүдээ "гялалзсан" болгохын тулд үхмэл өнгийн хэв маягийн зураглал ашигласан аж. Durden үгүй сцэнүүдэд Өгүүлэгч бодитой бас цонхигор харагддаг. Durden-тэй байгаа сцэнүүдийг нурсан, сүйрсэн утгаараа илүү хэт бодитой буюу өгүүлэгч юу руу зорьж байгааг зүйрлэн харуулсан ажээ.  Кино бүтээгчид хувцаслалт, нүүр будалт, тайз засалд ханаагүй өнгийг ихээр ашигласан байдаг. Жүжигчин Helena Bonham Carter романтик, нихилист дүрийн нүүр будалтандаа цайвар хувирамтгай будалт ашиглажээ. Fincher, Cronenweth хоёр 1973 оны "American Graffiti" киноны зураглалаас ихээхэн санаа авчээ. Кино багийнхан байгалийн болоод бодит гэрлийн давуу талыг ашигласан.

 
Fincher гэрэлтүүлгийн тохиргоонд янз бүрийн аргыг эрэлхийлсэн; жишээлбэл хотын гэрлийн арын дэвтэрт эффект үзүүлэхийн тулд хэд хэдэн хотын ахуйн орчны байршлыг сонгосон аж. Мөн бодит байдлын элементийг хадгалах, дүрүүдийн гэмтэл бэртлийг тодотгохын тулд бусад бодит газруудад флюресцент гэрэлтүүлгийг ашиглажээ. Fincher домогт зураглаач Gordon Willis-н техник киноных нь зураглалд нөлөөлсөн гэж хэлсэн буй. Уг кино нь X үеийнхний сэтгэл зовнилыг "түүхийн дундах хүүхдүүд" гэж судалдаг. Жүжигчин Norton энэ талаар тайлбарлахдаа; X үеийнхний үнэ цэнийн зөрчил нь телевиз үзэж хүмүүжсэн анхны үеийнхэн болсонтой холбож, энэ кино үүнийг судалдаг гэжээ. Энэ үеийнхний хувьд үнэ цэнийн систем нь зар сурталчилгааны соёлоос шууд хамааралтай байдаг тул гэрийн тавилга хэрэгслээр оюун санааны жаргалд хүрнэ гэсэн хуурмаг итгэл үнэмшилтэй болсон байдаг аж. Norton-н дүрийн орон байр нь тавилгаар "хахаж", тэр IKEA брендэд донтчихсон байдаг; Fincher Өгүүлэгчийн энэ донтолтыг "жаргалын тухай хуурамч идеагаар амьдарч байгаа хүмүүсийг үзүүлэх гэсэн" гэж тайлбарласан. Жүжигчин Pitt: "Энэ кино бол бид өөрсдийнхөө эргэн тойронд босгосон ханыг түлхэн унагаж, зөвхөн ингэхийн төлөө л явах хэрэгтэй гэсэн зүйрлэл. Тиймээс бид анх удаагаа өвдөлтийг мэдрэх болно".
"Fight Club" кино мөн 1955 оны "Rebel Without a Cause" кинотой ижилхэн систем дэх хүмүүсийн бухимдлыг судалдаг. Дүрүүд нь нийгмийн тогтолцоонд хэлмэгдэн, эрхгүй, идэвхгүй бологсод ба энэ нь тухайн эрин үеийн үзэгчдийн шууд тусгал болно. Зар сурталчилгааны соёл нийгмийн жаргалын зөвхөн гаднахыг л тодорхойлдог ба энэ нь илүү чухал оюун санааны жаргалыг эрэлхийлэх мөн чанарыг орлосон өнгөц, тийм ч шаардлагагүй материаллаг барааг хөөцөлдөхөд хүргэдэг. Кинонд Gucci, Calvin Klein, Volkswagen, New Beetle зэрэг өргөн хэрэглээний бренд бүтээгдэхүүнүүд гардаг; брендүүд бол хүмүүст соёлыг буцааж худалдаж, эргүүлээд хүмүүсийг мөнхийн хэрэглээний хуйлраанд оруулагчид ба кинонд Durden Өгүүлэгчид "Чиний эзэмшдэг зүйлс чамайг эзэмшиж байна" гэж хэлдэг билээ. Энэ бол капиталист нийгмийн утга учиргүй хэрэглээг ёжилсон бас хог новш цуглуулахын тулд банкны боол болсон хүмүүсийг багө ч атугай ухаарч сэхээрэхийг уриалсан шүүмжит бүтээл билээ. Жүжигчин Pitt: "Манай үеийнхэнд өөрсдийнхөө жинхэнэ сэтгэл мэдрэмжээ дагах эсхүл мэдрэмжтэйгээ үнэнчээр холбогдохоос сэргийлдэг өөрийгөө хамгаалдаг механизм байдаг гэж би боддог. Бид амжилт ба бүтэлгүйтэл, энэ хоёр зүйлээр л эцэст нь чамайг дүгнэх болно гэж сэтгэл зовж явдаг".

Кинонд гарах зодооны клубүүдийн хүчирхийлэл бол тулааныг сурталчлах юмуу алдаршуулах бус харин түүнд оролцогчдод өөрсдийгөө мэдрэхээ байсан нийгэмд өөрийгөө мэдрэх боломжийг олгодог. Зодоон нь нийгэмдээ "баригдахыг" эсэргүүцэж байгааг илэрхийлдэг. Жүжигчин Norton тайлбарлахдаа; тулаан нь өвдөлтөөс айх айдас хийгээд хүн өөрийнхөө үнэ цэнийг материаллаг эд зүйлсээс тодорхойлох найдвараас чөлөөлж, хүмүүст өөрсдийгөө үнэ цэнэтэй гэж мэдрэх боломж байгаа гэсэн итгэл өгдөг аж. Таны үнэ цэнэ таны хэрэглэдэг бараа таваар биш биздээ? таны үнэ цэнийн үнэлэмж юу вэ? та энэ киног үзээд энэ талаар эрэгцүүлж бодоорой. Кинонд зодоон нь хувьсгалт хүчирхийлэл болон хувирах үед кино Durden-н хувьсгалт диалектикийг хагас дутуу хүлээн зөвшөөрдөг нь сонирхолтой. "Fight Club" бүтээл зориудаар тодорхой бус санааг бий болгоод тайлбарыг үзэгчдэд нээлттэй үлдээж байна. Palahniuk-н "Fight Club" роман 1995 онд хэвлэгдсэн бөгөөд хэвлэгдэхээс өмнө Fox Searchlight Pictures-н номын скаут романы туршилтын хувилбарыг захирал Kevin McCormick-д илгээжээ. McCormick студийн уншигчдад туршилтын хувилбарыг уншиж үзэхийг даалгаж, гэвч ажилтнуудын сэтгэлийг татсангүй.

  Дараа нь McCormick материалыг Art Linson, Lawrence Bender хоёрт илгээсэн авч тэд бас л үгүйсгэв. Гэтэл продюсер Ross Bell, Josh Donen хоёр романы чадамжийг олж хараад сонирхож эхэлсэн ба тэд зохиолыг тодорхойлохын тулд жүжигчидтэй туршилтын уншлага хийжээ. Ингээд зарим нэг засварыг хийгээд Bell Fox 2000 Pictures-н хэлтсийн ахлах Laura Ziskin руу материалыг илгээж, студид $10,000 доллараар Palahniuk-н романы эрхийг худалдаж авчээ. Ziskin кино зохиолчоор 1967 оны "The Graduate" киноны зохиол дээр ажилласан Buck Henry-г хөлслөхийг хүссэн. Гэтэл шинэ кино зохиолч Jim Uhls гэнэт гараад ирсэн ба Uhls продюсерүүдийг лоббидож Henry-н орыг залгажээ. Анхлан найруулагчаар Peter Jackson сонгогдсон ч тэрээр Шинэ Зеландад өөр киноны зураг авалттай байж таарав. Bryan Singer-д номыг илгээсэн авч тэр номыг огт уншаагүй бол Danny Boyle номыг уншсан ч өөр кино хийх хүсэлтэй байсан учир татгалзсан аж. Мөн David O. Russell руу илгээсэн ч тэр номыг ойлгоогүй байдаг. Fincher "Fight Club" номыг уншчихсан, эрхийг нь худалдаж авах гэж оролдож байсан учир өөрийгөө Ziskin-д санал болгожээ. Fincher студитэй 1993 онд "Alien 3" киног хийж байхдаа тааруу харилцаа үүсгэсэн байсан тул өөрийг нь хүлээн авах эсэхэд эргэлзэж байсан ба харилцаагаа засахын төлөө студийн дарга нартай уулзсаны эцэст ногоон гэрлийг асааж чаджээ.

  Uhls романыг дэлгэцнээ хөрвүүлж байхдаа тухайн үед салбарынхных нь "улиг, домог" гэж үзэж байсан дуу хоолойноос татгалзаж байсан авч Fincher төсөлд орж ирснээр дуу хоолойг харин ч ашиглах ёстой болсон; Fincher киноны хошин ёжтой шинж Өгүүлэгчийн хоолойноос гарч байгаа болохоор дуу хоолой киноны салшгүй элемент болж үлджээ. Fincher дуу хоолойгүй бол кино "өрөвдөлтэй, гунигтай" гэж үзжээ. Uhls, Fincher нар 6-7 сарын хугацаанд зохиолоо шинэчлэн бичиж, 1997 он гэхэд зохиолыг дахин эрэмбэлж, зарим чухал элементүүдийг орхигдуулсан хувилбарыг боловсруулжээ. Pitt өөрийнхөө тоглох Tyler Durden-н дүрийг хэтэрхий нэг хэмжээст байна гэж үзсэн. Fincher найруулагч Cameron Crowe-оос зөвлөгөө хүсэхэд Crowe дүрийг илүү тодорхой бус хоёрдмол болгох санал өгчээ. Мөн түүнчлэн кино зохиолд Norton, Pitt хоёрыг оролцох саналыг Fincher тавьснаар тэд нэг жилийн хугацаанд таван шинэчилсэн хувилбарыг бэлэн болгожээ. Palahniuk өөрийнх нь романд үнэнч хандсан киноны зохиолыг сайшааж, киноны үйл явдал романыхаас нь илүү хялбарчилсанд таатай хүлээж авсан.

  Palahniuk-н роман гомоэротик өнгө аястай байсан ба үзэгчдэд тухгүй мэдрэмж төрүүлж, гэнэтийн эргэлтээр гайхшруулахын тулд найруулагч гомоэротик өнгө аясыг кинонд оруулжээ. Уг өнгө аясын нэг жишээ бол Durden Өгүүлэгчийн дэргэд усанд орж байдаг билээ. Мөн "Эмэгтэй хүн бидэнд үнэхээр хэрэгтэй хариулт мөн үү гэдэгт би гайхаж байна" гэдэг мөр байдаг, гэхдээ энэ хэсэг ижил хүйстэн гэхээсээ илүүтэй хувийн хариуцлагыг дурдсан байх магадлалтай. Гэхдээ киноны эхэнд Durden Өгүүлэгчийн аманд буугаа хийсэн байдаг зураглал нэгийг хэлэх мэт. Продюсер Bell жүжигчин Russell Crowe-тэй уулзаж, Durden-н дүрийг санал болгосон байдаг. Төсөлд хожуу нэгдсэн продюсер Art Linson жүжигчин Brad Pitt-тэй уулзсан ба арай эрх мэдэлтэй байсан Linson Crowe-н оронд Pitt-г сонгосон байна. Pitt "Meet Joe Black" киногоороо бүтэлгүйтээд байсан учир шинэ кино хайж байсан бол студийн хувьд ч том од тоглуулвал арилжааны хувьд ашигтай байлаа. Нэргүй Өгүүлэгчийн дүрд киноны арилжааны чадамжийг нэмэгдүүлэх үүднээс Matt Damon зэрэг "халуухан залуусыг" сонирхож байлаа.

Харин Fincher жүжигчин Edward Norton-г "The People vs. Larry Flynt" киноных нь гүйцэтгэлээс болж сонгосон гэдэг. Тухайн үед Norton-д киноны олон санал ирээд байсан бөгөөд тэрээр Paramount Pictures-д кинонд тоглох өртэй байсан тул Fincher-д шууд зөвшөөрч чадахгүй байсан; Norton Paramount-тай ирээдүйд бага цалинтайгаар кинонд нь тоглоно гэсэн гэрээ байгуулснаар чөлөөлөгдөж Өгүүлэгч болжээ. Norton 2003 онд "The Italy Job" кинонд тоглож өрөө цайруулжээ. Ингээд Norton, Pitt хоёр гол дүрүүдэд тоглохоор болсон ба тэд бокс, таеквондо, грепплингээр хичээллэж, мөн саван хийж дүрүүддээ бэлтгэжээ. Pitt сайн дураараа шүдний эмч дээр очиж урд шүднийхээ хэсгүүдийг хэлтлүүлсэн байдаг. Гэхдээ дараа нь мэдээж засуулсан. Marla-н дүрд анхлан Janeane Garofalo сонгогдсон; киноны сексийн агуулгаас болж тэр татгалзсан гэж эхлээд Fincher мэдэгдэж байсан авч сүүлд Janeane нэгэн ярилцлагадаа; Norton өөрийг нь Marla-д зохихгүй гэж үзэж, найруулагчаа ятгаснаар төслөөс гарсан гэжээ. Дараа нь, Courtney Love, Winona Ryder хоёр голлох дэвшигчид байсан ба студи Reese Witherspoon-г хүссэн, харин Fincher түүнийг залуудна гэж үзээд больсон. Sarah Michelle Gellar хуваарь таараагүй учраас татгалзсанаар эцэст нь найруулагч Helena Bonham Carter-г "The Wings of the Dove" киноных нь гүйцэтгэлээс улбаалж эмэгтэй дүрдээ сонгосон байна.

"Fight Club" бүтээлийг Америкийн улс төрийн амьдралд цоо шинэ уур амьсгалыг бий болгосон кино гэж өнөөдөр хүлээн зөвшөөрдөг. 1999 онд гарсан " Being John Malkovich", "Three Kings", "Magnolia" зэрэг кинонуудын адилаар "Fight Club" нь кино бүтээх технологийн шинэ дэвшлийг ашигласнаараа кино урлагт хэлбэр, хэв маягаараа шинэчлэгч болсон гэдгээрээ түүхэнд үлдсэн. Киноны амжилт зохиолч Palahniuk-г дэлхийд алдаршуулжээ. Кино үзэгчдэд хүрсний дараа Америкт цөөнгүй тулааны клубүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байдаг. 2000 онд Калифорни мужид "A Gentleman's Fight Club" нэртэй клуб байгуулагдаж, үүнд голдуу технологийн салбарын хүмүүс хамрагдсан гэсэн мэдээлэл бий. Техас, Нью-Жерси, Вашингтон, Аляскт өсвөр насны хүүхдүүд зодооны клуб байгуулж байгааг мэдсэн эрх баригчид тэр дор нь клубүүдийг хаасан байдаг. 

Comments