Days of Being Wild (1990). Шанхайд төрсөн Хонконгийн нэрт кино найруулагч Wong Kar-Wai-н бичиж, найруулсан драм. Энэ бол алдарт зураглаач Christopher Doyle, Wong Kar-Wai хоёрын анхны хамтрал байсан ба үүнээс хойш тэд зургаан киног хамтран бүтээсний ихэнх нь шедевр гэгдэх болжээ. Эл бүтээл нь "In the Mood for Love", "2046" кинонуудын хамтаар найруулагчийн албан бус трилогийн эхний хэсэг нь болдог. "Days of Being Wild" киног 2005 онд HKFAA Хятадын шилдэг 100 кино жагсаалтынхаа 3-р байрт жагсаасан байхад 2015 онд Бусаны олон улсын кино наадмаар Азийн шилдэг 100 кино жагсаалтад 37-р байрт эрэмбэлэгдсэн буй. Киноны гол дүрүүдэд; Leslie Cheung, Andy Lau, Maggie Cheung, Carina Lau, Jacky Cheung болон Tony Leung нарын Хонконгийн шилдэг жүжигчид тоглосон.
"Days of Being Wild" кинонд гэр бүлийнхээ сүүдрээс салах гэж тэмцэж яваа залуу эрийн түүхийг зүүд зөнгийн мэт бараанаар тун үзэсгэлэнтэй зурагласан байдаг. Wong Kar-Wai-н хоёрдахь бүрэн хэмжээний энэхүү кинонд жараад оны Хонконгийн залуусын амьдралыг мансуурам сайхнаар дүрсэлсэн бөгөөд түр зуурын нөхөрлөл, тууштай бус үерхэлийг Хонконгийн бүх-оддын чуулгаар толилуулжээ. Бахдам сайхан кадрууд, дизайны ажил нь гол баатрын тодорхойгүй шинж төрхөөс хий хоосон мэт өнгө аясыг олдог. Зөвхөн киноны төгсгөлд гарах Tony Leung-н нууцлаг дүр дараагийн үргэлжлэл байх ёстой байсан авч харамсалтай нь хэзээ ч кино болж бүтээгүй билээ. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 436-р байрт эрэмбэлээд байна. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Спортын ордны үүдэнд залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр ярилцан зогсох ба тэд байнга хананы цаг руу харцгаах нь хачин; үсээ дэгжин зассан, аятайхан хувцаслаж, өөртөө итгэлтэй байдал нь яриа болон үйл хөдлөлөөс нь бүрнээ илрэх энэ тунчиг царайлаг төрсөн залууг York гэх бөгөөд бүсгүйн наана цаана орж, яриа өдөхдөө зарим газар нь жаахан доромж маягаар харьцах нь бүсгүйг өдөж, нэг үгээр эргүүлж байгааг харуулна. Тус газар ундаа, ус зардаг ажилтай, даруухан гэхээсээ илүү бараг ядруухан хувцасласан бүсгүйг Li-zhen гэх бөгөөд цэвэрхэн, хөөрхөн төрсөн төрх маягийг нь муу хувцас нь гундайж үл чадах агаад өдөр болгон яг л нэг цагтаа ундаа авах шалтгаар ирж бараг бүдүүлгээр өөрийг нь эргүүлэх залуугаас залхасан юм шиг харагдавч чин зүрхэндээ харин ичингүйрэн жаргах авай. Залуу бүсгүйтэй хайнга, дээрэлхүү өнгөөр харьцах ч сонирхон шохоорхож байгаагаа нуухгүй ба нэг өдөр ирээд бүсгүйд хандаж: “чи намайг зүүдэлнээ” гэж хэлсэнээс хойш бүсгүй ч эсэргүүцэхээ больж, хайруулын тавганд цөцгийн тос хайлах лугаа түүнд хайлж урсана, өдөр бүр нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь сонсогдоод байхад ямар эмэгтэй хүний зүрх тэсэх билээ дээ. Цааш өгүүлэхээсээ урьтан киноныхоо үйл явдлын он цаг, газрыг хэлэхэд: кино маань 1960 оны Хонконгт болж байгаа билээ.
York, Li-zhen хоёр York-ын гэрт тэврэлдэн хэвтэж байна. Li-zhen гэр орныхоо тухай, өөрсдийнхөө ирээдүйнх тухай, сүүлдээ хуримынхаа талаар, ер нь чи надтай хуримлана биздээ гэж York-оос асуух хүртэл бүсгүйн царайд нар гэрэлтэн жаргалтай байлаа. Бүсгүйг ярьж байхад York чимээгүй л байж байгаад хуримын талаар ярихад ямарч торсон юмгүй, бүр хүлээж байсан юмуу гэмээр эрсхэн үгүй гэж хэлэх бөгөөд бүсгүй тэр даруй хувцаслаж түргэн явж одоход York жишим хийхгүй. Уг явдлаас хойш Li-zhen түүнийг хүрч ирээд уучлалт гуйх болов уу, ядахнээ утсаар ярих болов уу хэмээн харуулдан хүлээх бөгөөд үлгэр шиг эхэлсэн харьцаан ийм гэнэт, ийм хатуугаар дуусч, өөрийгөө ашиглуулсанаа ухаарах тусам тэсэхүйеэ ихээр шаналах ч York-ыг ганц үг хэлэхэд л гүйж очиход бэлэн байлаа. Нөгөө талд York түүнийг бодох ч үгүй, ер нь тийм хүн байсан шинжгүй шоудан цэнгэх агаад тэрээр охидын зүрхийг шархлуулж гаршсан жинхэнэ playboy ба царайлаг төрх нь түүний үхлийн зэвсэгээс гадна ямарч бүсгүйтэй харьцахдаа бардам, асар дээрэнгүйгээр үл тоомсорлон хандах нь эмэгтэйчүүдийг араасаа соронз шиг татна, гоо үзэсгэлэн, бардам зантай сүлэлдэхээрээ өршөөлгүй татах хүч болдог ажээ.
Li-zhen-ээс салж амарсны маргааш York ээжийндээ очиход ээж нь гэх тавь орчим насны хүүхэн согтуу хэвтэж байна; үнэндээ энэ эмэгтэй түүний төрсөн эх биш харин өсгөж өндийлгөсөн эх нь бөгөөд York ч үүнийг мэддэг болоод тэрүү түүнтэй маш хөндий, хахир харьцана. Эх болсон эмэгтэй ч хайрлангаа бас давхар үзэн ядах агаад архичин, насаараа янхан хийсэн, хийж ч байгаа энэ эмэгтэйд ганц дотно хүн нь York л байв. York-ын төрсөн эх хүүгээ эл янханд орхихдоо хаана байгаагаа бичиж үлдээсэн ба бас сар бүр мөнгө явуулдаг учир York элбэг дэлбэг, дураараа өсчээ. Эл янхан төрсөн эх нь хаана байдаг, хэн болохыг мэддэг хэрнээ хэлэхгүй, эсхүл хэлэх болоогүй хэмээн \маш амиа бодогч эмэгтэй\ York-ыг зовоож, үүнээс болж тэд байнга хэрэлдэнэ, харин York-ын хувьд төрсөн эхээ олж мэдсэнээр өөрийнхөө хэн болохыг олж нээх туйлын хүсэлтэй бөгөөд багаасаа хайр мэдрээгүй өссөний гайгаар охид хүүхнүүдээр зүгээр зугаагаа гаргагч хүйтэн сэтгэлт нэгэн болсон гэлтэй.
York нэг өдөр ээжийнхээ үйлчлүүлэгчтэй зодолдож байгаад кабаре бүжигчин бүсгүйтэй танилцана, энэ бүсгүйг Mimi гэх бөгөөд Li-zhen-тэй харьцуулвал өмссөн зүүсэн ганган, илүү эмэгтэйлэг биетэйгээс гадна бодсон санасанаа шууд хэлчихдэг нэгэн төрлийн гал халуун бүсгүй болой. Хамт өнгөрүүлсэн анхны шөнөдөө л Mimi түүнд ухаангүй дурлана, хөөсөн ч явахгүй ба утасныхаа дугаарыг хүчээр цээжлүүлэх юмуу гэр орныг нь цэвэрлэж халамжлах зэргээр байдгаа гаргахад харин York секс л хийж халуун дулаанаа хуваалцахаас бусад үед мөс шиг хүйтэн хандана. Энэ үеэр Zeb гэгч York-ын найз кинонд орж ирэх ба тэрээр Mimi-д сэтгэл алдарна. Mimi Zeb-д бүжиглэж өгөхөд тэрээр эрүүгээ унагах шахам хардаг сцен сэтгэлд хоногшим. Нэг бороотой шөнө Li-zhen тэсэхээ байж, эцсийн горьдлого тээн York-ын руу очих бөгөөд дотроо өөрийгөө үзэн ядах ч бас өөрийгөө зөвтгөх шалтгаан нь тэднийд орхисон хувцаснууд авах байлаа. Үнэндээ York-оос салсны дараа тэрээр сэтгэлээр асар их унаж сэтгэлзүйн хямралд оржээ. Li-zhen-ыг ирэхэд York, Mimi хоёр хамт байж таарах ба бүсгүйчүүд улаан нүүрээрээ уулзалдана. Li-zhen хувцсаа ч авалгүй гарч явах бол Mimi York-той хэрүүл хийсээр үлдэнэ, тэрээр үүнийг тэмцэл гэж үзэн ялахаар үлддэг.
Li-zhen ухаан мэдрэлгүй бороонд явж байгаад нэгэн цагдаа залуутай танилцана, уг залууг Tide гэх бөгөөд далайчин болох хүсэлтэй байсан ч цагдаа болчихоод байгаа нь энэ бөлгөө. Li-zhen-нд сэтгэлээ онгойлгож ярилцах, зовлонгоо хуваалцаж тайтгарах хүн хэрэгтэй байсан нь цагдаа болж тэд бороонд зөндөө ярилцах агаад борооны устай хамт Li-zhen-ны сэтгэл цэвэршинэ. Ингээд, бүсгүй цагдаагаас мөнгө зээлж таксидан харих ба маргааш нь уулзаж мөнгөө өгөх мөчөөс эхлэн хааяа уулзаж ярилцдаг найзууд болно, Tide хүн сонсож чаддаг хүн байлаа; энэ зуур York бүжигчин бүсгүйгээсээ бүр залхаж гүйцэх бол Mimi түлхэх тусам улам наалдаж чаргууцалдана. York өсгөсөн эхийгээ шалсаар байгаад төрсөн эхийнхээ байгааг газрыг мэдэх бөгөөд тэр газар нь Филиппин улс байна, тэрээр машинаа Zeb найздаа өгчихөөд Mimi-д юу ч хэлэлгүй эхийгээ олохоор Филиппин руу явчихна. Галзуурах дөхсөн Mimi хайрыг нь булаачихлаа гэж бодон Li-zhen дээр очин хуурай агсам тавихад Li-zhen түүнд хандан: “би тэрнээс болж өчнөөн уйлсан, одоо чиний уйлах ээлж” гэж хэлдэг.
Сайн урлагийн бүтээл ямар ч цаг үед амьд байж тухайн цаг үеийнхээ нийгмийнхээ зөрчилтэй, асуудалтай талыг хурцаар хөнддөг бөгөөд үеэс үед улам чанарждаг билээ. Энэ ч утгаараа эл бүтээл маань залуу хүний хамгийн чухал сэдэв болох хайр сэтгэл, нөхөрлөлийн асуудлыг авч үзэхдээ залуу насны ааг омог, тэнэг харалган байдал хийгээд залуу хүний өөрийгөө олох, танин мэдэх гэж яваа үеийг үзүүлсэн, үзүүлэхдээ ч дүр болгондоо эл санаагаа ялгарах байдлаар шингээж өгсөн; дүрүүд маань зорилгогүй, уйтгарласан, ганцаардмал байдаг ба тэд хоосноо буруу арга замаар дүүргэж байгаа нь энэ цаг үед ч хүчинтэй байгаа билээ. Өмнөд Солонгосын кино найруулагч Park Chan-wook "Days of Being Wild" киног 1960-аад оны эхэн үеийг харуулсан "нууцлаг, ховс шиг фантааз" гэж тодорхойлсон. Мөн тэрээр эл бүтээл нь 1997 онд төлөвлөгдөж байсан Их Британийн колони Хонконгийг Хятадад буцааж өгөх тухай зүйрлэл гэжээ. Их Британийн захиргаанд байсан ихэнх Хонконгийн ардууд Хятадын захиргаанд орсноор эрх чөлөөгүй болно хэмээн айцгааж байжээ.
Park Chan-wook-н үзэж буйгаар киноны ихэнх хэсэг шөнийн цагт, бүдэгхэн гэрэл дор өрнөсөөр хар бараан уур амьсгал төрүүлдэг бөгөөд мөн киноны ихэнх үйл явдал клаустрофоби өрөө, галт тэргэнд болдог нь дүрүүдийн хязгаарлагдмал ирээдүйн тухай зүйрлэл болдог ажээ. Бүх гол дүрүүд ирээдүйгээ бус өнгөрсөн рүүгээ хардаг; York огт мэдэхгүй ээжийгээ хайж олоход хэт автдаг, Li-zhen 1960 оны 4-р сарын 16ны өдрийн 15.00 цагт York-той танилцсан мөчийг дурсах дурсамжиндаа автсан бол Tide Li-zhen-тэй богинохон хугацаанд романтик байна харилцаагаа мартаж чаддаггүй; тэгвэл Mimi York-г хайрлахаа болихгүй бөгөөд Zeb York өөрт нь хэрхэн харьцаж байгаагаас үл харгалзан нөхөрлөлөө хадгалсаар байдаг. Үүнтэй адилаар бүх дүрүүд жаргалгүй байдлаар төгсдөг; York Филиппин руу аялаад тэнд үхдэг, Mimi түүний үхсэнийг мэдэлгүй Филиппин явдаг, Zeb-г Mimi үл тоомсорлож харин Tide, Li-zhen дахин холбогдох боломжгүй болжээ. Park Chan-wook-н үзэж буйгаар дүрүүд өнгөрсөнийхөө хагацалд хэт автсанаар сайхан ирээдүйг хүлээх чадамжгүй болсон нь киноны үндсэн цөхрөлийн мэдрэмжийг тусгасан ажээ.
Хонконгийн ардууд 1960-аад онд хамгийн гэрэлтэй өдрүүдээ өнгөрүүлсэн бөгөөд Хятадад буцаж очсоноор гэрэлт ирээдүй байхгүй гэсэн санааг агуулдаг бололтой. Америкийн критикч Jonathan Rosenbaum "Days of Being Wild" киноны талаар бичихдээ; Wong Kar-Wai-н өвөрмөц хэв маяг энэхүү үзэсгэлэнтэй өнгө төрхтэй хоёрдахь бүрэн хэмжээний киногоор нь анхлан илэрсэн гээд цааш нь, 1960 оны Хонконгийн биелэгдээгүй хүслийн хүрээн дэх романтик төсөөлөл нь дараагийн "In the Mood for Love" кинонд нь цуурайтах болно гэж бичжээ. Критикч Tony Rayns: "Энэ бол хагас-хийсвэр өнгөрсөнийг ирээдүйн цочролд яруугаар дурссан анхны кино". Rosenbaum York болон James Dean-н тоглосон сүүлчийн "Rebel Without a Cause" кинонд бүтээсэн дүр хоёрын дунд төстэй шинж байгааг тэмдэглэсэн ба сайхь киног Хонконгт "Days of Being Wild" гэдэг нэртэйгээр гаргаж байжээ..
Comments
Post a Comment