Cries and Whispers (1972). Шведийн мастер кино урлаач Ingmar Bergman-н зохиолыг нь бичиж найруулсан сэтгэлзүйн драм. Киноны гол дүрүүдэд, Harriet Andersson, Kari Sylwan, Liv Ullmann, Ingmar Thulin нар тоглосон. Киноны үйл явдал 19-о зууны сүүлчээр нэгэн харшид өрнөх бөгөөд хорт хавдартай тэмцэж буй нэгнээ асран халамжлахаар цугласан гурван эгч дүүсийн (мөн үйлчлэгч хүүхний) тухай өгүүлдэг. Найруулагч Bergman ээж Karin Akerblom-н дурсамж болоод улаан өрөөнд байгаа дөрвөн эмэгтэйн тухай төсөөллөөсөө "Cries and Whispers" киногоо бүтээсэн. Киноны зураг авалтыг Таксинг-Насби шилтгээнд авчээ. Уг киноны сэдвийг итгэл найдвар, эмэгтэй хүний сэтгэлзүй, зовлонгоос учир утгыг эрэлхийлэх тухай гэж үздэг; мөн судлаачид кинонд Библийн зүйрлэлийг агуулагдсан гэж дүгнэдэг. Өмнөх Bergman-н кинонуудаас ялгаатай нь энэхүү кинонд ханасан өнгө, ялангуяа час улаан өнгийг түлхүү ашигласан байдаг. "Cries and Whispers" кино санхүүгийн амжилт олж, критикүүдээс сайшаал хүртэхээс өмнө Bergman-н бүтээсэн хоёр кино ерөнхийдөө бүтэлгүйтээд байв.
Уг кино Оскарын наадамд таван төрөлд нэр дэвшиж (шилдэг кино төрөл багтсан) Sven Nykvist шилдэг зураглаачийн шагнал хүртсэн. Ингээд Bergman-н бүтээсэн час улаан өрөөнд түр саатахыг уръя. Энэ киног хийх хүртэл түүнийг хар-цагаан киноны мастер гэдэг байсан бол өнгө болон уур амьсгалын шедевр болох "Cries and Whispers" киногоороо Bergman өнгөөр "тоглож" чадна гэдгээ харуулсан буюу товчхондоо Bergman анхны шилдэг өнгөт кино гэж хэлэхэд буруудахгүй. Үхэлтэй тэмцэж буй зовлон тарчлалыг тод улаанаар дүрслэхдээ найруулагч сэтгэлийн бүхий л хөдлөлийг гайхамшигтай шингээж өгсөн байдаг. Энэ кино нь Bergman-н чухал дурсамжууд болон зүүдний хүчирхэг үзэгдлүүдээр дүүрэн байдаг. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 160-р байрт энэхүү бүтээлийг эрэмбэлээд буй. Найруулагч Bergman киноныхоо түүхийг Фаро арал дээр ганцаардаж, гуниглан ажиллаж байхдаа зохиожээ. Тэрээр улаан өрөөнд цагаан хувцастай дөрвөн эмэгтэй өөр хоорондоо шивнэлдэж байгааг байнга зүүдэлдэг байжээ. Түүнийхээр энэ нь хүүхэд байхдаа сүнсийг гаднаасаа ичгүүрийг илтгэсэн хар, дотроосоо улаан нүүргүй хүн гэж үздэг байсных нь симбол ажээ. Энэ төсөөлөл нь түүнтэй удаан хамт явсан учраас Bergman төсөөллөө кино болгох боломж гэж үзсэн ба ээж хайрт ээжийн тухай кино хийхээр төлөвлөжээ. Киноны Karin-н дүр түүний ээжийн нэртэй адилханаас гадна бүх дөрвөн гол дүр бүгдээрээ ямар нэгэн талаараа Bergman-н ээжийг төлөөлдөг байна.
Bergman "Images" номондоо "Өнөөдөр надад "Persona" кинондоо, дараа нь "Cries and Whispers" кинондоо чадах бүхнээ хийсэн гэж санагдаж байна. Энэ хоёр кинонд би бүрэн эрх чөлөөтэй ажиллаж, зөвхөн кино урлагаар л илрүүлж чадах үггүй нууцад хүрч чаджээ" гэжээ. Мөн тэрээр нэгэнтээ, "Cries and Whispers"-аас бусад бүх киног минь хар-цагаан өнгөөр тодорхойлж болно гэж бодож байна хэмээжээ. Bergman анх зохиолоо бичихдээ л Liv Ullmann, Ingrid Thulin хоёрыг тоглуулахаар төлөвлөсөн бөгөөд Agnes-н дүрд Harriet Andersson-г тоглуулж чадвал баярлахаар байсан гэдэг; "Harriet нууцлаг төрлийн эмэгтэйчүүдийн төрөлд багтдаг учраас" гэж найруулагч маань тайлбарласан. Harriet Bergman-тай хамтраагүй багагүй жил болоод байсан ба Bergman түүнд бэлэн болсон кино зохиол гэхээсээ илүү тэмдэглэл илгээсэн ажээ. Ullmann энэ талаар ярихдаа, Bergman-аас 50 хуудас бүхий "хувийн захидал" хүлээж авсан ба захидалд: "эрхэм найзууд минь, бид одоо хамтдаа кино хийх гэж байна. Энэ бол нэг төрлийн миний төсөөлөл, үүнийг би дүрслэхийг хичээх болно" гэсэн байжээ. Харин Harriet Agnes-н тухай тодорхой түүхийг хүлээж аваагүй. Agnes-н эгч дүүс хүүхэдтэй, гэр бүлтэй байхад Agnes гэрлэж байсан эсэх, эсхүл багадаа өвдөөд ээжтэйгээ хамт амьдарч байсан эсэх нь Harriet-д тодорхойгүй байжээ. Bergman, Ullmann хоёр өмнө романтик харилцаа байсан агаад тэдний охин Linn Ullmann уг кинонд Maria болон Anna-н охины дүрд тоглосон бол Bergman-н өөр нэг охин Lena нь мөн кинонд залуу Maria-н дүрд тогложээ.
Bergman өмнөх кинонууддаа Бурхан байхгүй сэдэвт голлон анхаардаг байсан бол эл бүтээлээрээ энэхүү сэдвээсээ цаашилсан гэж судлаачид үздэг. "The Silence" болон "Persona" хоёрынхоо дараа Bergman "Cries and Whispers" киногоо илүүтэй сэтгэлзүй, хувь хүний шинж чанарт тулгуурласан ажээ. Судлаач Eva Rueschmann-н хэлснээр дүрүүдийн доод ухааны холбоог харгалзан үзвээс психоанализ нь киног судлах тодорхой түлхүүр хэрэгсэл болох ажээ. Судлаач Egil Tornqvist киноны нэрийг судалсан, залуухан Maria ээждээ шивнэдэг, харин Karin, Maria хоёр бие биедээ шивнэцгээдэг, энэ нь тэдний хэр дотно байгааг илтгэх бол уйлах нь ганцаардал, шаналал, бэлгийн сулрал зэрэг эсрэгцсэн сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй холбогдоно. Судлаач Emma Wilson гэр бүлийн адармаатай асуудлыг тайлбарлахдаа Karin хүрэлцэх мэдрэмжээс зайлсхийдэг, харин Maria "эротик" хүрэх мэдрэмжийг эрэлхийлдэг гэж бичжээ. Гэхдээ Maria Agnes-н үхчиж, ялзарч байгаа биеийг зэвүүцдэг бол Karin-н хүрэлцэх мэдрэмжээс татгалзаж байгааг түүний тусгаарлагдсан, ганцаардмал байдлын үр дүн гэж Rueschmann үзсэн буй. Anna Agnes-г өлгийдөж буй сцэн нь тэдний харилцааны "бүрхэг" асуултыг үл харгалзан тайвшруулж буй хүрэлцэж, мэдэрч байгаа нь эгч дүүсийн харилцаатай харьцуулахуйц гэжээ.
Феминистууд энэ киног нэлээд шүүмжилсэн байдаг аж. Зарим судлаачид Bergman эмэгтэй дүрүүдээ хүслийнхээ санааг илэрхийлэгч болгон ашигласны сацуу Bergman-н эмэгтэйчүүд хүн байхын зовлон, харийслын дилеммыг илтгэдэг гэж үзсэн. Ер нь Bergman-н кинонд эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд өөрсдийнхөө диллемын хариултыг олж чаддаггүй; эрчүүд нь хариулт үгүй байдаг эсхүл өөрсдөөсөө өөр хэнийг ч халамжилж чаддаггүй аж. Bergman-н эмэгтэйчүүд биологийн шалтгаанаар бэлгийн амьдралаа даван туулах чадваргүй тул бүтэлгүйтдэг байж магадгүй гэнэ. Bergman-н кино үеийг эмэгтэй хүнийг үзэх үзэлд нь хамаатуулж 2 хуваадаг, энэ кино бол сүүл үеийнхэд нь хамаарах аж. Түүний эхэн үеийн кинонуудад эмэгтэй хүнийг нийцтэй, илүү бүрэн дүүрэн амьдралтай гэж дүрсэлдэг бол сүүл үеийн кинонд нь, ялангуяа энэ кинонд эмэгтэй хүн бол түүний сэтгэлийн тусгалаас гадна Bergman-н сексийн хоосон мөрөөдлийн илрэл гэж үздэг. Зарим кино судлаач, шүүмжлэгчид уг кинонд эмэгтэйчүүдийг дарангуйлах явдлыг дүрсэлдэг гэж дүгнэж байхад үүний эсрэг байр суурьтай шүүмжлэгчид ч мөн байж, энэ бүтээл эмэгтэйчүүдийг дарангуйлах явдлыг хүлээн зөвшөөрдөггүй харин эцгийн эрхт ёсны эсрэг байдаг гэжээ. Эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлийн хөндийрлийг тухайн эрин үеийн жендерийн үүргийн "уйтгарлах, бухимдах, цөхрөх"-өөс үүдэлтэй гэсэн буй.
Agnes-н хоригдсон байдлыг секс, хүүхэд төрүүлэх хийгээд үхлийн талаарх эмэгтэйчүүдийн хүйсийн үүрэг, хүлээлтийн тусгал гэж тайлбарладаг. Эгч дүүсийн таашаадаг "Hansel ба Gretel" шидэт дэнлүүний үзүүлбэр бол Agnes-н ээж нь Maria-г илүүтэй хайрладаг болоод түүний орхигдсон мэдрэмжийг илчилдэг; судлаач Eva Rueschmann-н хэлснээр Ах дүү Grimm-н түүх нь эв нэгдлийнх байдаг бол Bergman-н кинонд эгч дүүсийн зөрчлийг харуулдагаараа энэ хоёр бүтээл эсрэгцэж байна. Кино түүхч P. Adams Sitney-н үзэж буйгаар Hansel, Gretel хоёрыг эцэг эх нь ойд хаясан (симболизм) ба Agnes-н хорт хавдар Ах дүү Grimm-н үлгэрийн шуламтай дүйцэхүйц юм гэжээ. Karin билэг эрхтнээ огтолж байгаа нь тэр дахиж нөхөртэйгөө секс хийхгүй гэсэн үг бөгөөд улаан дарс нь хэвлийгээс гарч байгаа цусыг бэлгэддэг; энэ нь Karin секс хийхгүй, бас ярихгүй гэсэн үг ба алив харилцаанаас холдож, ганцаардлаа баталгаажуулдаг гэж судлаач Egil Tornqvist бичжээ. Судлаач Frank Gado-н хэлснээр хөндийрлийн сэдэв нь Agnes-н оршуулгын дараа буцаж ирдэг, Anna-н үнэнч хичээл зүтгэлийг үнэлж шагнахын оронд эрчүүд түүнийг огт өрөвдөж ойлгохгүйгээр ажлаас нь халчихдагаас илэрхий харагдана гэжээ.
Мөн хэд хэдэн кино судлаачид уг кинонд эмэгтэйчүүдийг дарангуйлахыг дүрсэлсэн гэхдээ дарангуйлахыг дэмжээгүй, кино нь эцгийн эрхт ёсыг эсэргүүцдэг гэж үзсэн. Agnes-н орондоо хоригдсон нь секс, төрөлт, үхлийн талаарх эмэгтэйчүүдийн хүйсийн үүрэг, хүлээлтийн тусгал болдог. Бүхий л төрлийн онцгой төрхтэй эмэгтэйчүүдийг сонирхох нь Bergman-н гол сэдвүүдийн нэг байсан гэдэг бөгөөд гэхдээ Bergman эрчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд тийм ч их ялгаа байдаг гэдэгт эргэлзэж явдаг аа илэрхийлж; "Энэ киног дөрвөн эрэгтэй гол дүртэй хийсэн байлаа ч үйл явдал нь бараг л адилхан байх байсан гэж би бодож байна" хэмээн найруулагч ярьсан байдаг. Судлаач Marc Gervais кинонд лам Agnes-н магтахдаа өөрийнхөө эргэлзээ, айдсыг илэрхийлж байгааг иш татаад "Cries and Whispers" бол зовлон болон үхлийн талаар ямар ч тодорхой шийдэл өгдөггүй гэж бичжээ. Gervais үүнийг Bergman-н өмнөх "Winter Light" киноны гол дүрийн баатартай, мөн Bergman-н зөрчилдөөнтэй мэдрэмжүүд хийгээд түүний эцэг болох Шведийн сүмийн лам Erik-тэй харилцах харилцаатай холбон тайлбарласан буй. Gervais-н хэлснээр киноны төгсгөл нь Bergman-н шийдлийг толилуулдаг буюу зарим тохиолдолд хүрэлцэх нь амьдралыг үнэ цэнэтэй болгодог гэжээ.
Тэгвэл Tornqvist төгсгөлийг найруулагчийн "Wild Strawberries" киноныхтой харьцуулж; энэ нь өнгөрснийг, энэ амьдрал дахь диваажинлаг оршихуйг, дараа нь алдагдаж үгүй болсон хүүхэд насыг нэгтгэхийн илэрхийлдэг ажээ. Variety сэтгүүл "Bergman-н шимгүй тачир хэв маягийг" ойрын кадр, улаан өнгөнд уусах, цагны чимээ, даашинзны сэрчигнээн, төөрөгсдийн чимээгүй цурхираан гэж тодорхойлсон. Критикч Richard Brody киноны хувцас дизайныг түүхэн гэж онцолсон. Bergman өмнөх кинонууддаа баримталсан догшин хэв маягаасаа татгалзаж илүүтэй гоо зүйг эрхэмлэсэн гэж Gervais бичжээ. Улаан өрөөнүүдийг цагаан хувцастай эмэгтэйчүүд эзэгнэж, цэнхэр тэнгэртэй цэцэрлэгийн эхлэлийн зураглал аажмаар час улаан өнгөөр бүрхэгдэхийг та хараад биширнэ. Bergman кинондоо өнгөний сонголтыг минимал байдлаар ашиглаж, туйлын ханасан улаан өнгийг тусгайлан таалсныг та бас анзаарна. "Cries and Whispers" ханасан улаан өнгөөр бүдгэрэн бас тодорно. Киноны анхны хоёр сцэн өнгөний хувьд адилхан буюу Agnes-н өрөө, мөн Maria-н байгаа өрөөнд улаан хивс, хөшөг, цагаан дэр, унтлагын цагаан хувцас харагддаг. Кино улаан, цагаан, улаан, харч улбар шар, цайвар шар гэсэн өнгөнүүдэд шилждэг өнгөний схемтэй ба Maria-н нөхөр өөрийгөө гэмтээж, Karin билэг эрхтнээ огтлох үед гарах цус нь эхэнд гарах нь цагаан даашинзных нь эсрэг улаан ном барьсан ээжийнх дүр төрхийн цуурай аж. Судлаачдын үзэж буйгаар энэ нь сарын тэмдэг болон хөнгөлөлттэй холбогдоно. Киноны бусад дүрслэлүүд хийгээд Bergman-н нийгмээс тусгаарлагдсан, гашуудсан дүрслэлийг судлаачид судалж үзээд нэрт зураач Edvard Munch-н бүтээлүүдтэй ижил төстэй зүйлс олон байгааг онцлон тэмдэглэжээ.
Уг кино гарахаас өмнө Bergman "The Rite", "The Touch" кинонуудаараа критикүүдээс "муу" дүн авчихаад байсан ба Шведэд "Cries and Whispers" киног яруу найраглаг хэлбэрээр хийсэн сэтгэлзүйн судалгаа гэж хүлээж авсан. Нэгэн Швед критикч эл бүтээлийг "Bergman-н хөшсөн сэдвүүдийн рапсоди" гэж нэрлэсэн. Шведийн алдартай Ord och Bild сэтгүүлд уг киног Bergman-н эмэгтэйчүүдийн тухай хувийн үзэл бодол, статик шинжтэй, түүхээс үл хамаарсан бүтээл гэжээ. The New York Times уг киног "жавхлантай, уярам, тун нууцлаг шинэ" гэж, ерөнхийдөө Америкчууд киног сайнаар хүлээн авсан. Roger Ebert: "бид суудалдаа шигдэж, клаустрофоби ба сексийн зовнилыг мэдэрч, кино урлагийн салбартаа үнэмлэхүй мастер найруулагчийн төсөөлөлд хүрээлэгдсэн болохоо энэ киног үзэж байхдаа ухаарна". Критикч Judith Crist: "Энэ бол суутны туурвил, өнөөг хүртэлх Bergman-н хамгийн мэдрэмжтэй, хүнлэг, олон талт кино". Францын найруулагч François Truffaut киног театрын жүжигтэй харьцуулсан буюу Chekhov-н "Three Sisters" жүжиг шиг эхэлж, ""The Cherry Orchard" жүжиг шиг төгсөхдөө дундаа яг л Strindberg-н жүжигтэй илүү төстэй байдаг гэжээ.
Comments
Post a Comment