Гэрлэлтийн түүх


 Contempt (1963). Францын мастер кино урлаач Jean-Luc Godard-н бичиж, найруулсан Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд хамаарагдах драм. Италийн зохиолч Alberto Moravia-н "Il Disprezzo" гэдэг романаас сэдэвлэжээ. Уг кинонд, Хомерын "Одессей" зохиолыг кино дэлгэцнээ хөрвүүлэхээр хөлслөгдсөн нэгэн жүжгийн зохиолч кино продакшны үеэр гэрлэлт нь асуудалд орж буй тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд; Brigitte Bardot, Michel Piccoli, Jack Palance, Giorgia Moll болон домогт найруулагч Fritz Lang нар тоглосон. Италийн продюсер Carlo Ponti хамтран ажиллах саналыг Godard-д тавихад Франц найруулагч түүнд Moravia-н номоор кино хийцгээе гэж хариулсан аж. Godard гол дүрүүдэд Kim Novak, Frank Sinatra хоёрыг тоглуулахыг хүссэн ч тэд татгалзжээ. Ponti Sophia Loren, Marcello Mastroinni нарыг санал болгоход Godard эсэргүүцсэн. Anna Karina (тухайн үеийн Godard-н эхнэр) дараа нь Monica Vitti-тэй ярилцахаар Ром явсан гэдэг бөгөөд гэвч Vitti ярилцлагадаа хоцорч ирээд зогсохгүй үл сонирхсон хандлагатай байсан тул түүнийг ч бас хасав. Эцэст нь Bardot-г сонгосон, шалтгаан нь продюсерүүд түүний алдартай дур булаам бие хаа киноных нь ашиг орлогод чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн.

  Киноны төсвийн тал нь Bardot-н цалинд явсан. Продюсерүүдийн эл хүсэл киноны нээлтийн сцэнээр хангагдаж, Godard мөн улиг болсон нүцгэлэлтээр кино бизнесийг шоглосон. Энэхүү сценийг Godard киноны төлөвлөсөн бүх зураг авалт дууссаны дараа Америкийн хамтрагч продюсерүүдийн шаардлагаар авчээ. "Contempt"  кинонд Godard өөрөө Lang-н (найруулагч Lang өөрийнхөө дүрд өөрөө тоглосон) туслах найруулагчийн дүрд тоглосон ба Lang Godard-н Шинэ Давалгааг судалж, онолын тайлбар хийсэн байдаг. Godard мөн Шинэ Давалгааны "мартагдсан" найруулагчид болох Luc Moullet, Jacques Rozier хоёрыг кинондоо ажиллуулж; Bardot Moullet-н бичсэн Fritz Lang-н тухай номыг уншиж байгаагаар кинонд гардаг бол Rozier "Contempt" киноны тухай "Le Parti des Choses" гэдэг богино хэмжээний баримтат кино хийжээ. Godard эх зохиолыг Moravia-н бүрэн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний хийсэн өөрчлөлтүүдэд үйл явдал хэдхэн өдөрт голлож, гол дүр болох Paul-г тэнэгдүү, дорой болгосон; үүнийгээ тэрээр "Би дүрээ Humphrey Bogart маягийн - илүү Америк маягийн болгосон" гэсэн буй.

  Godard кино техникээс эхлээд Bardot- өгзөгний нийгмийн ач холбогдол хүртэл бүгдийг задлаад дахин угсрахдаа үүнийгээ тун дарангуйлсан байдлаар тоглуулдаг. Энэ шедеврийг одоо харахад залхуурсан нэгний сургамж гэхээсээ илүү уламжлалт хүүрнэх аргатай тэмцэлдэхийг хүсэгчийн бүтээл гэж харвал зохистой. Юу уг киног Godard-н шилдэг бүтээлийн нэг болгодог вэ гэвэл кино үйлдвэрийн талаарх хүүрнэл нь найруулагчийн туршилт хийх аргатай сайтар уялдсаных гэдэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 45-р байрт жагсаагаад байна. "Contempt" киноны зураг авалтыг Ром дахь Cinecitta студид болон Капри арал дээрх Casa Malaparte хотхонд авчээ. Нэгэн үзэгдэлд, Piccoli, Bardot хоёрын тоглосон дүрүүд маргаж, эвлэрэн буй байран доторх зураглалыг Godard байгалийн гэрэлд, бодит хугацаанд замтай кадраар уртасгасан сцэн болгон авсан. Киноны зураглаачаар Godard-н байнгын хамтрагч Raoul Coutard ажилласан. Критикч Jonathan Rosenbaum-н хэлснээр Godard-д Jean-Daniel Pollet, Volker Schlondorff хоёрын "Mediterranee" кино хүчтэй нөлөөлсөн ажээ.

Godard "бүтээхүйн оргил мөчдөө" жүжигчдээсээ импровиацласан харилцан яриа хийхийг хүсэх хандлагатай байсан ба үүнд нь жүжигчид нь багагүй балмагддаг байв. Godard: "Жүжигчид голдуу хэрэггүй мэт санагддаг. Гэсэн хэдий ч тэд надад маш ихийг өгдөг. Тэд надад уур амьсгал, бүтээхүйн бодит мизасцэний хэмнэл хийгээд өнгө хэрэгтэй шиг хэрэгтэй". Paul, Camille хоёрын гэрлэлтийн үнэн төрхийг илчилдэг кино дахь байрны уртасгасан үзэгдлийг критикүүд болон судлаачид өндрөөр үнэлдэг. Архитектур ба кино хоорондын харилцааг судалдаг "Interiors" онлайн сэтгүүлийн 2012 оны дугаарт "Contempt" бүтээлд орон зайг хэрхэн ашигласан тухай нийтлэл гарч байжээ. Сайхь сэтгүүлд Godard Paul, Camille хоёрын харилцаа нуран унаж байгааг илэрхийлэхийн тулд байрны хязгаарлагдмал орон зайг хэрхэн ашигласныг онцолсон байна. Критикч Bosley Crowther уг киног "тансаг" гэж нэрлэсэн хэдий Godard өөрийн авъяасаа илүү тод, оюунлагаар ашиглах боломжтой байсан, гол дүрүүдийн сэдэл нь тодорхой бус гэж бичжээ. Мөн тэрээр: "Godard энэ киногоороо орчин үеийн ээдрээтэй ертөнц дэх хувь хүмүүсийн харийссан мэдрэмжийг илэрхийлэхийг оролджээ. Мөн Godard уур хилэн, уйтгар гунигийг илтгэх хэмнэлийг тодорхой чиглүүлжээ" гэжээ.

Критикч Colin MacCabe: "Энэ кино бол дайны дараах Европоос төрөн гарсан хамгийн аугаа урлагийн бүтээл" гэж бичжээ. Критикч Roger Ebert уг бүтээлийг Godard-н шилдэг кинонуудын нэг биш, энэ бол өөрийнхөө дутагдалтай талын тухай кино гэжээ. Мөн тэрээр кинонд гэр бүлийн маргаан, хотхоны шаттай хэсгүүд гэх мэт гайхалтай мөчүүд байгаа боловч жинхэнэ ач холбогдол нь бүтэлгүй туршилтын тухай гэжээ. "Contempt" бол найруулагч Godard-н эхэн үеийн ишлэл бүхий, үсэрсэн эвлүүлгийн арга барилтай кинонуудаас эрс өөр, кино урлагт илүү ёсорхуу байдлаар хандсан кино нь болой. Энэ бол түүний хүмүүсийн харилцааг судалсан хамгийн баялаг судалгаанаас гадна нэгэн төрлийн тамлагаатай хайрын түүх гэж үзэж болно. Уг бүтээл Fassbinder, Tarantino, Scorsese нарын нэгэн үеийнхэнд нөлөөлсөн; Scorsese энэхүү киног "гайхамшигтай, романтик, жинхэнэ эмгэнэлт кино" гээд кино хийх үйл явцыг үзүүлсэн хамгийн шилдэг кинонуудын нэг гэсэн буй. 1963 онд "Breathless", "My Life to Live" арт кинонуудаараа алдаршаад байсан Godard Bardot, Palance хоёрыг тоглуулсан өнгөт кино хийх болсноо зарласан нь кинонд дурлагчдын шүлсийг гоожуулжээ.

  Гэвч бодит байдал санасан шиг амар байсангүй. Godard продюсерүүдтайгаа асуудалтай тулгараад байв, продюсерүүд Bardot-н нүцгэн сцэн байтугай халуухан хувцастай сцэн ч алга хэмээн уурлаж байв. Хүсэлтийн хариу болгон Godard киноны эхлэл дэх орон дотроо байгаа хосын зураглалаар тэдний гэрлэлтийн хэврэг байдлыг зөгнөсөн; энэ сцэнд нөхөр нь эхнэртээ "би чамд маш, эмгэнэлтэй ихээр хайртай" гэдэг билээ. Егөөтэй нь, эл бүтээл нь өөрөө Европ найруулагч (Fritz Lang) ба бүдүүлэг Америк продюсер (Jack Palance) хоёрын Хомерын "Одессей" зохиолыг дахин бүтээхтэй холбоотой зөрчлийн тухай. Америкийн продюсер Францын зохиолчийг хөлслөcнөөр киноны гол хоёр дүрийн нэг нөхөр буюу Paul үзэсгэлэнтэй эхнэр Camille-гаа эцэстээ алдахад хүргэдэг. Paul энэ ажилд орон сууцтай болох мөнгөний төлөө ордог ч тэр авъяасаа зарахдаа эхнэртээ хүндлэлээ алдчихна. Camille нөхөр нь мөнгөтэй, араатанлаг Америк продюсерт бялдуучлаад зогсохгүй өөрийг нь илэрхий хоргоож байхад мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн, өөрийг нь гэхгүй байгаад гомдоно.

  Нөхөр өөрийгөө бусдаас илүү оюунлаг гэж бардам загнаснаараа алдаж байх шиг байдаг. Олон бүтээлд Godard-н туслахаар ажилласан Pascal Aubier-н хэлснээр; энэ кино Godard-г тамлаж гүйцээсэн бөгөөд өргөн цараатай ажиллаж үзээгүй түүнд Bardot-г байнга дагах сэтгүүлч, сурвалжлагчид, мөн Bardot-н тухайн үеийн найз залуу байсан жүжигчин Sami Frey залхааж орхисон гэдэг. Гол дүрийн эмэгтэй жүжигчнийхээ бүрэн анхааралд байхыг хүсдэг Godard-н хувьд Bardot ёстой л толгойн өвчин болжээ. Godard тэр цагт эхнэр Anna Karina-тайгаа таарамж муутай байсан нь зураг авалтын үеэр тун ганцаардаж байсан гэдэг. Гэхдээ Godard асуудлыг амжилт болгож чаддаг авъяастай нэгэн байсан буюу тэрээр эргэн тойронд үүссэн эвгүй нөхцлийг кинондоо ашигтайгаар эргүүлэн оруулдаг байжээ. Godard жүжигчин Jack Palance-д маш дургүй байсан учир бараг ярихгүй барагалж дохио зангаагаар харилцдаг байсан бол Palance ч үүнд залхаж, Америк дахь агентаасаа өөрийг нь энэ киноноос салгахыг олонтаа шаардаж байжээ. Энэ кинонд Godard-тай ганцхан сайн харилцаатай хүн байсан нь алдарт найруулагч Lang байжээ.

Godard "Кино эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх ёстой, гэхдээ заавал ийм дарааллаар байх шаардлагагүй" гэж хэлсэн байдаг ч "Contempt" уламжлалт хэлбэрийг баримталдаг. Энэ кино гурван үзэгдэлт эмгэнэлт жүжиг шиг бүтээгдсэн. Эхний хэсэг нь Ромын Cinecitta студид болон продюсерийн хоосон байшинд өрнөнө. Хоёрдугаар хэсэг буюу киноны үндсэн хэсэг хосуудын орон байрт өрнөдөг; байрны хэсэгт Paul, Camille хоёр ээлжлэн хэн хэнийхээ шархан дээр давс цацаж, нөхөр эхнэрийнх нь хайр хүйтэн, хөндий болж байгааг мэдэрдэг. Эхнэр хэдийгээр нөхөртөө уурласан ч түүндээ хайртай хэвээрээ. Тэд яр шархаа цусыг нь гартал ухсаар байгаад эцэстээ эвлэршгүй байдалд хүрдэг. Гуравдугаар хэсэгт, Капри арал дээр өрнөх бөгөөд Капри тансаг, хүслэнт, байгалийн гоо үзэсгэлэн бүгд нэгдсэн нийлсэн газар боловч гэрлэлтийг сүйрүүлж, зайлшгүй эмгэнэлт явдлыг авчирдаг нууцлаг, гарцгүй Элизиум болдог ажээ. 

Comments