Au hazard Balthazar (1966). Францын мастер кино урлаач Robert Bresson бичиж, найруулсан эмгэнэлт драм. Оросын зохиолч Fyodor Dostoyevsky-н алдарт "The Idiot" романы хэсгээс санаа авч бичигдсэн хэмээгддэг уг кинонд олон янзын хүний гар дамжин зодуулж, доромжлуулж байгаа илжигний тухай өгүүлдэг. Bresson даяанч найргуулгын хэв маягаараа алдартай ба сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий нөлөө бүхий бүтээл гэгддэг энэхүү киног бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг хэмээдэг. Хэн нэгэн төгс бүтээгдсэн кино хайвал "Balthazar" голлох нэр дэвшигчдийн тоонд байх нь гарцаагүй ба кино бүтээхүйн аливаа уламжлалт арга, өгүүлэмжийг гайхалтай ашиглахын сацуу бас олон зүйлсээс татгалзаж, өөрийн хатуу дүрмээрээ амжилттай ажилласан бүтээл. Balthazar гэдэг илжигний төрөхөөс үхэх хүртэлх амьдралыг харуулахдаа илжиг хэрхэн хүчирхийлэл хийгээд хамгийн цэвэр хайранд өртөж буйг үзүүлсэн эл кино нь харгис хэрцгий, буулт хийсэн ертөнцийг дүрслэх үзэсгэлэнтэй аргыг олсон Bresson-н бусад бүтээлүүдтэй харьцуулахад энэ нь "эгэл" сонсогдож магадгүй. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 29-р байрт жагсаагаад байна.
"Balthazar" киног 2012 онд Sight & Sound сэтгүүлээс явуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг кино шалгаруулах санал асуулгаар 16-р байрт орсон бол Bela Tarr, Nuri Bilge Ceylan, Michael Haneke нарын найруулагчид энэ киног дээдэлдэг гэдгээ мэдэгдсэн байдаг. Найруулагч Werner Herzog энэ киног "гайхалтай" гэсэн байхад Wes Anderson, Richard Linklater нар дуртай кинонуудынхаа тоонд оруулжээ. 2018 онд BBC гадаад хэл дээрх шилдэг 100 кино жагсаалтдаа энэ бүтээлийг 52-р байрт жагсаасан буй. Найруулагч Bresson "цэвэр кино урлаг"-ийн онолоо ашиглан шоронгийн сэдэвтэй хэд хэдэн кино хийснийхээ дараа кино бүтээх өөр хэв маяг руу шилжихийг хүсч буйгаа мэдэгджээ. Bresson хожим хэлэхдээ, Marie-н дүрийг Францын зохиолч Georges Bernanos-н "La Joie" романы дүрээс санаа авсан гэжээ. Мөн түүнчлэн Balthazar-н үхэл бол сайхь романы төгсгөл дэх тахилчийн үхлээс санаа авсан бололтой. Bresson хүн төрөлхтнийг судлахдаа Янсенизмын идеа хийгээд нөлөөллийг ашигласан ба тэрээр киногоо ерөнхийдөө Гэгээн Ignatius-н амьдралын үйл явдалтай харьцуулсан байдаг аж. Bresson киногоо Шведийн кино хүрээлэнгийн тусламжтайгаар хийжээ.
Киноны гол дүр Marie-д тоглосон Францын жүжигчин, зохиолч Anne Wiazemsky "Jeune Fille" гэдэг номондоо; зураг авалтын үеэр найруулагч Bresson-той дотно харилцаатай байсан гэж бичжээ. Тэд зэргэлдээ өрөөнүүдэд байсан бөгөөд Wiazemsky: "эхлээд тэр миний гарыг атгах юмуу хацрыг минь илэхдээ сэтгэл нь ханадаг байлаа. Гэтэл дараа нь тэр үнсэх гэж оролдсон нь намайг тавгүйтүүлэв. Би түүнийг түлхэж, тэр ч шаардсангүй, гэхдээ тэр үнэхээр гонсгор харагдсан учраас би үргэлж гэмшсээр ирсэн". Дараа нь Wiazemsky кино багийн нэг гишүүнтэй бэлгийн харилцаанд орсон нь бүсгүйд Bresson-н амраг гэдэг нэрээс татгалзах урам зориг өгсөн аж. Bresson мэргэжлийн бус жүжигчидтэй ажиллаж, тэдний туршлагагүй байдлыг ашиглан киногоороо реализмын тодорхой төрлийг бүтээдэг гэдгээрээ алдартай билээ. Wiazemsky: "Bresson-н зорилго надад хэрхэн жүжигчин болохыг заахад байгаагүй. Би дүрийнхээ сэтгэл хөдлөлийг бараг л мэдэрч чадсан. Хожим нь би өөр бусад кинонуудад энэ сэтгэл хөдлөлийг хэрхэн ашиглахыг сурсан".
Зураглаач Ghislain Cloquet найруулагч Bresson-той хамтран гурван кинонд ажилласнаас "Balthazar" анхных бүтээл байлаа. Bresson зураглаач Leonce-Henri Burel-тэй удаан хугацаанд хамтарч байгаад өмнөх "The Trial of Joan of Arc" киногоор хамтрал нь өндөрлөсөн. "Balthazar" Нью-Йорк хотод хийсэн анхны үзвэрээрээ таагүй үнэлгээ авсан боловч Европ дахь үнэлгээ илүү өөдрөг байв. Найруулагч Jean-Luc Godard: "Энэ киног үзсэн бүх хүн үнэхээр гайхаширна. Учир нь энэ бол цаг хагасын хугацаанд ертөнцийг үзүүлсэн кино" гэж магтжээ. Сонирхуулахад нь, Godard 1967 онд Anne Wiazemsky-тэй гэрлэсэн байдаг. Критикч Tom Milne: "Өнөөдрийг хүртэлх Bresson-н хамгийн шилдэг кино, түүний хамгийн цогц бүтээл" хэмээжээ. Дөрвөн жилийн дараа Америкийн кино театруудаар гарсан ба The New York Times киноны төгсгөлийн сцэнийг кино урлагийн түүхэн дэх хамгийн уярам хэсгүүдийн нэг гэж өргөмжилсөн. Критикч Andrew Sarris: "Миний үзэж байсан ямар ч кино намайг ингэтлээ догдлуулж байсангүй. Энэ кино өөрийн гэсэн уран сайханч байдлаараа сэтгэл хөдлөлөөр мэдрэгдэх хамгийн өндөр оргилуудын нэг болж байна" гэж бичжээ.
Тэгвэл энэхүү киног сөргөөр шүүмжлэгчид ч байсан; критикч Pauline Kael дэндүү уйтгартай бас доромж бүхий кино гэсэн бол найруулагч Ingmar Bergman: "Би энэ киног ерөөсөө ч ойлгосонгүй. Үнэхээр уйтгартай кино байлаа. Илжиг надад ямар ч сонирхолгүй санагдаж байна, надад үргэлж хүн л сонирхолтой байдаг" гэсэн буй. "Balthazar" киноны шашны дүрслэл, оюун санааны зүйрлэл, натуралист ба минималист гоо зүйн хэв маягийг критикүүд өргөнөөр талархан хүлээж авсан. Өвдөлт ба доромжлолын тансаг үзүүлбэр, харгислалын бүрэн жагсаалт бүхий илжигний амьдрал хийгээд үхлийн товч, хураангуй энэхүү үлгэр нь хүчирхэг оюун санааны захиасыг дамжуулдаг хэмээн критикч James Quandt онцолсон байдаг. Критикч J. Hoberman: "Bresson-н зүрх шимшрүүлсэн, сүрлэг энэ кинонд Францын хөдөө тосгонд илжигний амьдрал, үхлийг өгүүлдэг ба энэ бол 20-р зууны хамгийн аугаа кино найруулагчдын нэгний хамгийн сод урлагийн бүтээл" гэжээ. Критикч Manohla Dargis "Balthazar" киног кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг киноны нэг гээд сэтгэл зүрхийг хөдөлгөдөг шигээ ухааныг ч бас хөдөлгөдөг гэжээ.
Критикч Roger Ebert хэлэхдээ, Bresson-н арга барилын уран ухаан нь тэр үзэгчдэд илжигний "хариу үйлдлийн" нэгээхэн ч мөчийг ерөөсөө үзүүлдэггүйд оршдог гэсэн буй. Өөр бусад амьтантай кинонуудад амьтан нь нүдээ эргэлдүүлэх юмуу туурайгаараа гишгэлдэг байхад Balthazar илжиг зөвхөн алхах эсхүл хүлээдэг; тэр өөрийгөө ачааны илжиг гэдгээ мэддэг, түүний амьдрал ачаа зөөх эс зөөх гэсэн амьдралаас бүрэлддэг; энэ чинь л мэдрэмжийн тухай кино гэж нэрт критикч маань бичжээ. Критикч Ignatiy Vishnevetsky дээрхтэй төстэйгөөр Bresson илжгийг хүнчлэхийг огт оролдогтүй гээд илжигний хүний мөн чанараас мэдэрсэн зүйл нь хязгаарлагдмал ба цэвэр байсан; ганцаардмал залуухан хүүхний энэрэл, ууртай залуугийн цочир дайралт, мөнгөнд л санаа чилээдэг эзэнтэй ферм-д ажиллах; тэр бол ердөө л илжиг, тиймээс илүү дээд зүйл гэж бичсэн нь сонирхолтой. Киноны үйл явдал, дүрүүд, нууцлаг шинж, нийгмийг нарийвчлалын тогтмол хуримтлал. мөн түүнчлэн дуу чимээ, дэлгэцээс гадуурх орон зай, эвлүүлэг зэргийг ашигласан байдал нь найруулагчийн магтдаг хэт даруухан шинж төрхийг бүрэн дүүрэн болгодог шидтэй нөлөө үзүүлдэг.
Жараад оны дундуур Bresson "Balthazar" болон Mouchette" гэсэн хоёр сод бүтээлийг жилийн зайтай хийсэн ба сайхь хоёр киног түүний "ихрүүд" гэдэг. "Mouchette" бол түүний хар-цагаан хийсэн сүүлчийн кино байсан; мөн тус кинонд "Balthazar" дээрхтэй адилхан нэгэн гэнэн ариун охин хүмүүст доромжлуулж, гутаагдаж, эцэстээ үхдэг; үйл явдал нь мөн хөдөө тосгонд өрнөдөг. Эдгээр хоёр киноны төгсгөлийг муугаас сайн руу өөрчлөгдөх мөч гэж тайлбарладаг ба энэ нь муу муухайд автсан хүн төрөлхтнийг өршөөн энэрэхийг илэрхийлнэ. Сайхь хоёр киноны гол баатрууд хоёлуу байгальд амь тавьдаг, илжиг уулын энгэрт, Mouchette охин цөөрөмд үхэцгээхэд тэдний үхлийг гайхамшигтай хөгжмүүд дагалддаг. Хоёр үхэл хоёулаа хоёрдмол утгатай бололтой. Mouchette цөөрөмд унахад түүний биеийг хүлээн авсан усны гадарга дээр бөмбөлөг үүсдэг зураглал бол тэнгэрлэг, экстатик авралыг илтгэх аж. Харин илжигний үхэл нь шашны бус боловч туйлын дээдлэгдсэн буюу хонинууд дунд үхэж байгааг судлаачид бурхны илчлэлт, диваажинд буцан очиж байгаа хэрэг ажээ.
Уг киног Bresson католик шашны үнэн алдартны сүсэгтэн гэдэг утгаар харвал Есүс илжигний дудран унаад Иерусалим руу орж байгаа болоод Dostoyevsky-н "The Idiot" романаас иш татаж байгааг харгалзан харахад илжгийг Христ-тэй адилтгасан байх магадлалтай. Энэ утгаар үргэлжлүүлэн төсөөлбөл, илжиг богинохон, диваажинлаг бага насаа өнгөрүүлсэн; киноны эхэнд тэр эхийнхээ сүүг хөхөж, гурван хүүхэд түүнд баптизм хүртээдэг. Нэг харгис эзнээс нөгөө улам дор эзэнд шилжихдээ илжиг зодуулж, ороолгуулж, алгадуулж, шатаалгаж, доромжлуулж, эцэст нь цовдлуулж, буудуулж, цус алдан уулын бэлд удаанаар амь тавих нь модерн цагийн Голгофаг эрхгүй санагдуулахгүй гэж үү. Илжиг хууль бус бараа ачиж яваад (Gerard-н хууль бус үйлдэл) үхэж байгааг Есүсийн хүмүүний төлөө өөрийгөө золиослож байгаатай адилтгадаг аж. Илжиг цагаан хонинуудаар хүрээлэгдэн, шархандаа аажмаар бөхийн бөхийсөөр гав ганцаараа үхэж байхад хонинуудын зүүсэн чигнэх хонх Христийн шашны Agnus Dei (Бурхны хурга) гэсэн залбирлыг санагдуулдаг аж. Илжиг өөрийг нь тарчлаан зовоосон архичин Arnold, догшин Gerard, өрөвдөлтэй наймаачин, мөн зовж зүдэрсэн Marie, бусад бүх нүгэлтэй хүмүүсийн төлөө үхсэн. Уг киног трансцендентал бүтээл гэж ойлгох нь Bresson-н пессимист төсөөллөөс татгалзуулах буюу пессимизм нь түүний дараа дахин кинонуудад улам хүчтэй илэрдэг билээ.
Түүний өмнөх кинонууд оюун санаа болон метафизикийн сэдвээс илэрхий холдсон байдаг; "Diary of a County Priest" кинонд "бүх зүйлс нигүүслэл" гэдэг бол "A Man Escaped" кинонд хүмүүний хувь тавиланг бурхан урьдаас тогтоочихсон байдаг гэж гардаг. "Balthazar" киноноос найруулсан маань материалист ертөнц руу замналаа эргүүлдэг буюу түүний сүүлчийн "L'Argent" кинонд энэ тухай авч үздэг билээ. "Balthazar" кинонд бурхан шашин бага харагддаг. Үзэгчид эвдэрсэн байшин, шаварлаг талбай гэх мэт объект, зүйлсийн дунд байдаг гэхдээ найруулагч машин, тэрэг, вандан сандад, зоос, архи, хөгжмийн машиг, радио, буу, ялзарч баримт бичгээр хянах, хорихыг илэрхийлэх гэж оролдохдоо модны үеийг онцлохыг хүссэн бололтой. Хоригдох бол киноны эрх чөлөө, тайван амар байх гэсэн чухал сэдэв бөгөөд Marie, илжиг хоёр зэрэгцэн хоригддог билээ. Marie ч бас илжиг шиг эзнээс эзэн дамждаг; үүнд түүний аав, мөн Gerard, Jacques нар орно, Gerard-н эрхшээлд хүүхэн сайн дураараа ордог бол Jacques түүний сэтгэлийг ойлгодоггүй бага насны хайрт билээ. Marie киноны төгсгөлд зүгээр л алга болчихдог, учир нь хэн ч түүнийг зовлонгоос нь ангижруулж чаддаггүй. Bresson-н эвлүүлэг хураангуй, заримдаа таслагдсан хэмнэлттэй, түүний дуу чимээний ертөнц физикал байдаг; жишээлбэл Gerard мотоцикл юмуу машин унахын дээр байнга гинжтэй явдаг.
Bresson дүрийнхээ биеийг хэсэгчилсэн хүрээгээр хуваахдаа ялангуяа их биеэ, хөл, гарт төвлөрөх нь материаллаг байдлын мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлсийг (талх, газар, хууль бус бараа) кинонд олонтаа дурддаг; үхлийг үзэн яддаг, харин мөнгөнд хайртай хэмээн ярих үр тарианы наймаачны ярианаас харагдана. Энэ увайгүй наймаачны дүрд зохиолч Pierre Klossowski тоглосон ба түүнийг Arnold-н үдэшлэг дээр байхад Marie-тай бүжиглэж байсан залуу түүнд хандан "хэрвээ хүүхнийг хүсч байвал төлбөрөө төл!" гэж хэлдэг; өвгөн наймаачин сексийн төлөө Marie-д төлбөр төлдөг. Энд ийм мөнгөний нөхцөл өрнөж байхад илжиг эцэс төгсгөлгүй аялж, гараас гарт дамжихдаа хүмүүний харшис зэрлэгийг харуулаад зогсохгүй хүмүүний ертөнц хичнээн ёс суртахуунгүй болохыг илчилнэ.
Comments
Post a Comment