Damage (1992). Францын сонирхолтой кино найруулагч Louis Malle-н романтик, сэтгэлзүйн драм. Ирландын зохиолч Josephine Hart-н ижил нэрт романаас сэдэвлэн David Hare кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд: Jeremy Irons, Juliette Binoche, Miranda Richardson, Rupert Graves, Ian Bannen нар тоглосон. Miranda Richardson энэ кинонд тоглосон дүрээрээ Оскарын наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж, BAFTA наадмын шилдэг нь болсон байдаг. Критикүүд уг киног тухайн жилийнхээ шилдэг кинонуудын нэгээр нэрлэж, ухаалаг, бодитоор бичигдсэн учраас дүрүүд нь үнэмшилтэй болсон гэжээ. Критикч Roger Ebert "Damage- бол өөрийнх нь үзэж байсан хамгийн сэтгэл татам кинонуудын тоонд оруулсан байдаг. Критикүүд Irons, Miranda, Binoche нарын гүйцэтгэлийг өндрөөр үнэлсэн ба жүжигчдийн баг бүрэн итгэл үнэмшилтэй, няхуур хянамгай байж ур чадвараараа нэгдэн зорилгодоо нухацтай хандсанаар эл киног дээд зэрэглэлийн энтертайнмэнт болгосон хэмээжээ.
Өөгүй гүйцэтгэл, хүсэл тэмүүлэлтэй мөн чанараараа энэ бүтээл үзэгч таныг соронз мэт татах нь баараггүй. Rolling Stone сэтгүүл эх зохиолд үнэнч хандсан Hare болон Malle-н найргуулгыг магтаад жүжигчдээс Miranda-г тусгайлан онцолж; "зоригтой, Оскарын шагнал авахуйц тоглосон" гэсэн буй. Энэ бол сэтгэлийн гэмтэл, уур хилэнгийн талаарх хүйтэн, бас эмзэг бүтээл болой. Өвөрмөц эротик агуулгатай кинонуудаараа зартай Франц найруулагч маань энэ удаа Англи хэв маягийн суурь дэвсгэр дээр сэтгэл хөдлөлийн олон төлвийг солонгоруулсан ба арт кинонд дурлагчдад илүү нийцтэй бүтээл байх болов уу. Холливуудын романтик юмуу гал халуун кинонд дасагчдад энэ нь хуурай, хахир санагдаж магадгүй. Утгагүй дүр эсгэлт болон аюултай ангал хоёрын дундуур алхах мэт мэдрэмж төрүүлэх энэхүү эротик донтолтын тухай аймшигт төсөөлөл бүхий киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Улс төрч Stephen Лондонд эхнэр Ingrid болон охин Sally-тайгаа хангалуун сайхан амьдрах бол хүү Martyn нь тусдаа гарсан сэтгүүлч болой. Нэгэн хүлээн авалт дээр Stephen Anna гэдэг Франц залуухан хүүхэнтэй танилцана. Anna өөрийгөө хүүгийнх нь дотно найз гэж өөрийгөө танилцуулдаг боловч Stephen Anna хоёр анхны харцаар бие биедээ татагдчихна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Martyn Anna-г дагуулан эцэг эх дээрээ ирээд Anna бид үерхэж байгаагаа мэдэгддэг. Stephen Anna хоёр анх танилцсан үдшээсээ хойш бэлгийн харилцаатай болсон ба мэдээж тэдний нууц янаглалыг Ingrid, Martyn хоёр мэдэхгүй. Stephen оффистоо байхад нь Anna утасдаж, улмаар Stephen заасан газарт нь очиж гал халуун секс хийх бөгөөд энэ зураглал олонтаа давтагдана. Нэгэн баярын оройн зоог дээр Ingrid Anna-г хүүхэд насныхаа тухай ярихыг хүснэ, учир нь Ingrid-д Франц хүүхэн цаанаа л сэжигтэй санагдаад байв. Anna-г 15 настайд ах нь амиа хорлосон буюу "хайраас" болж амиа тэвчихдээ ах нь 16 настай байсан хэмээнэ.
Оройн хоолны дараа Martyn сэтгэлт хүүхнээ гэрт нь хүргэж өгөөд буцахад Stephen хүүгээ явахыг нь хүлээж байгаад Anna-н гэрт ороод "хоолны үеэр би чамд хүрэхийг маш их хүсч байсан" гээд тэд хүсэл тэмүүллээр дүүрэн секс хийдэг. Сексийн дараа Anna ахынхаа үхлийн тухай дэлгэрэнгүй ярина; ах нь түүнийг төрсөн ахын хувиас давсан сексийн хувьд хүсдэг байсны дээр үүрд дэргэдээ байлгахыг хүсдэг байж. Ах нь энэ хүсэлтэйгээ зөрчилдөн улмаар амиа хорложээ. Гэмтсан хүмүүс аюултай, өмчилсөн донтолтыг үзэн яддаг болохоо хүүхэн өгүүлдэг. Stephen-н Anna-г гэх хүсэл улам гүнзгийрэх бөгөөд тэрээр Брюссель явах ёстой байтал Anna-н төлөө Парис явна. Парист Anna, Martyn хоёр амарч байлаа. Martyn-г унтсан хойгуур Stephen Anna хоёр орцных нь үүдэнд хурьцаж байлаа. Stephen тэдний байгаа байрны өмнөх байранд орж тэднийг чимээгүй ажиглана. Stephen гэр бүлээ сүйрүүлээд ч хамаагүй чамтай хамт баймаар байна гэхэд Anna түүнд, хүүтэй нь хамт байгаа цагт хоёулаа уулзаад л байна, тэнэг зүйл битгий хийгээрэй гэж ятгадаг.
Хэсэг хугацааны дараа Stephen гэнэт Anna-н гэрээр ортол Anna Peter гэдэг залуутай хамт байж таарах ба Peter-г явсны дараа хардаж үхэх шахсан Stephen юу болоод байгааг хүүхнээс асуухад, ахыгаа амиа хорлосон байхыг харсныхаа дараа гэрээсээ зугтааж Peter-тэй секс хийж уй гашуугаа тайлсан гэж Anna өгүүлнэ. Ingrid-н төрсөн өдөр тохиож, Stephen-н гэр бүл Ingrid-н аавын эдлэнд баярлахаар явцгаана. Энэ үеэр Martyn Anna хоёр сүй тавьснаа мэдэгдэнэ; үүнийг сонссон Stephen золтой л ухаан алдчихгүй. Тэр шөнө Anna, Stephen хоёрыг хамт байгааг Sally санамсаргүй харчихна. Stephen охиндоо, Anna-н сэтгэлийг засах гэж шөнө уулзсан, учир нь ээж чинь энэ гэрлэлтэд дургүй байгаа гэж худлаа хэлнэ. Уг явдлаас хэдэн хоногийн дараа Stephen-н гэр бүл Anna болон түүний ээжтэй танилцаж хооллох ба хоолны үеэр Anna-н ээж Martyn-г амиа хорлосон хүүтэй нь тун төстэй байна гэдэг.
Мөн энэ ээж охиноо ирээдүйн хадам аавтайгаа "нүгэлт" холбоотой болохыг ажиж мэдээд тойруугаар бузар явдлаа зогсоо гэж Stephen-д анхааруулна. Stephen үнэхээр нөхцөл байдал бишдэж хяналтаас гарч байгааг ухаараад харилцаагаа дуусгая гэж түрүүлж хэлнэ. Тэгээд зогсохгүй тэрээр эхнэр, хүү хоёртоо нүглээ наманчилъя гэж бодсон ч зүрх нь хүрэхгүй. Гэтэл Anna түүнд нэгэн байрны хаягтай түлхүүрийг шуудангаар илгээнэ. Ингээд тэдний харилцаа дахин эхлэх бөгөөд Anna түүнд хүүтэй нь гэрлэж байж л чамтайгаа хамт байх боломжтой гэнэ. Азгүй байдлаар Martyn янагийн үүрийг нь олж мэдээд яваад очтол аав, сүйт хүүхэн хоёр нь ид хурьцаж байхтай таарчихна. Цочирдсон Martyn хөл алдан унаж үхнэ. Ухаан мэдэрлээ алдсан, нүцгэн Stephen хүүгийнхээ дөнгаж хөрч байгаа цогцсыг энгэртээ наахад Anna чимээгүйхэн байшингаас гарч явна. Stephen-н хэрэг нийтэд ил болж, бөөн шуугиан дуулиан болно. Гомдож, хилэгнэсэн Ingrid түүнтэй ерөөсөө учраагүй ч байсан болоосой гэж зүхдэг. Stephen ажлаасаа гараад Anna-тай уулзахаар ээжийнд нь очсон ч Anna түүнтэй уулзахыг хүсэхгүй. Stephen бүгдийг орхиод Өмнөд Европын нэгэн хотод даруухан амьдрах болжээ. Даржин өрөөнийх нь хана дээр тэртээ цагт Anna, Martyn хоёртой авахуулсан түүний зураг үлэмж том хэмжээтэй байршина. Тэрээр өдрийг энэ зургийг л харж өнгөрүүлдэг бөгөөд сүүлд сонсох нь ээ, Anna Peter-тэй гэрлэж хүүхэдтэй болжээ.
Хоёр хүн сексийн хувьд бие биедээ татагдах үе бол магадгүй амьдралын хамгийн дээд, бас аюултай агшин болов уу. Энэ мөчид юу ч тохиолдох боломжтой, мөн өөр юу ч ач холбогдолгүй болдог. "Damage" кинонд Stephen, Anna анх танилцахдаа л харцаараа биесээ ойлголцдог ба эл сцэнийг дахиад үзсэн хэн ч амьсгаагаа өөрийн мэдэлгүй түгжих нь дамжиггүй. Тэд утсаар ярин анх уулзахдаа энэ янаглал нь хуял, хүслээр бялхам боловч бусдыг хохироох аюултайг даанч бодсонгүй бас хайхраагүй. Тэд хэнийг ч зориудаар өвтгөхийг хүсээгүйн дээр секс харилцаагаа хайр сэтгэл болгохыг хүсээгүй. Anna Martyn-д хайртай, Stephen мэдээж хүүдээ хайртай, тэд бүгдээрээ гэрлэлтийг дэмждэг; гэхдээ л энэ их сонирхолтой түүх бөлгөө. "Damage" бол романтик кино бус, энэ бол хэт авталтын тухай кино ба хөгшин эрийн эротик галзуурал болоод залуухан хүүхний нарийн түвэгтэй, далдлагдсан сэтгэл, мэдрэмжийн тухай бүтээл. Anna Stephen-д татагддаг нь мэдээж, гэхдээ татагдалтаас ч илүү зүйл байх шиг байдаг.
Энэ магадгүй хүүхний бага залуудаа амссан гэмтэлтэй холбоотой, учир нь, тэр өөрийгөө "гэмтсан" гэж хэлдэг. Anna Stephen-г илэрхий хохироож, өвтгөхгүй хэдий ч тэр өөрөө байгаагаараа л гэмтлийг авчрагч болдог. Энэ киног үзэх нь ямар нэгэн эмнэлэгт ослыг хэрхэн өрнөхийг харахтай адилхан. Энэ бол хоёр хүний харцаараа холбогдох, анхны харцнаас үүдэлтэй цаашлан өрнөх бүхнийг өгүүлсэн кино гэмээр. Та киноны хоолтой сцэнүүд дээрх дүрүүдийн бие бие рүүгээ харах харцыг ажиглаад миний хэлсэнтэй холбож бодож үзээрэй. Жүжигчин Jeremy Irons энэ кинонд үнэхээр боловсон эр шиг харагддагийн сацуу хүүгийнхээ сүйт бүсгүйг булаасан гэмт шиг харагддаг. Нэгэн зэрэг ийм төрхийг бүтээнэ гэдэг амаргүй. Гайхамшигтай Juliette Binoche энэ кинонд зайлшгүй шаардлагатай чанаруудыг агуулсан, ерөнхийдөө гол дүр болой. Тэр дур булаам байдаг, гэхдээ Холливуудын маягийн дур булаам биш. Түүний царай төрх нухацтай бас ёсорхуу байдаг ба үүгээрээ тэрээр юуг ч харуулахгүй боловч олон зүйлийг санал болгох чадвартай. Phillip Kaufman, Jean-Luc Godard, мөн Louis Malle нарын найруулагчид Binoche-г өвөрмөц эмэгтэй дүрдээ сонгоод байдаг нь Binoche-н хэвийн байдлаас ангид, сексийн харилцааг ер бусаар гаргаж чаддаг болохоор нь сонгож байсных болов уу. Malle бол хориотой сексийн төрлийн киногоор мэргэшсэн найруулагч ба уг кино бол "Last Tango in Paris" кино шиг сексийн тухай биш сексийн харилцааг үзүүлсэн кино. Хайр юмуу ямар нэгэн өдөөлт байхгүй бол бие махбодийн харилцаа нь огтоос утгагүй.
Comments
Post a Comment