Crash (1996). Канадын кино найруулагч David Cronenberg-н эротик, триллер. Английн зохиолч J. G. Ballard-н 1973 оны ижил нэрт романаас сэдэвлэн Cronenberg өөрөө кино зохиолоо бичиж бас продюсерлэсэн. Киноны гол дүрүүдэд: James Spader, Deborah Kara Unger, Elias Koteas, Holly Hunter, Rosanna Arquette нар тоглосон. Энэхүү кино нь Канны кино наадмаар нээлтээ хийж, шүүгчдийн тусгай шагнал хүртсэн (жил бүр олгодог шүүгчдийн шагналаас ялгаатай). Шүүгчдийн зөвлөлийг ахлаж байсан найруулагч Francis Ford Coppola дээрх өвөрмөц тусгай шагналыг гардуулахдаа "оригнал, эрэлхэг, аймшиггүй зоригтой" байсных нь төлөө олгов гэж байжээ. Coppola мөн маргаантай сонголт байлаа, зарим шүүгчид тууштай эсрэгүүцэж байсан хэмээжээ.
Кино үзэгчдэд хүрсэн даруй хэл амны бай болсон; критикүүд янз бүрээр бичиж шүүмжилсэн ба зарим нь киноны зоримог анхдагч шинжийг таашааж байсан бол зарим нь хүчирхийллээр дүүрэн бүтэцтэй гэж буруушааж байв. Өнөөдөр "Crash" култ статустай болсноос гадна Cronenberg-н шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдэж байна. Үйл явдлын хувьд ихэвчлэн донтолт, клаустрофоби, түрэмгий цуврал секс сцэнээс бүрддэг энэхүү кино нь Японы кино найруулагч Nagisa Oshima-н "In the Realm of the Senses" кинотой төстэй. Найруулагч Cronenberg, зохиолч Ballard-н уран төсөөлөл, агуулгыг магтахгүй байхын аргагүй. Энэ бол хар бараан, түгшүүртэй, үхмэл, гаж этгээд кино ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 517-р байрт жагсаагаад байна. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Нисэх онгоцны граж дотор шаргал үстэй, нуруулаг, сонин сэтгүүлийн нүүрийг чимэхүйц үзэсгэлэнтэй бүсгүй хагас нүцгэн онгоцны хүйтэн төмрийг булбарайхан цагаан цээжээрээ илбэхүйд араас нь нэг эр бадрангуй цогтой хүслээрээ бүсгүйг ташуурдан эзэмдэхүй. Бүсгүйн бүх л үйл хөдлөл дур ханахуйн дээдийг илтгэх бөгөөд чухамдаа уг ханамж хүйтэн төмрөөс ирж байна уу, араас ирэх эр хүний ирмүүн тачаалаас уу, гэдгийг салгаж ухахад төвөгтэй. План өөрчлөгдөхөд, кино зураг авалт ид явагдаж буй студи харагдах агаад завгүй, бужигнасан олон кино продюсерээ хайж, эрэн байхуйд студийн нэг өрөөнд бусдаас нуугдсан продюсер маань туслах хүүхэнтэйгээ янаг амрагийн бал бурмаа солилцож байх сцен дотор шатаам халуун. Бужигнасан их хотын нэгэн үүлс шүргэсэн өндөр барилгын тагтан дээр бараг шалдан, амьсгалах бүр нь урин дуудсан халуухан эхнэрээ манарсан нүдээр харах эрийг James гэх бөгөөд тэрээр кино продюсер мэргэжилтэй.
Доторх дүрэлзсэн сэрлээ шөнийн салхинд хөргөөх мэт уялзан мөн тэгэхдээ араас нь төөнөн харах өөрийн эр ээ, бушуухан галан нөмрөгөөрөө хучаасаа гэж давхар тачаадах бүсгүйг Catherine гэх бөгөөд хосууд өнөөдрийнхөө янаг учралын тухай илэн далангуй ярьж, хэрхэн янагласан тухай нарийн ширийнээ ярилцах агаад ярилцах тусам улам бие биедээ татагдаж тагтан дээрээ таг наалдана. Энэ гэр бүл оюун санаа хийгээд бие махбодио эрх чөлөөтэй нээлттэй орхисон гэр бүл бөгөөд задгай, замбараагүй учралаа хоёр биедээ ярьж сексийн таашаалаа өргөтгөнө. Нэг орой James машинаар явж байгаад айхтар мөргөлдөж осолдох ба эсрэг мөргөсөн машинд явсан эхнэр, нөхөр хоёрын нөхрийг нь газар дээр нь алж, эхнэрийг нь өөртэйгөө адил сүрхий гэмтээнэ. James хоёр хөлөө хугалсан бол эсрэг машинд явсан Helen гэх эмч бүсгүй бас төдий хэмжээний хохирол амсана. Тэд эмнэлэг дээр танилцаж, эмнэлэгээс гарахдаа хамт гарах агаад James гэмшсэндээ тэрүү, бүсгүйд тахимдуу хандаж гэрт нь хүргэж өгөх санал тавихад нэгэнт нөхрөө алдсан Helen царайлаг залууг дагаж явсаар машины гражинд очиж машинд маш өндөр оргилсон, дэндүү ихээр тачаадсан тэсэрсэн секс хийнэ.
Ингээд, James Helen-ээр дамжуулан Vaughan гэгчтэй танилцах ба Vaughan бол машины ослын гэрэл зурагчингаас гадна солиотой эрдэмтэн болно. James-ыг осолдсон үе болон эмнэлэгт байхаас авхуулаад бүх зураг нь Vaughan-нд байх ба бүр Helen-тэй хурьцаж буй гэрэл зураг ч гаж зурагчинд байна. Vaughan хаана машины осол гарна тэнд очиж зураг авах ба түүхэн алдартай машины ослуудыг яг таг дууриан өөрийнхөө бүлгэмийн хамт хийж, хэрэгжүүлэх бөгөөд хэрэв хоёр машин хоорондоо мөргөлдсөн бол чухам тэрийг туршиж үзэж, түүнээсээ кайф, хэмжээлшгүй таашаал авна, хэдий энэ нь аминд эрсдэлтэй, аз туршсан тэнэг ч аюултай тусмаа Vaughan болон түүний дагагчдыг гүн донтуулна. Vaughan хүн төрөлхтөн технологтойгоо нэг цул болж шинэ бие махбодийг олох ёстой гэсэн философитой галзуу эрдэмтэн бөгөөд уг технологжсон бие нээлттэй сексийн харьцаанд орсоноор хүн төрөлхтөн аз жаргалд хүрнэ гэж номлоно. Vaughan-ыг дандаа осолд орж хүнд бэртсэн хүмүүс буюу муухай сорвитой, үзлийн шархтай, эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс дагах ба тэд биеийн гэхээсээ илүү оюуны бэртэлт орж, оюун санаанд нь учирсан энэ бэртэл Vaughan-ын номлолын ачаар өөрсдийгөө шинээр олсон шинэ хүмүүс болгоно. Тэд хамтдаа машины ослын бичлэг үзэж таашаал авах юмуу эр, эм гэхгүй хоорондоо сексдэж жаргана. James уг бүлгэмд шинээр орсоноор үзээгүйгээ үзэх бөгөөд галзуу эрдэмтэний хамтаар секс болон машины осол гэсэн харь ондоо хоёр зүйлээс урган гарсан, нэгэн цул болсон жигтэй ертөнцөд живнэ.
Найруулагч David Cronenberg-н хувьд техник технологи, нэн ялангуяа автомашины үйлдвэрлэл бол хүний оюуны бүтээгдэхүүн ба энэ бол хүний бие махбодын нэгэн төрлийн байгалийн өргөтгөл аж. Cronenberg өөрийн дуртай сэдэв, орчин үеийн технологи нь хүмүүс хийгээд тэдний бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар энэ кинондоо дахин авч үзсэн. Хүн төрөлхтөн секс үгүйгээр хиймэлээр үржих боломжтой цаг ирсэн гэж тэрээр тэмдэглээд хэрэв ийм нөхцөл үүсвэл секс хаана орших вэ гэж биднээс асууж байна. Кинонд хүний арьсыг машины гялтганасан гадаргуутай адилтгасан байдаг ба камер яг л арьсан дээр гулгаж байгаа мэт харагддаг. Энэ бол харгис, хөндийрсөн хүмүүсийн зөвхөн гэмтэл юмуу ослын туршлагааараа холбогдох тухай кино. Найруулагч Cronenberg J. G. Ballard-н нэг ч зохиолоогүй уншаагүй байж байгаад 1980-аад онд нэгэн критикчээс дуулсан ба критикч түүнд "Crash" романыг кино болгох хэрэгтэй гэж хэлжээ. Дараа нь "Naked Lunch" киног нь продюсерлэсэн Jeremy Thomas түүнд "Crash" номын тухай ярьж, заавал уншихыг зөвлөсөн бөгөөд Cronenberg номыг уншсан эвгүй, түгшүүртэй санагдсан тул талд нь оруулаад орхиж, кино болгож чадахгүй гэжээ.
Гэсэн хэдий ч тэрээр номыг дуустал нь уншаад зогсохгүй дахин уншсан ба "үнэхээр ер бусын ном гэдэг нь маргаангүй боловч надад таатай санагдаагүй" гэсэн байдаг. Ингээд Cronenberg кино болгохоос шийдтэл агент нь түүнд энэ чиний замналыг үгүй хийж мэднэ гэж анхааруулж байжээ. Cronenberg "Crash"-аас өөр зохиолыг нь уншаагүй байж байгаад киноныхоо зохиолыг бичсэн бөгөөд түүний зохиол ерөнхийдөө номондоо үнэнч байсан ч төгсгөлийг нь өөрийнхөөрөө зохиож, мөн зураг авалтын үеэр номоос авсан зарим хэсгийг хасчээ. Жишээлбэл, романд үйл явдал Лондонд болдог бол Cronenberg үүнийг Торонто болгон өөрчилжээ. Төсвийн асуудал болон Cronenberg нарийн ширийн зүйлс дээр анхаарч, анхаарлаа дээд цэгт байлгаж, яаралгүй ажиллахын тулд кино зохиолыг зориудаар 77 хуудас хүртэл богиносгосон. Тэрээр сүүлд хийсэн кинонуудаасаа илүү бага төсөвтэй кино хийхийг хүсчээ. Бага төсвөөс болж хөгжмийн зохиолч Howard Shore киноны хөгжмийг Лондонд бус Торонтод хийхэд хүрчээ. Тэд Cronenberg-н "Videodrome" кинонд хамтран ажилласан байдаг. Критикч Roger Ebert энэхүү эротик триллерийн тухай: "Энэ кино бол өөр хэнд ч байхгүй сексийн фетиш-д автсан дүрүүдийн тухай. Cronenberg порнограф хэлбэртэй кино хийсэн ч үр дүн нь порнограф биш. Энэ бол компьютерээр хийсэн порнограф шиг кино. Энэ нь сексийн тухай олон гигабайт мэдээллийг татаж аваад машинтай холбогдох бидний янаг хайрыг илрүүлээд тэдгээрийг алдаатай алгоритмаар нэгтгэнэ. Үр дүн нь сорилттой, зоригтой, оригнал буюу порнографын механикийг задлан шинжлэх явдал. Би энэ киног биширсэн ч таалагдсан гэж хэлж чадахгүй".
Критикч J. Hoberman киноны уй гунигтай өнгө аяс, хуурай ширүүн хошигнолыг магтсан. Критикч Mark Kermode киног "бараг төгс" гээд маш хүнд кино гэдгийг хүлээн зөвшөөрөөд жүжигчдийн гүйцэтгэлийг "мөс" шиг гэжээ. Урлаг судлаач Parveen Adams-н үзэж буйгаар "Crash" нь кино бүтээх янз бүрийн аргачлал ашиглан тэгш бүтэц бий болгосон нь киноны дүрүүдийг өөр бусад майнсртим кинонуудтай харьцуулашгүй болгожээ. Мөн Adams-н хэлснээр киноны дүрүүдийн сорви хуучных бас цусгүй байдаг, нэг үгээр шарх үхэжсэн; шарх нь гэмтэл гэхээсээ илүүтэй бидний нийгмийн болоод сэтгэцийн нөхцөл ажээ. J. G. Ballard киноны тухай ярихдаа; кино номоос илүү болсон, кино номоос илүү динамик, хүчирхэг гэжээ. Италийн нэрт кино найруулагч Bernardo Bertolucci нэгэнтээ Cronenberg-тэй уулзахдаа чиний "Crash" кино шашны тухай сор бүтээл гэж хэлж байсан гэдэг.
Comments
Post a Comment