Charulata (1964). Энэтхэгийн мастер кино урлаач Satyajit Ray-н бичиж, найруулсан драм. Бенгалын бичгийн их хүн Rabindranath Tagore-н "Nastanirh" гэдэг туужаас сэдэвлэн хийсэн бөгөөд киноны гол дүрүүдэд Soumitra Chatterjee, Madhabi Mukherjee, Shailen Mukherjee нарын жүжигчид тоглосон. Уг киног найруулагч Ray-н хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж үнэлдэгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд багтаадаг. Киноны эхлэл хийгээд төгсгөлийн сцэнүүд тун алдартай, критикүүдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Миниимал харилцан яриатай эхний сцэнд Charu-н гадаад ертөнцийг дурангаар харж байгаа нь түүний ганцаардмал хүн болохыг илтгэдэг. Тэгвэл төгсгөлийн сцэнд Charu нөхөртэйгөө гар гараасаа барилцах гэж байхад дэлгэц "царцдаг"; кино урлагийн түүхэнд кадр царцаах энэ аргыг магадгүй энэ сцэнд хамгийн урнаар ашигласан болов уу. Викториан эриний ЭнэтхэгийгTagore-н туужаас сэдэвлэсэн энэхүү драм нь Ray-н замналын харьцангуй эхэн үед хамаарагдах агаад өөрийнхөө мизасцэнийг жинхэнээр олж нээсэн магадгүй анхных нь бүтээл гэж зарим судлаачид дүгнэдэг.
Энэ бол уй гашуугийн нарийн өнгө аястай, онцгой олон иш таталт бүхий диалогитой; агшин болгон нь уртай сайхан, камерийн хөдөлгөөн ба уусалт бүр нь өөрийн гэсэн түүхтэй шедевр болой. Их Британийн кино хүрээлэнгийн критикүүдийн саналаар Энэтхэгийн хамгийн шилдэг 10 киноны 7-р байрт шалгарсан уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 309-р байрт эрэмбэлээд байна. Sight & Sound сэтгүүл "Charulata" киног энгийн байдлыг нарийн урантай ер бусаар зохицуулж чадсан гэж магтсан бол The New York Times "Ray-н бүхий л кинонуудын адилаар энэ нь сүр жавхлантайгаар чииээгүй хөдөлдөг" гэж бичжээ. The Times "Кинонд дүрсэлсэн үнэт зүйлсээс харахад энэ нь Английн нөлөө хэр байсныг харуулна; Энэтхэгийн энэ анги давхаргын амьдрал Англиас ч илүү Англи байжээ" гэжээ. The Guardian сэтгүүл "Шинэлэг, гойд тод" гэсэн буй. "Charulata" Берлиний олон улсын кино шилдэг найруулагчийн Мөнгөн Баавгай шагнал хүртсэн. Харамсалтай нь, Канны кино наадам хүлээж авахаас татгалзсан, Ingmar Bergman, David Lean нарын найруулагчид Канны шийдвэрийг эсэргүүцсэн байдаг. Францын кино найруулагч Jean-Luc Godard уг киног хамгийн дуртай киногоороо нэрлэжээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Энэтхэг улс Их британий колони байсан цаг үед өгүүлэх кино маань өрнөнө. Сайхан том байшиндаа хорь орчим насны залуухан, гоо үзэсгэлэнтэй, мөн дээр нь ухаалаг, оюунлаг Charu хүүхэн бяцхан театрын дурангаараа гудмаар явах хүмүүсийг сонжин өрөөнөөс өрөө, цонхноос цонх руу дэгдэн гүйх нь хүүхнийг том байшиндаа ганцаардаж, уйддаг болохыг харуулахаас гадна торон доторх шувуухайг зүйрлэх мэт. Charu хүүхдэрхэг бөгөөд яруу найраг болон уран зохиол шимтэн сонирхож өдөржин л том байшиндаа ном уншингаа эр нөхрөө хүлээх бол түүний нөхөр Bhupati ажил гээд оройтож ирэх юмуу эхнэрийнхээ дэргэд байнга байж чадахааргүй нийгмийн идэвхтэй, хөдөлмөрч хүн болой. Энэ Bhupati бол тийм ч хөгшин биш гуч гаран настай нүдэнд дулаахан, эхнэртэй маш их хайртай эр бөгөөд улс төрийн сонин эрхлэгч, улс төрийг хорхойсон сонирхох либерал үзэлтэн. Bhupati гэр орон оо барууны маягаар тохьжуулж, өөрөө ч бас барууны маягаар хувцаслах агаад барууны ном уншиж боловсорсон сэхээтний ангид хамаарагдах сүрхий залуу.
Bhupati эхнэрээ уйдаж, ганцаараа гэртээ гуниглаж байгааг аль хэдийнээс анзаарах болсон тул нэг оройн хоолон дээр эхнэртэй хандан “чамдаа хань болж чадахгүй байгаад уучлаарай, чамд хань болгохоор ах Umapada-г чинь эхнэр Manda-н хамтаар авчиран гэртээ суулгая, Manda чамд хань болж, Umapada миний ажилд тусална биз” хэмээхэд Charu яасан ч яахав гэсэн байдлаар хүлээн авдаг. Ингээд Umapada, Manda хоёр тэднийд нүүж ирнэ: Umapada-д Bhupati итгэл хүлээлгэн сониныхоо газарт ажилд аваад зогсохгүй хамаг нарийн ширийн ажлаа даатган өгнө, тэр ийм л итгэмтгий хүн бөгөөд хүмүүс бие биендээ итгэж бас итгэлийн дааж амьдрах ёстой, үгүй гэвэл амьдрал утгагүй гэж үзэгч бол Manda, Charu хоёр өдрийг хөзөр тоглох юмуу ойр зуурын яриа ярьсан шиг өнгөрүүлнэ, гэвч оюунлаг Charu-д энэ нь бөөн уйтгар болж, хань болж буй хүнээсээ залхаж ирсэн ч чимээгүй тэвчсээр. Амьдрал ийнхүү үргэлжилж байтал Bhupati-ын гэрт бөл дүү Amal нь хэсэг хугацаагаар амьдрахаар ирнэ. Amal бол их сургуулийн оюутан, зохиолч болох хүсэлтэй, ном их уншдаг, царайлаг, хөгжилтэй залуу ба тэрээр насаар Charu-тай чацуу байв.
Amal-ын хөгжилтэй, оюунлаг байдал гэрийг сэргээх ба Charu үүнд хамгийн их сэргэн баясна: хүүхэн өөрийн үеийн залуутай тоглон марзагнахын хажуугаар өөрийнх нь хэмжээний оюунлаг хүн гэрт ирсэнд урам орж Bhupati-г өөр хот руу ажлаар явахад захиа бичих бөгөөд Bhupati эхнэрийнхээ бичих чадвартайг эргэн санаад Amal дүүдээ хандаж “миний эзгүйд чи Charu-д хань болж байгаарай, цаадах чинь бичих авъяастай чи туслаарай” гэж захина. Amal, Charu хоёр өдөржин хамт яруу найраг, утга зохиол ярилцан цэцэрлэгт хүрээлэнд амрах ба энэ үеэр Amal зохиол бичих санаатайгаа, мөн юу бичих тухайгаа хүүхэнтэй ярилцана, энэ үед хүүхэн Amal-д тэмдэглэлийн дэвтэр бэлэглэхээр дотроо шийднэ. Charu-ын Amal-г хардаг харц одоо анхныхааг бодвол тогтсон, бахдсан, энхрийлсэн аясаар гэрэлтэх бөгөөд залуугийн гэнэн, ухаалаг бас хөгжилтэйд татагдаж улмаар ухаангүй дурласан байлаа.
Тэрээр Amal-даа зориулан өөрийнхөө хөөрхөн гараар тэмдэглэлийн дэвтэр хийгээд бэлэглэхдээ ингэж хэлнэ “чи үүн дээр оюунаасаа гарах бодлуудаа бичээрэй, гэхдээ ямарч тохиолдолд үүн дээр бичсэнээ сонин, сэтгүүлд нийтлүүлж болохгүй шүү” гэсэн болзолтойгоор өгөх ба хүүхний хувьд тэмдэглэлийн дэвтэр нь тэдний нандин харилцаа, хайрынх нь бэлгэдэл болохоор ингэж өмчилжээ; Amal бэлэгнийхээ дэвтэрт бичсэн нэг эссэгээ Charu-д уншиж өгчихөөд “эгч та бас юм бичээж” гэсэн санал тавих ба Charu-г эзгүй хойгуур Amal Manda-аас ямар сонинд нийтлэлээ өгч болохуу хэмээн сэмээрхэн асууна. Тэр шөнөдөө Bhupati бөл дүүдээ гэргий болох сайн айлын сайхан охин олсон гэдгээ дуулгах үед Charu-ын царай шөнө шиг болох агаад Amal саналаас эрс татгалзахад Charu-ын царай өдөр шиг гийгээд зогсохгүй инээмсэглэлээ үл нууна.
Хэдэн өдрийн дараа Amal-д сонины газраас эссэг чинь нийтлэхээр боллоо гэсэн захиа ирэх агаад уг мэдээг сонссон Charu уурласаар өрөөндөө ороод хаалгаа түгжин уйлж эхлэх бөгөөд тэр өдөр гэртээ эрт ирж таарсан Bhupati эхнэрийгээ уйлж байхыг золтой л харж чаддаггүй. Amal эгчийнхээ тэгтэл уурлаж бас гомдож буйд гайхаад тохиролцоогоо энгийн л зүйл байсан ухааны юм ярьж өөрийгөө өмгөөлдөг бөгөөд хүүхэн уг явдлаас болж өөрийнхөө түүхийг бичиж сонинд нийтлүүлдэг ба Amal эгчийнхээ оюуны, мөн бичих чадварыг бишрээд үргэлжлүүлэн бичихийг хүсэхэд Charu “би ахиж юу ч бичихгүй” хэмээн уйлдаг. Английн сонгуулиар либералистууд засгийн эрхэнд гарсны баяр болж Bhupati-ын гэрт баяр хийх бөгөөд баярт ирсэн хүмүүс Bhupati-д эхнэр чинь сонинд өгүүллэг нийтлүүлсэн, тэгэхдээ маш сайн өгүүллэг болж хэмээн магтан баяр хүргэхэд Bhupati гайхаж бас сандарна. Энэ үед Umapada эхнэрийн хамт Bhupati-ын бүх мөнгийг хулгайлахаас гадна нэр дээр нь баахан өр тавьчихаад зугтааж одно.
Уг итгэл эвдсэн хэрэг Bhupati-ын сонины газрыг бүрэн дампууруулж, модоо барихад хүргэх бөгөөд Bhupati бөл дүүгээ өрөөндөө дуудахад Charu Amal-г тэвэрч аваад “юу ч болсон энд үлдэнэ гэж амлаач” хэмээн гуйхад залуу хүйтнээр түлхчихээд ах дээрээ ордог: ах нь түүнийг ойр дотны хүний урвалт ямар хэцүү юм бэ гээд гаслахад Amal-ын царай цонхийн цайж, маш их гэмшил, ичгэвтэр төрх илэрнэ; маргааш өглөө гэхэд Amal энэ гэрээс үүрд явсан байх агаад тэрээр Charu –д хайртай байсан уу, үнэхээр зориуд тоглоомоор эргүүлдэг байсан уу \кинонд тийм улайм цайм сээтэгнэл гардаггүй\ гэдэг эргэлзээтэй ч залуу ухаалаг алхам хийсэн нь гарцаагүй юм. Amal явсанаас хойш Charu нулимсаа хэдэн удаа залгисныг мэдэхгүй ч тэрээр нөхөртэйгөө шинэ сониноо эхлүүлж, өөрөө нийтлэгч болохоор болоод байтал Amal-аас захиа ирж Bhupati баяр болох бол Charu тоохгүйг хичээнэ. Нөхрийгөө явсан хойно Charu захиаг уншин ёстой асгартлаа, дэлбэртлээ уйлж байхад Bhupati санамсаргүй гэртээ эргэн ирсэнээр эхнэрийгээ харж бүхнийг ойлгох ба гэрээсээ явахаар шийдсэн ч замынхаа дундаас буцаад гэртээ ирэхэд эхнэр нь үүдэн дээрээ хүлээж байдаг.
Rabindranath Tagore "Nastanirh" туужаа 1901 онд бичсэн ба Ray эл зохиол яагаад өөрт нь таалагдсан тухайгаа "Энэ зохиол Өрнөдийн шинж чанартай, кинонд ч энэ шинжийг үзүүлсэн. Тиймээс ч би Mozart-г "Charulata"-тай холбон ярьж чадаж байна". гэсэн буй. Найруулагч Ray-н мэндэлсний 100 жилийн ойгоор нэгэн сэтгүүлчийн бичсэнээр, Tagore туужаа өөрийнхөө ах Jyotirindranath Tagore (өөрөөс нь 12 ах) болон бэр эгч Kadambari Devi (өөрөөс нь 2 насаар эгч) хоёрын амьдралаас сэдэвлэн бичсэн гэсэн таамаг байжээ. Tagore 23 настай байхад байхад Devi амиа егүүтгэсэн бөгөөд уг эмгэнэлт явдлаас хойш 4 сарын дараа Tagore гэрлэсэн байдаг аж. Ray киноныхоо түүхэн нөхцөл байдлыг судлахад олон сар зарцуулж, замналдаа анх удаагаа продакшны өмнө хийгээд зураг авалтын эцсийн хугацаагүйгээр ажиллажээ. Киноны дотоод хэсгүүдийн тайз заслыг 1880-аад оны Энэтхэгийг зөв дүрслэхийн тулд бүх тайзаа шинээр барих юмуу шинэчлэн босгожээ. Найруулагч Ray уг киногоо өөрийнхөө хийсэн кинонуудаас хамгийн их дуртай киногоор нэрлэсэн байдаг. Дэлхийн эрхэм хүн Tagore 1921 онд "Дэлхийн Их Сургууль"-аа байгуулсан ба 1940 онд 19 настай байсан Ray тус сургуулийн урлагийн ангид оржээ. Хоёрхон настайд нь нас барсан Ray-н аав Tagore-н дотно найз байж.
Залуухан найруулагч маань өвгөрч, доройтсон эрдэмтний сүр жавхлангаас сүрдэн эмээдэг байсан гэдэг. Ray Tagore-н бүтээлүүдэд үргэлж гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд 1948 онд "The Home and the World" зохиолоор нь кино хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйлтсэн бөгөөд хожим Ray энэ талаараа ярихдаа; кино зохиол нь угаасаа Холливууд маягийн, сонирхогчийн түвшнийх байсан, бүтэлгүйлтсэн нь ч оносон ухааны юм ярьсан байдаг. 1961 он гэхэд "The Apu" трилогиороо олон улсад алдартай болчихоод байсан Ray одоо л яг Tagore-н зохиолоор кино хийхэд бэлэн боллоо гэж үзээд "Three Daughters" зохиолоор нь кино хийж, мөн Tagore-н тухай баримтат кино хийж их бичгийн хүний мэндэлсний 100 жилийн ойг нүсэр тэмдэглэсэн. Ray эл бүтээлээ хожим Энэтхэгийн үндэстний их яруу найрагчид зориулсан "бэрх үүрэг" байсан гэсэн буй. Зарим критикүүд "Charulata" киног Ray-н оргил бүтээл гэж үздэг; харин өөрөө тэр уг киногоо хамгийн бага алдаа дутагдалтай кино нь гэсэн байдаг. Дээр дурдсанчлан Tagore зохиолоо бэр эгчээсээ сэдэвлэсэн гэдэг яриа байдаг ба бэр эгч киноны Charu шиг үзэсгэлэнтэй, оюунлаг, бичих авъяастай нэгэн байжээ. Tagore амьдралынхаа эцсийн үед зурсан олон тооны эмэгтэй хүний хөрөг зургаа бэр эгчийнхээ дурсамжаас үндэслэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Киноны эхнээс л үггүй, удаан үргэлжилсэн үзэгдлээр Charu бол торонд хоригдсон шувуухай болохыг найруулагч гоёмсог, урссан кадруудаар үзүүлдэг. Тухайн үед дундаж давхаргын Бенгал эхнэр ганцаараа хотоор явж болдоггүй байсан аж. Эл үзэгдлийн туршид камер Charu-н тор болсон Викториан эриний Байна тансаг байшингийн доторх бүхий л орон зайгаар хэрэн тэнэдэг. Харин кинонд сэтгэлийн үймээн самууныг хоромхон зуурын харцаар эсхүл хоолойны өнгөөр далдуур илэрхийлдэг. Нарны гэрэлд туяарсан цэцэрлэгт Amal дэвсгэр дээр хэвтэж байхад Charu түүний дээгүүр савлуураар нисэж байхдаа шинэ оюунлаг, эротик өдөөлтөндөө хөөрөн баясч байдаг. Арав орчим минут үргэлжилдэг энэхүү сцен бол их найруулагчийн бодож олсон хамгийн уран яруу сцен болой. Критикч Robin Wood: "Ray бол кино урлагийн түүхэн дэх хамгийн гарамгай уялдаа холбоог бүтээгчдийн нэг". Ray хэлэхдээ; Өрнөдийн үзэгчдэд энэ кино гурвалжин өрнөлтэй, Европжсон, Викториан эриний уур амьсгалтай гэдгээрээ танил санагдах байх, гэвч энэ бол Өрнөдийн үзэгчид ойлгохгүй дуу, уран зохиол, орон гэрийн нарийн зүйлсээр дүүрэн кино гэжээ.
Comments
Post a Comment