Мянган нэгэн шөнийн цэцэг

 


Arabian Nights (1974). Италийн нэрт кино найруулагч Pier Paolo Pasolini-н найруулсан кино. Энэхүү киног эртний Арабын "Мянган нэгэн шөнийн үлгэр" антологи зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1974 оны Канны кино наадмаас гран при шагнал хүртсэн. Энэ бол "The Decameron" киногоор эхэлж, "The Canterbury Tales" бүтээлээр үргэлжилсэн Pasolini-н "Амьдралын трилоги"-ийн сүүлчийнх нь болж гарсан кино. Гол дүрд Franco Meril тоглосон ба Pasolini түүнийг эл киногоороо нээжээ. Уг киноны зохиол нь эх сурвалжийнхаа хэд хэдэн түүхийг багтаахдаа Scheherazade, Dunyazad болон Хаан Shahriyar нарын давхар түүхийг орхисон байдаг. Кинонд нүцгэлэлт, секс, бүдүүлэг хошигнолыг ихээхэн агуулагдсан; ингэснээрээ эх зохиолынхоо түүхэн доторх түүх, эротизмын шинж чанартай бүтцийг хадгалсан ба уг бүтээлийг "Мянган нэгэн шөнийн үлгэр"-ээр хийгдсэн хамгийн оюунлаг, шилдэг кино гэж ихэнх критикүүд үздэг. "Arabian Nights" киногоо Pasolini хүүхэд насныхаа дурсамжаас үндэслэсэн хийх зорилготой байсан боловч киноныхоо бэлтгэлд зориулан "Мянган нэгэн шөнийн үлгэр"--г илүү шүүмжтэйгээр дахиж уншсныхаа дараа зөвхөн "үзэсгэлэнтэй" гэж үзсэн түүхүүдээ л сонгон ашиглажээ. Ийнхүү Арабын шөнөөр хамт аялцгаая.

"The Decameron" хошин гадаргууныхаа цаана хурц алсын харааг толилуулдаг бол "The Canterbury Tales" нь трилогийн хамгийн сул нь буюу найруулагчийн бэлгийн чиг баримжаанд төвлөрч, харин "Arabian Nights" кино үнэний олон төрлийн харилцан уялдсан гайхалтай тогтуун, нээлттэй оньсого мэт байдаг. Энэхүү үлгэр нь гүн гүнзгий, нууцлаг, сэтгэл татам олон агшинаас бүрдэх бөгөөд энэ үлгэр хаад, чөтгөр, хайр, урвалт, хагацал, өр төлөөс зэрэг сэдвүүдийг тойрон өрнөнө. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 989-р байрт эрэмбэлээд байна. Кинонд эгшиглэгдэх ихэнх хөгжмийг Ennio Morricone бичсэн ба "Амьдралын трилоги"-ийн нөгөө хоёр бүтээлээс ялгаатай нь энэ кинонд уламжлалт хөгжмөөс зориуд холдсон; киноны хөгжим нь илүүтэй симфони байдаг. Энэ нь киноны шинж төрхийг бодитоос салгаж, зүүд мөрөөдөл шинжтэй болгоход зориулагдсан. Мөн түүнчлэн Mozart-н 15--р чавхдаст дөрвөлийн Анданте-г кинонд ашигласан ба энэ нь дэлгэцэнд дүрслэгдсэн тарчиг хоосон байдлыг Mozart-н баялаг хөгжимтэй эсрэгцүүлэх зорилготой байв.
Pasolini-н бичсэн эх зохиол нь кинонд эцсийн байдлаар ашигласантайгаас ялгаатай; ерөнхий төлөвлөлт хийгээд эргэн дурссан хэсгүүд тун өөр, эх номноос илүү олон түүхийг нэмжээ. Оригнал кино зохиолд эхний хагас, завсарлага, хоёрдугаар хагас гэсэн гурван хэсэгт хуваасан байсан ба хэсэг бүр нь эцсийн зохиолын үргэлжилсэн, рапсодик, урссан бүтцээс илүүтэй уламжлалт хүрээн дотор илүү олон түүхийг багтаасан өөр өөр давхар түүхийг агуулсан байх ёстой байжээ. Киноны анхны оршил хэсэгт, Каир хотод дөрвөн хөвгүүн толгойдоо янз бүрийн үлгэр төсөөлөн гар хангалга хийж байгаагаар эхэлдэг аж. Эдгээр зүүд мөрөөдөл нь Abu Nuwas-н эротик яруу найраг, Хатан Zobeida ба Хаан Harun хоёрын үлгэр, Hasan болон сайхан Sitt хоёрын үлгэр, мөн Dunya, Tagi, Aziz, Aziza нарын эх номын янз бүрийн үлгэрүүд дээрээс үндэслэгддэг. Хоёр бадарчины үлгэр сүүлчийн сцэний дунд орох ёстой байв. Эдгээр үлгэрүүдээс Dunya-н ярьдаг давхар хүүрнэлтэй үлгэр л кинонд оролгүй хасагдаж бусад үлгэр нь үлдсэн бөгөөд гэхдээ эдгээр үлгэрүүд өөр өөр агуулгатай болж оржээ.

Завсарлага буюу интермеццо дотор өөр өөр шашинтай дөрвөн хүн биесээ бөгтөр хүнийг алсан гэж сэжиглэж, Султаны хилэнг намжаахын тулд үлгэр ярьж өгдөг аж. Христийн бэр гуйгч, мусульман тогооч, еврей эмч, хятад оёдолчин тус тусын өөрийн үлгэрийг ярьж, цаазын ялаас мултардаг аж. Дараагийн хэсэгт, найруулагч Pasolini өөрөө гарч ирээд хэсэг залуу хөвгүүдийг үнсэж, тэдэнд Zummurrud ба Nur-ed-Din хоёрын түүхээс хэсэгчлэн ярьдаг. Эл хэсгийг бүхэлд нь кинонд оруулаагүй. Уг киноны хамгийн алдартай кадр болох Aziz Budur-н үтрээ рүү шодой хэлбэртэй сумаар харвадаг хэсэг зохиолд байгаагүй ажээ. Оригнал зохиолын ихэнх хэсэг дэх Zummurrud, Nur-ed-Din хоёрын үндсэн өгүүлэмжийг шинэчлэн бүтээж, үүнийг тусган тодотгосон янз бүрийн үлгэрүүдийг шигтгэж өгчээ. Эцсийн зохиол нь өгүүлэмжийн бүтцийг хатуу дагадаггүй боловч үлгэрээс үлгэр рүү шилжих рапсодик хэлбэрийг агуулдаг. Киног Arriflex камераар авсан; Pasolini тэр үеийн кино урлагт хамгийн нийтлэг аспект байсан "master shot" аргыг ашиглахаас татгалзсан. Ер нь тэрээр хэзээ ч энэ аргыг хэрэглэж байгаагүй ба эл бүтээлийн бүх сцэнийг план планаар нь авчээ.

Ингэснээр түүх хийгээд дүрүүд рүү буцаж ирэхгүй бөгөөд энэ нь мөн кинонд юу ч тохиолдож болох чөлөөт хэлбэрийн аспектийг өгдөг. Гэсэн хэдий ч план төгс тохируулагдсан хэвээр байх ба баатруудын нүүрэн талыг голдуу хөрөг зургийг санагдуулахуйц жаазлаж өгнө. Pasolini кинонуудаараа дүрслэлийн өгүүлэмжээ илэрхийлэхэд зайлшгүй шаардлагатай хурдан тусгалын хэрэгцээг ингэж шийджээ. Тэрээр "Амьдралын трилоги"-доо харь орнуудын ардын эротик үлгэрүүдийг дүрслэхийг зорьжээ. Трилогийн нөгөө хоёр кино болох "The Decameron" (Итали), "The Canterbury Tales" (Их Британи) кинонуудын нэгэн адилаар энд өгүүлэн буй кинонд Дорнын хэд хэдэн эротик үлгэрээс сэдэвлэгдсэн билээ. Pasolini энэхүү трилогидоо өмнөх бүтээлүүддээ хандаж байснаас илүүтэй өөдрөг, эерэг үзлээр ханджээ. Тэрээр эсэргүүцэгч нэгэн байсан бөгөөд кинонууд нь голдуу сэтгэл гутралын сэдвийг хөнддөг. Шинэ эхлэл болсон энэхүү трилогид сэтгэл гутралын өнгө аяс байхгүй ба "Arabian Nights" бол шашныг илэрхий шүүмжилдэггүй трилоги дахь цор ганц кино гэдгээрээ онцлог. Трилогийн нөгөө хоёр кинонд сүм, лам нарыг зад шүүмжилдэг бол энэ кинонд исламын шашныг маш баг үзүүлдэг; дарс уулаа гэж аавдаа загнуулдаг Nur-ed-Din-н хэсгийг хасчихсан аж.

  Аллахын нэрийг киноны туршид ердөө хоёрхон удаа дурддаг ба дүрүүдийн аль нь ч сүмд явах юмуу шашны зан үйл хийж байгаа харагдахгүй. Трилогийн кинонуудад мухар сүсэг, элдэв ид шидийг онцолдог бол дүрүүд нь шашингүй байдаг. Трилогийн нөгөө хоёр кинонд бэлгийн харилцаанд орохыг нүгэл гэж үздэг бол эл бүтээлд ямарваа хорио цээргүй. Нээлттэй бэлгийн харилцаа уг кинонд чухал сэдэв болдог; үүнийг Zummurrud-н эхэнд өгүүлсэн үлгэрт харуулсан байдаг. Нэгэн яруу найрагч нүцгэн хүү, охин хоёрыг үлдээгээд хэн нь төрүүлж сээтэгнэх нь гэж сэмхэн ажтал хэн хэн нь биесээ оролдон өддөг; энэ нь юуг өгүүлнэ вэ гэвэл бэлгийн харилцаа гэдэг хүйсүүд хийгээд бүхий л чиг баримжаанд адилхан байдаг гэсэн санаа аж. Хуял тачаал аль ч хүйстэнд адилхан мэдрэгдэх бөгөөд үүнд буруу байхгүй аж. "Мянган нэгэн шөнийн үлгэр" буюу эх зохиолыг орчуулсан эхэн үеийн Өрнөдийнхөн (ялангуяа Antoine Galland) эротик өнгө аясыг нь бууруулахыг маш их чармайсан байдаг боловч эротик болон бие махбодийн амьдралын мөн чанар талаар эх үлгэрүүдэд дүүрэн байдаг.

Шөнийн хайр гэдэг бие махбодийн өдөөлт болохоос сэтгэлийн хүсэл биш; үүнийг л найруулагч кинондоо харуулахыг зорьжээ. Уг кинонд ижил хүйстний бэлгийн харилцааг трилогийн өмнөх хоёр кинонд дүрсэлснээс арай илүү хөнгөн байдлаар харуулсан; яруу найрагч Sium киноны эхэнд гурван хөвгүүнийг майхандаа авчирдаг агаад хүйсээр нь хуваасан гомоэротизм лалын шашинт нийгэмлэгүүдэд цэцэглэн хөгжсөн байсан бололтой. Сайхь яруу найрагч Ром хотын Остиа эргээр залуухан эрчүүдийг хайж явдаг байсан Pasolini-н өөрийнх нь тусгал гэж үздэг. "The Canterbury Tales" кинонд ижил хүйстэн хүнийг амьдаар шатааж, энэ аймшигт явдлыг лам нар инээлдэн харж байгаа сцэн байдгийг бодвол "Arabian Nights" кино эрс ялгаатай байна. Трилогийн өмнөх хоёр киногоо бодвол эл бүтээл нь давхар түүх болон эргэн дурсах өгүүлэмж дээр тулгуурладаг. Энэхүү кинондоо найруулагч маань өөрөө тоглоогүй бол өмнөх хоёрт нь ямар нэгэн байдлаар дүр бүтээсэн бөгөөд "Arabian Nights" кинонд үлгэрүүд нь Nur-ed-Din-н давхар үлгэр, бусад дүрүүдийн эргэн дурсалт, нэг нэгэндээ үлгэр уншиж өгөхтэй холбогддог. Pasolini ийм эргэн дурсах аргыг Польшийн кино найруулагч Wojciech Has-н "The Saragossa Manuscript" киноноос санаа авсан гэж үздэг. Хоёр зураачийн түүх нь хоёулаа хувь тавилан, хүмүүний хувирамтгай шинж чанарын тухай өгүүлдэг.

  Согтуу зураачийн эхний үлгэрт түүнээс болж хоёр эмэгтэй нас барж, гүнж Abriza олзлогдоход хүргэдэг. Энэ явдлаас болж тэр ертөнцөөс өөрийгөө таслан лам болдог. Хоёр дахь зураач далайн аялал хийх хүслийнхээ улмаас хөлөг онгоцоо алддаг. Газар дор олзлогдсон хүүд түүнд өөрийг нь алах хүн та гэж хэлсэн ч тэрээр хувь тавилангаа ялж чадна гэж мунхаглаж байгаад эцэст нь санамсаргүй байдлаар хүүг хөнөөдөг билээ. Энэ бол хувь тавилангаас зугтах гэж оролдсон түүх буюу тэрээр хувь тавилангаа ялан дийлэхийн оронд хувь тавилангаа дагаж, мөн ертөнцийн амьдралаас татгалзан, алдартай зураач болжээ. "Arabian Nights" трилогийн хамгийн алдартай нь гэгддэг ч Pasolini дараа нь киногоо шүүмжлэх болсон. 1975 онд тэрээр киногоо шүүмжилсэн нийтлэл бичин нийтлүүлсэн бөгөөд ерөөсөө "Амьдралын трилоги" нь Италийн насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээгчдэд маш ихээр нөлөөлж байгааг, түүний киног үзээд хүмүүс сексийг бараа бүтээгдэхүүн шиг үзэх болсонд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Pasolini трилогийнхоо арилжааны амжилтад сэтгэл дундуур байгаагаа өөрийн эцсийн кино болох "Salo" киногоороо хариу өгсөн. "Arabian Nights" бол Pasolini-н жигшин зэвүүцдэг гэж мэдэгдсэн нео-капиталист жижиг хөрөнгөтний ертөнцийн эсрэг полемик гэдэг. Мөн түүний шүүмжлэлийн хоёр дахь шат нь өөрийнх нь трилогийг шүүмжилсэн Зүүнтнүүд рүү чиглэгджээ. Найруулагчийн Зүүнтний үзэлтэй олон найз, хамтран зүтгэгчид нь түүний трилогийг түүний хараасай гэсэн хүслээр хараагүй тул Pasolini ихээхэн ганцаардаж байсан гэдэг. Найзууд нь түүний киноны гол санааг ойлгоогүй байж хэтийдсэн шүүмжлэхээ урьтал болгосон гэж Pasolini үзжээ. 

Comments