Simon of the Desert (1965). Испани-Мексикийн мастер кино урлаач Luis Buñuel-н сюрреалист, егөөдөлт комеди. Уг киног багана дээр 39 жил амьдарсан, 5-р зууны Сирийн даяанч Simeon Stylites гэдэг гэгээнтний амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Кино зохиолоо Buñuel байнгын хамтран зүтгэгч Julio Alejandro-той хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд: Claudio Brook, Silvia Pinal нарын Мексикийн жүжигчид тоглосон. Энэ кино нь найруулагчийн "Viridiana", "The Extreminating Angel" бүтээлүүдийг оролцуулаад Silvia Pinal-тай хамтран ажилласан гурван киноных нь сүүлийнх бөгөөд киног тухайн цагт Silvia-н нөхөр байсан Gustavo Alatriste продюсерлэжээ. Өнөөдөр "Simon of the Desert" киног судлаачид Buñuel-н кино хэлийг хамгийн тод томруунаар илэрхийлсэн кинонуудынх нь гэж дүгнэдэг. Buñuel Франц руу нүүхийнхээ өмнөхөн эл төсөв нь хүрэлцээгүйн улмаас 45 минутын хугацаатай шедевр киногоо Мексикт хийсэн бөгөөд хэдий богинохон мэт боловч энэ нь үндсэн зорилгодоо яг таг хүрч чаддаг. Шашин болон сүсэг бишрэлийг гашуунаар егөөдсөн энэхүү кино нь инээдтэй ч уур хүргэм биш.
Эл киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 916-р байрт эрэмбэлээд байна. 1960 онд Мексикт удаан хугацаагаар цөллөгдсөний дараа Buñuel "Viridiana" киногоо хийхээр Испанидаа буцаж очсон ба уг бүтээл Ватикан болон Franco-н дэглэмийг хэрхэн шуугиулсан талаар би "Viridiana" киноны бичвэртээ бичсэн билээ. Шахалтад орсон Buñuel цөллөгөө үргэлжлүүлэв. Мексикт дахин очоод "The Exterminating Angel", "Simon of the Desert" хоёр киногоо хийсэн бөгөөд дурдсан бүх гурван кинонд Мексикийн нэрт жүжигчин Silvia Pinal тоглосон. Мөн эдгээр гурван кинонууд шашныг хүчтэй шүүмжилсэн элементүүдтэйгээс гадна Buñuel-н замналын эхэн үеийн сюрреалист элементүүдээр баялаг байдаг. Киноны зураг авалтыг Мексикийн Чихуахуагийн Самалайука элсэн цөлд авсан. Buñuel хожим ярихдаа энэ бүтээл нь угтаа бүрэн хэмжээний кино байх ёстой байтал продюсер Gustavo Alatriste мөнгөгүй болсноор 45 минутын хугацаатай кино болжээ.
Харин жүжигчин Silvia энэ талаар хожим ярихдаа: "Gustavo-н эдийн засгийн асуудлаас болж бүрэн хэмжээний кино болж чадаагүй гэдэг худлаа. Энэ продакшны асуудал байсан. Өөр өөр найруулагчтай гурван түүхээс бүтсэн кино байх ёстой байсан. Buñuel-нх тэдний нэг нь байсан. Gustavo бид хоёр Federico Fellini-тэй уулзахаар Европ руу явсан, Fellini Buñuel-тай хамтран ажиллана гэдэгтээ баярлаж байлаа, гэтэл Fellini гол дүрд эхнэр Giuletta Masina-г тоглуулах санал тавьсан. Бид өөр бас нэг найруулагч Jules Dassin-тай уулзахад тэр хамтран ажиллахыг зөвшөөрсөн ч бас эхнэрээ тоглуулахыг хүсэв. Анхнаасаа бүх гурван кинонд би тоглоно гэсэн санаа байсан учраас бид зөвшөөрөөгүй. Хүн бүр өөрөө найруулаад хажуудаа эхнэрээ тоглуулахыг хүсээд байлаа. Gustavo өөрийнхөө хэсэгт өөрөө найруулагчаар ажиллаж, намайг тоглуулахыг хүссэн. Би үгүй гэж хэлсэн, эндээс бидний салалт эхэлсэн. Би түүнд чи Buñuel-тай өөрийгөө битгий харьцуул гэж тайлбарласан ч тэр ойлгоогүй дээ" гэжээ. Энэ киног үзсэн хүн бүрэн хэмжээнийх байсан бол гэж халаглаж магадгүй боловч зураглаач Gabriel Figueora-н гайхалтай зураглал, Simon-н тусгаарлагдсан ертөнц таныг огтхон ч уйдаахгүй. Библийн туульсын бүхэл бүтэн бүлгээс олж болохоос илүү хатуу теологийн утга учир, дур булаам, гашуун хошигнолыг өгүүлсэн киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Даяанч Simon Сирийн цөлд багана босгоод баганы жижигхэн тавцан дээр 6 жил, 6 долоо хоног, 6 өдрийг өнгөрөөжээ. Түүнийг тойроод лам, тариачид цуглаад өвчтэй нэгнийг нь эдгээж өгсөнд талархан нэгэн чинээлэг айл хамаагүй өндөр сайхан багана босгосон тул Simon-г шинэ багана руу шилжихийг хүсчээ. Simon зөвшөөрч, шинэ баганы оройд залрахдаа хөгшин ээжийгээ насан эцэслэх хүртэл нь дэргэдээ нэг муу саравчинд байлгахыг хүсэж. Лам нар Simon-г сүмдээ аваачихыг ятгахад тэрээр өөрийгөө тийм ивээл хүртээрхгүй нүгэлтэн хэмээжээ. Simon шинэ багана дээр гармагцаа Их Эзэний залбирлыг доор хуран цугларагсдад уншиж байтал нэгэн эмэгтэй нөхөр нь хулгай хийсэн хэргээр хоёр гараа тайруулсан учраас туслахыг гуйх агаад Simon тэр дор нь шинэ гар ургуулж өгнө. Гэтэл эл гайхамшигт явдалд хэний ч сэтгэл хөдлөөгүй болохоор хүмүүс тарж оджээ. Лам нар үлдэж түүнтэй хамт залбирч байхад нэг лам ваар барин алхаж байгаа хүүхнийг ичгүүртэйгээр харснаар энэ явдал дуусна. Залуу лам Matias Simon-д ус, байцаа авчирч өгөв. Matias-г явсны дараа Simon өлсөж, цангаж, мөн эх дэлхий, хөгшин ээжийгээ санана. Ваартай хүүхэн сатан байсан ба одоо Simon дээр өнөө цагийн сургуулийн сурагч охин шиг хувцаслан ирээд Simon-г өдөж, хоргоож эхэлжээ.
Simon Христэд залбирснаар сатаныг зайлуулдаг. Нэгэн өдөр Simon цугласан лам нарын хамтаар даяанчлалын талаар залбирал үйлдэж байхад Trifon гэдэг лам Simon-н хоолны уутнаас талх, бяслаг, дарс олоод Simon-г хуурамч мэхлэгч гэж дуудав. Лам нар Ариун Сүнсэнд залбирч, буруутныг илчлэхийг гуйжээ. Trifon-н бие муудаж, уутанд хүнс хийснээ хүлээн зөвшөөрч, Бурхан хийгээд сүмийг эсэргүүцэх бөгөөд Simon түүний биеэс сатаныг зайлуулжээ. Мөн тэрээр Matias-г сахлаа ургах хүртэл дахиж бүү ир гэж зарлигддаг. Simon-г баганы орой дээр 8 жил, 8 сар, 8 өдрийг өнгөрүүлж байхад сатан Бурхны дүрд хувиран ирэв. Сатан түүнд долигнож, хэрвээ үнэхээр Бурхантай ойртохыг хүсэл газарт бууж ирээд хүмүүний дур тачаалыг мэдрэх хэрэгтэй, ингэж хий дэмий золиослол утгагүй гэжээ. Simon дахин сатаныг хөөдөг хэдий ч чөтгөрийг бурхан гэж андуурсныхаа төлөө өөрийгөө шийтгэн нэг хөл дээрээ зогсох болжээ.
Ваартай хүүхнийг харсныхаа төлөө зэмлүүлсэн лам Simon-н өршөөлийг авахаар ирэхдээ Антихристүүд Ромд ойртож байгааг дуулгадаг. Мөн тэрээр хүн төрөлхтөн өмч хөрөнгийн тухай идеанаасаа болоод үргэлж хоорондоо зөрчилдөх болно гэж хэлдэг. Үүнийг дуулаад Simon өөрийгөө гадаад ертөнцөөс тасарч, хэрэгцээгүй нэгэн болсон мэт мэдэрнэ. Нэгэн авс цөлөөр гулсан Simon-н баганы өмнө ирнэ. Авснаас сатан гарч ирээд Simon-г 1960-аад оны Нью-Йоркийн хөл хөдөлгөөн ихтэй шөнийн клубт авчирна; тайзан дээр рок хамтлаг тоглож байв. Сатан болон Simon орчин үеийн хувцас өмсөж, ширээний ард дүнсгэр суух Simon сатаныг хүмүүстэй бүжиглэхийг чимээгүй ажна. Сатан сайхь бүжгийг "цацраг идэвхт махан бие" гэнэ. Simon гэртээ харилаа гэхэд сатан "эцсээ хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэй" гэж хариулдаг.
Найруулагч Buñuel-н нэгэн найзын ярьснаар найруулагч маань өөрийгөө хоёронтоо хараагдах байх гэж; эхнийх нь шашингүй үзэлтэн байсныхаа төлөө, удаах нь үхэхийнхээ өмнө үүнийгээ онигоо болгож ярьсныхаа төлөө аж. Хэрвээ Бурхан байдаг бол Buñuel-г буруушаахгүй байсан, учир нь Бурхан ажил хэрэгч атеистуудыг буруутгахгүй байсан; яагаад гэвэл харж өршөөх нь Бурхны ажил шүү дээ. Философич Nietzsche-н Бурхны үхлийн талаарх мэдэгдлийг Buñuel кинонуудаараа засч, залруулж, тодотгож байв. "Шашингүй үзэлтэн байгаа даа, бурхандаа талархая" хэмээн Buñuel байнга хэлдэг байсан нь ухаалаг парадокс гэлтай. "Simon of the Desert" бол түрүүн хэлсэнчлэн түүний Мексикт хийсэн сүүлчийн кино ба мөн Мексик жүжигчидтэй ажилласан эцсийн бүтээл. Хамгийн онцлууштай нь, энэ нь Мексикийн алдарт кино зураглаач Gabriel Figueroa-тай хамтарсан сүүлчийн бүтээл байлаа. "Buñuel-н кинонууд шинэ төрлийн ёс зүйг эхлүүлдэг нимгэн бүтэцтэй, гэвч энэ нь бидэнд сургаальт үлгэр шиг нөлөөлдөг" гэж критикч Pauline Kael бичжээ.
Кино нь дахь дунд зууны элсэн цөлөөс 1960-аад оны Нью-Йоркийн шөнийн клуб хүртэлх гэнэтийн нислэг буюу төгсгөл яаруу сандруу, импровиацаар хийгдсэн мэт харагдаж байвал энэ нь төсөв хүрэлцээгүйн улмаас яаруу сандруу, импровиацаар хийсний үр дүн болой. Гэхдээ төгсгөлийн эл сцэн тун сонирхол татам; бүжгийн талбай дээрх хүмүүс эгээ л таталт өвчин шиг харагддаг. Там бол рок-н-ролл эсхүл сайны эсрэг бүхэн там гэсэн санаа өнөөдөр улиг болсон боловч киноны төгсгөлийн хэсэг дэх рок концертоор галзуурсан, ялзарсан ертөнц буюу тамыг үзүүлсэн бололтой. Simon бүжиглэдэггүй, бүр огт сонирхдоггүй ба түүний өмссөн зүүсэн байдал эгээ л Францын сэхээтний дүрд хувирсан луйварчин лугаа харагдана. Орчин үед даяанчид буюу ёс суртахууныг баримтлагчид ганцаарддаг шиг эрт цагт цөлд даяанчид багана дээр ганцаараа байдаг байж. Даяанчид элсэн цөлд байсан байсан бол өнөөдрийн ёс суртахуунчид тоостой өндөр барилгуудад байх болжээ.
Comments
Post a Comment