Хазгар толь

 


The White Ribbon (2009). Австрийн кино найруулагч Michael Haneke-н бичиж, найруулсан нууцлаг драм. Уг кинонд, дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Германы хойд нутгийн нэгэн тосгоныхны гэр бүл, нийгмийн муу муухайг хар-цагаанаар дүрслэн үзүүлсэн. Найруулагч Michael Haneke: "Энэ кино бол муу муухайгийн үндсийн тухай. Энэ нь шашны эсхүл улс төрийн терроризмын аль нь ч байсан адилхан нэг л зүйл билээ". Уг бүтээл 62 дахь удаагийн Канны кино наадмаас Palme d'Or шагналыг хүртэж, мөн Алтан бөмбөрцөг кино наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртсэн. 82 дахь удаагийн Оскарын кино наадамд шилдэг гадаад хэл дээрх кино (Германыг төлөөлж), шилдэг кино зураглаач (Christian Berger) гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн буй.

Нэрт кино найруулагч Haneke-н энэхүү улс төрийн, түүхэн туульс нь онц сонирхолтойн хажуугаар хуурай гашуун ба хатуу минималист хэлбэрээр бүтсэн үзэсгэлэнтэй зураглалтай. Haneke чадварлаг задлан шинжилгээний мэс засалч шиг насанд хүрэгчид нь итгэл үнэмшилдээ хэт автан сохорсон, хүүхдүүд нь эцэг эхдээ таалагдахын төлөө нулимстай нүдтэй явдаг жижигхэн тосгоны хамтын харгислал, гэм буруугийн тухай гарамгай өгүүлсэн. Магадгүй, та эл киног туульсын гэхээр "Harry Potter" юмуу "The Lord of the Rings" шиг гэж эндүүрч болох, харин энэ бол жирийн иргэдийг илжрүүлж, ялзруулж байгаа муу муухай бүхний тухай өгүүлсэн эмгэнэлт туульсын кино болой. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 382-р байрт эрэмбэлээд буй энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Нэр нь үл мэдэгдэх хөгшин энэхүү сургаальт үлгэрийг хүүрнэнэ. Энэ түүх 1913 оны 7-р сараас 1914 оны 8-9 сарын хооронд Германы Эйхвальд (зохиомол) гэдэг протестантчуудын тосгонд болсон ба газрын эзэн Барон тариачдыг захиран сууна. Тэр цагт хүүрнэгч маань тосгоны сургуулийн багш байсан ба Eva гэдэг хүүхэд асрагчтай сүй тавьжээ. Пуритан шашинтай пастор сурагч хүүхдүүдэд хатуу чанд хандахаас гадна хүүхдүүдийг цэвэр ариун байлгахын тулд цагаан тууз зүүлгэнэ. Пастор хүүгээ "цэвэр бус" зүйлд хүрсэн гэж унтахад нь ортой хүлж шийтгэнэ. Тосгоны эмч хүүхдүүдэд эелдэг ханддаг боловч сувилагч хүүхнээ байнга доромжилж (мөн хурьцал хийдэг), төрсөн охиноо хүчирхийлнэ. Тосгоны захирагч Барон ард иргэддээ зориулж ургац хураалтын баяр зохион байгуулна. Зул сар болж, сургуулийн багш маань Бароны хүүхэд асрагч буюу ирээдүйн эхнэрийнхээ аавынд зочлох ба хадам болох хүн цаанаа л нэг ёозгүй байж, нэг жил харзнаж байж хурим найраа хийе гэдэг.

  Киноны үйл явдлын туршид тайлбарлагдашгүй хор хөнөөлтэй үйл явдлууд тохиолддог; хоёр модны хооронд олс татсан байсан нь эмчийг мориноосоо унаж бэртэхэд хүргэдэг бол хэт их ачаалалтай ажиллаж ядарсан нэгэн тариачны эхнэр модны үйлдвэрт хальтарч унаж үхнэ; үүнд хилэгнэсэн хүү нь Бароны байцааны талбайг сүйтгэдэг. Дараа нь нөхөр нь уй гашуугаа дийлэлгүй амиа хорложээ. Бароны хүү ургацын баяраар алга болж, маргааш нь модны үйлдвэрээс зодуулсан байдалтай олджээ. Үүнээс болж Барон Eva-г ажлаас нь хална. Италид түр байж байгаад ирсэн Бароны эхнэр нөхөртөө өөр хүнтэй болж байгаа учир салахаар шийдсэнээ хэлж, гол нь шалтгаан нь энэ аймшигтай тосгонд амьдрах арга алга гэдэг. Пастор охиноо ангийнхан өмнө зэмлэсний дараа охин ажлынх нь ширээн дээр байх торонд доторх шувууг гаргаж ирээд хайчаар сүлбэж хөнөөн хариугаа авав. Мөн Бароны даамлын охин сувилагчийн хөгжлийн бэрхшээлтэй хүүд муу зүйлс тохиолдож байна гэж зүүдэлнэ; энэ зүүдний дараа хүү бараг сохорсон байдалтайгаар олдоно.
Хүү хь өөрийг нь хэн ийм болгосныг хэлсэн учир яаралтай хотод очиж цагдаад хэлэхээр явна гэж сувилагч сургуулийн багштай таарахдаа хэлдэг бөгөөд сургуулийн багш дахиж эх хүү хоёрыг хараагүй гэдэг. Энэ хооронд эмч гэр бүлийнхэнтэйгээ гэнэт сураггүй болно. Сургуулийн багш өөрт төрсөн таамаг сэжиглэлээ пасторт очиж хэлэх буюу түүнийхээр энэ бүх нууцлаг хөнөөлт хэргүүдийг пасторын хүүхдүүд хийгээд сурагчид нь хийгээд байна гэнэ. Пастор дэлбэртлээ уурлаж, дахиж ийм балай зүйл яривал шоронд хийлгэнэ гэдэг. Аймшигтай үйл явдлуудад эмч бас сувилагч хоёр буруутай гэсэн цуурхал тархана. Дэлхийн нэгдүгээр дайн албан ёсоор эхэлж хүүрнэгчийн хадам аав болох хүн зочлон ирснээс хойш удалгүй кино маань дуусдаг ба хүчирхийлэлт үйл явдлуудын талаар тодорхой тайлбар олдоогүй учир тосгон айдастай хэвээр үлдсэн бол хүүрнэгч маань цэрэгт татагдаж явснаасаа хойш дахиж тосгонд дахиж очоогүй ажээ.

  Michael Haneke энэхүү кино төслөө арав гаруй жил хөгжүүлж иржээ. Зохиолын анхны хувилбар нь телевизийн мини-цуврал байсан боловч таван жил өнгөрөхөд хөрөнгө оруулах хүсэлтэй хамтрагч олоогүй тул тэрээр төслөө түр хугацаанд зогсоосон аж. Эцэст нь, бүрэн хэмжээний кино болгохоор шинэчлэн бичиж, Австрийн Wega Film компани продакшны ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд мөн Герман, Итали, Францын компаниуд хамтран бүтээсэн. Санхүүжилтийг нь Франц, Герман болон Европын кино сангуудаас гаргасан. Зургаан сар үргэлжилсэн сонгон шалгаруулалтад 7000 орчим хүүхэд орсон. Насанд хүрэгчдийн ихэнх дүрд Haneke өмнө нь хамтран ажиллаж байсан, тохирно гэж үзсэн жүжигчдээ сонгон тоглуулсан. Пасторын дүрд өмнө нь Haneke-н хэд хэдэн кинонд тоглож байсан Ulrich Muhe тоглох ёстой байсан ч тэрээр 2007 онд нас барсан байдаг. Янз бүрийн жүжигчдийг орлуулахаар яригдаж байсан ч эцэст нь Haneke сайн мэддэггүй Burghart Klausner гэгч сонгогдсон ба ер нь кино зохиолын хэллэгийг бодолцон тайзны туршлагатай жүжигчдийг илүүд үзжээ.

Тухайн цаг үеийн гэрэл зургуудтай ижилхэн байлгахын тулд киног хар-цагаанаар хийснээс гадна хар-цагаан нь алслалтын эффект бий болгох зорилготой байв. Бүх сцэнийг анх өнгөтөөр аваад дараа нь хар-цагаан болгон өөрчилжээ. Haneke байнгын хамтрагч, Christian Berger-г зураглаачаар ажиллуулсан ба зураг авалт эхлэхээс өмнө Berger Ingmar Bergman болон Sven Nykvist хоёрын хар-цагаанаар хийсэн кинонуудыг үзэж судалсан гэдэг. Haneke орчин тойрныг тун харанхуй байлгахыг хүссэн болохоор ихэнх доторх сцэнүүдэд лаа, тосон чийдэнгийн гэрлийг л ашигласан байна. Пост-продакшны үеэр зарим зураг дахь объект, гадаргууг тодотгон хурцалж, орчин үеийн нарийн ширийн зүйлсийг зургуудаас хасчээ. Нэгэн критикчийн бичсэнээр, Eichwald гэдэг зохиомол тосгоны нэр нь нацист Оберстурмбанфюрер Adolf Eichmann-н нэр хийгээд Бухенбальд дахь хорих лагерийг далдуур хэлсэн бололтой ажээ. Мөн Eichwald гэдэг бол Германд нийтлэг нэр буюу энэ нь орчуулбал "царсан ой" гэсэн утгатай аж.

Германы критикүүд уг киног сайшаан хүлээн авсан; критикч Julia Evers: "Үзэгчид ч тэр, тосгоны хүмүүс ч тэр эрх мэдэлтнүүд, шатлан захиралт, хүчирхийллийн торноос зугтаах замыг олдоггүй дарамттай, сэтгэл хөдөлгөм, ёс суртахууны уран зураг. "The White Ribbon" киноны бүх зүйл үнэн; тиймээс энэ кино тэсэхүйеэ бэрх байна" гэжээ. Markus Keuschnigg киноны өгүүлэмжийн хэмнэл, тогтуун зураглалыг магтаж, найруулагчийн киноны арга барилыг хүйтэн, зэвүүн гэж зэмлэсэн хэдий ч Haneke-г гуйвшгүй, чин сэтгэлийн хүнлэг сэтгэлтэн гэсэн буй. Peter Zander эл бүтээлийг Haneke-н өмнөх "Funny Games", "Benny's Video" кинонуудтай харьцуулж, дээрх хоёр кинонд хүчирхийлэл гэдэг алс тэртээ байгаа мэт санагдсан бол "The White Ribbon" кинонд хүчирхийлэл гэдэг хүмүүсийн нийгмийн нэг хэсэг болохыг харуулсан гэж дүгнэжээ. Der Spiegel сэтгүүл "хоррор дүрслэлгүй хоррор драм. Орчин үеийн Германы кино урлагийн уламжлалаас гажсан энэ киногоороо Haneke бидний дахин кино үзэж сурахыг албадаж байна".

  Америкийн критикч Mick LaSalle: "Энэ киног том, чухал болгож байгаа зүйл бол Haneke-н зорилго нацистаас өмнөх Германаас давж гарсан явдал" гэжээ. Уг кино нацизмын үүслийг зүйрлэсэн юмуу ямар нэгэн идеалогийг сохроор шүтэх хэр аюултай болохыг үзүүлсэн буюу хэрвээ удирдан захирагчид ард иргэдээсээ илүү ёс зүйтэй, эрдэмтэй байж тэднийгээ дагуулахгүй бол дарангуйлалд ямар хурдан хүрч болдогийг харуулсан аж. Америкийн зарим критикүүд киноны хэмнэл, шийдвэрлэлт сэтгэл хангангүй, философи, гоо зүйн дутагдалтай, айдас ба аюулгүй байдлын тэнцвэрийг олохыг үзэгчээс шаардсан кино гэж сөргөөр шүүмжилсэн байдаг. 


Comments