Ядуу эрдэмтэн буюу Томас Майн Рид

 




"Хурлийз бүсгүй", "Морь унасан толгойгүй хүн" "Цагаан Бээлий", "Цагаан удирдагч", "Оцеола баатар" зэрэг гайхалтай адал явдалт романууд үгүйгээр хүүхэд насаа төсөөлөхөд бэрх. Ирланд гаралтай Америк зохиолч Томас Майн Ридийн (1818 оны 4-р сарын 4нд төрж, 1883 оны 10-р сарын 22нд үхсэн) сонирхолтой бөгөөд ээдрээтэй амьдрал, мөн уран зохиолчийнх нь замналыг толилуулж байна. Рид 1846 оноос 1848 оны хооронд Америк-Мексикийн дайнд оролцож байжээ. Түүний ихэнх бүтээл Америкийн амьдралын тухай өгүүлдэг бөгөөд эдгээр бүтээлүүддээ Америкийн колончлолын бодлого, боолын хөдөлмөрийн аймшигт байдал болон Америкийн Индианчуудын амьдралыг дүрсэлсэн байдаг. Тэрээр Ф. Марряат, Р. Л. Стивенсон нарын адилаар олон адал явдалт роман бичсэн агаад Рид Лорд Байроныг бишрэн дээдэлдэг байсан юм. Романы үйл явдлууд баруун Америк, Мексик, өмнөд Африк, Гималай, Ямайка зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өрнөдөгөөрөө баялаг билээ. Рид одоогийн умард Ирландын Кэйтсбриж хотын ойролцоох Баллироний гэх жижигхэн тосгонд төрсөн бөгөөд аав нь Пресбитериан сүмийн ерөнхий ассемблейн ахлах нарийн бичгийн дарга байв. Аав нь Ридийг Пресбитерианы санваартан болгохыг хүсэж байсан учир Рид 1834 онд Белфастын академид элсжээ. 

Тэр 4 жил сурсан ч энэ бүхэн урам зориг, хүсэл сонирхолыг нь татахгүй байсан тул сургуулиа хаяад  Баллироний руугаа буцаад тэндээ багшлах болов. 1839 оны 12 сард Рид Луизиана муж буюу нэгдсэн улсыг зорьж, 1840 оны 1-р сард газарджээ. Төд удалгүй эрдэнэ шишийн үйлдвэрт ажилтнаар орж, 6 сар ажилласны эцэст боолуудыг ташуурдахаас татгалзсан учир ажлаа орхиход хүрчээ. Хожим Луизианаг тэрээр өөрийн хамгийн их борлогдсон номынхоо нэг "Дөрвөлжин" романыхаа үйл явдалд ашигласан байдаг. Тэндээсээ Рид Теннесси руу явсан бөгөөд эмч П. Робертсоны хүүхдэд хичээл заах болжээ. 20 жилийн дараа Теннесси мужийг "Анчин эмэгтэйчүүд" романыхаа үйл явдалд ашигласан бий. Эмчийг нас барсны дараа тэрээр Нэшвилл хотод хувийн сургууль байгуулан богино хугацаанд амьдарсан байна. 1841 онд тэрээр Миссисипи-д хангамжийн агентын ажил олсон ба хожим Рид амьдралынхаа энэ хугацаанд Баруун руу хэдэнтээ аялсан гэсэн мэдээ байдаг ч баттай биш ажээ. 1842 оны эцсээр Рид Питтсбургт ирж, Питтсбургийн сонинд "Ядуу Эрдэмтэн" нэрийн дор яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд бичиж эхэлсэн (мөн уг сонины газартаа ачигчийн ажил давхар хийдэг байсан) буюу эндээс түүний уран зохиолын замнал эхлэх болно. Түүний хамгийн анхны баталгаажсан туурвил бол баруун Энэтхэг дэх үйл явдлыг дүрсэлсэн цуврал туульсын шүлгүүд байсан гэж үздэг. 1843 онд тэрээр Филадельфи руу нүүж тэнд 3 жил амьдарчээ. Рид энэ хугацаанд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Питтсбургт ажиллаж байх үеийнхээ нууц нэрээр хэд хэдэн сэтгүүлд яруу найргаа нийтлүүлж байв. Филадельфид тэрээр суут Э. А. Потой танилцаж, тэд хэсэг хугацаанд архины нөхөд болсон байдаг; По Ридийн талаар: тэр бол мундаг зохиолч, гэхдээ хамгийн шилдэг худалч гэж хэлж байв. Америк - Мексикийн дайн 1846 оны хавар эхлэх үед Рид New York Herald сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан (энэ нь хожим өөр нэг романых нь бүтэц болно) ба тэрээр "Ядуу Эрдэмтэн" нууц нэрнээсээ гадна мөн "Ecolier" гэсэн нууц нэрээр уран бүтээлээ туурвиж байлаа. 
1846 оны 11-р сард Нью Иоркт анхны сайн дурын явган цэргийн ангид дэд дэслэгчээр албан тушаалтайгаар элсэв. Цэрэг болсон Рид дайтахын хажуугаар Нью Иоркийн Spirit of Times сонинд "Ecolier" нэрээрээ уран бүтээлээ туурвьсаар байсан агаад Чапултепекийн тулалдаанд гуяндаа хүнд шарх авчээ. Дараа нь ирланд офицер маань эрэлхэгээр тулалдасныхаа төлөө ахлах дэслэгч цол хүртжээ. 1848 оны 5-р сард Рид албанаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 7-р сард Нью Иоркт буцаж очжээ. Түүний анхны театрын жүжиг "Хайраар тамлагч" нь 1848 онд Филадельфи хотноо 5 хоног тавигдсан байдаг. Баварийн хувьсгалын талаар олж мэдсэн Рид сайн дурын ажил хийхээр Англи улсыг зорив. Атлантын далайг гаталласны дараа тэрээр бодлоо өөрчлөөд төрсөн гэр Ирланд руугаа явсан ч төд удсангуй Лондон руу нүүж, 1850 онд анхны "Ой хамгаалагчид" романаа нийтлүүлжээ. Дараа жил нь "Хуйхны анчид" бүтээлээ, 1852 онд "Орхигдсон нутаг", 1853 онд "Анчин багачууд" зэрэг бүтээлүүдээ туурвижээ. Сүүлд дурдсан ном Техас, Луизиана мужуудад хэвлэгдсэн бөгөөд өсвөр насныхны шинжлэх ухааны аян замын тэмдэглэл гэгдэж байв. Энэ ном залуухан Теодор Рузвелтийн дуртай байсан ба тэрээр Ридийн том фен болсон юм. Рид тэр жилдээ өөрийнхөө хэвлэн нийтлэгч, английн язгууртан Г. В. Хайдын охин 15 настай Элизабэт гэх охинтой гэрлэсэн байна. 

Бал сар, гэр бүл гэсээр Рид хэсэг уран зохиолоос холдсон ч нээх удалгүй замналынхаа оргил ажлууд болох "Цагаан удирдагч", "Дөрвөлжин", "Оцеола баатар" болон "Морь унасан толгойгүй хүн" романуудаа 1855 оноос 1865 оны хооронд бичсэн байна. Рид мөнгөнд үрэлгэн хүн байв; элдэв барилга, эдлэн газарт мөнгөө зарцуулж байсны эцэст 1866 онд "модоо" барьсан буюу дампуурсан ба ингэснээр Лондонг орхиж нэгдсэн улс дахин өөрт нь амжилт авчран гэж найдаад Нью Иорк руу нүүж тэндээ 1967 онд Onward сэтгүүлийг үндэслэжээ. 1868 он гэхэд Рид Нью Иоркт лекц уншиж, мөн "Арчаагүй гар" романаа нийтлүүлэв, гэвч тэр цаг үе Ридийг хуучин шигээ хүлээж авахааргүй болсон байлаа. Чапултепек дээр авсан шарх нь Ирланд эрийг зовоох болсноор ер нь л эмнэлэгийн хаяа манах болжээ. Мөн энэ үеэр эхнэр нь Америкийг үзэн ядах болсон тул 1870 оны 10-р сард Англид ирэв. Рид цочмог меланхолик өвчнөөр өвдөж, удсан ч үгүй эмнэлэгт хэвтсэн бөгөөд бичих гэж оролдсон хэдий ч цөөн хэдхэн л бүрэн дуусчээ. Америкийн армийн тэтгэлгийн мөнгөөрөө амьдардаг байсан шахуу тэрээр өвчин зовлондоо зарцуулах хангалттай мөнгө байсангүй. Рид 65 насандаа Лондонд нас барсан ба Kensal green оршуулгын газарт оршуулагджээ. 
Түүний булшин дээр ингэж бичсэн байдаг; энэ бол буруу нэрлэгдсэн хээр талын ургамал; энэ бол бурхны цэцэрлэг юм. "Аянчин багачууд" зэрэг романууд нь олон нийтэд маш алдартай болсон, нэн ялангуяа хөвгүүдэд нэр хүндтэй байсан ба Рид дэлхий даяар маш их алдартай болсон байв. Америкийн талаарх барууны "үлгэрүүд" Орос болон Польш гээд хаа сайгүй хүүхдүүдийг байлдан дагуулж байлаа. В. Набоков "Морь унасан толгойгүй хүн" романыг хүүхэд насныхаа хамгийн хайртай роман гэж хэлж байсан бол Антон Чехов "Арал", "Сахалинд хийсэн аялал"  бүтээлдээ Ридийг иш татдаг билээ. Нэгдсэн улсын ерөнхийлөгч Теодор Рузвелт өөрийн намтартаа Ридийг өөрт нь хамгийн их урам зориг өгөгч гэсэн байдаг ба ичимхий, багтраа өвчтэй Тэдди нас биед хүрээд адал явдалт аялалд дурлах, натуралист болоход Рид нөлөөлжээ.

Comments