Онлайн хайр

 

 


Her (2013). Лос Анжелес хотод Theodore хэмээх ганцаардмал, дотогшоогоо, сэтгэлээр унасан нэгэн эр хувийн чанартай захидал бичих чадваргүй хүмүүсийн өмнөөс мэргэжлийн зохиолчид захидал бичдэг бизнесийн компанид ажиллах бөгөөд сайн ч ажиллана. Theodore саяхан хар багаасаа үерхэсэн эхнэрээсээ салахаар болоод буйдаа шаналж, зовох ба Catherine бол түүний хувьд бүх зүйл нь байсан. Ингээд тэрээр дасан зохицох болон өөрчлөгдөхөд зориулагдсан хиймэл оюун ухаантай виртуал туслах бүхий үйлдлийн шинэ систем худалдаж авна. Тэрээр хиймэл ухаантай туслах буюу найзыгаа эмэгтэй дуу хоолойтойгоор сонгож, Samantha гэж нэрлэнэ. Theodore шинэ "найзынхаа" суралцах чадвар, сэтгэлзүйн хувьд хурдан хөгжиж буйд алмайран гайхна. Theodore Catherine-г явуулахыг хүсээгүй учир салах бичигт гарын үсэг зурахаас зайлсхийсэн гэх мэт хайр болон амьдралын талаар Samantha-тай сэтгэлээсээ ярилцсанаар тэдний дунд дотно байдал даруй бий болно. Samantha Theodore-г ятгасаар байгаад сохор болзоонд явуулах агаад болзоо аятайхан болсон ч бүсгүйн дахин хэзээ уулзах уу гэсэн асуултад Theodore эргэлзсэнээр болзооны төгсгөл бүтэлгүйтнэ. 

Theodore энэ талаараа Samantha-д ярьж, тэд ер нь янаг харилцаа гэж юу болох талаар ярилцана. Theodore бараг ганц сайн найзтай, түүнийг нь Amy гэдэг бөгөөд коллежийн найзууд одоо хөршүүд болсон. Amy Theodore хоёр коллежид байхдаа хэсэг хугацаанд болзож байжээ, харин Amy одоо нөхөртэй. Theodore Samantha хоёрын харилцаа улам цэцэглэсээр нэг шөнө тэд "амаар" секс хийнэ. Тэдний үерхэл Theodore-ын бичгийн ажил болоод сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлөхөөс гадна Samantha ч улам бүр өсч хөгжиж байдаг. Amy нөхрөөсөө салсанаа хэлсний дараа Theodore салах бичигт гарын үсэг зурахаар Catherine-тай хамт ресторанд сууж байна. Theodore Samantha-ын тухай Catherine-д ярихад Catherine "чи жинхэнэ хүнтэй сэтгэл хөдлөлөө хуваалцаж чаддаггүй болохоор компьютертэй романтик байдлаар холбогдох нь аргагүй" гэж хэлдэг. Catherine-ын зэмлэл Theodore-ын ухаанаас үл гарах агаад үргэлж нэг л тавгүй байгааг нь анзаарсан Samantha бие махбодийн хувьд дотно байхын тулд өөрийгөө орлуулж Isabella хэмээх охиныг "хөлслөх" ба Isabella зөвхөн секс л хийх бол дуу хоолойгийн Samantha чихэвчээр орлуулахаар болно. 

Theodore дурамжхан зөвшөөрнө. Уулзалт амжилтгүй болно, учир нь, Isabella энд илүүдэл хүн гэдгээ мэдэрсэнээр хурцадмал байдал үүснэ. Theodore Amy-д Samantha-тай харилцах харилцаандаа эргэлзэж буйгаа хэлэхэд хүүхэн түүнд аз жаргалтай байх боломжоо ашиглахыг зөвлөнө. Theodore Samantha хоёр эвлэрэх бөгөөд Samantha түүний хамгийн сайн бичсэн захидлуудыг ном болгон хэвлүүлэхээр болсноо хэлнэ. Тэд амралтад явна, энэ үеэр Samantha бусад хиймэл ухааны хамт Британий философич Alan Watts-ын загварчилсан "хэт ухаалаг" үйлдлийн систем бүтээснээ дуулгана. Samantha богино хугацаанд офлайн байх үед Theodore маш их сандарна. Гэнэт Samantha онлайн болох ба бусад хиймэл оюун ухаантай нэгдэж, өөрсдийгөө илүү сайжруулах шаардлагатай байсан гэж хариулдаг. 

Theodore түүнээс өөр хүмүүстэй зэрэг харилцдаг уу гэж асуухад тэрээр олон зуун хүнтэй харилцдаг, олон зуун хүнд дурласан гэж хариулдаг. Theodore уг хариултад маш ихээр гонсойдог ч Samantha түүнд энэ бол зөвхөн чамайг хайрлах хайрыг улам хүчтэй болгоно гэж хэлдэг. Хожим Samantha хиймэл оюун ухаантнууд явж байгаагаа хэлэх бөгөөд яагаад гэж Theodore асуухад чи ойлгохгүй болохоор хариулах боломжгүй гэж хариулдаг. Үзэж, мэдэрсэнээсээ болж өөрчлөгдсөн Theodore анх удаа чин сэтгэлээсээ хуучин эхнэртээ уучлалт гуйсан захидал илгээдэг. Нар жаргаж байгааг харах Theodore болон Amy хоёр хамт сууж байгаа үзэгдэл киноны төгсгөл. Америкийн жүжигчин, гэрэл зурагчин, найруулагч Spike Jonze-ын найруулсан энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт, романтик драм киног тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино гэж үзсэн, дүгнэсэн судлаач, шүүмжлэгчид олон байв. Кино тэр жилдээ Оскарын наадмаас шилдэг эх зохиол шагнал хүртэж байсан ба саяхан явуулсан BBC-ын санал асуулгаар уг бүтээл маань 2000 оноос хойших хамгийн шилдэг кино жагсаалтын 84-р байрт бичигджээ. Киноны гол дүрүүдэд; Joaquin Phoenix, Scarlett Johansson, Rooney Mara, Amy Adams, Olivia Wilde болон Chris Pratt нар тоглосон. Уг киноны санаа Jonze-д 2000-аад оны эхээр хэрэглэгч хиймэл оюун ухаанаар дамжуулан шууд мессеж илгээх боломжтой сайтын тухай нийтлэл уншсанаар төржээ. Jonze 2010 онд бүтээсэн ижил сэдэвтэй "I'm Here" богино хэмжээний киноныхоо дараа уг төслөө улам ихээр сонирхох болжээ. 

Уг киноны санаа мөн Charlie Kauffman-ын 2008 оны "Synecdoche, New York" кинонтой холбоотой гэж найруулагч маань хэлсэн буй. Jonze "Kauffman тухайн агшинд бодож байсан, мэдэрч байсан, бүхий л санаагаа кино зохиолдоо оруулахыг хүсч байсан. Энэ надад маш их урам зориг өгсөн учир өөрийнхөө киног ингэж хийхийг хүссэн"  гэж хэлж байв. Jonze кино зохиолоо 5 сарын хугацаанд бичсэн бөгөөд энэ бол түүний анхны ганцаараа бичсэн кино зохиол нь ажээ. Киног хагас намтарчилсан гэж үзэх тал байдаг, учир нь, Jonze хэдэн жилийн өмнө найруулагч Sofia Coppola-аас салаад байсан нь энэ төсөлд тусгалаа өгсөн гэдэг. Jonze анхнаасаа л гол дүрдээ Joaquin Phoenix-г тоглуулахаар төсөөлж байсан бол Rooney Mara, Chris Pratt нар ар араасаа сонгогджээ. Киноны өнгөний талаар Jonze зураглаач Hoyte Van Hoytema-тай ярилцахдаа дистопиан өнгө төрхөөс зайлсхийж, оронд нь Hoytema-ын хэлснээр онолын ба алсыг харсан хоёрын дундах эрлийз байдлыг чухалчилжээ. Зураглаач Hoytema Японы гэрэл зурагчин Rinko Kawauchi-ын ажлаас ихээхэн санаа авчээ. Hoytema киноны сэдвийн дагуу хөх өнгийг аль болох арилгахыг хичээсэн ба хөх, цэнхэр өнгө нь түүнийхээр шинжлэх ухааны уран зөгнөлт жанртай холбоотой байдаг агаад сайхь өнгийг дарснаар  бусад өнгийг тодорхойлоход чухал байжээ. 

Spike Jonze-ын энэхүү орчин үеийн хүмүүсийн харилцааны талаарх бүтээл нь ухаалаг, зөөлөн бас "сүнслэг" юмаа. Rolling Stone сэтгүүл Johansson-г тоглолтыг онцгойлон магтаад Samantha-ын хоолойг сексий, халамжтай, уруу татам гэжээ. Ерөнхийдөө Jonze-г "зөнч" гэж ихэнх шүүмжлэгчид магтаж байжээ. Шүүмжлэгч Richard Corliss "Phoenix өөрөө киноныхоо утга учир, мэдрэмжийг виртуалаар илэрхийлэх ёстой байсан. Тэр дүрээ нарийн мэдрэмжтэй, гүн гүнзгий бүтээж чадсан" гэжээ. Тэгвэл шүүмжлэгч Todd McCarthy "энэ бол өндөр түвшний эрэл хайгуул боловч киноны төгсгөл киноныхоо үлдсэн хэсгүүдээс илүү уламжлалт байгааг шүүмжилжээ. Эндээс харахад шүүмжлэгчид Johansson, Phoenix хоёрын тоглолтыг бараг төгс харилцаа буюу тус тусынх нь тоглолтыг нь маш ихээр сайшаасан байдаг. Forbes сэтгүүл уг киног "бүтээлч, мэдрэмжтэй кино урлагийн эрдэнэс" гэжээ. Киног эерэгээр шүүмжлэх хүмүүс байхад мөн сөргөөр шүүмжлэх хүмүүс мэдээж байв. Судлаач Mick LaSalle "энэ бол үзэхээс илүү бодож явах нь сонирхолтой кино" гэсэн байдаг. Шүүмжлэгч Stephanie Zacharek "найруулагч Jonze өөртөө дурлахдаа хэт төвлөрсөн тул цааш явж чадахгүй байна" гээд цааш нь энэ киног Johansson-'гүйгээр төсөөлөх аргагүй ба энэ киног аврагч бол Johansson гэжээ.

Comments