Гараа надад өгөөч




I Am Twenty (1965). Өгүүлэх нь, жараад оны эхэн үеийн Москвагийн зам болон гудамжаар сүлжилдэн зам замаа хөөх залуусын жаргал болон зовлон, баяр хийгээд гуниг, мөн амьдралыг харж тэмүүлэх хүсэл ондоо боловч тэд нэг л зам болон гудамжаар зөрөлцөн өнгөрөх, эсхүл зам нийлэн холилдоон бужигнах ба камер тэр дундаас цэрэг хувцастай нэгэн залууг олзлон тогтоод, улмаар түүнийг даган явсаар нэгэн орон сууцанд хүрч ирнэ.. цэргийн албыг хаачихаад төрсөн гэртээ ирэн амарилангуй унтах Sergei-г ажлаасаа орой тарж ирсэн эх нь хараад магнай хагартал баярлана, хоёр жил цэргийн алба хаасны эцэст халагдан ирсэнд эх нь ч тэр, Sergei өөрөө ч сэтгэл дүүрэн байх бөгөөд дөнгөж хорь гарч яваа энэ залуу сэтгэл татам төрхтэйн дээр шударга, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, нэг үгээр ээжийн сайн хүү.. 

энэ айлын эцэг буюу Sergei-ын аав эх орны дайны үеэр хар залуугаарай амь үрэгдсэн бөгөөд Sergei эх болон өөрөөсөө гурав, дөрөв насаар дүү охины хамт бөөн ном болсон хоёр өрөө байрандаа амьдарна.. Sergei энэ байрныхаа Kolia, Slavka гэсэн хоёр залуутай хар нялхаасаа үерхэн нөхөрлөж ирсэн бөгөөд бие биенээсээ юу ч нууж, мөн юуг ч харамлаж үзээгүй найзууд дахин уулзалдан хөөр баяр болон Slavka-ын гэрт хуучнаа дурсан ярин, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн зантайхан наргих ба Sergei-г явсанаас хойш Slavka эхнэр аваад зогсохгүй хүүхэдтэй болсон агаад нялх хүүхэд, гэр орон, эхнэр гээд Slavka-ын амьдрал тэр чигээрээ хариуцлага болж, хуучны эрх чөлөөт Slavka биш болсон байв.. 

харин Kolia эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллахын дээр сонирхолоорой шүлэг бичиж сонинд нийтлүүлэх бөгөөд энэ Kolia тун царайлаг учир найгүй хүүхэмсэг агаад гаднах төрхөөрөө ч, хэл амаараа ч ямарч хүүхний учрыг олж дөнгөдөг эр ажээ.. манай гурван сайн эр тэр өдөр сайн уугаад маргааш нь ч хамт байж бүжгэнд явах юмуу хоккей хамт үзнэ, нэг үгээр тэд хуучин шигээ эрх дураараа байхыг хүсэвч даанч энэ хүсэл урдынх шиг байхаасаа өнгөрсөн нь Slavka-ын гэр бүлтэй болсноос шууд харагдах ба Slavka андуудтай хамт байхыг ихээр хүсэх ч эхнэр болон нялх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хүлээн хувийн жаргалаа хойш тавихад хүрдэг: нэг өглөө Slavka-г эхнэртэйгээ хэрэлдчихээд байрныхаа гадаа бухимдан байхад Sergei, Kolia хоёр уулзана, ингэхэд Slavka найзууддаа хандан: эхнэрийн санаанд таарах юм алга, би бүх юманд буруудахын, та хоёр шиг ганц бие байсан бол амар юм, хаашаа ч юм алга болмоор байна гэж хэлэх бөгөөд Slavka мэдээж эхнэрээсээ салахгүй, энэ бол залуу гэр бүлийн туулах ёстой асуудал билээ..
Sergei, Kolia хоёр битүүхэндээ Slavka найзынхаа босгосон гэр бүлийн халуун дулаан хийгээд амар тайван амьдралд атаархах агаад тэд ямар нэгэн байдлаар ганцаардан гуниглана.. Kolia харсан хүүхнээ өөртөө дурлуулж чадах ч өөрөө дурласан нэгэн байхгүй ба ажлаасаа таран автобусаар харихдаа кондуктор хүүхэнд сурсан зангаараа алим өгөн, яриа өдөн танилцана, энэ кондуктор хүүхэн гоёгүй, энгийн хэдий ч Kolia харих замдаа ярилцаж, аальгүйтсээр байгаад дасаж эхлэх бөгөөд нэг орой дадсан ёсоороо харих замдаа аальгүйтэхээр автобусанд ороход кондуктор хүүхэн дахин ажиллахааргүй болсон байдаг, Kolia-ын царайд энэ мөчид хоосрол, харанхуй тодордог.. 


Sergei гэртээ зүгээр суухыг хүссэнггүй, цахилгаан станцад ажиллангаа оройн цагаар инженерээр сурах ба тэр Slavka-д дэмий атаархан гуньсангуй, Kolia-г дагаж хий зугаа цэнгэл хөөсөнгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнд нэг юм хүсэн, нэг юм үгүйлэн хүндээр ганцаардах агаад тэрээр өөрийгөө зөв хүн, ёс суртахуунтай залуу гэж итгэнэ, үгүйдээн тэгж амьдрахыг хатуу чанд эрмэлзэнэ.. залуухан эр хүүхнээс буцах, татгалзах бараг боломжгүй, тэр ямар ч өндөр ёс суртахуунтай байлаа гээд нэг тийм хүүхэнд унах үе заавал ирдэг бөгөөд Sergei Kolia-р дамжуулан нэг хүүхэнтэй танилцаад шөнийг хамт өнгөөрөх ба хүүхэн цаашид олон дахин уулзмаар байгаагаа, дурлаж байгаагаа шууд хэлэхэд Sergei бодол санаа болон биеийн чилээгээ гаргасандаа сэтгэл ханаад одоо бол энэ хүүхний өврөөс бушуухан гарахгүй бол бүтэж үхэх юм шиг санагдан гэрээс нь бараг зугтаачихна.. 

нэг өдөр Sergei саунд суухаар явж байгаад автобусанд нээх хөөрхөн хүүхний өмнө өөдөөс нь хараад суучихна, хүүхэн замын турш ном уншингаа Sergei-ын харцыг тэвчин, ойлгон явсаар буух ёстой газраа буухад Sergei араас нь даган буухаасаа өмнө даруун зангаасаа болж ганц ч үг сольж чадахгүй, мөн хүүхнийг дагаж буух эсэхээ эргэлзэн эргэлзэн эцсийн мөчид гаргадаг бөгөөд Sergei хүүхнийг даган цайны газар, номын дэлгүүр, мөн гэр хүртэл нь даган явна, хүүхэн мэдээж түүнийг анзаарах боловч уурлаж айсангүй харин ч өөрт нь зугаатай сайхан мэт байлаа, ингээд хүүхэн орцныхоо өмнө ирээд түүн рүү эелдэгээр гарахад хаана амьдрадагийн мэдсэн Sergei түүн рүү далладаг.. Sergei хүүхэнд дурласан ч гэрт нь ирэх юмуу ямар нэгэн аргаар уулзахыг хичээсэнгүй байтал таван сарын нэгэн буюу баярын өдөр болж тэрээр парадад явж байгаад санамсаргүй байдлаар нөгөө хүүхэнтэйгээ тааран улмаар танилцана: энэ ном уншдаг хүүхнийг Anya гэдэг бөгөөд хорин тав орчим насны үзэсгэлэнтэй хүүхэн агаад тэд анхны болзоон дээрээсээ л бие биедээ таалагдана.. 

хэдэн сар өнгөрөхөд Sergei, Anya хоёр хамт амьдрах дээрээ тулан, хаана, яаж гэдгээ л шийдэх үлдээд байх ба Anya нөхөрт гараад үзчихсэнээ тэгээд салсанаа Sergei-д хэлдэг, хүүхэн үүнийгээ надад тохиосон хамгийн азгүй зүйл хэмээдэг бөгөөд нэг том алдсан одоо ахиж алдах эрхгүй болохоо ухамсарласан Anya энэ хайраа, энэ амьдралаа, энэ залуудаа бүх бие сэтгэлээрээ дурлаад Sergei-д хандан: миний туйлын хүсэл бол чиний сэтгэлийг хуваалцах, би чамтай л хамт бол хаашаа ч явна, юуг ч туулна гэж хэлдэг.. Sergei хүүхэндээ хайртай боловч гуниг, гайхшрал, зүг чиг заах зам болон амьдралын утгыг хайр, янаглал өгөхгүйг ухааран улам бодлогшронгуй, улам эргэлзэгч болоход Anya-ын аавтай уулзсан уулзалт нөлөөлөх бөгөөд хүүхний аав тэднийг тусдаа гарах хэрэггүй, мөнгө төгрөг чинь хүрэхгүй, боломжтой болтлоо манайд бай хэмээн гашуун үнэн ч, хэт гутрангиар хэлэхэд охин нь аавыгаа тувт эсэргүүцэн залуус бидэнд боломж олго, бидэнд итгэ хэмээнэ.. Anya-ын төрсөн өдөр дээр Sergei төмсөөр тоглож буй залуустай муудалцан ширүүн хэрэлдэх бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаар гол хүнс болж байсан энэ төмсгүйгээр бид оршин тогтнохгүй байсан, энэ ачит хүнсээрээ тоглох нь өвөг дээдсийнхээ цусаар тоглосонтой адил гэж Sergei бодно.. Sergei гэртээ очоод зүүдэндээ аавтайгаа уулзаад: ааваа би хэрхэн амьдрах вэ, юу хийхийг минь хэлээч гэхэд Sergei-ын зүүдний, төсөөллийн, сүнс аав нь хариуд нь зүгээр амьдар хүү минь гэдэг.. 

Гүржид төрсөн ЗХУ-ын кино найруулагч Marlen Khutsiev-ын энэхүү хар-цагаан драм жараад оны ЗХУ-ын гол киноны тоонд ордог ба анхны хувилбарыг нь Nikita Khrushchev хориглон 1965 онд nikita khrushchev-н эрх мэдлээс буусан хойно зарим сцен, зохиол энэ тэрийг дахин шинэчилсэнээр гаргасан агаад 1989 онд эх хувилбараар нь буюу гурван цагийн хугацаатайгаар нь гаргасан нь эдүгээ кино урлагийн хамгийн тансаг хар-цагаан зураглалтай бас залуусын би яагаад төрөв, би яагаад энд байна, би яаж амьдрах вэ, би хэрхэн сайн хүн байх вэ гэсэн философийн асуудлыг хөндсөн ямар ч эрин үед үзүүштэй байх, мөн ямар ч үед үзэгчдийг татах гоо зүй, ёс суртахуунтай бүтээл.. киноны зураг авалт гайхамшигтай: гар дээрээс авсан зургууд болон хөдөлгөөнтэй өрнөлтэй зургууд Францын шинэ давалгааг эрхгүй санагдуулах агаад нэн ялангуяа François Truffaut-ын арга барил хүчтэй мэдрэгдэнэ.. киноны дүрүүд шүлэг унших хийгээд дүрүүдийн өөртэйгөө ярих сценүүд зураглалтайгаа нийлэн яруу найраглаг, бодролыг төрүүлэх бөгөөд кинонд Пушкин болон Маяковский нарын шүлэг ухаан цэнгүүлнэ.. жараад оны ЗХУ-ын залуус барууны хөгжим сонсож, байр, бас хайр сэтгэлд санаа чилээж байгаан одоо ч манай Монголын нийгмийг харуулах шиг бөгөөд залуу насны асуудал бол мөнхийн, ямар ч цаг үед тэр янзаараа болохыг харуулжээ.. кинонд гарах байр байшин, хувцас хунар, ахуй амьдрал хийгээд ЗХУ-ын залуусын хэв маяг манайтай дотно, ойрхон ба энэ кино бол маш загварлаг, хээнцэр өнгөрсөн үе юм.. сонирхуулахад, уг кинонд Andrei Tarkovsky, Andrei Konchalovsky хоёр жижиг дүр бүтээсэн байдаг..

Comments