"Гайхамшигт шинэ ертөнц". Английн зохиолч Олдос Хакслигийн 1931 онд бичиж, 1932 онд хэвлүүлсэн дистопиан роман. Ард иргэд байгаль орчинд ээлтэй, оюун ухаанд суурилсан, шатлан захирах нийгмийн бүтцэд хувиргасан футурист Дэлхийн Төр улсад үйл явдал нь өрнөх уг романд нөхөн үржихүйн технологи, нойрны сургалт, сэтгэлзүйн манипуляц, эртний сонгодог нөхцөл байдалд шинжлэх ухааны үлэмж их дэвшлийг зөгнөсөн. Хаксли энэ номынхоо араас "Гайхамшигт шинэ ертөнцөд дахин зочилсон нь" (1958) хэмээх ном, мөн өөрийнхөө сүүлийн "Арал" (1962) гэдэг утопиан роман бичсэн. "Гайхамшигт шинэ ертөнц" романыг Жорж Оруэллийн "1949" романтай харьцуулдаг. Америкийн "Орчин үеийн номын сан" хэвлэлийн газраас "Гайхамшигт шинэ ертөнц" номыг 20-р зууны Англи хэл дээрх шилдэг 100 романы 5-р байрт жагсаасан бол шүүмжлэгч Роберт МакКрам бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 роман жагсаалтынхаа 53-р байрт уг романыг он цагийн дарааллаар оруулжээ. Энэ бол хэвлэгдсэн цагаасаа хойш байнга хориглогдож, маргаан дагуулсаар ирсэн роман билээ.
ҮНДСЭН СЭДЭВ. "Гайхамшигт шинэ ертөнц" романд шинэ, хүчирхэг технологийг эрх мэдэлтнүүд удирдан хянах нь ямаршуу аюултай болохыг анхааруулжээ. Энэхүү сэдвийг Бокановскийн процесс, өндгөвчийг мэс заслын аргаар авах, гипнопедийн эмчилгээ зэрэг техник болон эмнэлгийн оролцоотойгоор нөхөн үржихүйн системийг хатуу хянаж байгааг дүрсэлсэнээс харж болно. Өөр нэг аюул бол гэм хоргүй чөлөөт цагийг бий болгож, Дэлхийн Төр улсын тогтвортой байдлын үндэс болсон хэрэглээ, үйлдвэрлэлийн өндөр түвшинг үүсгэдэг нарийн түвэгтэй зугаа цэнгэлийн машинуудыг бий болгох явдал болой. Сома бол уг романд анагаах ухаан, биологи, сэтгэлзүйн технологийг хамгийн хурцаар шүүмжилсэн гурав дахь жишээ бөгөөд энд шинжлэх ухаан, технологийн ялгааг хүлээн зөвшөөрөх чухал. Төр хөгжил дэвшил, шинжлэх ухааны тухай ярьж байвал энэ нь шинжлэх ухааны эрэл хайгуул, туршилтыг нэмэгдүүлэх бус технологийг сайжруулах тухай байдаг. Төр шинжлэх ухааныг "мэдрэмж" гэх мэт зүйлсээр дамжуулан саад тотгоргүй, жаргалтай, өнгөц ертөнцийг бий бүтээсэн технологийг бий болгох хэрэгсэл болгон ашигладаг. Төр нь хяналтанд нь заналхийлэгч шинжлэх ухааны үндэс суурь болох үнэнийг эрэлхийлсэн мэдлэгийг цензурдаж, хязгаарладаг ба төр аз жаргал, тогтвортой байдалд анхаарал хандуулах байна гэдэг нь шинжлэх ухааны судалгааны үр ашгийг ашиглахдаа хяналтынхаа технологийг л дэмжихээс шинжлэх ухааныг өөрийг нь дэмждэггүй гэсэн үг.
"Гайхамшигт шинэ ертөнц" бол алив юмс буруугаар эргэвэл нийгэмд юу тохиолдож болох тухай ердийн анхааруулга бус харин Хакслигийн амьдарч байсан, өнөөг хүртэл оршин тогтнож буй нийгмийн элэглэл гэж ойлгох нь чухал. Дэлхийн Төр улсын иргэдийн хандлага, зан авир эхлээд этгээд хачирхалтай, харгис, дуулиан шуугиантай мэт харагддаг боловч Дэлхийн Төр улс бол хувь хүний аз жаргалыг хэрэгцээгээ хангах чадамж гэж тодорхойлдог; харин нийгмийн амжилтыг эдийн засгийн өсөлт, хөгжилтэй адилтгаж байгаа нь өнөөгийн бидний эдийн засгийн үнэт цэнийн туйлширсан хэдий ч логикийн хувьд хөгжсөн хувилбар гэсэн дүгнэлтэд хүрч болох мэт. Эл бүтээлд өөрсдийнхөө нөхцөл байдлын үнэнтэй нүүрэлдэхээс зайлсхийхийн тулд юуг ч хамаагүй хийдэг дүрүүдээр дүүрэн байдаг. Мансууруулах бодис болох сомаг бүх нийтээрээ хэрэглэж байгаа нь санаатайгаар өөрийгөө хуурч байгаа хамгийн ерөнхий жишээ байж магадгүй; сома хэрэглээ нь одоогийн бодит байдлыг бүрхэгдүүлж, бодитыг нь хий хооронд жаргалаар сольж, улмаар сома нь нийгмийн тогтвортой байдлыг дэмжих хэрэгсэл болж байна. Гэхдээ Шекспирийг хүртэл үнэнтэй нүүр тулахаас зайлсхийхэд ашиглаж болно гэдгийг Жоны Ленинаг Шекспирийн ертөнцийн нүдээр, Жульеттагийн дүрээр, дараа нь "садар янхан" гэж харж байгаагаас харж болно.
Мустафа Мондын хэлснээр; Дэлхийн Төр улс жаргалыг үнэнээс урьтал болгодог; тэрээр хүмүүсийг үнэнээс илүү жаргал сайхан амьдруулна гэж хэлдэг. Мондын зэрэгцүүлэн тавьсан эдгээр хоёр абстракт ойлголт юу хэлнэ вэ? Аз жаргал гэдэг бол иргэн бүр хоол хүнс, секс, хар тамхи, сайхан хувцас хийгээд бараа бүтээгдэхүүнийг авах хүслийг нь шууд хангах явдал гэж хэлж байгаа нь Мондын аргументаас тодорхой харагдана. Монд үнэн гэж юу хэлж байгаа, ялангуяа Дэлхийн Төр ямар үнэнийг нуух ёстой гэж тэр үзэж байгаа нь тодорхойгүй байна. Мондын Жонтой хийсэн ярианаас харахад Дэлхийн Төр улсын устгахыг эрэлхийлдэг үндсэн хоёр төрлийн үнэн байдаг; нэгдүгээрт, Мондын өөрийнх нь өнгөрснөөс үзэхэд Дэлхийн Төр аливаа шинжлэх ухаан болон эмпирик үнэнийг олж мэдэх гэсэн иргэдийн бүх оролдлогыг боомилж, хянажээ. Хоёрдугаарт; засгийн газар хайр сэтгэл, нөхөрлөл, хувийн холбоо сүлбээ гэх мэт бүх төрлийн "хүнлэг" үнэнийг устгахыг оролддог аж. Эдгээр хоёр төрлийн үнэн нь эрс ялгаатай; объектив үнэн нь бодитой эцсийн тодорхойлолтод хүрэхийг хэлэх бол харин "хүнлэг" үнэнийг тодорхойлох бус зөвхөн судалж л болно. Гэсэн хэдий ч хоёр төрлийн үнэн нь хувь хүний үнэнийг мэдрэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй холбогдоно. Жон Шекспирийн үг хэллэг, эрч хүчинд дуртай байдаг шиг Монд ч залуу байхдаа мэдлэгтэй болохдоо баясдаг байсан гэдэг.
Үнэнийг эрэлхийлэхэд хувь хүнээс маш их хичээл зүтгэл, бэрхшээлийг эсрэг зогсох, тэмцэх шаардлагатай болдог ба үнэнийг эрэлхийлэх хүсэл бол хувийн онцлогогүй байх, бодож сэтгэхгүй байхад суурилсан уг роман дахь хамтын нийгэмлэг оршин тогтнохыг зөвшөөрөхгүй гэсэн хувь хүний хүсэл болой. Иймээс үнэн ба хувь хүний байх нь романы сэдэвчилсэн бүтцийг сүлэлдүүлж байна. Анхлан "Гайхамшигт шинэ ертөнц" романы дүрүүд жаргал гэж юу болох талаар ижил идеатай байдаг; сэтгэлийн зовлон, өвчин эмгэг, хөгшрөлт, улс төрийн үймээнээс ангижруулж, хүссэн бүхнээ хялбар олж авах зэрэг болно. Гэхдээ дүрүүд жаргалд хувийн сонголт ямар үүрэгтэй байдаг талаар өөр өөр ойлголттой байдаг; Бернард өөрийгөө илүү дээр байж чадна гэдэгт итгэхийг хүсч байгаагаас түүний хувийн сонголттой байхыг хүсдэг болохыг харуулна. Гэтэл Удирдагч Бернардад Исландад хувь хүний амьдралаар амьдрах боломжийг олгоход Бернард Дэлхийн Төр улсад үлдэхийг гуйж, бие даасан байхын тулд хувийн тав тухаа золиослоход бэлэн бус байна. Хельмголц яруу найргаар дамжуулан өөрийгөө илэрхийлэхийнг эрмэлздэг хэдий ч сайн яруу найрагт "маш их салхи, шуурга" шаардлагатай гэсэн түүний идеа нь жаргал ба өөрийгөө илэрхийлэх гэсэн хоёр ойлголт огтлолцохгүйг харуулах агаад тэр зөвхөн зовлон зүдгүүрээр дамжин л хувийн сонголт хийх эрхтэй болох ёстой аж. Жон зовлон зүдгүүр, өөрийгөө үгүйсгэх арга замаар хувийн эрх чөлөөг эрэлхийлдэг хэдий ч өөртөө ногдуулсан хэтийдсэн гачигдал, тарчлал түүнийг зовж зүдрээхээс цаашгүй байна.
МОТИФ. "Гайхамшигт шинэ ертөнц" романы туршид Дэлхийн Төр улсын иргэд 20-р зууны үйлдвэрийн эзэн, "Форд Мотор" компанийг үүсгэгч Хенри Фордын нэрийг эгээ л өнөөгийн манай Христийн шашинтай улс орнуудын ард иргэд "Эзэн Есүс Христ" минь гэж уулга алддаг шиг амны уншлага болгон хэлдэг. Энэ нь энгийн яриа, дадал зуршлын түвшинд, мөн шашин шүтлэгийн түвшинд ч илүү бүтээгдэхүүн өгдөг, үр ашигтай, механикжсан үйлдвэрлэлийн эзэн Хенри Фордоор сольсон нь харагдаж байна. Эл бүтээлд секстэй холбоотой хэсэг дэндүү олон. Дэлхийн Төр хүн амаа хянах үндсэн түлхүүр бол бэлгийн ёс заншил, нөхөн үржихүйн эрхийг хатуу гараар удирдах явдал болой. Нөхөн үржихүйн эрхийн хүрээнд эмэгтэйчүүдийн гуравны хоёрыг үргүйжүүлж, үлдснийг нь жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхийг шаардаж, харин шинэ хүн төрүүлэх шаардлагатай үед өндгөвчийг мэс заслын аргаар авдаг авторитар системээр зохицуулагдана. Секс хийхийг садар самуун байх хэрэгтэй, олон хамтрагчтай байх хэрэгтэй гэсэн нийгмийн урамшууллын системээр зохицуулагдах ба Харь гадны хүн Жон Ленинаг хүсэн, хайрладаг ч хүүхэн өөрийг нь эргүүлээд хайрлах чадваргүйд тарчилдаг. Жоны хайрын ядал, Ленинагийн сексийн ядал хоёрын зөрчилдөөн нь Шекспирийн бүтээлүүдээр дүрслэгдсэн ертөнц ба Дэлхийн Төр улсын ертөнц хоорондын хүнлэг үнэт зүйлсийн ялгааг тодотгоно. Шекспирийн бүтээл Жонд ертөнцийг ойлгох хэл яриаг өгдөг бөгөөд Жон Жон Шекспирийг ашигласнаар "Гайхамшигт шинэ ертөнц" роман нь Шекспирийн "Шуурга" гэх мэт жүжгүүдэд судлагддаг баялаг сэдвүүдтэй холбогддог. Энэ нь мөн Дэлхийн Төрийн суртал ухуулгын прагматик, утгагүй тэнэглэл хийгээд "Фордын өмнөх" эриний нарийн өнгө аястай, гоёмсог шүлгүүдтэй эрс эсрэгцсэн шинжийг бий болгодог. Шекспирийн жүжгүүд нь Дэлхийн Төрийн хориглодог хүмүүс хоорондын хүчтэй, дотно, эмгэнэлт харилцааг агуулдаг билээ.
СИМБОЛ. Сома хэмээх мансууруулах эм бол хэрэглэсэн хүндээ жаргалын тод хийсвэр мэдрэмжийг мэдрүүлдэг бөгөөд энэ нь Дэлхийн Төр улсын гүн нэвтэрсэн, нийгмийг хянах чухал арга болдог. Эл мансууруулах бодис нь Дэлхийн Төрийн уриа болсон "тогтвортой байдлыг" дэмжих аргачлалын нэг хэсэг болж, хувь хүмүүст сөрөг бодол болон сэтгэгдэл төрүүлэхээс ангид байлгах боломжийг олгож, үндсэндээ Дэлхийн Төрийн статус квог эсэргүүцэх шалтгааныг олгохоос сэргийлдэг. Сомагийн хэрэглээ нь нийтийн цуглаан, хоолны цаг, ажлын байр, Эв нэгдлийн алба, хувийн орон сууцанд ч дүрслэгддэг нь романы ихэнх дүрүүдийн сэтгэл ханамж Сомагаас хэр хамааралтай болохыг онцолж байна. Сома нь романы туршид засгийн газрын бүрэн хянах явдлын симбол болдог боловч гол дүр болгон мансууруулах бодис нь өөрсдөд нь ямар утгатайг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа нь үүнийг илүү нарийн өнгө аястай болгодог. Жишээлбэл, Ленина Сомагийн хэрэглээг амьдралын бодит байдал гэж үздэг бол Бернард Төрөөс өөрийгөө чөлөөлөх хүсэлтэй нь улмаас сомагаас татгалздаг. Харин Жон Сомаг хор гэж жигшихэд Монд "нулимсгүй Христийн шашин" буюу ёс суртахууны хатуу стандартыг мөрдөлгүйгээр эрдэмтэй болох чадамжтай зүйрлэдэг. Эдгээр тайлбар болгон сомагийн талаарх олон төрлийн функц ойлголтыг өгдөг ба энэ нь мөн сома яагаад ийм үр дүнтэй хяналтын хэлбэр болж байгааг нарийвчлан хэлж байна. Амар хялбар, жаргахын төлөө зөнгөө, хүслээ дагасан хүн сомагийн олз болж, улмаар бие даасан байдлаа гээн, Дэлхийн Төр улсын хяналтад ордог.
Comments
Post a Comment