Шөнийн цэцэг

 


Belle de Jour (1967). Модот гудамжаар морин тэрэгтэй хос аль л янаг дурлалын үгсээр эрхлэлдэж, ярилцан явна.  Нөхөр Pierre зөөлөн аядуу боловч гомдлын үгээр эхнэр Séverine-г зэмлэнэ. Харин эхнэр Séverine энэ бүхэнд хүйтэн хөндий хандана. Гэнэт Pierre учиргүй уурлаж эхнэрээ хамгийн муухай хараалаар загнан байж эхнэрээ морин тэрэгнээс хүчээр буулгана. Ингээд гээд ой модны гүнд аваачин модноос уяаж байгаад ташуурдаж шийтгэнэ. Энэ хүчирхийлэл, доромжлолд морин тэрэгний хоёр хөтөч тус дэм болох ба эцэс сүүлд нь нөхрийнх нь тушаалаар эхнэрийг нь эзэмдэнэ. Хачирхалтайн, энэ бүх тарчилгаанд Séverine эсэргүүцэж байснаа өөрийг нь танихгүй эрс эзэмдэж эхлэхэд таашаан хүлээн авна. Энэ бол киноны эхлэл хэсэг  болой.  Гэхдээ кино яг ингээд эхэлж байна уу? Гэдгийг бас мэдэхэд эргэлзээтэй; учир нь энэ бүхэн Séverine-ын бодсон фантази хүсэл байх магадлалтай.

  Pierre бол баян, сэхээтэн, сэтгэл татам эмч залуу. Түүний залуухан эхнэр Séverine нүд булаам үзэсгэлэнтэй ч хүйтэн хөндий, сэтгэлзүйн хувьд хачирхалтай бүсгүй. Нөхөр нь түүнийг юугаар ч дутаасангүй, мөн хайр халамжаар ч дутаасангүй; гэвч материалаг зүйлс хийгээд Pierre-ын тайван зөөлөн зан Séverine-ын сэтгэлийн хүслийг хангадаггүй ажээ. Нэг өдөр Séverine-ын найз хүүхэн түүнд өдгөө цагт эмсийн хүрээлэн маш амжилттай бизнес болж байгааг, эртнээс уламжлалттай эмсийн хүрээлэнгийн талаар ярина; найз нь ийнхүү ярьж байх зуур ярианд ховсдуулсан Séverine гүн бодолд автчихна. Тэр өдрөөс хойш Séverine-ын санаа бодлыг тэр эмсийн хүрээлэн л татаж бүр байж сууж чадахаа болино.  нөхрөөсөө хүртэл сонирхож асууна. Бүр Нөхрийнхөө найз Henri-ээс ч асууна. Харин Henri түүнд нэгэн эмсийн хүрээлэнгийн хаягийг өгнө; өчнөөн бодож, эргэж буцсаны эцэст тэр газарт очно. Хаалга онгойлгосон зохион байгуулагч хүүхэн Anais түүнийг шинэ “ажилчин” гэж бодоод шууд л, чи анх удаа юм байна, зүгээр яваандаа сурна.

Ашгаа тавин хувиар хуваан, гэм мэтээр Séverine-г сэхээ авч завдуулалгүй “ажилчинаа” болгож бүр нэр хүртэл өгнө. Тэр нэр нь буюу биеэ үнэлэгч болгох нууц нэр нь “өдрийн гоо бүсгүй” гэдэг нэр байна.  Эхний өдөр чихрийн худалдаачин түүнийг авах ба эсэргүүцэж тэмцэхэд нь бүсгүйг зандарч загнана. Харин энэ нь бүсгүйд тун таатай санагдсанаар тэр эмсийн хүрээлэнгийн “ажилчин” болно. Ийнхүү “өдрийн гоо бүсгүй” маань өдрийн цагаар биеэ үнэлэгч, оройн цагаар гэрийн үнэнч эзэгтэй гэсэн давхар ажилтай болно. Түүн дээр олон янзын хүмүүс орж ирнэ. Профессороос авхуулаад халимаг монгол залуу ч гарах нь гайхалтай бөгөөд марзан.  Эрээн бараан өдрүүд үргэлжилж Séverine ч ажилдаа гаршихаас гадна нөхөртэй мэдэгдсэнгүй явж байтал Латин Америк гаралтай хөлсний алуурчин залуу “өдрийн гоо бүсгүйн” тогтмол үйлчлүүлэгч болох ба залуу ч хүүхэнд дасч, аажмаар түүнийг харамлаж хардаж эхэлнэ.

Харин латин залуугийн эршүүд, догшин зан чанарт Séverine татагдана. Ингэж байтал нөхрийнх нь найз Henri эмсийн хүрээлэнд ирж түүнийг авсанаар бүгдийг орвонгоор нь эргүүлнэ. Цаашдаа ингэж удаан амьдрахгүйгээ ухамсарласан Séverine ажлаасаа гарч гэртээ бүгнэ. Гэтэл хаанаас яаж олж мэдсэн нь мэдэгдэхгүй гэрт нь латин залуу дайрч орж ирсэнээр кино төгсгөлийн хэсэгтээ орно. Séverine бол мөнгөндөө биш хувь хүний сексийн гаж хүсэлдээ “идэгдсэн” тийм бүсгүйн дүр бөгөөд түүнд хайр халамж чухал биш, харин ч хоёрт тавигдах зүйл бол загнуулж, харуулгуулж, бас зодуулах нь хүслийг нь өдөөх бөгөөд ингүүлэх явцдаа өөрийгөө өрөвдөж, арчаагүйгээ мэдрэх тэр сэрэл мэдрэмжээсээ гүнзгий таашаал авдаг буюу бүсгүй "domination", "bondage", "sadomasochism" төрлийн “гаж” секс сонирхогч, үүнээ цаг үргэлж мөрөөдөгч бөлгөө.

Испани-Мексикийн мастер кино урлаач Luis Buñuel-н сюрреалист, эротик, сэтгэлзүйн драм. 1928 онд хэвлэгдсэн Joseph Kessel-н ижил нэрт романыг Buñuel Jean-Luc Carriere-н хамтаар кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд: Catherine Deneuve, Michel Piccoli, Jean Sorel, Francisco Rabal, Genevieve Page нар тоглосон. Киноны нэр Францаар belle de nuit буюу (шөнийн гоо үзэсгэлэн буюу биеэ үнэлэгч) гэсэн хэллэгийг урвуулсан болно, учир нь Séverine өдрийн цагаар "өдрийн гоо үзэсгэлэн" гэдэг нэрээр биеэ үнэлдэг билээ. Түүний эл хочийг мөн зөвхөн өдрийн цагаар л цэцэглэдэг Convolvulaceae (утга нь өдрийн гоо үзэсгэлэн) гэдэг цэцэгт ургамлаас авсан байх магадлалтай гэж үздэг. Уг бүтээл бол Buñuel-н замналын хамгийн амжилттай, алдартай кинонуудын нэг бол Deneuve-н хувьд "The Umbrella of Cherbourg" киноных нь дараачаар орох том амжилт нь болсон. "Bella de Jour" 1967 оны Венецийн кино наадмын Алтан Арслан шагналыг хүртэж, Deneuve BAFTA наадамд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшиж байв. 2010 онд уг киног Empire сэтгүүл дэлхийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 56-р байрт эрэмбэлсэн байхад Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 262-р байрт жагсаагаад байна. Энэ бол фетишизмыг эрхэмлэн урласан кино.

  Найруулагч Buñuel жүжигчин Deneuve-н нүцгэлэлтэд бус харин түүнийг бүрхэн халхалж байгаа хувцас хунар болон ер бусын үзэсгэлэнтэй гаднах байдалд нь анхаардаг. Хэдий киноны үйл явдал дээд зэрэглэлийн янхны газарт төвлөрч байгаа ч кинонд сексийг ил тодоор огт үзүүлдэггүй. Хаалттай хаалганы цаана, нууц буланд, тэр ч атугай авсны хайрцаган доорх үзэгдлүүд нь бидэнд гажууд сексийн төсөөллийг л өгнө. Энэ бол хамгийн нууцлаг, яруу найраглаг, түвэгтэй, урин дуудсан кинонуудын нэг билээ. 1966 онд, Buñuel Египет-Францын ах дүү продюсерууд болох Robert Hakim, Raymond Hakim хоёртой холбогдсон ба ах дүүс алдартай найруулагчаар эротик кино хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингээд тэд Buñuel-д Joseph Kessel-н бөөн маргаан дагуулж байсан "Belle de Jour" номоор кино хийхийг санал болгож. Buñuel-д эхлээд ном таалагдаагүй; савангийн дуурь шиг" гээд халгаахгүй байсан ч эцэстээ зөвшөөрсөн бөгөөд "таалагдахгүй зүйлээ өөрийн болгон хувиргах нь надад сонирхолтой санагдсан" хэмээсэн буй.
Тэрээр Мадридын эмсийн хүрээлэнгээр явж, биеэ үнэлэгчдээс сексийн төсөөллийг нь асуун судалгаа хийсэн байдаг аж. Buñuel-д мөн 22 настай байсан Catherine Deneuve-г сонгосонд сэтгэл дундуур байсан ба Deneuve тухайн үед найруулагч Francois Truffaut-тай болздог байсан нь кинонд сонгогдох лобби болсон гэж Buñuel хардаж байлаа. Үүнээс болж найруулагч, жүжигчин хоёр зургийн талбай дээр хамтран ажиллахад хүндрэлтэй болжээ. Deneuve: "Тэд надаар хийх ёстой байснаас минь илүү ихийг хийлгэсэн юм шиг надад санагдсан. Би бүрэн ашиглуулсан юм шиг санагдах үе ч байсан. Надад тун зовлонтой байсан" гэж ярьсан байдаг. Энэ кино магадгүй хамгийн шилдэг эротик кино болов уу. Миний хувьд лав тун дээгүүр заларна. Эротикизм бие махбодь гэсэн гадна бус дотор буюу төсөөлөлд оршдог болохыг энэхүү кино үзүүлсэн. "Bella de Jour" бол бүхэлдээ Séverine-н өнцгөөс өгүүлсэн кино ба Catherine Deneuve мэс засалчийн эхнэрийн дүрд тоглохдоо 23 настай байсан бол тэр үед 67 настай байсан найруулагч Buñuel ихэнх найруулагчдын хэзээ ч олж мэдээгүй хүмүүний нууцлаг шинжийн тухай олон овжин кино хийчихээд байлаа. Зүгээр секс хийх бол эротик биш, эротик бол хүлээлт хийгээд уулзалтын огтолцол ба энэ бол секс, эротикизмын тухай кино. Хайр бол шал өмнөө асуудал. Séverine-н дур хүслийн объект бол үргэлж Séverine өөрөө байдаг. Тэр царайлаг, боловсролтой эртэй гэрлэсэн, нөхөр нь ч түүнийг биширдэг.

Гэвч Séverine нууцлаг зэрлэг төсөөллийн амьдралтай ба Buñuel түүний оньсого шиг инээмсэглэл хийгээд түүний юу бодох байгааг байнга эвлүүлгээр тасалдуулдаг. Buñuel кино болгондоо хөл болон гутлыг онцлон үзүүлж өөрийнхөө фетишизмыг мандуулдаг; тэрээр фетишизмд ямар нэгэн утга өгөх хэрэггүй, фетишизм гэдгээр нь л хүлээж авах ёстой гэдгийг ойлгожээ. Séverine бүдүүлэг, харгис хандахад дуртай мазохист боловч кинонд огт тайлбарладаггүй янз бүрийн жижиг зүйлсээс өдөөлт авдаг. Жишээлбэл; сүйх тэрэгний хонхны чимээ, муурны гиншээ зэрэг болно. Эдгээр дуу чимээнүүд киноны алдарт фантааз сцэнүүдийг дагалдан гарч ирдэг буюу тухайлбал кино эхлэлд, Séverine-н нөхөр сүйх тэрэгний жолоочдод эхнэрээ хүчирхийлэхийг тушаадаг. Өөр нэгэн сцэнд, Séverine цагаан унтлагын хувцастайгаар хүлүүлсэн байхад эрчүүд түүн рүү шавар шидэн доромжилдог. Энэ бүхэн Séverine-н секс төсөөлөл болно.

  Кинонд илэрхий сексийг үзүүлдэггүй ч сонирхолтой бас алдартай нэг сцен бий. Биеэ үнэлэгчдийн газарт зочилсон нэгэн эр жижигхэн хайрцагтай ирээд хайрцгаа нээж үзүүлэхэд Séverine ч тэр ер нь бүх хүүхнүүд дайждаг. Үзэгч бид хайрцагт чухам юу байсныг ойлгож чадахгүй бас хэзээ ч мэдэж чадахгүй. Үнэндээ хайрцагт юу байгаа нь чухам биш, энэ бол ямар нэгэн байдлаар эротик, фетиш зүйл болох нь тодорхой. Buñuel хайрцагийг ийм маягаар симбол болгосон болов уу. Séverine өөрийнхөө үйлчлүүлэгчдээс муухай шүдтэй, сэлмэн таягтай, хар савхитай залуухан Marcel-д үнэгүй үйлчилдэг билээ. Séverine өөрийнх нь төгс шинжийг үгүйсгэн, доромжилж байгаа Marcel-н гудамжны зан авир, тэнэглэлд татагдаж байгаа явдал бол түүний фетиш бөлгөө. Séverine Marcel-д биш түүний өөрөө ч ойлгохгүй тэр харгислал, ялзралд донтсон буюу Marcel бол Séverine-н амьдралд учирсан цорын ганц фантааз амьдралын тулгуур, зохист хамтрагч бөлгөө. 

Comments