Хайрлагдсан өдрүүд

 


In a Lonely Place (1950). Америкийн нэрт кино найруулагч Nicholas Ray-н нуар жанрын сод бүтээл. Америкийн зохиолч Dorothy B. Hughes-н 1947 оны ижил нэрт романыг Andrew P. Solt, Edmund H. North нар кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд киноны гол дүрүүдэд: Humphrey Bogart, Gloria Grahame хоёр тоглосон. Киног Humphrey Bogart-н үүсгэн байгуулсан Santana кино компани бүтээжээ. Эл бүтээлд хэн гэдэгтээ эргэлзсэн, зовж тарчилсан хайрын сэдэв өнгөн талд нь байрласан бол гүндээ Холливуудын амьдралын хэв заншил, алдартнуудыг тойрсон ялзралыг тоохуутайгаар өгүүлдэг. 1950 онд Холливуудын оддыг, Холливуудад хэвшсэн буруу тогтоолцоог егөөтэйгөөр шүүмжилсэн гурван кино гарсны нэг нь энд өгүүлж буй кино бол нөгөө кинонууд нь Billy Wilder "Sunset Boulevard", Joseph L. Mankiewicz-н "All About Eve" байлаа. Хэдийгээр "In a Lonely Place" Bogart-н бусад кинонуудаас бага алдартай боловч түүний гүйцэтгэлийг олонх критикүүд замналынх нь оргил ажлуудынх нь нэг гэж үздэг.

  Эдүгээ уг бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг нуар жанрын киноны нэг гэж үнэлэх болсноос гадна BBC хамгийн шилдэг Америкийн кино жагсаалтынхаа 89-р байрт, харин Slant Magazine хамгийн чухал 100 кино жагсаалтдаа багтаасан. Тэгвэл Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 248-р байрт эрэмбэлээд байна. Уг кинонд аллага, нууцлаг байдал, мөрдлөгө байгаа боловч хамгийн чухал нь найруулагч Ray хүмүүс өөрсдийгөө хийгээд өрөөл нэгнээ хордуулан хохироож байгааг арга замыг судлахыг илүүд үзсэн: хүмүүс бие биенийгээ байгаагаар нь хүлээж авч чадахгүй өөртөө зориулж хайрлах гээд байдгаас үүдэн тэд тэмцэлдэж, эцэстээ салдаг. Энэ бол классик Ray-н нөхцөл бөгөөд энэ бол тийм сайн сайхны тухай гэгээлэг кино биш. Найруулагч Ray тухайн цагт жүжигчин Gloria Grahame-тай гэр бүл байсан ба зураг авалтын үеэр тэдний харилцаа тун муу байсан нь найруулагчийн кинонд нэмэлт хачир болж өгсөн нь дамжиггүй. Ингээд Humphrey Bogart, Gloria Grahame хоёрын ер бусын гүйцэтгэлээр толгойлуулсан, гүн гүнзгий, боловсорсон сэтгэл татам нуарын үйл явдлыг товчхон өгүүлсү.

Дэлхийн 2-р дайнаас хойш амжилттай бүтээл хийгээгүй Холливуудын кино зохиолч Steele бол дарьтай торх шиг аюултай нэгэн бүюу цочмог ууртай, бүдүүлэгдүү нөхөр. Түүнийг агенттайгаа уулзахаар машинаараа явж байгаад гэрлэн дохио дээр үл ялиг асууддаас болж нэг залууг бараг зодох дөхөж буйгаас ааш авирыг нь тодхон харж болно. Шөнийн клубт тэрээр агент Mel гэгчтэй уулзахад Mel түүнд кино дэлгэцнээ хөрвүүл хэмээн нэгэн ном өгнө. Ядарч бас халамцсан Steel өлгүүрчин хүүхэнд хандан; гэрт нь дагаж яваад энэ номыг уншаад өгөөч гэж гуйхад Mildred гэдэг тэр хүүхэн алдартай эрийг дагаж явахыг зөвшөөрдөг. Ийнхүү тэд Steele-н байрны үүдэнд ирээд түүний хөрш болох Laurel гэгч хүүхэнтэй таарч мэнд мэдэлцэнэ. Байранд ороод Mildred номыг уншиж өгөх бөгөөд ном Steele-д таалагдахгүй. Steele амалсан ёсоороо хүүхэнг таксинд суулгаж өгнө. Маргааш өглөө нь Steele-г мөр зэрэгцэн тулалдаж явсан, одоо мөрдөгчөөр ажилладаг Nicolai сэрээгээ цагдаагийн газарт очиж мэдүүлэг авах хэрэг гарлаа гэнэ.

  Тэнд Ахмад Lochner Steele-г угтаад урьд шөнө Mildred-г алуулсан болохыг мэдэгдэх бөгөөд Steele-ш сэжиглэж буйгаа хэлнэ. Steele хөрш Laurel нь Mildred-г гаргаж өгч байсныг харсныг санах ба Laurel байцаалтад ирж, Steele-н хэлснийг батална. Энэ явдлаас хойш илүү дотно танилцсан хөршүүд маань төд удалгүй бие биедээ дурлаж, ерөнхийдөө хамт амьдарч эхэлнэ. Laurel жижиг кинонуудад тоглодог том мөрөөдөлтэй жүжигчин байлаа. Хайр дурлал унтарч үгүй болсон байсан Steele-н онгодыг дахин сэргээж, тэрээр нөгөө номон дээрээ урамтайгаар ажиллаж эхэлнэ. Нэгэн үдэш Steele Nicolai-н гэрт зоог барих үеэрээ найздаа болон эхнэр Sylvia хоёрт Mildred-г ингэж л алсан болов уу хэмээн аллагын явцыг дүрслэн ярьж зүггүйтэв. Үүнийг харсан Sylvia цочирдон, Steele-н гэм буруугүйд эргэлзэнэ. Энэ хооронд ахмад Lochner Laurel-тэй дахин уулзаад Steele-г огцом уурнаасаа болж өмнө хүн зодох зэрэг хэргүүд хийж байсныг хэлнэ; энэ явдал хүүхний түүнд итгэх итгэлийг тодорхой хэмжээгээр сулруулж орхино.

  Хүүхэн Sylvia-тай уулзахдаа дотроо битүүхэн айж эхэлснээ нуудаггүй. Laurel, Steele хоёр шөнийн клубт байхал хажууд нь байсан танил мөрдөгч нь өөрийг нь мөшгөөд байх шиг Steele-д санагдах ба хүн болгон өөрийг нь өөр нүдээр харах болсонд угийн ааштай тэрээр улам их цухалдана. Дараа нь, Laurel-н массажист хүүхэн Martha Steele-н өмнө нь болздог байсан хүүхнүүддээ гар хүрдэг байсан тухай ярьж гал дээр тос нэмчихэв. Steele, Laurel, Nicolai, Sylvia дөрөв далайн эрэг дээр амарч байхад Sylvia Lochner, Laurel хоёр уулзсан тухай ам алдчих ба хэн ч өөрт нь итгэхгүй байгаад аймшигтай хилэгнэсэн Steele машиндаа суугаад явах гэтэл Laurel хамт явъя гэнэ. Steele уурын хүчинд машинаа жолоодож байсан учир өөр нэг машинтай мөргөлдөх шахаж, Steele дахиад л жолоочийг нь хэмх нүдчихнэ. Laurel хэрхэн айсан нь ойлгомжтой. Маргааш нь Steele нэрээ цэвэрлэхээр цагдаагийн газарт очих замдаа тэр шөнө Mildred-н өөрт ярьж байсан найз залуу нь болох Henry гэгчтэй таарна. Steele Nicolai-д алуурчин байх хамгийн магадлалтай хүн бол Henry, та нар наад хүнээ л мөрд гэж хэлдэг. Энэ зуурт Sylvia тэр шөнө Steele-н аллагын явцыг дүрслэн ярьсан явдлыг Laurel-д ярина.

  Энэ бүхний эцэст Laurel хайртай эрийнхээ гэм буруугүйд үнэхээр эргэлзэж, шөнө унтахдаа эм уудаг болно. Steele түүнээс өөртэй нь гэрлэхийг хүсэхэд хүүхэн бараг айснаасаа болж зөвшөөрчихнө. Mel-г ирэхэд Laurel үнэн байдлаа түүнд хэлж, Нью Иорк руу зугтах төлөвлөгөөтэй байгаагаа ч мэдэгдэнэ. Ингээд зогсохгүй хүүхэн Mel-д Steele-н бэлэн болсон кино зохиолыг хэлэлгүй өгчихнө. Сүй тавьсны баярын зоогийн үеэр хамгийн дотно хүмүүс нь өөрөөс нь нууцаар ямар нэгэн юм хийгээд байгааг зөнгөөрөө мэдрээд тэсэрч Mel-г зодчихно. Гэртээ ирэхэд Laurel сүйн бөгжөө авсан байгаад зогсохгүй нууцаар Нью Йорк руу явах гэж байсныг нь олж мэдээд галзууртлаа хилэгнэж хүүхнийг багалзуурдан автал утас дуугарна. Утсыг автал Nicolai Mildred-н алуурчин бол Henry болох нь тогтоогдсон болохыг, та хоёрт түвэг учруулсандаа уучлалт гуйж байна гэдэг. Steele үүнийг Laurel-д хэлчихээд байшингаасаа гарч явдаг ба энэ мэдээ тэдний харилцааг аврахад дэндүү оройтсон болохыг ухаарсан Laurel нулимстай нүдээр хайртыгаа ширтсээр кино жаргадаг.

Edmund H. North кино зохиолыг эх сурвалжтай нь аль болохуйц ойр байлгах гэж нэлээд зууралдсан ба эх зохиолд Steele-н дүр хамаагүй залуу хүн байсан учир жүжигчин John Derek-г тоглуулахаар төлөвлөж байв. Гэхдээ North-н боловсруулалтыг ашиглаагүй аж. Andrew Solt продюсер Robert Lord, найруулагч Ray нар хамтран романаас нэлээд зөрүүтэй кино зохиолыг бэлэн болгосон. Bogart-д энэ нь маш ихээр таалагдаж байсан учраас ямарваа засвар хийхгүйгээр бүтээхийг хүсчээ. Solt-н хэлснээр, киноны эцсийн эвлүүлэг өөрийнх нь бичсэн зохиолтой их дөхөж очсон гэдэг ч зарим судалгаанаас үзэхэд Ray зураг авалтын өдөр байнга нэмэлт өөрчлөлт хийх юмуу дахин бичиж байсан нь илэрсэн буй. Үнэндээ 140 хуудастай зохиолын дөрөвхөн хуудас нь л засваргүй байжээ. "In a Lonely Place" бүтээлийг Bogart Santana продакшн бүтээсэн ба энэхүү продакшны анхны "Knock on Any Door" гэдэг киног Ray найруулж, Bogart гол дүрд нь тоглосон байдаг.

Жүжигчин Louise Brooks "Humphrey and Bogey" эссэндээ энэхүү киноны гол дүр болох Steele бол өөрийнх нь мэддэг амьдрал дээрх Bogart-тай маш төстэй гэжээ. Мөн тэрээр; киноны нэр нь хүртэл Bogart-н хүмүүсээс тусгаарлагдмал байддыг илтгэдэг, Steele-н архичин, амиа хичээсэн, бүтээлээрээ бардамналдаг шинжүүд нь яг адилхан гэсэн байдаг нь сонирхолтой. Киноны оригнал төгсгөлд, уурын халуундаа Steele Laurel-г боомилон хөнөөж, Nicolai түүнд Mildred-н үхэлд буруугүй болсныг хэлэх гэж ирээд Laurel-г алсан байхыг хараад баривчилдаг аж. Киноны төгсгөлийн кадрт, бичгийн машин дээрх хуудсыг харуулна, хуудас дээр Steele машинд байхдаа Laurel-д зохиолынхоо хаана нь байршуулахаа мэдэхгүй байна гэж хэлдэг алдарт "Чамайг үнсэхэд би төрсөн, намайг орхиход чинь би үхсэн, чамд хайрлагдсан өдрүүдэд би амьдарсан" гэдэг мөрүүд харагдах ёстой байжээ. Хуваарийн дагуу эдгээр сцэнийг авсан боловч Ray-д таалагдахгүй байсан тул өөрчилсөн байна. 

  Түүнд зохиолын төгсгөл санаанд нь хүрэхгүй байсан ч зураг авалтыг үүргийн үүднээс авсан хэмээдэг. Дараа нь төгсгөлийн хэсгийг тухайн мөчид зохиож дахин авсан ба тэрээр дотроо "ингэж төгсгөж болохгүй, романс ингэж төгсдөггүй, үүнийг ерөөсөө л болъё. Bogart-г байрнаас гарч яваад цаашид түүнд юу тохиолдож болохыг үзэгчдэд өөрт нь үлдээе гэж би бодсон" гэж найруулагч Ray ярьжээ. Laurel-н дүрд Bogart-н эхнэр Lauren Bacall тоглох нь бараг ойлгомжтой байв; тэдний алдар нэр ашиг орлого авчрахаас гадна угаасаа гэр бүлийн хоёр гэдгээрээ тохирохоор байсан ч Warner Bros татгалзсан. Warner Bros Bacall-г түрээслэхээс татгалзсан шалтгааныг Bogart өөрийн гэсэн продакшны компани байгуулсантай холбодог буюу аливаа бизнест өрсөлдөгч бол өрсөлдөгч л байдаг билээ. Ингээд Ginger Rogers продюсерүүдийн анхны сонголт байсан ч найруулагч Ray өөрийнхөө эхнэр Gloria Grahame-г зөв сонголт гэж зүтгүүлсээр тоглуулахаар болсон байна. Өнөөдөр Gloria-н гүйцэтгэлийг замналынх нь оргил ажил гэж үздэг. Зураг авалт эхлэх үед хурцадмал байсан Ray, Gloria хоёрын харилцаа зураг авалтын дунд үеэс бүр муудаж тусдаа байх болов.

  Даргууд тэдний харилцааг мэдвэл хэн нэгнийг нь халж мэднэ гэж айсан Ray харилцаагаа нууж, зохиол дээрээ ажиллах шаардлагатай байна гэж худлаа хэлж, хувцас солих өрөөнд унтдаг байжээ. Gloria мөн хэнд ч мэдэгдэлгүй тоглож чадсан ба тэд ингэж тэгсээр 1952 онд салжээ. Америкийн кино найруулагч Curtis Hanson энэ киног биширдэг, ялангуяа найруулагч Ray-ын Холливуудыг бараанаар дүрсэлсэн найруулга, мөн Humphrey Bogart-ын тоглолтыг шүтэж явдаг аа хэлсэн байдаг. Hanson "L. A. Confidential" киногоо хийхдээ жүжигчин Russell Crowe, Guy Pearce хоёрт уг киног үзүүлжээ. Тэрээр "Би тэдэнд тухайн үеийн бодит байдлыг, тийм сэтгэл хөдлөлийг харуулахыг хүссэн. Энэ киног би хамгийн аугаа кино гэж хэлэх гээгүй байна, гэхдээ энэ кино миний үзүүлэхийг хүссэн зүйлсийг буюу зохиолын өрнөл гэхээсээ илүү зан авир, сэтгэл хөдлөлийг бий болгож байгаа тэр зүйлсийг илэрхийлж байсан" хэмээгээд цааш нь мөн; "Би In a Lonely Place киног өсвөр насандаа анх үзээд маш их айж байлаа. Энэ кино бараг л намайг ховсдон мэт өөртөө татсан. Яагаад ингэв гэдгийг нь хожим ойлгосон. Маш ховор тохиолдолд, цөөхөн кинонд үнэхээр чин сэтгэлийн хөдлөл, илэн далангүй мэдрэмжийг жүжигчин, найруулагч хоёрын гарамгай хослол үзэгчдэд төрүүлж чаддаг. Жүжигчин, найруулагч хоёрын хооронд ийм зохицол тохиоход үнэхээр сэтгэл хөдөлгөм бүтээл гардаг" гэжээ.

Curtis Hanson мөн түүнчлэн кино болон романы хоорондын төстэй хийгээд ялгаатай шинжүүдийг онцолсон; тухайлбал кино дахь Steele ба роман дахь Steele хоёрт эмэгтэйчүүдэд хандлага ялгаатай гэжээ. Романы Steele хүүхнүүдийн араас гүйгч бол киноны Steele тийм бус хүүхнүүд түүний араас гүйдэг гэжээ. Кино нээлтээ хийхэд критикүүд ерөнхийдөө эергээр хүлээн авч, Bogart, Gloria хоёрын гүйцэтгэлийг магтсан баловч киноны бараан төгсгөлөөс болж санхүүгийн амжилт олохгүй гэж үзэж байсан. Variety сэтгүүл Bogart үзэгчдийн сэтгэлийг татам дүр бүтээсэн, найруулагч Ray түгшүүртэй байдлыг гаргууд тогтоон барьсан, Gloria дээд түвшинд тоглосон гэж магтжээ. Критикч Bosley Crowther киноны зохиол болоод Bogart-г шилдэг форм-доо байна гэж сайшаагаад хамгийн гол нь кино эхлэхэд Steele оньсого шиг, тэсрэлттэй, зөрчилтэй байдаг бол киноны төгсгөлд ч энэ хэвээрээ үлддэг гэжээ.

Ray-н анхны "They Live by Night" киноноос ялгаатай нь уг киног триллер гэж сурталчилж байсан боловч энэхүү киног триллер жанрт барагтай багтаадаггүй аж. 1970-аад оны үед Ray-н кинонууд богино хугацаанд дахин сэргэсэн бол 1960-аад онд Bogart-н анти-баатрын дүр олон шүтэн бишрэгчтэй болсон байдаг ба 1950-аад оны үед Францын Cahiers de cinema сэтгүүлийн критикүүд Ray-н өвөрмөц кино хийх аргыг магтаж, Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд ч нөлөөлсөн байдаг. Критикч Ed Gonzalez-н үзэж буйгаар  Францын философич Альберт Камюгийн "Этгээд Хүн" романаас ялгаатай нь Ray-н кино экзистенциализмын цэвэр анхдагч байдлыг төлөөлдөг гэсэн байдаг. Ed Gonzalez: "Steele, Laurel хоёр бие биедээ хайртай байж болох ч тэд ийм жаргалыг хадгалахын тулд өөрсдийнхөө золиос болсон нь илэрхий байна. Энэ бол Ray-н хамгийн ухаалаг хийгээд эмгэнэлтэй төгсгөлтэй экзистенциалист бүтээлийн нэг" гэж бичжээ. 

Comments