Blue Velvet (1986). Америкийн мастер кино урлаач David Lynch-н зохиолыг нь бичиж найруулсан нео-нуар, нууцлаг триллер. Сэтгэлзүйн хоррорыг нуар жанртай хослуулсан уг киноны 1951 оны ижил нэрт дууны нэрээр нэрлэгдсэн. Киноны гол дүрүүдэд; Kyle MacLachlan, Isabella Rossellini, Dennis Hopper, Laure Dern нар тоглосон. "Blue Velvet" киноны зохиолыг 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр олон студийн хаалга татаж үзүүлж байсан ч сексийн болон хүчирхийллийг илэрхий агуулсан хэмээн олонх нь татгалзаж байв. 1984 онд "Dune" киногоороо бүтэлгүйлтсэний дараа Lynch өөрийн анхны "Eraserhead" кинонд үзүүлсэн сюрреалист хэв маягийг онцолсон "хувийн түүхэн" төслийг хөгжүүлж ирсэн аж. Тийнхүү алдарт продюсер Dino De Laurentiis төслийг санхүүжүүлж, бүтээхээр тохиролцжээ. Кино нээлтээ хийсний дараа янз бүрийн шүүмжлэл сонссоны дотор ихэнх нь уран сайхны агуулга багатай гэж буруушааж байсан боловч Lynch энэхүү киногоор Оскарын наадмын шилдэг найруулагч төрөлд нэр дэвшиж, өөр бусад наадмуудад амжилттай оролцсон байдаг. Удалгүй кино култ статустай болсон.
Эл бүтээл жүжигчин Dennis Hopper-н замналыг сэргээж, мөн Isabella Rossellini өөрийгөө загвар өмсөгч, гоо сайхны барааны нүүр царай бологч төдийхөн бус чадварлаг жүжигчин гэдгээ олонд харуулсан билээ. Өнөөдөр "Blue Velvet" киног найруулагч Lynch-н оргил туурвилуудын нэг, 1980-аад оны хамгийн шилдэг киноны нэг хэмээн үнэлж байна. Sight & Sound, Time, Entertainment Weekly, BBC зэрэг томоохон хэвлэлүүд уг киног Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг кино жагсаалтдаа оруулсан байдаг бол Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн хамгийн шилдэг 10 нууцлаг кино жагсаалтдаа багтаажээ. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 90-р байрт эрэмбэлээд байна. Энэхүү киноны үүсгэсэн дуулиан шуугианыг кино урлагт тохиолдсон газар хөдлөлттэй зүйрлэдэг; анхны үзвэрээс хойш олон найруулагчид "Blue Velvet" шиг кино хийх гэж оролдоод чадаагүй агаад Lynch хожим "Mulholland Drive" киногоороо л өөрийгөө "дахин давтсан". Кино критикч Dennis Lim: "Энэхүү кино нь тухайн жилийн Оскарт нэр дэвшсэн бусад бүх кинонуудаас, магадгүй сүүлийн арван жилийн хугацаанд Холливуудын ямар ч киноноос илүү цаг хугацааны шалгуурыг давж гарсан". Ингээд аймшигтай, хошин, сонсголонтой, ухамсрыг цочроосон шедеврийн үйл явдлыг товчхон өгүүлсү.
Их сургуулийн оюутан Jeffrey гэнэт цус харвасан эцгийгээ эмнэлэгт эргэчихээд харьж явахдаа өвсөн дотроос хүний өрөөсөн чих олж байгаагаар кино маань эхлэх ба Jeffrey уг чих өөрт нь түмэн зовлон авчирна гэдгийг даанч үл мэднэ. Хойд Каролинагийн Ламбертон гэх бяцхан сууринд дунд зэргийн нуруутай, хар үстэй, боломжийн царайлаг залуу Jeffrey түрүүн дурдсанчлан эцгийнхээ бие муудсаны улмаас төрсөн сууриндаа ирж гэр бүлийнхээ бизнесийг \дэлгүүр\ зогсоолгүй үргэлжлүүлэхээр ирээд байхдаа нэгэн чих олсон нь угийн сониуч түүний бүх анхаарлыг уг нууцлаг бөгөөд хүн амины хэрэгт татна. Jeffrey олсон чихээ орон нутгийн цагдаад өгөх бөгөөд мөрдөгч John эл хэргийг гардан авч, Jeffrey-г гэртээ аваачин нарийн ширийн юм \залуугийн аавтай найзууд\ асууж лавлана. Jeffrey ч эл чих хүн амины хэрэгтэй холбоотойг ухамсарлаж, ямар чөтгөр нь түүний энэ хэрэг рүү түлхээд буйг бүү мэд, өнөөх ёрын чих сонирхолыг нь татаад болохгүй ба мөрдөгч мэдээжээр түүнд олигтой юм үл ярина: мөрдөгчийн гэрээс гарч явахдаа Jeffrey харанхуйд зогсох залуухан бүсгүйтэй таарах бөгөөд бүсгүй түүнд хандаж: аав \мөрдөгчийг хэлж байна\ чамд хэлэхгүй нууцыг би мэднэ хэмээн хэлсэнээр манай киноны хоёрдахь гол дүр Sandy орж ирнэ. Sandy мөрдөгчийн охин агаад орон нутгийнхаа коллежид сурдаг, шаргал үстэй, тийм хөөрхөн биш боловч сайхан сэтгэлтэй бүсгүй болно.
Бүсгүй аавынхаа яриаг нууцаар сонссоноо Jeffrey-д хэлэх ба бүсгүйн яриагаар бол, тэр чих орон нутгийн нэртэй шөнийн клубын дуучин хүүхэн Dorothy-той холбоотой гээд хэрэв үнэн аваас энэ хэрэг бол Ламбертонд бугшсан гэмт хэргийн бүлэглэлтэй шууд хамаатай болж таарч, аминдаа хайртай хүн бол эл хэргээс холуур тойрсон нь өлзийтэй байлаа. Гэвч Jeffrey харин ч сониучирхан, бүсгүйн зөвлөгөөнөөс зөрж дуучин бүсгүйг олж харахаар явахаа хэлэх бөгөөд Sandy тэр хоёр тун хурдан найзууд болцгооно. Ингээд, маргааш шөнө нь Jeffrey дуучин бүсгүйн гэрийг олж очих бөгөөд өөрийнх нь гэрээс холгүй газар орших орон сууц байна. Jeffrey шавьжны хор цацагчийн дүрд хувиран шууд дуучин бүсгүйн рүү явж очиход бүсгүй сэжиглэсэн юмгүйгээр гэртээ оруулна. Jeffrey наагуур, цаагуур худлаа ажиллаж байгаа хүн болон гэрийнхэн түлхүүрийг хулгайлах агаад ингэх явцдаа бүсгүй хаалганыхаа үүдэнд нэгэн бүдүүн, шар хүрэмтэй эртэй сэжиг бүхий уулзаж байгааг харж, хэргээ бүтээнгүүт бушуухан арилж өгөхөд бүсгүй юу ч үл анзаарна.
Jeffrey гаргасан амжилтаа Sandy дээр очиж хэлж, дараагийн удаа хамт явж гэрийн нэгжье, чи туслаач гэхэд бүсгүй эхэндээ татгалзаж байсан ч эцэстээ сониуч хийгээд болохгүй юманд татагддаг хүнд байдаг зангаар зөвшөөрнө; ийнхүү сайн дурын мөрдөгчид Dorothy-ын дуулдаг клубт очиж пиво уунгаа дуулахыг нь сонсоно. Dorothy тайзан дээр “Blue Velvet” хэмээх \энэ сцен маш их алдартай\ дууг дуулж байх ба Jeffrey бүсгүйн дуулах маяг, бүсгүйн гунигтай юм шиг хэрнээ халуухан төрх хөдөлгөөнд татагдан согтож байлаа. Dorothy-г гэртээ харихаас өмнө Jeffrey, Sandy хоёр клубээс гаран бүсгүйн гэрт очих ба Jeffrey гэрт нь орж, харин Sandy гадаа нь хүн харж үлдээд, хүн амьтан ирвэл машины сигналаа гурвантаа хангинуулж дохио өгөх ёстой байлаа. Энэ үед Jeffrey гэрт ороод дөнгөж нэгжиж эхлээт байтал пиво их уусан учир шээс нь хүрнэ, яг энэ үед Dorothy гэртээ ирэх бөгөөд Sandy дохио өгөх үед Jeffrey жорлонгийн ус татаж байхтай таарна, хаалга онгойж Dorothy гэртээ орж ирэхэд Jeffrey дөнгөж амжиж хананы шүүгээнд орно. Jeffrey нуугдаж байхдаа бүсгүйг тухтайхан сайтар харах агаад киноны маань гуравдахь гол дүр Dorothy орж ирнэ. Дуучин бүсгүй лав л гуч орчим насны гэмээр бөгөөд гэртээ орж ирүүтээ бүрэн нүцгэлсэнээс нь үзэгч бид \бас Jeffrey\ түүнийг аятайхан биетэйг олж харахаас гадна хамгийн гол нь царайных нь гунигийн сүүдэрт дарагдаж, цаанаа л шаналгаатай байдал нь анхаарал шууд татах ба Dorothy жаазтай зураг харж уйлж байтал утас нь дуугаран, утсаар их л айн сүрдэж, өршөөл энэрэл гуйж ярихыг нь энд тодруулан сийрүүлбээс: нөхөр болон бяцхан хүүхдийнхээ амь насыг өршөөхийг гуйж, жаазтай зургаа харж санаашрах нь бүсгүйн дотны хоёр хүн гэмт хэргийнхэний барьцаанд байгааг ойлгоно.
Нууцаар харж, сонсож байхдаа Jeffrey чимээ гаргачих агаад Dorothy гэрт нь танихгүй хүн байгааг мэдэж, хутга барин Jeffrey руу дайрна. Айж, үхтлээ ичиж зовсон Jeffrey гэмээ хүлээн хүлцэнгүйгээр уучлалт гуйхад бүсгүй түүнийг толгой түрүүгүй загнаж, бас сүрхий занаж байснаа гэнэтхэн л сөхрөн сууж залууг захирч зандран нүцэглүүлж, хэдхэн минутын өмнө өөрийг нь нууцаар шохоорхон харж байсан шиг залууг шохоорхон харж эхлэх бөгөөд бүсгүй Jeffrey-д аман секс хийж эхэлнэ. Эхэндээ, айсандаа үгээр нь байсан залуу аажмаар яах учраа олохгүй бүр балмагдаж, гэнэтийн секс үйлдэлд ухаанаа тавьж, бүсгүйн эрхэнд бүрнээ орно; чухам энэ мөчид хаалга дуугарахтай зэрэгцэн Jeffrey өнөөх үйлтэй шүүгээндээ ахин орж нуугдах ба гаднаас киноны маань дөрөвдөх гол дүр Frank бүсгүйг хараалын дээдээр хараасаар орж ирнэ. Frank бол дунд эргэм насны намхандуу, галзуу юмуу гэмээр энэ ууртай эр суурингийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болой. Frank учир зүггүй бүсгүйг загнаж, зодох ба өөрийгөө аав гэж дууд, харин бүсгүйг ээжээ хэмээн дуудаж, жүжиглэж тоглож байна уу гэлтэй аашилна; ингэхдээ, бүсгүйг өөрөө өөрөөр нь оролдуулан харж сексийн гаж таашаал аван, садист маягаар цохиж, зандран, нэгэн төрлийн дэндүү гаж секс буюу хүчирхийлэн тамлана. Энэ бүх муухай зүйлийг нууцаар харах Jeffrey бүсгүйг сайхь балмад дээрэмчний секс боол нь, тэгэхдээ нөхөр хүүхдийг нь барьцаалсан болохоор ингэж доромжлуулж байгааг нь ухаарна. Гэвч Dorothy энэ бүхнийг таашаалтайгаар хүлээж аваад буйг Frank бузар зүйлээ хийчихээд явсны хойно Jeffrey ойлгох ба бүсгүй Jeffrey-тэй үлдсэн хойноо ч өөрийг нь цохиж, хүчиндэхийг гуйна.
Дахиж ирэхээ бүсгүйд хэлэхдээ Jeffrey дотроо дахиж ирнэ гэдгээ дэндүү сайн мэдэж байсан ба бузар булай байрнаас гаруут Sandy дээр очиж мэдсэн бүхнээ, гэхдээ садист секс болон өөрөө Dorothy-той янз бүр болсноос бусдыг хэлнэ, Sandy залуугийн зориг, шударга занг үнэлэхийн зэрэгцээ татагдаж байгаагаа өөрөө дотроо хүлээн зөвшөөрнө, ингэхдээ өөр дээр нь ойрын үед байнга ирэх болсон Jeffrey-гээс болж найз залуу нь харьцаагаа тасалсан нь том түлхэц болно. Jeffrey өрөвдсөн сэтгэл хийгээд бие махбодийн хуял тачаалаа даган шөнөдөө Dorothy-той уулзах ба ингэхдээ бүсгүйн хүслээр түүнтэй унтахдаа садист авирлаж, дотроо гэмшин туслахыг үнэнхүү хүсэвч хүч дутах бол өдрийн цагаар эл хэргийн талаар Sandy-тай зөвлөлдөж, ингэх зуураа эгэл амьдрал, жирийн хүний ёсоор Sandy-д дурлаж, залуус болзож эхлэх агаад Jeffrey нэг өдөр Frank-г нууцаар даган өнөөх бүдүүн шар хүрэмтэй эртэй уулзаж ярилцаж байхыг үзэн зураг дарж баталгаажуулна. Олон хавар нэгэнтээ гэгчээр Jeffrey нэг орой Dorothy-той байж байгаад Frank болон түүний залууст гардуулж, шөнийн аялалд гарах нэрийдлээр шөнөжин машинаар зугаалж, дараа нь Dorothy-ын хүүхэд хоригдож байгаа буюу Frank-н хамсаатан нөхөд дээр очицгооно.
Энэ бүх аялал, зугаалга нэртэй боловч үнэн хэрэгтээ тамлагаанд Frank Dorothy болон Jeffrey хоёрыг зовоох ба нэн ялангуяа Jeffrey нохой шиг зодоод гудманд хаяж орхино. Өглөө гудманд сэрсэн Jeffrey өнөөх баримтжуулсан зургаа барьсаар цагдаагийн газар очиход мөрдөгчийн өрөөнд нөгөө гайхал бүдүүн шар хүрэмтэй эр сууж байх агаад тэрээр дэслэгч цолтой мөрдөгч байх нь тэр ээ. Айсан Jeffrey мөрдөгчийн гэрт очиж мөрдөгчтэй уулзаад зургаа үзүүлээд бүдүүн шар хүрэмт гэмт бүлэглэлийн гишүүн мөн, түүнийг барьсанаар Frank-г барьж, бас дуучин бүсгүйн хүүхэд нөхрийг чөлөөлж, улмаар чихний хэрэг ч шувтарахыг хэлж байтал гаднаас бүдүүн шар хүрэмт орж ирэх ба мөрдөгч Jeffrey-г тайван бай гээд охиныг нь хамгаалж байгаарай, би зохицуулна гээд явна. Энэ үеэр Jeffrey, Sandy хоёрыг Sandy-ынд байж байхад Dorothy чармай нүцгэн дээр нь хөх няц зодуулсан байдалтайгаар ирээд шууд Jeffrey-г тэврэн тусалмж ирэн, янаг хонгороо илэрхийлэх ба үүнийг харсан Sandy аймшигтайгаар цохиулсан мэт болно. Dorothy яах бол? Sandy бүх нууцыг мэдээд Jeffrey-г хэрхэх бол? Frank болон түүний залуусыг мөрдөгчид барьж чадах болов уу?
Киноны түүх нь 1973 оноос эхлэн найруулагчийн ухаанд бүрэлдэн тогтсон гурван санаанаас үүдэлтэй бөгөөд эхний санаа нь ердөө л "мэдрэмж" ба киноны нэр байсан гэж Lynch өгүүлсэн байдаг. Хоёрдахь санаа нь хээр талд тасарч хаягдсан хүний чихний зураглал байж. Lynch 1986 онд өгсөн ярилцлагадаа "Яагаад чих байх ёстойг би мэдэхгүй. Чих нь биеийн нэг хэсгийн эхлэл, ямар нэгэн зүйлийн нэвтрэх нүх гэдэг утгаар байхыг эс тооцвол шүү дээ. Чих толгойн дээр байрладаг, шууд оюун ухаанд ордог учир төгс мэдрэмж төрүүлдэг" гэжээ. Гурав дахь санаа нь Bobby Vinton-н "Blue Velvet" дуунаас төрсөн мэдрэмжтэй холбоотой буюу дуу түүнд цаг хугацаа, тухайн цагт байсан зүйлсийн тухай хүчтэй мэдрэмж өгчээ. Dorothy-н гадаа нүцгэн байгаа сцэнийг Lynch хүүхэд байхдаа ахтайгаа явж байгаад гудамжинд шөнө нүцгэн эмэгтэй алхаж байхыг харсан бодит амьдралаасаа санаа авчээ. Энэ явдал бяцхан Lynch-г цочирдуулж, тэрээр шөнөжин уйлж хоносон ба харсан зүйлээ тэрээр хэзээ ч мартаж чаддаггүй гэсэн байдаг. 1980 онд "The Elephant Man" киногоо дуусгасны дараа Lynch продюсер Richard Roth-той танилцсан ба Roth түүний "Ronnie Rocket" кино зохиолыг уншсан, гэхдээ энэ төслийг продюсерлэх сонирхолгүй байгаагаа хэлээд өөр аятайхан зохиол байгаа эсэхийг асуужээ.
Lynch хариуд нь, надад ийм л нэг санаа байна гээд: "Би үргэлж охины өрөөнд нууцаар орж, шөнөжин охиныг хүсдэг байсан, тухайн мөчид би нууцлаг аллагын сэжүүр байхуйц зүйлийг олж харах тухай" гэж хэлжээ. Roth-д эл санаа таалагдаж, түүнээс кино зохиол бичихийг хүссэн бөгөөд Lynch гэртээ хариутаа хээр хэвтэх чихний тухай боджээ. Тэрээр киноныхоо зохиолд сэтгэл ханах хүртлээ хоёр ч ноорог бичжээ. Кино зохиолд агуулагдсан тааламжгүй зүйлс продюсерүүдэд таалагдсангүй: энэ үед Dino De Laurentiis гарч ирэн Lynch-д чөлөөтэй ажиллах эрхийг, киноны эцсийн эвлүүлгээ өөрөө хийх боломжуудыг олгов. Гэхдээ кино маш цомхон төсвөөр бүтэх ёстой байлаа. Lynch: "Dune киноны бүтэлгүйтлийн дараа би маш их сэтгэлээр уначихаад байсан учир энэ нь сэргэх боломж байлаа. Тиймээс ингэж чөлөөтэй ажиллана гэдэг жинхэнэ хөөр баясал байв. Ийм мэдрэмжээр хөглөгдөн ажиллах үед та боломжийг атгах ёстой. Та туршилт хийж болно". Найруулагч Lynch жүжигчин Isabella Rossellini-той рестаронд уулзаад Dorothy-н дүрийг санал болгохоос өмнө Helen Mirren Lynch-н анхны сонголт байв. Isabella уг кинонд тоглохоосоо өмнө гоё сайхан бүсгүй, Ingrid Bergman, Roberto Rossellini хоёрын охин гэдгээрээ олны танил байсан. Энэ кинонд тоглоно гэсэн мэдээлэл гарсны дараа түүнтэй гэрээтэй ажилладаг компаниуд гэрээгээ цуцалж, бүр багадаа сурдаг байсан Ром дахь сургуулийн гэлэнмаа нар бүсгүйн төлөө залбирч байсан гэдэг.
Жүжигчин Kyle MaLachlan Lynch-н өмнөх бүтэлгүйтэл "Dune" киноны гол дүрд тоглоод байсан ба ер нь Maclachlan, Lynch хоёр олон бүтээлд хамтран ажилласан байдаг; Lynch: "Kyle амьдралын нууцыг сонирхдог гэмгүй хүний дүрд тоглодог. Тэр бол хачирхалтай ертөнц руу хамт явахад хангалттай итгэж болохуйц хүн" гэж ярьсан байдаг. 1969 онд "Easy Rider" киног найруулж, бас өөрөө тоглосон Dennis Hopper жүжигчдийн багаас хамгийн том од нь байв. Тэрээр Lynch-н 3 дахь сонголт байсан агаад түүнд санал тавихад уухайн тас зөвшөарч, "би Frank-н дүрд тоглох ёстой! би бол Frank!" хэмээн хашхирч байжээ. Sandy-н дүрд Molly Ringwald зэрэг тухайн цагт амжилттай явсан жүжигчид тоглохоос татгалзсанаар 18 настай байсан Laura Dern-д боломж олджээ. Кино нууцлаг шинжтэй харагддаг ч энэ кино олон давхар сэдвийг агуулдаг. Энэ кино 1950-аад оны нуар жанрт ихээхэн "өртэй" буюу фемме фатал дүртэй (Dorothy Vallens), зогсоогдошгүй хорон санаатантай (Frank Booth), мөн ёс суртахууныг боддог баатартай (Jeffrey Beaumont) ба кино хэвийн бус нуар жанрын алдарт сүүдэрлэсэн, харанхуйлсан зураглалыг ашигладаг.
Энэ кино найруулагч Lynch-ын алдартай "мурий дүрслэл"-ийг анхлан танилцуулдаг ба мөн Lynch-ын хожмын нэрийн хуудас болсон гажсан дүрүүд, эсрэгцсэн ертөнц, ямар нэгэн байдлаар тархиндаа гэмтэл авах зэргийг энэ кинондоо ашигладаг. Гэхдээ найруулагчийн хамгийн алдартай сэдэв болох жижиг хотын харанхуй талыг энэ кино төгс харуулдаг болов уу. Jeffrey "үргэлж нуугдсан зүйлсийг хардаг" гэж хэлдэг нь энэ киноны үндсэн санааг илтгэнэ. Lynch-ын кино тодорхойлолт, түүний ашигладаг симбол, хэлбэр энэ киногоор анхлан гүн гүнзгий илэрч гарсан ба зүүд мэт, харанхуйлсан, хэт хачин дүрслэлээ чухам энэ кинонд л анхлан өргөнөөр ашиглажээ. Dorothy-ын гэрт харагддаг улаан хөшиг хожим Lynch-ын байнга ашигладаг нэрийн хуудас шахуу симбол болжээ. Киноны сэдэвчилсэн хүрээ нь Edgar Allen Poe, Henry James нарын эртний готик уран зохиолчдоос санаа авснаас гадна "Shadow of a Doubt" (1943), "The Night of the Hunter" (1955) зэрэг кинонууд болон ерөнхийдөө нуар жанрыг хамран агуулдаг. Найруулагч Lynch энэ талаараа "энэ бол жижиг хот ба хүмүүс дотор нуугдаж буй зүйлсийн тухай кино" гэж хэлжээ. Феминист психоаналитк онолч Laura Mulvey-ийн үзэж буйгаар энэ кино нь Эдипийн сэдвийг бий болгодог аж; тухайлбал Jeffrey хүүхэд, Frank болон Dorothy хоёр эцэг эхийн зүйрлэл болсноор энэ нь Эдипийн гэр бүлийг бүтээж байгаа аж.
Мөн кинонд гарах хүчирхийллийг бодит амьдрал дахь гэр бүлийн хүчирхийллийн симбол гэж үздэг судлаачид байдаг ба жишээлбэл Frank-ын хүчирхийллийн үйлдлүүдийг гэр бүлдээ үзүүлж буй янз бүрийн хүчирхийллийн хэлбэрийн тусгал гэж үзэж болохын дээр Dorothy-г хяналтандаа байлгаж байгааг нь нөхөр нь эхнэртээ үзүүлж буй хүчирхийллийн илэрхийлэл болох гэнэ. Jeffrey бол Frank-ын хүчирхийллээс айхын сацуу Dorothy-г эзэмших гэсэн гэмгүй гэнэн залуухан эр юм. Кинонд Фройдын аргаар хандвал энэ нь Lynch-ын уран бүтээлийг тодорхойлж байгаа трауматай гэмгүй нэгний сэтгэлийн илэрхийлэл болох аж. Dorothy ээжийн бэлгийн хүчийг төлөөлдөг (хөрөглөдөг), учир нь Dorothy хориглогдсон бөгөөд тэрээр Jeffrey-ын далд ухаанд эрүүл бус, нялх хүүхдийн сэтгэл хөдлөлийн объект болдог гэнэ. Уг кинонд симболийг ихээр ашигладаг. Киноны хамгийн тогтвортой симбол бол эхний сцэний төгсгөлд харагддаг шавьжны мотиф болно. Камер хотын захын сайхан зүлгийг томруулсаар байгаад газар доорх шавьжны үүрэнд хүрдэг. Энэ бол Jeffrey удахгүй өөрийнхөө амьдардаг хотын захын "Reaganesque" диваажингаас муу муухай, харгислал, хүчирхийллийг олж нээхийг зүйрлэж байгаа юм. Түүний олсон чихэн дээр шоргоолж шавж байдаг билээ. Шавьжны мотиф киноны туршид гардаг; тухайлбал Frank шавьж шиг масктай байхад түүний хөнөөлт хамсаатан шар зөгийнх шиг харагддаг хүрэм өмссөн байдаг. Мөн Jeffrey өөрийгөө шавьж устгагч гэж танилцуулаад Dorothy-ын байранд орж чаддаг билээ. Эцэст нь, тогойлон бялзуухай өт идэж байгаагаар кино төгсдөг.
Comments
Post a Comment