Blow-Up (1966). 1960-аад оны Лондон хот. Thomas бол загвар өмсөгчдийн зураг авдаг мэргэжлийн фото зурагчин агаад амжилттай яваа биеэ тоосон эр. Мөн Хүчирхийллийн сэдэвтэй фото-номоо удахгүй гаргахаар зэхэж буй амбицтай эр. Тэрээр өвөрт нь хялбар орох хүүхнүүд болон шинэлэг гэх зүйлгүй болсон ажил, хар тамхи, хөнгөн хөгжимд мансуурсан нийгмийн доройтлоос залхана. Студиэсээ бараг гардаггүй тэрээр нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр аппаратаа барин дэмий тэнэнэ. Аятайхан зураг дарчих санаатай явж байгаад хорь, гучаад алхмын цаана нэгэн сайхан хүүхэн өөрөөсөө хижээл насны залуутай аальгүйтэн хөөцөлдөж тоглож байгааг олж харна; мэргэжлийн “өвчин” хөдөлж үл таних хүмүүсийн зургийг дарсаар араас нь сэмхэн дагана, ингэж яваад нэг мэдэхэд тэр гурав хүнгүй моддын дунд орсон байна.
Өнөөх сайхан бүсгүй зугтахыг хүсээд байгаа юмуу, нэг л хачин аашилж эхлэх бол залуу нь аминчлан юм ярих мэт. Thomas зураг авалтандаа улайрч байгаад өнөөх хоёрт баригдчих нь тэр, бүсгүй гүйж ирээд Thomas-д хальсаа өг гэж шаардахад Thomas эсэргүүцэн улмаар зугтаах шахуу арилж өгнө. Түүнд бүсгүйн дүр төрх үнэхээр таалагдсанаас гадна гэнэтийн сонирхолтой “амьд” нөхцөлд авсан зурагнууд нь түүнд урлагийн таашаал өгсөн учраас яаж ч байсан зурагнуудаа өгөхгүй гэж шийдээд студидээ очих замдаа нэг найзтайгаа уулзчихаад студидээ ирнэ. Мөд удалгүй өнөөх үл таних хачирхалтай хүүхэн Thomas-г яаж олсон юм бүү мэд түүнийг олоод ирэх бөгөөд бүсгүй хальснуудыг нэхэх бол Thomas өөрийгөө мэргэжлийн зурагчин, ажлаа хийж явсан гээд зөвшөөрөхгүй; гэтэл бүсгүй түүнд секс хийх санал тавина.
Тийнхүү бүсгүйг явах үед Thomas өөр хальс өгчихнө. Ганцаараа үлдсэн Thomas үнэтэй олдсон хальснуудаа угааж эхлэх агаад бүх хальсаа угааж дуусгаад зурагнуудаа ханан дээгүүрээ өрж тавьчихаад мэргэжлийн хүний нүдээр ажиглаж эхэлнэ. Дарс уунгаа зурагныхаа хажуугаас ч, холоос ч нэг харна, гэтэл нэг зураг дээр нь хачирхалтай зүйл байгааг олж харна; өнгөц харахнаа, тэврэлдэн байгаа хос байв, харин сайн ажиглавал бүсгүй хажуу тийшээ буюу бут руу айсан харцаар харж байв. Thomas бүсгүйн хараа чиглэсэн зүг рүү томруулдаг шилээр харахад бутны дунд буу барьсан гар байж байв. Thomas маш их цочирдон бусад зурагнуудаа шалгаж эхлэх ба яг энэ үед үүдний хонх дуугарна.
Италийн мастер кино найруулагч Michelangelo Antonioni-н найруулсан сэтгэлзүйн, нууцлаг жанрын кино. Кино зохиолыг Аргентин-Францын зохиолч Julio Cortazar-н 1959 онд бичсэн "Las babas del diablo" богино өгүүллэгээс сэдэвлэн Michelangelo Antonioni, Tonino Guerra хоёр бичжээ. Энэ бол Antonioni-н анхны Англи хэл дээрх бүрэн хэмжээний кино. Киноны гол дүрүүдэд; David Hemmings, Vanessa Redgrave, Sarah Miles болон загвар өмсөгч Veruschka von Lehndorff, мөн Францын дуучин, жүжигчин Jane Birkin (түүний дебют) нар тоглосон. Уг киноны диежетик бус хөгжмийг Америкийн жазз төгөлдөр хуурч Herbie Hancock бичсэн бол кинонд Английн рок хамтлаг "The Yardbirds"-ын тоглолт гардаг. Киноны үйл явдал, орчин тойрон Свининг Лондон (энэ нь 1960-аад оны дунд үеэс Их Британийн залуучуудын дунд үүссэн соёлын хувьсгал) буюу модернист соёлын хүрээнд өрнөнө. "Blow-Up" Канны кино наадмын дээд шагнал болох Palme d'Or шагналыг хүртсэн. Америкт нээлт хийх үед Америкт сөрөг соёлын (counterculture) кинонууд ид мандаж байсан явдал, мөн эл бүтээлийн илэрхий сексийн агуулгатай шинж зэргээс болж Холливуудын цензурын холбоотой асуудал үүссэн ч кино сайн борлогдож байсны хүчинд элдэв асуудлаас ангирч чаджээ. 39 дахв удаагийн Оскарын кино наадмамд шилдэг найруулагч, шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшсэн байдаг. "L'Avventura" шедеврээсээ зургаан жилийн дараа "Blow-Up" киногоороо кино шүүмжлэгчдийн дунд тэсрэх бөмбөг тэсэлсэн Antonioni хальсны эмзэг чанарыг, мөн хальсны ер бусын гайхамшигтай хадгалах шинжийг уг киногоороо хүлээн зөвшөөрсөн. Иймд уг киног олонх критикүүд киноны талаарх хамгийн шилдэг кино гэдэг.
Мөн түүнчлэн Antonioni эл бүтээлийнхээ гол баатраар улс төрийн эргэлзээгээ илэрхийлэхийн зэрэгцээ үзэгчдийн кино үзэх арга барил, харах өнцөгт сорилт тавьсан гэдэг. Домогт найруулагч Francis Ford Coppola-н "The Conversation", найруулагч Brian De Palma-н "Blow Out" кинонууд үлэмж нөлөөлсөн "Blow-Up" киног найруулагч Martin Scorsese залуу кино найруулагчдын заавал үзэх ёстой 39 кинондоо багтаасны байдаг. 2012 онд Sight & Sound сэтгүүлийн найруулагчдын дунд явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 59-р байрт шалгарсан уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 122-р байрт эрэмбэлээд байна. Киноны үйл явдалд Свининг Лондоны гэрэл зурагчин David Bailey гэгчийн амьдралаас оруулж өгсөн гэдгээс гадна зохиолч Julio Cortazar зохиолоо мөн гэрэл зурагчин Sergio Larrain гэгчээс үндэслэн бичжээ. Гол дүрд тоглооч гэж Sean Connery зэрэг хэд хэдэн жүжигчинд санал тавьсан; Antonioni кино зохиолоо үзүүлэхгүй гэснээс болж Sean Connery саналаас татгалзсан. Antonioni David Hemmings-г театрт харахаасаа өмнө Terence Stamp-г сонгоод байжээ. Thomas үйл явдалд хөтлөгдөн үргэлжлүүлэхийн хэрээр камерт нь бичигдсэн "далдлагдсан үнэн"-ийг олоход өөрийнх нь техникийн чадвар дутагдалтай болохыг олж мэддэг, дараа нь итгэл үнэмшлээрээ олж авсан материаллаг давуу чанар нь амьдралынх нь бодитой зөрчилддөг.
Эцэст нь тэрээр өөрийнхөө экзистенц бодит шинжид эргэлздэг. Найруулагч Michelangelo Antonioni нэгэн ярилцлагадаа энэ киноныхоо тухай " Энэ бол хүмүүсийн хоорондын харилцааны тухай биш, энэ бол хүний бодит байдалтай харьцах тухай кино юм" гэжээ. Шийдэгдээгүй нууц нь уг кино дахь зүг чигээ алдах сэдвийг үзүүлэхэд чухал үүрэгтэй байдаг билээ. Тодорхойгүйн сэдэв нь Thomas мөрдлөгийнхөө явцад ба амьдралаасаа үүссэн зөрчил, ойлгомжгүй байдлыг шийдвэрлэх гэж оролдсон ч эдгээрийг нэгтгэж чадахгүй байгаа нь киноны төгсгөл хүртэл үргэлжилнэ. Киноны төгсгөл хэсэгт бодит ертөнцөөс зугтаасан миме хамтлаг цэцэрлэгт хүрч ирдэг, Thomas тэдний фантааз тоглоомонд нэгдэж, огт байхгүй бөмбөгийг байгаа мэтээр жүжиглэн хамтлагтай тоглодог ба харааны хувьд тэрээр бодит ертөнцийн бүтээлийн хувьд цаашид оршихоо больж байна. Ингэснээр Antonioni киноныхоо утгыг үзэгчдэд нээлттэй үлдээж байна. Кино түүхч Gordon Gow: "Энэхүү киноны хувьд нууцлаг байдал нь (аллага болсон эсэх) кинотой хамааралтай боловч энэ нь шийдлийн хувьд тийм биш. Үнэндээ, шийдэл байхгүй байгаа нь зорилгын нэг хэсэг; амьдрал тодорхойгүй байдаг. Жинхэнэ түгшүүр бол гэрэл зургийн таталтын нууцад бус харин Thomas-н өөрийнх нь тогтворгүй шинжид оршдог. "Blow-Up" жаргалтайгаар шийдэгдэхгүй, харин ч фантаазад бүрэн бууж өгч, мартагдах байдлаар тодорхойлогддог учраас бид үүнийг бодит байдалтай эвлэрэхийн номлол, эсхүл материаллаг ашиг хонжооны араас хөөцөлдөх нь хүн төрөлхтөнд заналхийлж буй аюулын үлгэр гэж авч үзэж болно". Критикч Andrew Sarris энэхүү киног "модернист шедевр" гэж нэрлэсэн.
Критикч Arthur Knight эл бүтээлийг оригнал, ач холбогдолтой шинжээрээ "Citizen Kane", "Open City", Hiroshima, Mon Amour" сод кинонуудтай харьцуулсан. Time Magazine найруулагч Antonioni энэ киногоороо найруулагчийн хувьд огцом өөрчлөлтийг илэрхийлсэн, энэ бол үл итгэм, сэтгэл татам амьд, шаналгаатай кино гээд тухайн цаг үеийн найруулагчийн хамгийн алдартай кино гэжээ. Критикч Bosley Crowther киног "сэтгэл татам сайхан кино" гээд кино урт, илүүдэл хэсгүүдтэй ч "Blow-Up" бол гол дүрийн мэдрэмж, түүний амьдран буй модернист ертөнцийг гэрэлтсэн зураг, өнгөлөг найруулгаар үзэсгэлэнтэйгээр босгосон гайхамшигтай кино гэсэн буй. Antonioni-н кинонд дургүй байдаг найруулагч Ingmar Bergman хүртэл энэхүү киног урлагийн сод бүтээл гэсэн буй. 2017 онд киноны 50 жилийн ойгоор нэрт жүжигчин Anthony Quinn The Guardian сэтгүүлд нийтлэл бичихдээ киног мэдрэмж ба хоёрдмол байдлын тухай гэж тодорхойлсон байдгаас гадна 1963 оны John F. Kennedy-н аллагыг харуулсан "Zapruder" кинотой холбон тайлбарлажээ. Зохиолч, шүүмжлэгч Thomas Beltzer-н үзэж байгаагаар уг кино бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүмүүсийг "уг гарлаас нь хөндийрүүлдэг" буюу уг бүтээлд үзэгчийг идэвхгүй ажиглагч, урьдчилан таамаглахуйц программчлагдсан, арчаагүй, хүнлэг бус хүн болгодог гэжээ. Критикч Bilge Eberi кино дахь хүүхнүүдийн уран тод хөдөлгөөн, галбир гаргасан даашинз, олон өнгийн богино банзал болон Thomas-н зурагт агуулагдаж буй үхлийн тухай бүдэг, царцсан, үл мэдэгдэх байдалтай эсрэгцэж байгааг онцолсон буюу энэ нь Thomas-н ертөнцийг бүрэн дахин эмхлэх эсхүл эмх замбараагүй болгох мөнхийн хийгээд анхдагч шинжийг зэрвэсхэн харах явдал гэжээ. Bilge Eberi: "Уран бүтээлчийн хувьд тэр үүнийг буулган авч чадахгүй, ойлгож ч чадахгүй, түүгээр юу ч хийж чадахгүй. Хувь хүнийхээ хувьд тэр үүнийг эзэмшиж бас хэрэглэж чадахгүй" гэжээ.
Comments
Post a Comment