Carrie (1976). Америкийн хаа нэгтээ орших нэгэн хотын ахлах сургуулийн төгсөлтийн үдэшлэг дөхөсний улмаас хүүхэд, залуучууд сэтгэл санаа хөөрөн хөөсрөн байх ба үдэшлэгт хамт явах хосоо хайх, хосоо олсон нэгэн нь үдэшлэгийн эзэн болохыг мөрөөдөх зэргээр өсвөр насныхан бужигнаж, булгилсан цагийн зүү жирэлзэн өнгөрөх тэр үед биеийн тамирийн дараахь охидын угаалгын өрөөнд нүцгэн, хагас нүцгэн хорь хүрээгүй охидын цангисан инээд агаарт савангийн хөөстэй хамт тархахад ганцхан охин л шүршүүрт үлдэн хоцрон охин биеэ угаана.
Халуун усны уурт болон шилэн бүхээгний цаана биеэ угаах охины хөөрхөн жижигхэн хөх, тэгш сайхан нуруу болон гуя хасыг нь нэлээд дэлгэрэнгүй үзүүлэх бөгөөд гэнэт ус улаанаар эргэлдэх буюу охин цус алдаж эхлэн, үүндээ айж, өөрийгөө ингээд үхлээ гэж айсандаа муухай чарлан тэрүүгээр нэг юм болоход охидын өрөөнд байсан бусад охид түүнийг анхныхаа сарын тэмдэгийг үзэж байгааг ойлгонгуутаа албаар шоолж, тэнэг мангараар нь дуудаж эхлэх үед багш бүсгүй айж, сандран цусандаа хутгалдсан охин дээр ирж шоологсдыг хөөж охиныг халамжиндаа авдаг. Урт шаргал үстэй, сэвхтэй, цонхийсон царайтай энэ охин үргэлж үсээрээ нүүрээ хааж, бусдаас нуугдаж явах ба түүнийг Carrie гэдэг арван зургаа, долоо насны маш их ичимхий, зожиг охин болно. Carrie сургууль дээрээ найзгүй, хүнтэй ярихгүй, бүгд түүнийг гажиг, зожиг балай гэх бөгөөд ангийнхан од охид болох: Christine \нэртэй хуульчийн охин\ болон Sue нар түүнийг бүдүүлгээр дээрлэхэх бол нөхөртөө хаягдсанаас болж сэтгэл санааны цочролд орж, улмаар уг гэнэтийн цохилтоос гарах гарц нь шашин байсан учир хэт шашны туйлшрагч үзэлтэн болсон эхийн хамт Carrie амьдрах ба гэрт нь шашны хэт фанатик эх нь дарамтлах бол сургууль дээр нь үеийнхэн нь цөм түүнийг нүд үзүүрлэцгээнэ.
Хөөрхий охиныг сургууль дээр нь дуртай нэгэн нь доромжлох бол гэрт нь сэтгэлзүйн асуудалтай эх нь загнаж, зодож, үгэнд орохгүй бол харанхуй өрөөнд \лаа болон есүс бурхнаар дүүрсэн хавчиг өрөө\ хүчээр түгжиж шийтгэнэ. Хөөрхий охин шүршүүрт орж байхдаа анхныхаа сарын тэмдэгийг үзэх бөгөөд ийм юм байдаг гэдгийг мэдэхгүй, түүнд эх нь хэлсэнгүй байлаа. Эл явдал сургуулиар нэг юм болж, багш бүсгүй Collins ганцаараа Carrie-ыг өмгөөлж, хамгаалан ойлгох агаад үхтлээ ичиж, зовсон Carrie гэртээ харьсан хойноо ээждээ, та яагаад надад хэлээгүй юм, сургуулийн багш надад хэлж байхад та миний ээж байж яагаад ийм юм байдгийг хэлээгүй юм гэж уйлан хэлэхэд эх Margaret энэ цус чинь чөтгөрийнх, чи сатаны хорлол хүртэж гээд шүүгээнд хүчээр хийдэг. Сургууль дээрх эл замбараагүй, журамгүй явдлаас улбаалж Christine болон Sue хоёрыг багш Collins төгсөлтийн үдэшлэгээс хасах ба Sue гэмээ ухааран, сайхан сэтгэлийг бодон найз залуугаа төгсөлтийн үдэшлэгт Carrie-г дагуулан хамт оч хэмээн ятгах бол Christine харин үүнд гүн гүнзгий хорсол өвөрлөнө. Sue-ын шаргүй ятгалаар найз залуу нь болох Tommy төгсөлтийн үдэшлэгт хамт явъя гэж Carrie-д санал тавихад Carrie эхэндээ айж бас гайхаж байсан ч залууг гэрт нь ирэхэд ээжээсээ айсны улмаас хүчээр шахуу хүлээн зөвшөөрдөг.
Carrie амьдралдаа тохиосон гайхалтай явдлаа өөрийг нь ганц харж, халамжилдаг багш Collins-д хэлэх бөгөөд хэдий хаширлаж байсан ч эмэгтэй хүн хойно Tommy-ын саналд туйлгүй баярлаж, үдэшлэгээ хүлээн өөрийгөө бэлдэж эхэлнэ; харин багш хүүхэн үдэшлэгийн үеэр хөөрхий охиныг гомдоов оо гэж Sue болон Tommy хоёрт хатуу анхааруулга өгөхөд тэд ч тийм юм байхгүй, Carrie-г бид нээлттэй, чөлөөтэй болгох гэсэн найзууд нь гэнэ. Олон жил сурсаны эцэст төгсөлтийн баяраасаа хасагдсан Christine өшөө хонзингоо авахаар байж ядах агаад өөрийг нь эргүүлдэг Billy-ынтхамтаар гахайн ферм орж цус авах ба чадалтай ч тэнэг Billy-ын амин судас эрхтэнд нь байдгийг Christine мэдэх учир тултал ашиглана. Carrie бусад охид шигээ болсондоо баярлах бол эх нь түүнийг үдэшлэгт явахыг хориглох ба тэд чамайг доромжлох гэж байна, очсон хойно чинь мууг чинь үзэх гэж байна хэмээн загнаж, уйлж олон аргаар ятгах ч том болсон охин өөртөө итгэн, ээжийн охин биш болсоноо тунхаглах цаг нь болсон гэж бодно. Carrie эхээсээ зөрөн байж Tommy-той хамт явахад эх нь охиноо шулам хэмээн харааж үлддэг. Нөгөө талд Christine үдэшлэгийн хаан, хатан хоёроор Carrie, Tommy хоёрыг тодруулахаар эртнээс боловсруулан зохион байгуулж, тайзан дээр гарсан хойно нь өөрийн биеэр гахайн цусаа дээрээс нь асгаж нэг насны шившиг болгохыг бодно. Ингээд үдэшлэг болж Carrie, Tommy хоёр үдэшлэгийн хаан, хатан хоёр болоод зогсохгүй Carrie энэ насныхаа хамгийн жаргалтай мөчийг мэдрэх бөгөөд хүн гэдгээ, охин гэдгээ мэдэрнэ; яг энэ үед Christine савтай цусыг Carrie-ын дээрээс унагадаг.
Америкийн кино найруулагч Brian De Palma-н supernatural хоррор. Америкийн аймшгийн зохиолын хаан гэгддэг Stephen King-н 1974 онд хэвлэгдсэн захидал хэлбэрээр бичигдсэн ижил нэрт романаас сэдэвлэн Lawrence D. Cohen кино зохиолыг бичжээ. "Carrie" бол King-н ном болгон хэвлүүлсэн анхны роман байсан ба мөн кино дэлгэцнээ хөрвүүлсэн анхны зохиол бүтээл нь болж байлаа. "Carrie" бол King-н зохиол бүтээлээс сэдэвлэсэн, санаа авсан 100 гаруй кино бүтээлийн анхдагч шат, эхлэл болсон гэдгээрээ онцгой. Мөн энэ кино нь "Carrie" франчайзын анхных нь билээ. Киноны гол дүрд Sissy Spacek тоглосон бол туслах дүрүүдэд Piper Laurie, Amy Irving, Nancy Allen, John Travolta нар тоглосон. Нээлтээ хийгээд ашиг орлогын хувьд амжилт үзүүлж, критикүүдээс сайшаал хүртсэн уг хоррор Оскарын кино наадамд шилдэг эмэгтэй гол дүр (Sissy Spacek), шилдэг эмэгтэй туслах дүр (Piper Laurie) гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн. King-н номоос сэдэвлэсэн шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор ордог "Carrie" ер бусын хүч, ахлах сургуулийн харгислал, өсвөр үеийнхний айдас түгшүүрийг харуулсан кино ба киноны төгсөлтийн үдэшлэгийн сцэн бол кино урлагийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй, мөн түгшүүртэй сцэнүүдийн нэг билээ.
Уг хоррор поп соёлд үлэмж нөлөөлсөн гэгддэгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг хоррор киноны нэг гэж өргөмжлөгдөх болжээ. Empire сэтгүүл уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 86-р байрт, Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг 100 триллер жагсаалтынхаа 46-р байрт тус тус жагсаасан. Харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 487-р байрт жагсааж байна. Зэрлэг муухай, увайгүй зэвүүн "Carrie" кино хөгтэй секс симболоор дүүрэн байдаг. Уг киноны гол дүрийн төлөө Melanie Griffith зэрэг олон арван залуу эмэгтэй жүжигчид сонгон шалгаруулалтад орсон ба жүжигчин Sissy Spacek нөхөр Jack Fisk-ын (найруулагч) ятгалгаар энэ киноны дүрийн шалгаруулалтад орсон бөгөөд Fisk найруулагч Brian De Palma-г нэлээд ятгасны эцэст Sissy гол дүрийг авсан гэвэл хилсдэхгүй аж. Sissy энэ кинонд тоглохын төлөө телевизийн цувралын гэрээнээсээ татгалзсан ба найруулагч дээр очихдоо үсээ угаалгүй, ээжийнхээ хийж өгсөн усан цэргийн багадсан хувцсыг өмсч очсоноор найруулагчийн хүсэлд нийцжээ. 2010 онд өгсөн ярилцлагадаа King, тэр үёд дөнгөж 26 настай байсан ба номынхоо эрхийг хямдхан зарсан гэжээ. Гэхдээ тэрээр нэмж анхны номоороо ийм амжилт үзүүлсэн нь түүний хувьд тун завшаантай хэрэг болсон хэмээгээд уг киног сайн кино болсон гэж боддог гэжээ.
Найруулагч Brian De Palma: "Би номыг уншлаа. Зохиолч найз минь санал болгосон. Зохиолч найзын маань найз King байж л дээ. Энэ явдал бараг хоёр жилийн өмнө болсон шиг санаж байна, ном надад маш их таалагдаж, хэн эзэмшдэгийг нь мэдээдэх гэж агент руугаа утасдлаа. Одоогийн хэн ч худалдаж аваагүйг би олж мэдсэн. Олон студи үүнийг сонирхож байсан тул би танилууд руугаа утас цохиж, энэ бол гайхалтай ном, энэ номоор кино хийх сонирхолтой байна гэсэн". Кино ингэж л бүтжээ. Критикч Roger Ebert уг киног хүмүүнийг гярхай ажигласан үнэхээрийн илбэдэм хоррор гэсэн байхад Variety сэтгүүл хүчтэй продакшнтай, сайн жүжигчидтэй, эгэл бус үйл явдлыг эргэлттэй гэж бичжээ. Найруулагч Quentin Tarantino уг киног өөрийнхөө дээдэлдэг кинонуудынхаа 8-р байрт жагсаасан байдаг. Мэдээж, сөргөөр шүүмжлэгчид ч бас байсан; критикч Gene Siskel "багахан хэв маягтай бүдүүлэг цочирдуулам кино" гээд киноны оргил мөч болох төгсгөлийн хэсгийг "заваан, бохир" гэсэн буй. Ер нь найруулагч Brian De Palma-н "Carrie" болон түүний бусад кинонуудын камерийн зохиомж нь эрэгтэй хүний харцыг өөгшүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг; жишээлбэл энэ киноны эхлэлд, өсвөр насны охидыг нүцгэнээр харуулдаг; энэ нь эмэгтэй хүний бойжилтыг харуулсан, эсхүл эрэгтэй хүний харах өнцгөөр бүтээгдсэн сэтгэл түгшээм порнограф шиг байдаг. Найруулагчийн найруулсан кино төрлүүд хийгээд хувийн нөхцөл байдлаас нь харвал Америкт, нэн ялангуяа Холливуудын эрх мэдэлтэй эрчүүд болон эмзэг, сул дорой эмэгтэйчүүдийн хоорондын харилцааг ойлгоход энэхүү классик хоррор түлхэц болно.
Comments
Post a Comment