Салхи дуусдаг газар

 


A Man Escaped (1956). Францын мастер кино урлаач Robert Bresson-н шоронгийн сэдэвт кино. Bresson киногоо 1943 онд Нацист Германд эзлэгдээд байсан Лион хотын Монлюк шоронгоос оргож, дайны дараа Charles de Gaulle-оос Чөлөөлөх Загалмайн одонгоор шагнуулж байсан Францын армийн дэслэгч Andre Devigny-н 1954 онд хэвлүүлсэн "The Lesson of Strength: A Man Condemned to Death Has Escaped" дурсамж номоос сэдэвлэн бүтээсэн. Bresson өөрөө дайны үед Германчуудын харгис гарт хоригдож, дайны хоригдол болж явсан туршлагатай байсан болохоор дуу, дүрслэлийн нягт бүтэц ашиглан зовж тарчилж буй хүмүүний сэтгэлийн тухай бишрэм ойлголтыг уг киногоороо өгсөн. Тэрээр нэгэн ярилцлагадаа; "Би "Diary of a County Priest" кинонд үзүүлснээсээ илүүтэй эл бүтээлдээ цэвэр шинж, илүү аскетизмд хүрч, илүү олон мэргэжлийн бус жүжигчидтэй хамтрахыг зорьсон" гэсэн байдаг.

Өнөөдөр "A Man Escaped" киног Bresson-н хамгийн шилдэг туурвилуудын нэг гэж үздэг, би хувьдаа шоронгоос оргож байгаа өгүүлэмжтэй хамгийн шилдэг кино гэж үнэлдэг. Шүүмжлэгч Roger Ebert: "A Man Escaped" шиг кино үзэх нь эгээ л кино урлагт суралцахтай адил. Энэ бүтээлд кинонд шаардлагагүй бүх төрлийн зүйлсийг үзүүлдэг. Энэ нь цаад утгаараа бидний дассан ихэнх зүйлс маань үнэндээ хэрэггүй илүүдэл болохыг харуулж байна. Миний бодлоор энэ кинонд хэрэггүй ганц ч кадр байхгүй". Польшийн нэрт кино найруулагч Krzysztof Kieslowski энэхүү кино өөрт нь нөлөөлсөн гэдэг бөгөөд өөрийнхөө хамгийн ихээр дээдэлдэг 10 кинонд багтаажээ. Британи-Америкийн кино найруулагч Christopher Nolan "Dunkirk" киногоо бүтээхэд нь Bresson-н "Pickpocket", "A Man Escaped" бүтээлүүд нөлөөлсөн ажээ. Тэвчээртэй, шаргуу зүтгэлээр аврагдаж, эрх чөлөөний тухай ойлголтыг дэлгэцээс гадуурх дуу чимээ, орон зайгаар сэргээн тодорхойлсон уг киног 2012 онд Sight & Sound сэтгүүлийн критикүүд хамгийн шилдэг киноны 69-р байрт эрэмбэлсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 81-р байрт жагсаагаад байна. Ингээд Bresson-н тогтож суумгүй хурцадмал, тун нарийн нягт бүтэцтэй шедевр киноны гүнд орцгооё.

Киноны эхлэл хийгээд төгсдөг хэсгээс бусад бүх гаднах, доторх зураглалууд эх зохиолд загварчлагдсан байдлаар бүтээгдсэн бөгөөд үйл явдал Fontaine-н (киноны гол баатар) оргох идэвхтэй үйл ажиллагааг нарийвчлан үзүүлдэг. Хэдийгээр киноны оршилоос эл түүхийг "гоёчлоогүй" гэдэг болох харагдаж байгаа ч, мөн түүнчлэн Devigny өөрөө Bresson-н зөвлөхөөр ажилласан ч түүний ном болоод Bresson-н киноны хооронд чухал ялгаатай талууд бий. Bresson анх "эзэн хичээвэл, заяа хичээнэ" гэсэн утгатай нэр сонгоод байж; энэ нь киноны мөн чанарын ач холбогдол нь Devigny-н өөрийн туршлагаа тодорхой нямбай дүрсэлсэнтэй таарч байсанд Bresson татагдсан болохыг хэлж байна. Fontaine өрөөнд байгаа эд зүйлсийг оргоход шаардлагатай хэрэгсэл болгон хувиргаж байгаа өдөр тутмын хичээл зүтгэлийн харуулсан киноны гайхалтай дүрслэл нь найруулагчийн хувьд хүмүүний прагматик итгэл найдварын хэлбэрийг илэрхийлэгч аж. Энэ киногоо хийх үедээ Bresson шашны киноны найруулагч гэдэг шошготой байсан; түүний анхны бүрэн хэмжээний "The Angels of Sin" кинонд эмэгтэйчүүдийн шоронд хүмүүжүүлэгч гэлэнмаагаар орж байгаа залуухан хүүхний тухай өгүүлдэг бол "A Man Escaped" киноны өмнөх бүтээл "Diary of a County Priest" кинонд багш, санваартнуудынхаа хоёр нүүрт шинжийг хараад шаналж буй өвчтэй залуухан ламын тухай үзүүлдэг.

Энд онцлон буй киноны маань гол баатар бол цэрэг, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн боловч Bresson-н өмнөх хоёр киноны баатрууд шиг ямар нэгэн байдлаар оюун санааны хүч өгөгч болой. Тухайлбал, зэргэлдээ өрөөнд нь хүн байгаа эсэхийг мэдэхийн тулд Fontaine ханаа тогшиж, чухам энэ үйлдлээрээ "хөршийнхөө" амиа хорлох оролдлогыг таслан зогсоодог. Киноны төгсгөл хэрд, энэхүү хөрш нь Fontaine-н зоригтой, шийдэмгий чанарт автаж, Fontaine-д олсоо дуусгахад нь шаардлагатай байсан өөрийнхөө хөнжлийг өгдөг. Bresson баатрынхаа энэхүү эрхэм дүр төрхийг алдагдуулахгүйн тулд Fontaine болон түүний өрөөний хамтрагч Jost хоёрын эрх чөлөө өөд Mozart-н С-minor Mass хөгжмийн дор алхаж буйгаар киногоо жаргалтай төгсгөдөг. Бодит амьдрал дээр Devigny өрөөний хамтрагчийнхаа хамт баригдсан байдаг; мөн түүнчлэн Devigny гэр бүлтэй хүн байсан, харин Fontaine-н гадуурх амьдралын талаар бидэнд мэдээлэл бараг өгдөггүй билээ. Түүнийг эх орныхоо эсрэг гэмт хэрэгт буруутгаж яллаж байгаа киноны төгсгөлд илчлэгддэг, харин Devigny-г Италийн цагдаагийн комендантыг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Эндээс Bresson түүхэн болсон явдлыг баримтлахаас илүүтэй түүхийн урам зориг өгөх талыг сонирхсон нь тодорхой харагдаж байна.

Уг бүтээлийн түүх, үйл явдал Bresson-д өөрийнхөө бий болгосон эстетикийг хөгжүүлэх боломжийг олгосон. Bresson-д Devigny-н оргохийн тухай шулуухан, тун нарийн, тун тайван өнгө аястайгаар бичсэн нь таалагдаж, улмаар эдгээр шинж чанаруудад тохирох аргө барилыг эрэлхийлж, Fontaine-н хүчин чармайлтын физикал, нарийн ширийн талыг илүүтэй өргөснөөр уянгалаг, сентиментал, хэтрүүлэгтэй бүхнээс зайлсхийсэн байдаг. Devigny-н текстэд үндэслэсний хувьд ч гол баатрын хүүрнэх дуу хоолой ч гэсэн бодитой, төвийг сахисан, "хуурай" байдаг. Bresson материалынхаа үйл явдал, процесс, ерөнхий уур амьсгалыг баримтат киноны шиг онцолсноор илүү хэмнэлттэй, хялбарчилсан, кино эстетикийг эрэлхийлж байгаагаа тодотгосон нь уламжлалт кино хүүрнэлээс татгалзсанаа тунхагласан. "Diary of a County Priest" кинондоо Bresson мэргэжлийн жүжигчдийг цөөхөн ашиглаж, дэлгэцээс гаднах орон зайг үр дүнтэй, яруу найраглагаар ашиглаад эхэлчихсэн байсан. "A Man Escaped" кинонд Fontaine-д тоглосон Francois Leterrier тухайн үед Сорбонны их сургуулийн философийн ангийн оюутан байлаа. Bresson мэргэжил жүжигчдээс татгалзсан талаар олон арван шүүмж нийтлэл бичигдэж, Bresson-н эл арга барил хүмүүс түүний киноноос дөлөхөд хүргэдэг гэдэг.

Энэхүү шийдвэр нь найруулагчийн өвөрмөц зан араншингаас болсон гэвэл тийм бус ба сэтгэлзүйн сэдэлтэй жүжиглэх, драматик бүтэцтэй сцэнээс бага хамааралтай киноны онцгой өгүүллийн хэлбэрийг бий болгох зорилготой нь нийцэж байв. Bresson жүжигчид өөрөө байгаагаараа жүжиглэх нь киноны өгүүлэмжид харь,  учир нь, камер хиймэл байдал, тооцооллын өчүүхэн шинж тэмдгийг ч илрүүлж чаддаг гэдэгт итгэсэн. Уг итгэл үнэмшлээр бол мэргэжлийн жүжигчдийн нүүр царайны илэрхийлэмж, бие махбодийн дохио зангаа, дуу хоолойны уян хатан чадвар дадал хориотой. Bresson жүжигчин давамгайлсан кино урлагт элсэхээс татгалзсан нь түүний кино хэлний төрх, бүтцэд нөлөөлсөн. Өнөөдрийг хүртэлх ихэнх хүүрнэлт кинонуудад давамгайлсан арга барил болох гүйцэтгэл, драматик сцэнүүдэд үндэслэхийн оронд илүүтэй тэрээр кадрын хүрээ, үргэлжлэх хугацаа, кадрын эвлүүлэг хийгээд дуу чимээ, дэлгэцийн гаднах орон зай зэрэгт анхаарсан агаад эдгээр нь киноны зорилгодоо хүрэх хөдөлгөөнт хэмнэлийг тодорхойлсон шинжүүд байв. Нэг үгээр, Bresson-н хувьд гүйцэтгэл гэдэг жүжигчдийн хийснийг бус харин киноны бүхэллэг органик бүтцийн хийснийг хэлэх ажээ.

Тэрээр кино урлагаас илүү кино зураглал гэсэн, түүний хувьд кино урлаг гэдэг уламжлалт кино бүтээх хэлбэр бүтэц гэсэн утгатай бөгөөд киноны зураглал бүх зүйл нь байв. Энэ нь Bresson дүрүүддээ юмуу дүрүүдэд нь "тоглосон" хүмүүсийг үл тоомсорлодог гэсэн үг биш ба тэр яагаад ингэж сонгох болсон нь чухал. Тэрээр хүмүүсийг камерийн дохио зангаа, биет байдлаараа судлагдаагүй ил тод, байгаагаараа байлгахыг хүсч байсан; эдгээр шинжүүд нь хүмүүсийг камерийн өнцөг, гэрэлтүүлэг, кадрын хүрээнд уян хатан болгодог гэж үзсэн. Тиймээс жүжигчдийг "модел" гэж Bresson үзсэн; харин нүүр царай, гар, дуу хоолой, биеийн хэлэмжийг маш нягт нямбай загварчлагдах боломжтой "моделууд" нь киноны хэлбэр, аудиовизул динамик бүтцээр тохируулагдан загварчлагддаг ажээ. 

Comments