The Nun's Story (1959). Америкийн кино найруулагч Fred Zinnemann-н найруулж, гайхамшигт Audrey Hepburn-н гол дүрд нь тоглосон драм. Америкийн зохиолч Kathryn Hulme-н ижил нэрт романаас сэдэвлэн Robert Anderson кино зохиолыг бичсэн. Эл кинонд, сахил хүртэн сүмд суухаар шийдсэн залуухан бүсгүйн сонголтынхоо төлөө хийж байгаа олон золиослол, амьдралыг өгүүлдэг. Кино тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино, шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин гэсэн нийт 8 төрөлд нэр дэвшиж өрсөлдсөн хэдий ч тухайн онд босоо байж 11 төрөлд ялалт байгуулсан William Wyler-н "Ben-Hur" бүтээлд дарагдсан байдаг. "The Nun's Story" арилжааны хувьд өндөр ашиг олж, хэсэг хугацаанд Audrey Hepburn-н тоглосон кинонуудаас хамгийн ашигтай нь гэгддэг байсан ба уг киногоо жүжигчин бүсгүй маань өөрийнхөө хамгийн дуртай киноны тоонд оруулсан байдаг. Бельги улсын гэлэнмаа Marie Louise Habets гэгчийн амьдралаас сэдэвлэн хийгдсэн уг кино нь эх материалаа үнэнчээр даган хөрвүүлэгдсэн. Киноны сүүлийн хэсгүүдийг Бельгийн колони байсан Конгод авчээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
1920-оод оны сүүл үе, Бельгийн Конгод ажиллахаар Gabriella хэмээх залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй сувилагч-гэлэнмаа болохоор сүмийн амьдрал сонгоход нэр хүндтэй эмч, бэлэвсэн эцэг нь хөтлөн байж сүмд охиноо шавьлуулна. Gabriella гэлэнмаа Luke гэдэг шашны нэр авсныхаа дараа хүлцэнгүй дуулгавартай байх тангараг өргөхдаө ирээдүйд өөрт ирэх олон сорилт хийгээд нажидыг үл ухаарна. Анхны тангарагийнхаа дараа тэрээр Антверпен дэх Халуун Орны Анагаах Ухааны Хүрээлэн рүү илгээгдэнэ. Антверпенд, түүнийг өөр нэгэн сурагч бардам, сул дорой гэж зэмлэхэд гэлэнмаа Luke сэтгэлийн хямралд ордог. Орон нутгийн ахлах гэлэнмаа Luke-г даруухан харагдахын тулд зориуд шалгалтадаа унасан гэж үзэн мөн л буруутгана. Эцэст нь тэрээр шалгалтадаа тэнцдэг. Ийнхүү түүнийг Конгод бус Европын нэгэн сэтгэцийн эмнэлэгт хуваарилах ба гэлэнмаа Luke тэнд хамгийн хүнд өвчтэй хүмүүст туслахаар болно. Нэгэн шөнө, сэтгэцийн хүнд өвчтэй хүүхэн түүнийг мэхлэн өрөөндөө оруулаад золтой л алчихсаннгүй; гэлэнмаа Luke дахиад л гэнэн цайлган, хүлцэнгүй байгаадаа өөрөөсөө ичиж гэмшинэ. Ёслолын тангаргаа өргөснийхөө дараагаар тэрээр хүсэн хүлээсэн Конго явах эрхээ авна.
Гэтэл тэнд очтол түүнийг уугуул иргэдийн төлөө ажиллуулах бус харин цагаан арьстнууд буюу Европын өвчтнүүд байдаг эмнэлэгт хуваарилсан болохыг мэдээд дахиад урам хугарлаа. Гэлээ Luke их удсангүй чадварлаг мэс засалч, атеист Fortunati гэдэг хөгшин доктортой хурцадмал ч мэргэжлийн харилцаа тогтоодог. Эцэст нь, ажлын ачаалал, итгэл үнэмшлийн зөрчлийн улмаас гэлэнмаа Luke сүрьеэ өвчин тусах ба Fortunati чадварлаг сувилагчаа алдахыг хүсээгүйн дээр Конгод үлдэх хүслийг нь ойлгож, Европ явуулахын оронд эндээ өөрөө эмчлэхээр болно. Гэлэнмаа Luke эдгэрч ажилдаа орсон ч Fortunati түүнийг сэтгэцийн хувьд тогтворгүй болсон нэгэн сувилагчийг харгалзан Бельги руу явуулахаас өөр аргагүй болно. Сүмийн дээд тушаалтнууд шинэ үүрэг даалгавар өгөхийг хүлээн бодол санаагаа цэгцлэн цагийг өнгөрүүлнэ. Европт дайны гал дүрэлзсэн тул тэрээр Конго руу буцаж чадахгүй болж, Голландын хилийн ойролцоох эмнэлэгт мэс засалчийн туслахаар томилогдов. Гэлэнмаа Luke тэнд байхдаа нацистуудын түрэмгийлэл, ялангуяа эцгийг нь хөнөөсөн явдлыг хүлцэн тэвчиж чадахгүйгээ ухаарч, улмаар цаашид гэлэнмаа байх боломжгүй гэж өөрийгөө ухаисарлаад шашны тангаргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, зөвшөөрөл ч авдаг. Киноны төгсгөлд Gabriella энгийн хувцас өмсөөд сүмийн арын хаалгаар гардаг.
Warner Brothers кино компани 1956 онд "The Nun's Story" романаар кино хийх талаар Америкийн кино цензурын холбоотой холбогджээ. Warner 20 хуудас бүхий тоймыг цензурын албаны ажилтан Jack Vizzard-д үзүүлсэн бөгөөд энэ үед эх ном нь хараахан хэвлэгдээгүй байлаа. Ийнхүү Vizzard продакшны анхны холбоотнуудын нэг болсон ба Vizzard хоёр зүйлийг зайлшгүй өөрчлөхийг санал болгож. Тодруулбал, энэ нь гэлэнмаа Luke-г сэтгэцийн өвчтэй хүүхэн өрөөндөө уохидан оруулаад хувцсыг нь урж, шулуун гэдсээр нь эмчилгээний лаатай хэсгийг өөрчлөх ёстой байв. Ерөнхийдөө Vizzard киноны сэдэв агуулга нь католик шашинтнуудын дургүйцлийг төрүүлж магадгүй гэж сэрэмжилжээ. Төд удалгүй ном хэвлэгдэн гарч олны талархлыг хүлээв. Ном нь шашны сүсэгтнүүдийн дунд алдартай болсон ч зарим нэгэн эсэргүүцэгчид ч бас байлаа. Шашны итгэл үнэмшлийг ойр дотно, эмпатик байдлаар дүрсэлсэн хэмээн сайшааж байхад зарим нь сахил санваар хүртэх гэж байгаа сүсэгтнүүдийн урмыг хугалсан кино гэж байлаа. Дэмжигчдийн дунд Христийн шашны "America" сэтгүүлийн нөлөө бүхий редактор Harold C. Gardiner байв.
Columbia Pictures мөн "The Nun's Story" номоор кино хийх хүсэлтэй байгаагаа цензурын холбоонд хандав. Цензурын холбоо Warner Brothers-д өгсөн адилхан шахуу хариуг тэдэнд өгсөн. Эцэст нь, Warner Brothers номын эрхийг баталгаажуулсан ба Fred Zinnemann найруулж, кино зохиолыг Robert Anderson бичихээр гэрээлсэн байна. Zinnemman эх материалыг нэрт жүжигчин Gary Cooper-д танилцуулж, Cooper сонирхож. Харин Audrey Hepburn энэхүү кинонд тогломоор байгаагаа өөрөө илэрхийлэх хүртэл студи түүнийг тэгтлээ сонирхохгүй байжээ. 1957 онд Warners Brothers киноныхоо зохиолыг цензурын холбоонд өгч танилцуулав; зохиолыг католик шашны ёс журмын легион хянан шалгаж. Тэд зохиол хүлээн зөвшөөрөгдөхүйц боловч шашны амьдралын жинхэнэ, зохистой баяр баясгаланг харуулсангүй, хар бараан уур амьсгалтай гэж шүүмжилжээ. Тэд мөн Gabrielle шашны амьдралд хуурамч итгэл үнэмшилтэйгээр орж ирсэн буюу түүнийг угаасаа гэлэнмаа болж чадахааргүй хүн болгож харагдуулахыг кино багийнханд санал болгожээ. Кино зохиолд ахиц гарсан учир киноны багийнхан Европт авах зураглал, продакшны ажилдаа анхаарч эхэлсэн.
Тэд Бельги дахь католик шашны сүмээс зөвшөөрөл авах хэрэгтэй байсан буюу зарим зураг авалтыг сүмд, жинхэнэ гэлэнмаа нарын зааварчилгаан дор хийх шаардлагатай байтал Бельгийн сүмээс хамтран ажиллахгүй гэсэн хатуу хариу өгөв. Автомашины осолд орж, дөнгөж эдгээд байсан продюсер Vizzard Европ дахь танилуудтайгаа холбогдож, зарим нэгэн том ламтангуудыг ятгаж дөнгөсөн байна. Бельгийн сүмээс эмч Fortunati-н дүрд хэнийг тоглуулах вэ гэж чухалчлан асуухад студи Clift Montgomery гэх мэт залуухан царайлаг жүжигчдийг хэлтэл сүм эсэргүүцэж, илүү хөгшин хүн тоглуулахыг шаардсан. Энэ үед Harold C. Gardiner кино багийнханд урам зориг болон танил талаараа дэмжлэг үзүүлсэн. Удалгүй хоёр тал зөвшилцөж чадсан ч Бельгийн гэлэнмаа нарын сүмээс зөвшөөрөл авах ёстой болов. Гэлэнмаа нарын сүм багагүй хугацаанд эсэргүүцсэний эцэст кино зохиолд өөрсдийн хувилбарыг шингээхийн шаардсан; жишээлбэл кинонд гэлэнмаа нар өөр хоорондоо дохио зангаагаар харилцаж буйг дүрсэлсэн байдаг, үүнийг сүм кинонд гаргахыг хүсээгүй; тэд Европын үзэгчдэд эдгээр нарийн ширийн зүйлс нь инээдтэй, этгээд санагдана гэж эмээсэн аж.
Ингээд эцэст нь гэлэнмаа нар киноны продакшнд оролцож, шаардлагатай зөвлөмжийг өгөхийг зөвшөөрсөн бөгөөд тэд өөрсдийн энэхүү тусламжийг нууц хэвээр үлдээхийг хүссэн байдаг. Сонирхолтой нь, кино багийнхан болон жүжигчдийн дунд католик шашинтан тун цөөхөн байлаа. Audrey Hepburn сайентологич байсан бол Robert Anderson протестант гэх мэт байлаа. Эх романыг бичсэн Kathryn Hulme-тэй кино багийнхан захиагаар тогтмол харилцаж байсан агаад Kathryn Hulme-н цуглуулгаас кино багийнхантай харилцсан 37 захиаг хожим олжээ. Audrey Hepburn дүрээ бие сэтгэлээрээ мэдэрч ойлгохын тулд Marie Louise Habets, Kathryn Hulme хоёртой уулздаг байж; хүүхнүүд багагүй цагийг хамт өнгөрүүлдэг байсан учраас тэднийг "3-H клуб" гэж хүртэл нэрлэж байжээ. Audrey, Marie Louise хоёр зарим талаараа төстэй талуудтай байсан; тэд хоёулаа Бельги гаралтайгаас гадна дэлхийн 2-р дайнд эцгүүдээ алдаж, ах нар нь Германы шоронд хоригдож байлаа. Audrey 1960 онд "The Unforgiven" кинонд тоглож байхдаа мориноос унаж бэртэсний дараа Marie Louise түүний асарч сувилж байсан ажээ.
Кино шүүмжлэгч Bosley Crowther уг бүтээлийг "бүхэлдээ амттай, гайхалтай кино" гээд найруулагч Zinnemann ер бусын энэхүү драм хачирхалтай байдлаар төгсдөг гэжээ. Bosley Crowthe: "энэ бол итгэл үнэмшлээ олж авсан ч алдаж байгаа, тогтоон барьж чадахгүй гэсэн идеалдаа үнэнчээр сэтгэл зүрхээ шавхан зориулж байгаа эмэгтэй хүний түүх" гэжээ. Католик шашны ёс журмын легион уг киног шүүмжлэхдээ; хэрэр энэ кино нь оюун санааны баяр баясгалан, бүх нийтийг хамарсан нигүүсэлсэн шашны амьдралын утга учрыг бүрэн илэрхийлж чадахгүй байх аваас энэ нь дүрслэр урлагийн хязгаарлагдмал мөн чанараас үүдэлтэй байх ёстой юм гэсэн байдаг.Тэгвэл номын зохиолч Kathryn Hulme болон бодит амьдрал дээрх жинхэнэ гэлэнмаа Marie Louise Habets хоёрын харилцсан захидлаас үзэхэд хүүхнүүд хоёулаа кинонд таатай хандсан байдаг аж. Өнөөдөр эл бүтээлийг Audrey Hepburn-н хамгийн бага анзаарагдсан кино хэмээдэг.
Comments
Post a Comment