Тэрслүү

 


Rebel Without a Cause (1955). Өгүүлэх нь, цэнхэр нүд, гялтганасан хар үстэй, зузаан уруултай тун царайлаг, арваннайм, арвандолоо насны залуу согтууран танхайрсан хэргээр өсвөр насныхны цагдаагийн газарт хүргэгдэн ирж буйгаар кино маань эхэлнэ. Сармагчин шиг дуугарч, элдэвээр марзагнах сайхь хүргэгдэж ирсэн залууг Jim \James Dean \ гэдэг бөгөөд ЛА хотод эцэг эхийн хамт ирээд төдий л удаагүй байгаа ажээ. Үзэгч бид Jim-ын хамт цагдаагийн газарт ирэхэд тэнд мөн л зөрчил гаргасны улмаас саатуулагдаад байгаа Judy (Natalie Wood) болон Plato хочтой John (Sal Mineo)  гэсэн өсвөр насны хөвгүүн, охин хоёртой танилцах ба уг киноны гурван гол дүр чухам яагаад энэ газарт ирсэнийг харцгаая. Ганц хүүгээ цагдаагийн газарт ирсэнийг дуулсан Jim-ын эцэг эх гэж сандарсан амьтад ирэх хэдий ч хүү нь тэднийг тоохгүй харин ч тээршааж үзэхийг анзаарсан байцаагч Ray Jim-ыг өрөөндөө дагуулан орж тусгайлан ярилцъя гэнэ.

Заримдаа хүн танихгүй хүнд сэтгэлээ онгойтол ярих тохиолдол байдагчлан эцэг эх нь байнга хэрэлддэгээс болж сэтгэлийн зовлонд унах болсоноо, бас эцгийгээ хулчгар, юманд тууштай биш, дэндүү ээжийн үгээр байдаг, эх нь дарангуй зантай, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэдэг, энэ бүхэнд би тарчилж дууслаа, намайг ойлгох хүн алга, тиймээс уусан гэж Jim байцаагчид хэлнэ.  Байцаагч сайхан сэтгэлтэй, ухаалаг хүн байж таарсан учир Jim-д ах хүний хувиар зөвлөгөө өгөөд ямар нэг юм болвол, ярилцахыг хүсвэл надад дээр ирж байгаарай гээд явуулахаар болно. Нөгөө талд байцаагдаж суусан Judy шөнийн цагаар олон нийтийн газар зөрчил гаргасаны улмаас энд сууж байгаа агаад хаанаас ч, хэн ч харсан арвандолоотой энэ охины гоо үзэсгэлэнг цэцэгтэй зүйрлэнэ, гэвч энэ цэцэг ар гэртээ мөн л асуудалтай, охин томрон хүүхэн болж ирсэнээр эцэгтэйгээ таарахаа больсон буюу эцэг нь охиноо том болсон гээд тоохоо больж, бүх анхаарлаа бага хүүдээ хандуулах болсон \хүүхэн болсон охинтойгоо нялуурах нь эцэгт эвгүй санагдаж, ингэх нь бэлгийн мэдрэмжийн өдөөнө гэж айна\ бол охин эцэгтэйгээ хуучин шигээ байж, эцгийн хайр үгүйлэх болсон ч  энэ нь зөрчилд орсноор сэтгэлийн хоосон зайгаа дүүргэхээ сургуулийнхаа бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэх болжээ. 

Өөр нэг өрөөнд Jim болон Judy хоёроос хоёр насаар дүү Plato хэмээх хөвгүүн гөлөг тамлаж алсан хэргээр байцаагдаж суух ба түүнийг аав нь орхиод явцан бол харин ээж нь ажил гээд гэртээ үзэгддэггүй, багаасаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн энэ хөвгүүн огцом ууртай, зожиг, амиа хичээсэн нэгэн болж өсчээ. Эцэг эхүүд, харж хандагчид нь ирсэнээр киноны маань баатарууд гэртээ харих агаад Judy жижигхэн толио мартаж орхисоныг нь Jim дараа энэ хөөрхөнтэй танилцах шалтаг болгоё гэж толийг сэмхэн авчихна. Маргааш өглөө нь Jim анх удаагаа сургуульдаа явахаар гэрээсээ гарч яваад Judy-тэй таарна, тэд үнэндээ хөршүүд байв. Тэднийг ярьж зогстол Buzz тэргүүтэй сургуулийн атаманууд машинтай ирж Judy-г авч явах ба Judy бол Buzz-ын охин байлаа, атаманы охиныг сонирхох шинэковыг Buzz хэрхэн чангалахаа бодсоор явна. Jim-ыг сургуульдаа ирэхэд Plato шууд л таниад хүрч очин сургуулийн соёлын талаар болон Buzz-ын бүлгэмийн өөдгүй муухайг учирлаж гарна.

Ийнхүү Jim-ын шинэ хотын анхны найз Plato болох бол ерөөс найзгүй Plato-ын анхны найз нь Jim болно. Jim-ын шударга, маяггүй байдал Plato-д маш их таалагдах \ Plato ижил хүйстэнээ сонирхогч болохыг киноны далд санаа болон симболоор мэдэж болно\ ба сэтгэлдээ хайсан аавынхаа дүрийг түүнээс харж эхэлнэ.  Jim, Plato хоёрыг сургуулиас гарч ирэхэд Buzz өөрийн залуусын хамт Jim-ын машины дэргэд зогсож байна, мэдээж Judy ч байна. Бага даа зодоон, тэрнээс ч их юм болохыг гадарласан Jim тэвчээртэй хүлээж зогстол Buzz түүний машины дугуйг хутгаар хагалчихна. Jim биеэ барьсаар явж очин дугуйгаа сольж эхэлтэл Buzz үг хэлээр өдөж, хутга шидэж өгөөд тулалдая гэнэ. Jim асуудал үүсгэхийг үнэхээр хүсэхгүй байсан ч зоригтой, нэр төрөө боддог залуу учир Buzz-тай тулалдаж багагүй шархдах ч эцэст нь ялдаг ба Buzz түүнтэй орой нар жаргахаар далайн эргийн хадан дээр уралдах санал тавьж Jim ч аргагүйдэн зөвшөөрнө.

Энэ уралдаан нь машин хулгайлаад хамаг хурдаараа давхиж явсаар эгц хад тулж ирэхэд машинаасаа амжиж үсрэх бөгөөд түрүүлж үсэрсэн нь ялагддаг дүрэмтэй амиа алдах эрсдэлтэй уралдаан юм. Plato орой битгий яв, би ууланд байдаг нэг эзгүй байшин мэднэ, тэнд очиж нуугдая гэхэд Jim дотроо аавтайгаа очиж юу ч гэсэн зөвлөлдье гэж шийднэ. Judy харин Jim-ыг маш их үнэлж, битүүхэн шохоорхож эхэлдэг. Jim эцэгтэйгээ уулзаад, шууд биш тойруугаар эр хүн өөрийгөө харуулж, нэр төрөө хамгаалах үе ирэхэд хийх ёстой тэр зүйлийг эрсдэлтэй ч нүүр тулан хийх хэрэгтэй юу гэж асуухад аав баахан бөөрөнхийлсөн хариу өгч түүний шал дургүйг хүргэчихнэ. Jim товлосон газраа очиход бүгд түүнийг хүлээж байна. Jim Buzz-аас бид яагаад ингэж байгаа билээ гэж асуухад чи надад ер нь бол таалагдаж байна, гэхдээ чи бидэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн юм хийх ёстой гэж Buzz хариулдаг.

  Ингээд Judy-ын дохиогоор залуус уралдаж эхлэх бөгөөд Jim хангалттай гэж үзсэн үедээ амжиж машинаасаа үсрэн буухад Buzz үсрэх гэтэл хувцас нь хаалганы бариултай орооцолдчихсон байж таараад үсэрч амжилгүй хаднаас унаж амиа алдана. Залуус болохгүй юм хийснээ ухаарч бүгд ийш тийшээ зугтаацгааж Judy, Jim, Plato гурав хамт үлдэх бөгөөд Judy, Jim хоёрын хооронд энэ үеэс хайрын нандин холбоо үүсч, залуу ч охинд нөгөө толио өгнө. Jim тэндээс шууд гэртээ хариад аав, ээждээ болсон бүхнийг ярьж, цагдаад очсон нь дээр байх гэхэд Jim-ын ээж орилж чарлан бөөн юм болно, Jim үүнд л дургүй тул ааваасаа энэ удаад эр хүн шиг байж миний талд орооч гэж гуйхад аав нь бас л дүлгэнэсэн, хоёрдмол зан гаргасанаар Jim байцаагч Ray руу очтол өнөөх нь эзгүй байх нь тэр. Jim харих замдаа өөрийг нь хүлээж байсан Judy-тэй тааран хамт Plato-ын хэлж байсан ууланд байх байшинд очихоор болно. Энэ үед Buzz-ын найзууд Jim-ээс өшөө авах гэж хайж эхэлсэн байх агаад  Plato-г эрж олон зодож, улмаар Jim-ын гэрийг мэдэж авна. Доромжлуулсандаа яахаас ч буцахаа больсон Plato ээжийнхээ өрөөнд байдаг бууг хулгайлаад хариу авахаар бас Jim-ыг хамгаалахаар уулан дахь байшинд очно.

Judy, Jim, Plato гурав тухайн шөнөдөө ахин тэр ууланд уулзан гэр бүл болж жаргалтайгаар тоглоно, Plato унтаж орхих бол Judy, Jim хоёр нялууран цэнгэнэ. Энэ үед Buzz-ын найзууд тэднийг олж очих ба Plato тэдэнтэй тэмцэлдэж байгаад буу алдаж нэгийг нь шархдуулчихна, мөн энэ үеэр цагдаагийнхан ч ирнэ. Айснаасаа ухаанаа алдсан Plato хэнийг ч хамаагүй буудаж мэдэх байдалд хүрэх бөгөөд Jim л түүний амийг аварч, аюулыг зайлуулж чадах ганц хүн гэдгээ ухааран Plato дээр очин аргадаж, ятгаж байхдаа бууных нь бүх сумыг сэмхэн авчих ба хамт дагуулан гарахдаа цагдаа нарт тэр ялангуяа байцаагч Ray-д энэ хүү аюулгүй шүү, гал нээж болохгүй шүү гэж хэлэх ч Plato олон хүн хараад зугтаах гэж оролдсон нь амийг нь авч одно. Jim туйлгүй гашуудах ба тэр яг энэ мөчөөс нас биед хүрч ухаан сууна. Jim эцэг эхдээ Judy-ыг танилцуулсанаар кино маань төгсдөг.

Америкийн нэрт кино найруулагч Nicholas Ray-н насанд хүрэх явцыг харуулсан мелодрам. Nicholas Ray-н зохиолыг Stewart Stern, Irving Shulman нар кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд киноны гол дүрүүдэд: James Dean, Natalie Wood, Sal Mineo нар тоглосон. Уг киноны нэр сэтгэл судлаач Robert M. Lindner-н "Rebel Without a Cause: The Hypnoanalysis of a Criminal Psychopath" гэдэг номоос үүдэлтэй. Гэхдээ кинонд номтой холбогдох өөр ямар ч зүйл байхгүй болно. Энэхүү бүтээл нь дөнгөж нэвтрээд байсан CinemaScope форматаар хийгдсэн онцлогтой. Хотын захын дүүрэг, дундаж давхаргын өсвөр насныхны сэтгэлийн түвэгтэй байдал хийгээд тэдний хууль зөрчиж буй авир шинжид төвлөрсөнөөрөө эл кино нь өсвөр насныхны гэмт үйлдлийг ядуусын орчинд л авч үздэг байсан өмнөх кинонуудаасаа ялгарч байв. Мөн Америкийн залуучуудын ёс суртахууны доройтлыг зураглах, эцэг эхийн хэв маягийг шүүмжлэх, үе хоорондын ялгаа болоод зөрчилдөөнийг судлахыг оролдсон. Кино 1955 оны 9-р сарын 30нд James Dean автомашины ослоор нас барснаас хойш ойролцоогоор сарын дараа нээлтээ хийжээ. "East of Eden" киногоороо Оскарт нэр дэвшиж дөнгөж алдаршаад байсан Dean-н хувьд өнөөдөр "Rebel Without a Cause" кино бол түүний хамгийн чухал, шилдэг бүтээл гэж үздэг.

Туйлын романтик, цөхрөлд тарчилж буй Ray-н энэхүү кино ганцаардалд түгжигдсэн гурван өсвөр насныхны тухай өгүүлэх ба James Dean-н төдийгүй найруулагч Ray-н оргил ажил гэж хэлж болохуйц кино болой. Найруулагч маань өргөн дэлгэцийн кадраараа улаан, цэнхэр өнгөөр мартагдашгүй сэтгэл мэдрэлийн нөлөө үзүүлж чадсан. Ray өсвөр насныхны өөртөө хэт төвлөрсөн, хэтрүүлэгтэй уйтгар гунигийг ойлгож байгаа мэт боловч тэрээр эдгээр шинжүүдийг энхрий дотно, хүндэтгэлтэй, мэдрэмжтэйгээр дүрсэлсэн байдаг. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 776-р байрт эрэмбэлээд байна уг киног. Warner Brothers компани Lindner-н номын нэрийг ашиглахын тулд номын эрхийг худалдаж авчээ. 1940-өөд оны сүүлчээр кино хийхийг оролдсон ч бүтэлгүйлтсэн байна. 1947 онд жүжигчин Marlon Brando студид зориулж таван минутын дэлгэцийн тест өгөхдөө кино зохиолын хэсгийг ашигласан ба гэвч Brando киноны үндсэн шалгаруулалт ороогүй, студиэс ч түүнд ямар нэгэн санал тавиагүй ажээ. Уг кино бол тухайн үеийн Brando-н өгсөн тесттэй огт хамаагүй шинээр бичигдсэн зохиолоор бүтээгдсэн гэдгийг анхаарууштай.

Natalie Wood-н намтарт бичсэнээр; тэрээр Judy-н дүрийг азаар авсан буюу найруулагч Ray анхлан түүнийг зэрлэг өсвөр насны охины дүрд тохирохгүй гэж үзэж байжээ. Natalie найзуудтайгаа шөнөжин наргиж яваад автомашины осолд орсон ба үүнийг сонссон Ray эмнэлэгт яаран очиж. Ухаан балартсан Natalie өөрийг нь эмч "хараал идсэн өсвөр насны гэмт хэрэгтэн" гэж амандаа бувтнахыг сонсоод дэргэдээ байсан Ray руу "эмч намайг юу гэж дуудсаныг та сонсов уу? тэр намайг хараал идсэн өсвөр насны гэмт хэрэгтэн гэж дуудлаа! одоо би энэ дүрийг авч болох уу?!" хэмээн хашгирсан гэдэг. Nicholas Ray-н зохиолыг кино дэлгэцнээ хөрвүүлсэн Irving Shulman James Dean-н дүрийг Herman Deville болгон өөрчлөх талаар бодож байсан гэж Jurgen Muller-н "Movies of the 50s" номонд дурдагдсан байдаг. Тэрээр анхлан хэд хэдэн сцэнүүдийг бичсэн байсан ч дараа нь киноны эцсийн хувилбарт ороогүй байдаг аж. Shulman-тай хамт кино зохиол дээр ажилласан Stewart Stern-н ярилцлагаас үзэхэд Shulman-н бичсэн зарим хэсэг сэтгэл хөдлөлийн хувьд хэтэрхий цочир байсан учраас хасагджээ. Жүжигчин Sal Mineo 1972 онд өгсөн ярилцлагадаа өөрийнх тоглосон Plato-н дүр нь ижил хүйстэн байхаар зорьж байсан гэсэн байдаг; Sal Mineo; "Энэ нь Plato-г алсан нь ойлгомжтой. Тэр бол нэг талаараа кинонд гарсан анхны ижил хүйстэн өсвөр насны хүүхэд байсан. Та одоо үзвэл тэр James Dean-д татагдаж байгааг мэдэх болно. Та одоо киног үзвэл Jim бисексуал болохыг харна; тэр Judy-д ч Plato-д ч татагддаг" гэжээ.

"Rebel Without a Cause" 1955 оны 3-р сарын 28наас 5-р сарын 26ны хооронд бүтээгдсэн бөгөөд студи үүнийг Б-кино төсөл гэж үзэж, Ray киногоо хар-цагаанаар хийсэн. Студийн захирал Jack L. Warner James Dean-г өсөж буй од, ирээдүйтэй "хөрөнгө" гэж хараад зураг авалтыг өнгөт рүү шилжүүлж, олон сцэнийг дахин авах шаардлагатай болжээ. Хоёрхон жилийн өмнө кино урлагт нэвтрээд байсан CinemaScope форматаар хийсэн бөгөөд судлаачид киноны зураглалыг "форматын уран сайхны болон техникийн хувьсгал дахь квант үсрэлт бүхий эргэлтийн цэг болсон" гэсэн буй. Sal Mineo, Natalie Wood хоёр шилдэг туслах дүрүүдээр, Nicholas Ray шилдэг кино эх зохиолоор тус тус Оскарын наадамд өрсөлдөж, кино тухайн оны Warner Bros-оос гарсан хамгийн их ашиг олсон хоёр дахь кино болсон. Нээлтээ хийсэн хойноо шүүмжлэгчдээс янз бүрийн шүүмж бичсэн хэдий ч ихэнх нь James Dean-н гүйцэтгэлийг магтсан. Шүүмжлэгч William Zinsser уг киног хоёр цагийн хугацаатай ч хоёр өдөр шиг санагдам; кино зохиол, жүжиглэлт чадваргүй, найруулга нь хойрго хэмээсэн ч Dean-г авъяаслаг, энэ киноноос авч болох ганц авууштай нь гэсэн байдаг. Шүүмжлэгч Bosley Crowther эл бүтээлийг "хүчирхийлэлтэй", "хэрцгий", "түгшүүртэй" гэж тодорхойлсон ба өсвөр насныхны "этгээд арга барилыг" бүдүүлгээр дүрсэлсэн гэж шүүмжилсэн.

  Мөн тэрээр кинонд үнэн хийгээд оновчтой мөчүүд байдаг ч тэдгээр мөчүүдийг "шаналгаатай" хэмээгээд киноны CinemaScope формат ашигласан явдал нь Ray-н найруулгын бодитой байдалтай харшилж байна гэж бичжээ. Crowther James Dean-н тоглолтод ердөө ч сэтгэл хөдлөөгүй, Dean Marlon Brando-г дуурайсан буюу "бид хэзээ ч өөр нэгний жүжиглэх хэв маягийг ийм чадварлагаар дуурайдаг жүжигчинг өмнө нь харж байгаагүй" гэжээ. Шүүмжлэгч Jack Moffitt илүү эерэг шүүмж бичихдээ James Dean, Natalie Wood, Sal Mineo гурвын тоглолтыг "онц сайн" гээд Ray-н найруулгыг "гоц сайн" гэсэн. Мөн тэрээр Ray цагдаагийн газар дахь хэсгийг бодитой болсон гээд өсвөр насныхны дэд соёл, нихилизмыг харуулсан энэ хэсэг үзэгчдэд зориулагдсан гэж бичжээ. Тэгвэл зарим шүүмжлэгчид James Dean харин ч Nicholas Ray-н найруулгын нөлөөгөөр Marlon Brando-н жүжиглэлтийн хэв маягаас ангид байж чадсан нь түүний гүйцэтгэл киног шилдэг болгосон гэжээ. Шүүмжлэгч Wanda Hale "James Dean дүрээ бүхэн удирдаж, сэтгэл санааныхаа тогтворгүйдээ тарчлан, жаргалгүй, ганцаардмал өсвөр насны дүрдээ онц гойд, мэдрэмжтэй тоглодог". 

Comments