Брэм Стокер "Дракула"


 "Дракула". Ирландын зохиолч Брэм Стокерийн 1897 онд хэвлүүлсэн готик, аймшгийн роман. Уг роман захидал, өдрийн тэмдэглэл, сонины нийтлэл хэлбэрээр бичигдсэн. "Дракула"-ийн ихэнх хэсгийг 1890-ээд онд бичсэн бөгөөд Стокер түүх, ардын аман зохиолоос олон зуун хуудас материал цуглуулж романдаа ашигласан гэж үздэг. Судлаачид Дракулагийн дүрийг ямар хүнээс санаа авч бүтээсэн талаар янз бүрийн санал дэвшүүлсэн байдаг; тухайлбал Валхиягийн хунтайж Влад гэж үздэг байсан ч сүүл үеийн судлаачид арай өөрөөр тайлбарлах болжээ. Стокер Дракула гэдэг нэрийг Уитбигийн нийтийн номын сангаас олсон байх магадлалтай гэж таамагласан; энэ нэр нь Румын хэлээр "чөтгөр" гэсэн утгатай байсан учраас зохиолч сонгон авсан болов уу гэж үзэж байна.

 1897 оны 5-р сард "Дракула" хэвлэгдэн гарсны дараа романы аймшигтай уур амьсгалыг сайшаагчид байхад хэтрүүлсэн аймшигтай хэмээн Стокерийг шүүмжлэгчид ч мөн байлаа. Тухайн цагт уг романы бүтэц хэлбэрийг Английн зохиолч Уилки Коллинзийн "Цагаан хувцастай эмэгтэй" зохиолтой төстэй гэж ихэнх шүүмжлэгчид үзсэн байдаг. 20-р зуунд "Дракула" романыг готик уран зөгнөлт зохиолын гол тэргүүлэх бүтээлд тооцох болсон ба судлаачид романыг Викториан эриний түүхэн нөхцлийн хүрээнд авч судлахдаа яс үндэс, удам угсаа, шашин, хүйсийн ялгаа болон сексийн харилцаа гэсэн сэдвүүдийг хөндсөн бүтээл гэж дүгнэдэг. "Дракула" бол Английн уран зохиолын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болой. Гүн Дракулагийн дүр нь цус сорогчдын тухай нийтлэг ойлголтыг гүнзгийрүүлж, ирээдүйн төсөөлөл ойлголтод үлэмж нөлөөлсөн байдаг. Дракулагийн дүр нь уран зохиолд хамгийн их дүрслэгдсэн дүрээр тодорч Гиннесийн амжилтын номонд орсон байдаг.

  ҮНДСЭН СЭДЭВ. Романы эхэнд, Харкер Дракулагийн шилтгээнд байрлаж байхдаа тухгүй мэдрэмжийнхээ тухай "Хэрэв миний мэдрэмж намайг хуураагүй бол эртний зуунууд "орчин үед" устгагдахгүй өөрийн гэсэн хүчтэй байсан, байсаар ч байгаа аж: гэсэн тэмдэглэл хөтөлсөн байдаг. Энд Харкер Викториан эриний үндсэн асуудлуудын нэгийг илэрхийлж байгаа бөгөөд 19-р зууны төгсгөлд Английн нийгмийг олон зууны туршид удирдан засаглаж ирсэн итгэл үнэмшлийн системийг ганхуулахад хүргэсэн эрс шинэчлэлүүд гарч иржээ. Жишээлбэл, Дарвины хувьсалын онол олон зуун жилийн туршид хадгалагдаж ирсэн шашны ариун сургаалын үнэн зөв эсэхийг эргэлзээтэй болгосон. Үүний нэгэн адилаар, аж үйлдвэрийн хувьсгал нь хөдөө аж ахуйн орон байсан Англид эдийн засгийн ч, нийгмийн ч гүн гүнзгий өөрчлөлтийг авчирсан. Хэдийгээр Стокер романаа сүйрсэн, балгас болсон шилтгээнээс буюу уламжлалт готик орчинд эхлүүлсэн ч удалгүй зохиолч үйл явдлаа Викториан эриний Лондон руу шилжүүлдэг; энд орчин үеийн хөгжил дэвшлийн хүрээнд Гүн Английн нийгэм рүү довтлоход илүү амар хялбар болгож байна. Люси Дракулагийн шившлэгийн хохирогч болоход орчин үеийн дэвшлийг шүтэгчид болох Мина, доктор Сьюард ч Люсигийн зовлонт нөхцлийг ойлгох чадваргүй байдаг. Эртний домог, Өрнөдийн бус ардын эмчилгээнд нээлттэй сэтгэлгээгээр хандахын сацуу орчин үеийн анагаахын арга техникийг эзэмшсэн Ван Хелсинг л Люсигийн зовлон зүдгүүрийг ойлгодог билээ.

17-р бүлэгт, Ван Хелсинг Сьюард эмчид "Бид энэ аймшигт мангасаас ангижрахын тулп бүх мэдлэг, бүх тусламжийг авах ёстой" гэж хэлдэг; энд Ван Хелсинг шууд утгаараа бүх мэдлэгийг хэлж байна. Ван Хелсинг орчин үеийн Өрнөдийн аргачлалыг ойлгоод зогсохгүй орчин үеийн Өрнөдийн үгүйсгэдэг эртний болоод харь гадны мэдлэгийг хослуулахыг хүсдэг. "Манай шинжлэх ухаан бүгдийг тайлбарлахыг хүсдэг ба хэрвээ тайлбарлаж чадахгүй бол тайлбарлах зүйлгүй гэдэг энэ бол манай шинжлэх ухааны алдаа" хэмээн Ван Хелсинг хэлдэг. Энд Ван Хелсинг зөвхөн тухайн цаг үеийнхээ сэтгэлгээгээр хандана гэдэг нь аюултай үр дагавартай болохыг онцолж байгаа ба түүхийн тухай ойлголтгүй, чухамдаа түүхийн талаар өөр өөрсдийн гэсэн ойлголтгүй бол түүх гарцаагүй дахин давтахад хүмүүний ертөнц аймшигтай сул дорой байдалд орох ажээ. Ихэнх шүүмжлэгчид "Дракула" бол тухайн үеийн бусад зохиолуудтай адил Викториан эриний эрэгтэй хүний төсөөлөл, ялангуяа эмэгтэй хүний сексийн харилцааны сэдэвт төвлөрсөн роман хэмээн үздэг. Викториан эриний Англид, эмэгтэйчүүдийн секстэй холбоотой зан авирыг нийгмээс хатуу чанд залж удирддаг байв.

  Викториан эриний эмэгтэй хүнд хоёрхон л сонголт байсан; онгон буюу цэвэр, ариун байх, үгүй аваас эхнэр юмуу ээж байх. Хэрвээ тэр эмэгтэй эдгээрийн аль нь ч биш бол янхан гэж үзэгдэж, нийгэмдээ хэн ч биш болно. Дракула Англид газардаж, Люсиг чөтгөрийн ид шидээрээ илбэдэж эхлэхэд уншигчид сайн ба муугийн хооронд удахгүй болох тулаан эмэгтэйчүүдийн сексийн харилцааг тойрон өрнөх болно гэдгийг ойлгодог. Люси, Мина хоёр хоёулаа жирийн хүмүүс гэхээсээ илүүтэй олон зууны туршид эмэгтэй хүн гэж кодлогдож ирсэн ариун журмын хоёр хэмжээсийн биелэл бөгөөд тэд хоёулаа цэвэр ариун, ертөнцийн муу муухайгаас ангид, эрчүүддээ үнэнч байдаг билээ. Гэвч Дракула хоёр эмэгтэйг тэс ондоогоор хуял тачаалдаа захирагдсан хүүхнүүд болгон хувиргадаг; Стокер тэдний сексийн дур тачаалыг нээлттэй болгож буйгаа ахин дахин давтдаг. Дракула Люсиг амжилттай хувиргаж, Люсиг цус сорогч болсныхоо дараа Ван Хелсинг болон бусад эрчүүд бүсгүйг илүү цэвэр ариунаар, нийгэмд хүндлэгдсэн байдлаар нь буцаан авчрахын тулд түүнийг устгахаас өөр сонголтгүй болдог. Люсиг өөрчлөгдсөний дараа эрчүүд Минаг нүд салгалгүй ажигладаг; тэд түүнийг Викториан эриний эмэгтэй хүн байхын төрх шинжийн харанхуй тал руу алдчих бий хэмээн зовдог. Эрчүүд нь нийгмээс жигшигдсэн хүмүүстэй харилцахаас эмээдэг учраас эмэгтэйчүүдийн сексийн зан авирт тун их анхаардаг ба чухамдаа бол эрчүүд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө л түгшицгээж байгаа аж.

  Романы төгсгөлд, Дракула Ван Хелсингийн багийнхныг шоолон; "Та нарын хайртай бүсгүйчүүд аль хэдийнээ минийх болсон, тэднээр дамжин та нар ч минийх болно" гэдэг билээ. Энд Гүн Адам, Ева хоёрыг Еден-ээс хөөгдсөнөөс хойших бий болсон эрэгтэй хүний фантаазыг илэрхийлж байгаа буюу өөрөөр хэлбэл; эмэгтэйчүүдийн хяналтгзй дур тачаал бол эрчүүд нигүүлслийг маш их хохиролтойгоор орхиход хүргэнэ. Дракула нь эргэлзээгүй аюултай, заналхийлсэн дүр буюу түүний яс үндэс, гарал үүсэл нь Дракулаг бусад дүрүүдийн хувьд аюултай болгож байгаа үндэс болно. Зүүн Европоос гаралтай нь хувьд Дракула Англи, Америк, Голландын дайснуудаас эрс ялгаатайгаар дүрслэгдсэн; тэр өөрийгөө Харкерт тайлбарлахдаа; "бидний арга танайхаас өөр, чамд хачирхалтай зүйлс олон тохиолдоно" гэдэг. Харкер шилтгээнд өнгөрүүлсэн сүүлчийн шөнөө, унтаж буй Гүнг хараад айн мэгдэн "Энэ бол миний Лондон хүрэхэд нь тусалж байгаа хүн" гэж боддог билээ. Харкер Дракулагийн орших байхаас илүүтэй үндэстнийхээ цус холилдон бохирдоход илүүтэй санаа зовдог. Дракулагаас айх айдас бол гадныхны түрэмгийллээс айх айдас гэж харж болох ба романы төгсгөлд эрчүүд Дракулаг Трансильвани руу нь буцааж, тэнд нь тулалдахаар шийдвэрлэж байгаагаас харж болно. Дракула бол төрөлх эх орныг нь харийн нөлөөгөөр бохирдуулах аюул заналыг илэрхийлж байгаа ба энэ аюул нь гаднынхан эрх мэдлийг олж аваад үүнийгээ муу муухайд ашиглах бий гэсэн гүн үндэстэй айдас билээ.

Гүн Дракула олон ер бусын хүч чадалтай учир түүнийг дийлдэшгүй аймшигт мангас болгож байна. Гэсэн хэдий ч Стокер Дракулаг аюултай болгодог зүйлсийн нэг хэсэг бол түүний эд баялаг, эдийн засгийн солилцооны системд оролцох чадвар чадамж гэдгийг тун прагматикаар харуулдаг. Дракула Англи дахь шинэ байшингаа хууль ёсны хийгээд энгийн санхүүгийн гүйлгээгээр худалдаж авдаг бөгөөд тэрээр ямар нэгэн ид шидийн чадвараа ашиглахын аялахын оронд Англид руу явах, буцах аяллынхаа төлбөрийг төлж буйгаас харж болно. Харкер шилтгээнд хоригдож байхдаа "буланд асар их хэмжээний алт овоолсон байгааг олж хардаг", энэ нь Дракула төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний мөнгөтэй байгааг нотолно. Дракулагийн эртний гарал үүсэл, ер бусын хүч чадал нь түүнийг өнгөрсөн үеийнх болгож байгаа юм шиг боловч тэрээр орчин үеийн бэлэн мөнгөний эдийн засгийг хялбархан удирдан зохицуулж, мөнгийг өөрийнхөө давуу тал болгон ашиглаж чадаж байна. Түүнд мөнгө байгаа учраас олон дүрүүд, тэр дундаа Харкер өөрөө ч түүний хачирхалтай, заналхийлсэн зан авирыг үл тоомсорлохоп бэлхэн байдаг.

  МОТИФ. Цус нь романд олон янзын үүрэг гүйцэтгэдэг. 3-р бүлэгт, цус анхлан дурдагддаг буюу Гүн Харкерт; "гутамшигтай амгалан эдгээр өдрүүдэд цус бол дэндүү нандин, аугаа удам угсаатнуудын алдар суу нь үлгэр мэт" гэж хэлдэг билээ. Гүн өөрийнхөө гэр бүлийн түүхийг бахархалтайгаар дурсаад цусыг удам угсаа буюу Дракулагийн үзэж буйгаар хатаж хоржийсон "аугаа үндэстнүүдтэй" холбодог. Гүн удам угсаадын хооронд дайн дэгдэх тухай зөгнөдөг; Өрнө ба Дорно, эртний үе ба орчин үе, сайн ба муугийн хоорондох дайн болой. Дракула болон түүний туслахуудын цусаар хооллож буй дүрслэл нь сексийн харилцаатай холбоотой биеийн шингэний солилцоог харуулдаг; Люси Гүнд хазуулсныхаа дараа ухаан алдтлаа "хуурайшдаг". Цус сорогчид цус ууж байгаа нь Христийн шашны шүтлэгийн ёс заншилтай адилхан ч энэ нь гажууд утгаараа бөлгөө. Дракула Христийн цус болж хувирсан дарс ууж мөнхийн сүнслэг амьдралыг олж авахын оронд өөрийн биетэй хэдий ч сүнсгүй амьдралаа уртасгахын төлөө хүний цус уудаг. Христийн шашны домог зүйгээр бол цусны ач холбогдол нь Ван Хелсингийн дайчид ба Гүнгийн хооронд өрнөж буй ариун дайн эсхүл загалмайтны аян дайныг илтгэнэ.

СИМБОЛ. Харкерын Дракулагийн шилтгээнд учирсан гурван үзэсгэлэнтэй цус сорогчид бол түүний мөрөөдөл бас хар дарсан зүүд аль аль нь ба үнэндээ эмэгтэй цус сорогчид Викториан эриний эрэгтэй хүний төсөөлөл, мөрөөдөл, хар дарсан зүүдний биелэл болой. Цус сорогч эгч дүүс Викториан эриний эмэгтэйчүүдийн хуял тачаалтай, сексийн хувьд түрэмгий байж болохгүй гэсэн идеал төсөөллийг төлөөлдөг бөгөөд ингэснээр тэдний гоо үзэсгэлэн нь сексийн хувьд найдвар ч, хараал ч болж байна. Эдгээр эмэгтэйчүүд Харкерт түүний сүйт бүсгүй Минагийн романы туршид өгөөгүй сексийн ханамжийг ердөө хоёрхон догол мөрт л амсуулчихдаг. Гэхдээ эл сексийн ур чадвар нь эрчүүдийн сэтгэн бодох, удирдан хянах чадварыг алдагдуулж, эрчүүд давамгайлсан нийгмийн үндсийг алдагдуулж болзошгүй ба иймээс роман дахь сексийн харилцаанд түрэмгий эмэгтэйчүүдийг устгах ёстой аж. Артур чөтгөр болсон Люсигийн цэвэр ариун, нандин шинж чанарт нь эргүүлэн оруулахын тулд бүсгүйн зүрхэнд гадас шаах ёстой болж, түүнийгээ ч амжилттай гүйцэтгэдэг. Стокер ийм хүчирхийллийн үйлдлийг дүрсэлсэн нь сексийн харилцааны шинжтэй бөгөөд гадас нь шууд утгаараа шодойг бэлгэддэг. Ийм байдлаар цохилтыг Люсигийн сүйт залуу болох Артур хийж байгаа нь зүй ёсны хэрэг; Люси цус сорогч болсон гэдгээс гадна цус сорогчийн уруу таталтад автсан гэдгээрээ ийнхүү шийтгэгдэж байна; Дракула зөвхөн өөрийг нь дуудсан хохирогчид халдаж чаддагийг номыг нь уншсан хүмүүс мэдэх буйзаа. Артур чөтгөр болсон Люсиг алснаар өөрийнхөө хууль ёсны, моногам хайрыг эргүүлэн авч, сүйт бүсгүйгээ Викториан эриний ариун журамд дахин оруулж байна. 

Comments