Бурхныг магтагсад

  


Viridiana (1961). Испани-Мексикийн нэрт кино урлаач Luis Buñuel-н сюрреалист, комеди-драм. Энэ киног Испанийн зохиолч Benito Perez Galdos-н 1895 онд хэвлэгдсэн "Halma" гэдэг романаас сэдэвлэн бүтээсэн. Киноны гол дүрүүдэд: Silvia Pinal, Francisco Rabal, Fernando Ray, Margarita Lozano гэсэн Мексик, Испани жүжигчид тоглосон. Өнөөдөр эл киног ихэнх шүүмжлэгчид шедевр гэж үздэг ч анх нээлтээ хийхдээ асар их маргаан, хэл ам татуулсан. "Viridiana" 1961 оны Канны кино наадамд оролцож, Henri Colpi-н "The Long Absence" киноны хамтаар Palma d'Or тэргүүн шагналыг хүртсэн. Гэсэн хэдий ч Ватикан энэхүү кино нь Бурхан шашныг доромжилсон гэж тодорхойлж, дарангуйлагч Francisco Franco-н засгийн газраас Испанид үзүүлэхийг хориглосон байдаг.

  Киноны продюсер Pere Portabella-н хэлснээр Испанийн эрх баригчид киноны эх хувийг шатаахыг оролдсон ба азаар пост-продакшны ажлыг гадаадын компанитай хамтран хийсэн байсан болохоор кино "амьд" үлджээ. Уг киног 1977 онд, Francisco Franco нас барснаас хоёр жилийн дараа, Luis Buñuel-г 77 настай байхад Испанид гаргажээ. Buñuel хожим хэлэхдээ, "би санаатайгаар Бурхан шашин руу дайрч доромжлоогүй, гэхдээ 23-р Пап John иймэрхүү зүйлсийг надаас илүү шүүдэг шүүдээ" гэсэн байдаг. Испанийн кино сэтгүүл Caiman Cuadernos de cine 2016 онд Испанийн хамгийн шилдэг кино санал асуулга явуулахад "Viridiana" манлайлсан байдаг ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 80-р байрт эрэмбэлээд байна.

"Viridiana" нь Европ даяар шуугиан дэгдээхийн зэрэгцээ кино урлагийн хамгийн эрхэм дээд шагналыг хүртсэн нь энэхүү киноны уран сайхны гайхам амжилт хийгээд ерөөсөө кино урлагийн хүч чадлыг харуулсан явдал байлаа. Найруулагч Buñuel эрх мэдэлтэнгүүд болон язгууртнууд руу бүх хэлбэрээр довтлохдоо ядуучуудыг сэтгэл уярахуйцаар өөгшүүлэхээс татгалзсан нь гайхам бодитой. Энэ бол жинхэнэ цагаан цайлган сэтгэлийн ертөнцийг үзэн ядахгүйгээр тайван, хүчирхэгээр үзүүлсэн, шүүгээгүй бас өрөвдөөгүй бараан комеди юм. The New York Times сонинд уг киноны талаар бичихдээ; Luis Buñuel шинэ киногоороо эрт үеийн сэдвийн өөрийн хувилбарыг толилуулав; сэдэв нь сайн санааны буяныг сүсэгтэй, гэнэн хүмүүс ихэвчлэн буруугаар ашиглах хандлагатай байдаг тухай ба тиймээс буян нигүүслэлээс болгоомжил гэж бичжээ. Мөн сонинд бичсэнээр эл бүтээлд өгүүлэх буян гэгч бол амьдралын муухай, гутранги үзлээс гадна хуучинсаг хэв маяг гэжээ. Найруулагчийн кино хэлбэр бүтэц нь яруу найраглаг; Viridiana-н үнээ саахаас дургүйцэж байгаа, загалмай болдог тонгорог зэргээрээ найруулагч илэрхий симболик, бүдүүлэг хандлагаа харуулсан гэж тус сонинд бичжээ.

Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Ариун сайхан Viridiana бүсгүй гэлэнмаагийн тангаргаа өргөхийнх нь өмнө түүний боловсролын төлбөрийг өдий хүртэл төлж ирсэн авга ах Jaime нь бие муудсан тул цор ганц үлдсэн хамаатан болох Viridiana-тай уулзахыг хүссэнээр бүсгүй аргагүй сүмээ орхин авгынхаа гэрийг зорино. Jaime зарц Ramona хэмээн хүүхэнтэйгээ хуучирч муудсан том харшдаа амьдран сууна. Viridiana харшид хэд хонож, явахын түүс болох ба явахынх нь өмнөх сүүлчийн шөнө Jaime ах нь түүнд нас барсан эхнэр нь Viridiana-тай хачин адилхан байсан, даанч хуримынхаа шөнө орондоо амьсгал хураасан гэж халаглана. Авга ах нь бүсгүйгээс нас барсан эхнэрийнхээ хуримандаа өмсөж байсан даашинзыг өмсөн өөрт нь үзүүлэхийг эцсийн хүсэлт, гуйлт болгон тавина. Viridiana эвгүйцэх ч зөвшөөрнө. Кофед нь нойрсуулагч эм өгч унтуулсан хойноо Jaime зээ дүүгээ хүчиндэхийг завддаг ч зүрх нь хүрдэггүй. Маргааш өглөө нь, Jaime бүсгүйд, онгон биеийг чинь эзэмдсэн учраас сүмд очоод хэрэггүй, эндээ миний эхнэр болж үлд гэж ятгах агаад Viridiana яадаг ч байсан явна гэнэ.

Эцэстээ авга ах биед нь хүрээгүй гэдгээ хүлээдэг ч Viridiana явна гэдэгтээ бат зогсоно. Viridiana-г автобус хүлээгээд зогсож байтал цагдаа нар ирээд авга чинь амиа егүүтгэсэн, та буцаж очих ёстой гэсээр аваад явна. Jaime өөрийгөө дүүжилж, харш хийгээд бүх өв хөрөнгөө Viridiana болон хууль бус хүү Jorge хоёрын дунд үлдээжээ. Нэгэнт буцах эвгүй, гэлэнмаа болж чадахгүйгээ ойлгосон Viridiana харшид үлдээд энэ хавийн ядуу доройчуудад тусалж буян үйлдэхээр шийднэ. Бүсгүй харшдаа тэнүүлчдийг цуглуулаад хувцас, хоол, орон байраар хангаж, бас Бурханд залбируулж эхэлнэ. Энэ үед Jorge найз хүүхэн Lucia-н хамт хууль ёсны эзэмшил болсон харшид хүрэлцэн ирэх бөгөөд хашаа байшин, газар нутгийг засан сэргээхэд ханцуй шамлан орно. Залуухан Jorge зарц Ramona-тай тэр даруй нууц амрагийн харилцаатай болно. Хөдөө нутагт хийх юмгүй уйдаж залхасан Lucia найз залуугаа Viridiana-д санаархаад буйг түвэгтэй ажив. Jorge, Viridiana, Ramona гурав ажлаар хот явсан нэгэн орой тэнүүлчид, ядуучууд харшид нэвтрэн ороод ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ.

  Хулгайлж, дээрэмдсэнийхээ дараа ханатлаа идэж уусан тэнүүлчид өөрсдийнхөө гэрэл зургийг Leonardo da Vinci-н "The Last Supper" зураг шиг дуурайлган татуулж шогтоно. Салам согтсон үгээгүйчүүд харшаар нэг групп секс хийж заваарна. Эзэд эргээд ирэхэд гуйлгачдын ихэнх зугтааж амжсан ч хоёр эр үлдэж хоцроод Jorge, Viridiana хоёр руу дайрах буюу гуйлгачид Jorge-г хүлж орхиод нэг эр нь Viridiana-г хүчиндэж эхэлнэ. Ээлжээ хүлээж байгаа гуйлгачин эрд Jorge хэрвээ цаадахыгаа албал их мөнгө өгнө гэснээр гуйлгачин эр нөхрөө хөнөөнө. Энэ үеэр цагдаа нар харшид орж ирнэ. Энэ явдлаас хойш хэдэн шөнө өнгөрчээ. Jorge, Ramona хоёр унтлагынхаа өрөөнд хөзөр тоглож байхад Viridiana тэдэн дээр орж ирэхэд Jorge түүнд гурвуулаа хамт хөзөр тоглое гэдэг санал тавьдаг. Энэ нь гурвалсан сексийн санал гэдэг нь тодорхой ба кино ийнхүү төгсдөг. Испанийн цензурын зөвлөл уг киноны оригнал төгсгөлийн зөвшөөрөөгүй ажээ. Эх төгсгөлд Viridiana Jorge-н өрөөнд орж, Jorge хаалгаа аажуухнаар хааснаар төгсдөг байсан аж. Зарим кино түүхчдийн үзэж буйгаар одоо бидний үзэж байгаа төгсгөлийн хувилбар нь оригналаасаа хамаагүй илэн далангүй, завхай зайдан болсон гэжээ.

  Миний хувьд ч үүнтэй санал нэг байна. Luis Buñuel 1961 оны эхний саруудад төрөлх Испанидаа эл бүтээлээ хийжээ. Энэ кино нь түүний 1939 онд Америк, Мексик руу дүрвэснээс хойших эх нутагтаа хийсэн анхны кино байсан ба фашист дарангуйлагч Francisco Franco-н дэглэмд байсан цаг үед энэхүү үйлдлэл нь зоригтой бас шүүмжлэл дагуулсан явдал байлаа. Эсэргүүцэгч, бодолдоо үнэнч, удаан хугацаанд цөллөгт байсан Buñuel хэрхэн дайсныхаа өмнө энэ киног хийв гэдэг сонирхолтой; гэхдээ түүнд тодорхой шалтгаан байсан нь ойлгомжтой. "Viridiana" бол түүний замналын чухал мөч байв. Энэ киногоороо тэрээр Испанид төдийгүй олон улсын кино урлагт нүүр бардам эргэж ирсэн. Францын сюрреализмд дуртай Испани найруулагч маань Мексикийн найруулагч болсноор сүүлийн 8 киноныхоо 6-г нь Францад хийгээд байв.

  Тэрээр 1900 онд Сарагоса хотын ойролцоо төрж, Мадридад суралцаж, Salvador Dali-тай хамтран хийсэн "L'aga d'or", "Un chien andalou" гэсэн хоёр киногоороо алдаршсан ба Испанийн иргэний дайнаар эх орноо орхин Америкт гарсан. Buñuel 1946 онд Мексик рүү нүүж, 1949 онд Мексикийн иргэн болжээ. Buñuel Мексикт "Los olvidados", "El", "The Extreminating Angel" гэсэн шиг кинонуудаа бүтээсэн байдаг. Гэхдээ "Viridiana" киноноос өмнө дэлхий түүнийг төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Найруулагч маань киногоороо Бурхан шашин руу дайрахыг санаархаагүй гэдэг ч хэрвээ хүмүүс түүнээс киноны зарим нэгэн мартагдашгүй мөчүүд болох нохойг морин тэрэгнээс уях, (энэ нь нохойг туйлдуулж алах юмуу боож алах магадлалтай) загалмай болдог тонгорог ямар учиртай вэ хэмээн асуухад Buñuel эдгээр нь ердөө л тухайн үеийн Испанийн нэг хэсэг байсан зүйлс, би юуг ч зохиогоогүй гэж хэлэх мэт зэвүүн ёжтой байдаг; өөрөөр хэлбэл Бурхан шашин огт шүтдэггүй Buñuel хэрхэн шүтдэггүй зүйлсээ өдөөн хатгаахаа дэндүү сайн мэдэгч билээ. Гэхдээ тэр тэдгээрийг кинондоо сонгохдоо өдөр тутмын амьдралын тохиолдлууд бус харин тэмдэг дохио болгон бүтээсэн. Buñuel-н хувьд энэ нь ямар нэгэн доромжлол биш харин аврагдах боломжгүй ертөнц рүү өнгийсөн өнгийлт юм. Кино ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагдана; хөгшин эрийн найдваргүй дурлал ба амиа хорлолт болон залуухан бүсгүйн дэлхийн хувь заяагүйчүүдийг аврах гэсэн оролдлого.

  Эхний хэсэгт цөхрөл, хоёр дахь хэсэгт бүтэлгүйтлийг гашуун хошноор үзүүлдэг боловч кино урлагийн эцэс төгсгөлгүй, үл хүндэтгэсэн амьдралыг, мөн Buñuel боломжгүй мэт санагдаж байсан ч өөрчлөх боломж байдгийг харуулахыг хүссэн бололтой. Кинонд гарах гуйлгачин, тэнүүлчид бол сохор, доголон, жирэмсэн, одой, уяман өвчтэй гээд төрөл бүрийн хүмүүс байдаг. Кинотой холбоотой нэгэн цуурхал байдаг; кинонд гарах тэнүүлчид мэргэжлийн жүжигчид биш харин Мадридын захад амьдардаг жинхэнэ хүмүүс ихэвчлэн байсан гэсэн яриа байдаг. Харин найруулагч Buñuel тэд бүгдээрээ жүжигчид байсан гэж хэлсэн байдаг ч шүүмжлэгчид үүнд эргэлздэг. Гуйлгачид нь Buñuel-н үгүйсгэхийг ч, бахдахыг ч хүсдэггүй харин сөрөх буюу хүмүүний бүхий л боломжит байдлын илэрхийлэл бөгөөд иймээс уг кино аймшигтай олон мөчүүд, сүүлийн хөнөөлт анархи сцэнийг үл харгалзан баргар юмуу гутранги гэхээсээ илүү баясгам, зугаацуулам. Бидний үзэж байгаа бүхэн аймшигтай бас хошин байдаг. Шүүмжлэгч David Robinson: "Бусад хүмүүс ялзарч, үмхийрсэн энэ киног үзээд өрөвдөж магадгүй, харин Buñuel-н хувьд өрөвдөх гэдэг нь хүлцэнгүй байх, эвлэршгүй ялагдал юм". 

Comments