Muriel (1963). Францын кино найруулагч Alain Resnais-н сэтгэлзүйн драм. Кино зохиолыг тэрээр "Night and Fog" бүтээл дээрээ хамтран ажилласан Jean Cayrol-той хамтран бичсэн. Кинонд, Булон-сюр-Мер хотод амьдардаг дундаж насны нэгэн эмэгтэй болон Алжирын дайнаас ирээд удаагүй байгаа түүний дагавар хүү хоёрын тухай өгүүлнэ. Киноны гол дүрүүдэд; Delphine Seyrig, Jean-Pierre Kerien, Jean-Baptiste Thierree, Nita Klein нар тоглосон. Энэ бол найруулагчийн "Hiroshima Mon Amour", "Last Year at Marienbad" кинонуудынх нь араас гарсан гуравдахь бүрэн хэмжээний кино нь байсан агаад эл гурван бүтээлд дурсамж эсхүл төсөөлөгдөж буй өнгөрсөнийг одоогийн амьдралтай нэгтгэх сорилтыг харуулдаг. Мөн киноны анхаарууштай сэдэв бол тухайн үед дөнгөж дуусаад байсан Алжирын дайны сэдэв буюу үүнийг кинонд тойруугаар онцолдог. Alain Resnais, Jean Cayrol хоёр "Muriel"-ийн төслийн тухай анхлан 1959 онд ярилцаж байв.
Тэд Resnais-г "Last Year at Marienbad" кино дээрээ ажиллахын зэрэгцээ Алжирын дайнтай холбоотой өөр хоёр төсөл (бүрэн дуусгаагүй) ажиллаж байхад "Muriel" төслийн зохиолыг боловсруулжээ. Cayrol яруу найрагч, уран зохиолын салбарын хүн байсан ч кино бүтээх, кино эвлүүлэг хийх дур сонирхолтой байсан агаад тэрээр киноны бараг бүхий л ээдрээтэй эвлүүлгийн дарааллыг тоймлосон кино зохиолыг бүтээсэн аж. Resnais-н энэхүү кино бол нарийн түвэгтэй бүтэц, дурсамж болон харууслын сүүдрийг мэдрэмтгий зурагласнаараа найруулагчийн нэрийн хуудас болсон "Last Year at Marienbad", "Hiroshima Mon Amour" кинонуудтай эн зэрэгцэхүйц. Ухаалаг, нямбай, тарчлаантай уг кино бол Resnais-н кино хэв маягаас ондоогоор бүтээгдсэн гэж үздэг. Эл киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 366-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
1962 он, Helen бол Булон-сюр-Мер дахь гэртээ эртний эдлэлийн бизнес эрхэлдэг дундаж насны бэлэвсэн эмэгтэй бөгөөд тэрээр дагавар хүү болох Bernard-тайгаа хамтран амьдарна. Bernard Алжирын дайнд оролцож байхдаа Muriel гэдэг охиныг тамлаж алахад гар бие оролцсон доо шаналж яваа нэгэн. Helen төмөр замын буудал дээр хуучин янаг хайрт Alphonso-той учирч гэртээ оройн хоолонд урьдаг. Alphonso зээ дүү гэж танилцуулсаар нэгэн залуухан жүжигчин хүүхэнтэй хамт ирэх бөгөөд Francoise гэдэг энэ хүүхэн үнэндээ Alphonso-н залуу амраг болой. Шөнө болж, Bernard, Francoise хоёр хотоор алхахаар гарцгаахад Helen, Alphonso хоёр хуучнаа дурсаж, мөн Helen Roland гэдэг найзтайгаа хамт ойрхон байх казинод тоглохоор явна. Helen-н байранд ганцаараа үлдсэн Alphonso Bernard-н өдрийн тэмдэглэлээс Muriel-н тухай олж уншина; тэмдэглэлд "тэр охиныг үхсэнээс хойш би амьдрахаа больсон" гэж бичсэн байв. Энэ хооронд Bernard, Francoise хоёр далайн эрэгт очсон байх агаад Francoise өөрийгөө Alphonso-н амраг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Bernard түүнийг орхиод ганцаараа ихэнх цагаа өнгөрүүлэх далайн эрэг дэх амбаартаа хоноглоно.
Helen гэртээ буцаж ирэхэд Alphonso өөрийн нь ганцааранг нь орхилоо хэмээн гомдоллож, үүнээс улбаатай Helen-д хаягдсанаас үүссэн гашуун дурсамжуудаа хуучлахад хүргэнэ. Alphonso цэргийн албанд байхдаа Helen-тэй гэрлэхээр төлөвлөж байсан ч Helen Алжирт түүнтэй хамт амьдрахыг хүсээгүй ажээ. Үүр цайлаа. Alphonso, Helen хоёр хамтдаа амьдарсан бол ямаршуу янзтай байх байсан бол гэж төсөөлөн хотоор зугаална. Bernard гудамжаар дугуй унаж яваад Francoise-той учирч хоёр үг солихдоо найз охин нь удахгүй Монтевидео-д сурахаар явах болсныг Francoise-д хэлнэ. Уг явдлын дараа Alphonso Francoise-той далайн эргээр алхаж явтал хүүхэн түүнд Парист очихоороо салцгаая гэж шууд хэлнэ. Helen, Alphonso хоёр ресторанд үдийн хоол идэж байгаад Bernard-тай хамт дайнд алба хаасан найзтай нь таарах ба Helen түүнд Bernard дайнаас ирээд нэг л өөр дүйнгэ, идэвхгүй болчихсон гэж хэлдэг. Alphonso-н хүргэн ах гэнэт зочилж ирээд Alphonso-г эхнэр рүүгээ буцаж очихыг шаардахад Helen мэл гайхна. Удалгүй Bernard дайнд мөр зэрэгцэж тулалдсан найзыгаа хөнөөсөн нь илчлэгдэнэ. Киноны төгсгөлд Alphonso-н эхнэр Helen-н хов хоосон байранд ирнэ, тэр өрөөнөөс өрөөнд ороход тэнд хэн ч байдаггүй.
Киноны үйл явдал 1962 оны 9-р сараас 10-р сар хүртэлх 15 хоног орчим үргэлжилдэг. 5 үзэгдэлд хуваагдсан кино зохиолд сцен болгоныг тодорхой огноо, цагийг заасан байдаг ч энэ бүхэн кинонд гардаггүй. Эхний өдөр уртасгасан дараалал явна; 1-р үзэгдэл 45 минут орчим үргэлжилнэ; Alphonso болон түүний "зээ" Francoise хоёрыг Bernard, Helen хоёрт танилцуулж, тэдний анхны хамт оройн хоол идэх хэсгүүд багтана. Өөр нэг урт дараалал бол сүүлчээр өдрийнх буюу 5-р үзэгдэл; энд өдрийн хоолны үеэр чухал илчлэлт гарч, бас дүрүүд өөр өөрсдийн чиглэлээр тарж одно. Завсрын өдрүүдийг (2-4 үзэгдэл) хэсэгчилсэн цуврал сцэнд дүрсэлсэн буюу энэ нь он цагийн дараалалтай ч үргэлжилсэн сцэн ховор байдаг. Найруулагч Resnais нэгэн ярилцлагандаа "Миний энэ кино жаргалтай гэгддэг ч зовлон зүдгүүртэй нийгмийг дүрсэлсэн. Шинэ ертөнц бүрэлдэн тогтож байна, харин миний дүрүүд үүнээс айж байна, тэд үүнтэй хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байна" гэсэн байдаг. Уг киног 1960-аад оны "хөндийрөлтийн кино урлагийн" нэг хэсэг гэж үздэг. Кинонд тасалдал, тодорхойгүйн мэдрэмжийг үйл явдлын хоорондын үсэрсэн монтажаас гадна ямагт онцлон тодотгодог.
Туйлын он цагийн дарааллыг ажиглахын зэрэгцээ тодорхой тооны дүрүүдийг дагаж, мөн санамсаргүй гарах дүрүүдийг ч гол дүр шиг авч үзснээр төсөөллийн бодитыг бий болгодог ажээ. Киноны төвд дуусаад удаагүй байсан Алжирын дайны сэдэв оршдог ба Францын кино найруулагчид энэ түвэгтэй асуудлыг зөв, утгатай байдлаар үзүүлэх гэж аргаа барж байв. Жишээлбэл Jean-Luc Godard-н "Le Petit Soldat киног Францад хориглож, 1963 он хүртэл үзүүлээгүй байдаг. Resnais 1960 засгийн газраа эсэргүүцсэн Францын сэхээтнүүдийн нэг байж 121-ийн тунхагт гарын үсэг зурж явсан ба "Muriel" киноны Bernard-н дуу хоолой, Bernard-н дайнаас болж "өвдсөн" шинж бүхэн найруулагчийн л дуу хоолой билээ. Киноны дүр болгон өнгөрсөнтэйгөө нүүр тулах ёстой; Helen өнгөрсний хайрын харилцааныхаа алдаа, урвалтын мэдрэмжээ даван туулж чадахгүй байна; Alphonso, Bernard, Helen нар бүгд дэлхийн 2-р дайнд үзэж туулсан бүхнээ мартаж чадахгүй тээсээр байдаг; мөн Булон-сюр-Мер хот өөрөө дайнд үзсэн хохирлоо аядуу тайвнаар даван сэргэн босч буй хотын дүр төрхийг илтгэдэг. Helen-н гэр хагас дутуу засал чимэглэлтэй, тавилгууд нь байнга солигдож байгаа нь түүний өөрийгөө бүхлээр, эмх цэгцтэйгээр харж чадахгүй болсон тархины гэмтлийн зүйрлэл байх боломжтой.
"Muriel" нээлтээ хийхэд олон нийт хийгээд хэвлэл мэдээллийнхэн тун таагүй хүлээж авсан ба энэ бол Resnais-н хамгийн үнэтэй бүтсэн ч хамгийн бага үзэгчидтэй кино болсон ажээ. Кино өнөөдөр бараг култ статустай болсон; найруулагч энэ талаар хэлэхдээ, үүнийг парадокс гээд хүмүүс киног нь таагүй хүлээж авсан шалтгаан бол гол дүрүүд нь тасралтгүй алдаа гаргаад байгаа нь үзэгчдэд таатай мэдрэмж төрүүлсэнтэй хамаатай гэжээ. Кино Францын кино найруулагчид болон шүүмжлэгчдийн анхаарлыг татсан ба найруулагч Francois Truffaut уг киноны талаар нийтлэл бичихдээ; киноны цаг үеийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд харин үндсэн элементүүдтэйгээ холбогдож чадахгүй байна гэж шүүмжилсэн. Francois Truffaut:" Энэ бол архетипийн хувьд энгийн кино. Энэ бол өгүүлбэр бүрээ 'Би" гэж эхэлдэг хэдэн хүмүүсийн түүх" гээд Truffaut олон түвшинд Alfred Hitchcock-оос санаа авсан бүтээл гэж бичжээ. Өөр нэг Франц шүүмжлэгч мөн киноны Alfred Hitchcock найруулагчтай холбоотой байдлыг онцлоод "Энэ триллер бол шийдвэрлэгдэх бус байгаагаараа оньсого байх зорилготой триллер" гэжээ. Англиар ярьдаг орнууд уг киног бараг дайсагнах маягаар хүлээн авч, ойлгохгүй байгаагаа шуудхан илэрхийлж байв. Шүүмжлэгч Susan Sontag уг киног найруулагчийн бүрэн хэмжээний гурван киноноос ойлгоход хамгийн бэрхшээлтэй нь гэсэн байдаг ч Resnais зориуд үзэгчдийг түүхээс холдуулах гэж ийм арга барил ашигласан гэжээ. Эл бичвэрээ Resnais бол кино урлагийн Shoenberg гэдэг үгээр төгсгөж байна.
Comments
Post a Comment