Хэрээний дуудлага

 


Black Moon (1975). Дэлхийд эрчүүд, эмэгтэйчүүдийн хооронд дайн өрнөнө.  Улсууд хоорондоо байлддаг байснаа больж, хүйсээрээ ялгаран дайтана. Энэ бүх сүйрлээс зугтаж яваа шаргал үст Lily хөдөөний (хаанаас хаа хүрч явааг нь бүү мэд) замаар машинтайгаа давхиж яваад бөөн цэргийн дунд орчихно. Энэхүү бөөн цэрэг нь, олзлогдсон эмэгтэйчүүдийг хээрийн шүүхээр шүүж байгаа буюу шууд алж байгаа эрчүүд байна. Lily эднээс амь зулбан зугтавч өөр замаар ороод явчихна. Нэгэн томоохон шилтгээнтэй үл мэдэгдэх эдлэнд хүрч ирнэ. Морь янзгайж, хонь бэлчсэн энэхүү шилтгээний гаднах байдал их хачин бөгөөд эл хуль. 

Lily  шилтгээнд ороход гахайнууд угтана. Мөн түүнчлэн шилтгээн доторх өрөөнүүд тун замбараагүй байх ба дөнгөж саяхан эзэд нь хаяад зугтаа юу гэлтэй. Бүсгүй идэж уугаад амарч байтал дээд давхараас настай хүний дуу сонсогдоно. Яваад очиход том орон дээр нэгэн хөгшин одой эмгэн хэвтэнэ. Хажууд нь радиостанц болон том харх байна. Эмгэн чухам ямар юм бүү мэд гадаад хэлээр хархтайгаа нэг, нөгөө станцаараа ч нэг ярина. Гэхдээ Lily ерөөсөө тоохгүй ба дөнгөж ингээд байтал гадаа чимээ гарч түүнийг очиход нэгэн сайхан залуу туулай агнаж байна. Lily бүхий л учраа хэлээд тусламж гуйхад залуу мөн л үл тооно. Гэнэт бас нэг сайхан хүүхэн гараад ирнэ. Хүүхэн залуу хоёр Lily-г байгаа ч гэж үзэлгүй гэр лүү яваад орчихно. Гайхаж хоцорсон Lily тэр хоёрыг хөгшиний хүүхдүүд юм байна гэж бодно.

Ингээд буцаад шилтгээнд орно. Хүүхэн залуу хоёр туулайгаа идэж байх ба эмгэний дуудсанаар тэд дээш гарна. Эмгэн яг нялх хүүхэд шиг аашлах бөгөөд хүүхэн цамцаа тайлаад эмгэнийг хөхөөрөө хооллоно. Эмгэнтэй ярих харх, эвэртэй морь, гадаа тоглох шалдан хүүхдүүд, эргэн тойронд орших могой, өтнүүд гээд сайхь бүтээлийг дахин давтагдашгүй гайхамшигтай болгож буй зураглал, дүрслэл эвгүй бөгөөд ойлгогдошгүй нууцлаг. Lily-тэй хэн ч ярихыг хүсэхгүй, цөм өөр өөрсдийн юмаа хийнэ, энэ нь түүний зүүд юмуу харь газар ирсэнийг илтгэнэ. Түүнийг хэн ч ойлгохгүйгээс гадна Lily ч сүүлдээ эдлэнгээс явж чадашгүй бат хадагдаж, тэр газрын нэг хэсэг болоод дуусдаг.

  Францын кино найруулагч Louis Malle-н фантааз, хоррор кино. Кино Францад бүтээгдсэн ч харилцан яриа нь Англиар хийгдсэн. Киноны гол дүрүүдэд: Cathryn Harrison, Joe Dallesandro, Therese Giehse, Alexandra Stewart нар тоглосон ба продакшн дууссаны дараахан нас барсан Therese Giehse-д уг бүтээлийг зориулсан байдаг. Найруулагч Louis Malle өөрийнхөө эл бүтээлийг "Учир битүүлэг, заримдаа болхидуу, энэ бол миний кинонуудаас надад хамгийн дотно санагддаг нь. Би киногоо орчин нөхцлийн хязгаар дахь хачирхалтай аялал гэж харж байна, эсхүл магадгүй миний хязгаарыг харуулсан кино болов уу" гэж тодорхойлсон байдаг. "Black Moon" киноны зургийг "Хэрээний дуудлага" гэж нэрлэдэг Куэрси дахь Дордоне хөндийд орших найруулагч Malle өөрийнхөө 200 настай байшиндаа болон эдлэн газартаа авсан. Тэрээр нэгэн ярилцлагадаа байшин болон хавь ойрын газар нь түүнд киногоо хийх санаа сэдлийг өгсөн гэжээ. "Би орон гэртээ кино зураг авалт хийхийг хүссэнээс энэ бүхэн эхэлсэн. Эл бүтээл миний амьдардаг газраас, байшингийн эргэн тойрны хөдөө нутгаас үүсэлтэй. Энд маш эртний, магадгүй хуучирсан, мөн дайсагнасан зүйлс байж магадгүй" гэж тэрээр ярьжээ.

Malle мөн Lewis Carroll-н "Alice in Wonderland" зохиолыг бишрэн шүтдэг байсан нь уг кинонд нь хүчтэй нөлөөлсөн гэсэн буй. Malle зураглаачаар Ingmar Bergman-н нэрт зураглаач Sven Nykvist-г хөлслөсөн бөгөөд нарны шууд тусгалтай сцэн байлгахгүй байхыг хүсчээ. Тэд нар шарсан өдрүүдэд гадаах зураг авалтад таарахуйц гэрэлтэй болтол дотоод зураг авалтыг хийдэг байж. Уг киногоо бүрэн хэмжээний кино болговол үзэгчдэд үзэхэд хэцүү байх болов уу гэж найруулагч бодоод богино хувилбараар гаргахыг бодож, тохирохгүй гэж үзсэн сцэнүүдийг хассан нэг цагийн үргэлжлэх хугацааг хувилбарыг бэлдсэн байдаг аж. Критикч Vincent Canby киноны зураглал, жүжигчдийн гүйцэтгэл, дүрслэлийг магтаад "учир битүүлэг, үзэсгэлэнтэй, хааяадаа тун хөгжилтэй кино" гэж тодорхойлсон байхад Time Out сэтгүүл "Бүхий л түүх домог бүх бодитой байдалтай зэрэгцэн оршдог ертөнцөд эмэгтэй баатрынхаа зөгнөлт аяллын талаар Malle ямар ч тайлбар өгөөгүй. Хэдий Jabberwocky-гоос (Lewis Carrol-н зохиол) санаа авдаг ч кинонд бас логик байдаг" гэжээ. Критикч Dennis Schwartz киноны зураглал болон сэдвийг сайшаагаад "энэ бол хийрхүү боловч Alice in Wonderland-ийн фантааз, сюрреалист кино хувилбар" гэжээ. TV Guide "Санаанаас гаршгүй, түгшүүртэй энэ кино нь хагас фантааз, хагас бодитой боловч чухам аль нь болохыг бид хэзээ ч мэдэхгүй".

  Апокалипсисийн дараах өрнөлтэй эл этгээд кино нь зүүд шиг бас нийгмийн задрал, зөв хийгээд буруугийн тухай хувьсгалт шинэ концептийг харуулсан. Оньсого шиг, ийм радикал киног Louis Malle мэтийн "тэрслүү" этгээд найруулагчид л хийж чаддаг нь гайхах зүйл биш. Ойлгомжгүй, тодорхой бус, дэндүү гаж байсан учир тухайн цагт нь хүмүүс эл бүтээлийг ойлгоогүй, "муу" кино гэж үзсэн нь бас л зүйн хэрэг. Malle "Damage", "Murmur of the Heart", "Elevator to the Gallows" гэх мэт шинэлэг, цочоосон, өвөрмөц кинонуудаар нь мэднэ.  Malle кино зохиолоо Испанийн кино найруулагч Luis Buñuel-н бэр Joyce болон Ghislain нарын хамтаар бичжээ. Гэхдээ энэхүү кино нь найруулагчийн бусад кинонуудаас нэлээд ялгаатай ба Malle-н хэлснээр энэ кино нь ойрын ирээдүйд өрнөж байна домоглог үлгэр ажээ. Киноны нэр нь ямар нэгэн гамшигт өөрчлөлт тохиохоос өмнөх эмх замбараагүй үеийг зурхайн хэллэгээр илэрхийлж байгаа аж. 

Comments