Groundhog Day (1993). Америкийн кино найруулагч Harold Ramis-н фантааз, романтик-комеди. Кино зохиолыг Ramis Danny Rubin-тэй хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд Bill Murray, Andie MacDowell, Chris Elliott нар тоглосон. Rubin 1990-ээд оны эхээр "Groundhog Day"-ийнхээ тоймыг боловсруулсан ба тэрээр продюсеруудын анхаарлыг татах гэж явж байгаад эцэстээ Ramis-н анхааралд өртөж чаджээ. Үзэгчдэд илүү тааламжтай болгохын тулд Ramis Rubin-тэй хамтран бараан өнгө аясыг нь багасгаж, илүүтэй хошин болгон сайжруулав. Гол дүрд сонгогдсон Bill Murray найруулагч Ramis-тай зохиолын тал дээр зөрчилдөж байсан; Murray илүү философийн элементүүдэд анхаарахыг хүсч байхад Ramis хошин талыг нь чухалчилж байв. Киноны зураг авалт бүхэлдээ Иллинойс мужийн Вудсток хотод хийгдсэн бөгөөд цаг агаар хүйтэн, Murray, Ramis хоёрын дуусашгүй зөрчил гээд зураг авалтын 3 сар амаргүй байсан гэдэг. "Groundhog Day" нээлтээ хийгээд санхүүгийн хувьд амжилттай байж, 1993 оны хамгийн их ашиг олсон киноны нэг болсон.
Шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан; увайгүй зэвүүн мөчүүдийг сентименталтай гаргууд хослуулж, мөн комеди гадаргын доогуур философийн мессежийг шингээж чадсан хэмээх магтсан байдаг. Кино олон арван шагнал хүртснээс BAFTA-аас шилдэг эх зохиол шагнал онцгойрно. "Ghostbusters", "Caddyshack" зэрэг хит кинонуудад хамтран ажилласан Murray, Ramis хоёрын урт хугацааны хамтрал эл бүтээлээр эцэслэсэн бөгөөд 2014 онд Ramis-г нас барахын өмнөхөн уулзах хүртэл тэд огт хоорондоо харилцаагүй явсан гэдэг. Энэ кино Murray-г жүжигчнийх нь хувьд шинэ түвшинд гаргасан гэж үздэг; өмнө хошин, инээдмийн дүрээрээ танигдсан байсан тэрээр Phil-н дүрээрээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй хойшид илүү нухацтай дүрүүдэд тоглох замыг нь тавьжээ. Нээлтээ хийснээс хойш киноны нэр хүнд тасралтгүй өссөн бөгөөд өнөөдөр уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг инээдмийн киноны тоонд оруулах болжээ. Кино олон нийтийн соёлд хүртэл нөлөөлсөн; тухайлбал Groundhog Day гэдэг нэр томьёо Англи хэлний үгсийн санд тааламжгүй, нэг хэвийн, дахин давтагдах нөхцөл гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Буддист, Христ, Еврей шашны судлаачид уг киног шашны зүйрлэлт бүтээл гэж өөр өөрсдийнхөөрөө шинжилсэн байдаг.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Цаг агаарын нэвтрүүлэгч Phil, продюсер Rita мөн зураглаач гэсэн бяцхан “баг” Пенсильвани мужийн Пункссутауни хэмээх жижигхэн хотод жил болгон зохиогддог “Groundhog Day” хэмээх уламжлалт баяр ёслолын ажиллагааг сурвалжилахаар явж буйгаар кино эхэлнэ. Улсын хэмжээнд уламжлалт болсон энэ баярыг Монголоор бол “хаврын баяр” гэлтэй. Phil-н хувьд энэхүү баярын ажиллагааг дөрөвдөх жилээ сурвалжилахаар яваа нь энэ ба энэхүү ажлаа яс махнаасаа үзэн ядна. Ер нь ч тэрээр муухай ааштай, дэндүү амиа бодсон, хулчгар эр болно. Продюсер Rita-г хайрын харцаар сэмхэн хардагаа өөрөө ч үгүйсгэх тийм зөрүүд, зориггүй эр. Ингээд алдарт сурвалжлагийн өдөр буюу хоёрдугаар сарын хоёрны өглөө Phil Пункссутауни дахь нэгэн зочид буудлынхаа өрөөнд "I Got You Babe" хэмээх сэрүүлгэн дуун дээр сэрнэ. Радиогоор баярын талаар нэврүүлэгчид ярина. Өрөөнөөсөө гартал нэг чалчаа залуу явуулах шинжгүй яриа өднө, гэвч хар яр ааштай Phil түүнийг загначихаад цааш явах ба буудлын эелдэг ааштай үйлчлэгч авгайг ч гомдооно. Phil цааш явсаар булан тойртол их сургуулийн найзтайгаа санамсаргүй таарна. Салж өгөхгүй элдэвийг ярих найзаасаа зугтах шахам явсаар ажил дээрээ буюу “Groundhog Day”-гаа сурвалжилсан болоод бушуухан буцах гэтэл цаг агаар муудсаны улмаас буцах санасны гарз болж эртхэн орондоо орно.
Phil-г "I Got You Babe" дуу дахин сэрээнэ. Босоод хувцсаа өмсөж байхад радиогоор өчигдөр ярьж байсан зүйлээ өнөөх хүмүүс давтан ярьж байна. Гайхсан тэрээр өрөөнөөсөө гартал өнөөх чалчаа залуугийн яриа, мөн буудлын үйлчлэгч авгайн яриа, тэр ч бүү хэл гудманд таарах их сургуулийн найз гээд “Groundhog Day” буюу хоёрдугаар сарын хоёрны өдөрт тохиосон бүхэн яг давтагдан өнгөрнө. Хар дарсан зүүд үү? Эсхүл цэвэр тохиолдол уу? Гэдгийг Phil ойлгохгүй орондоо орж унтана.. Phil дахиал "I Got You Babe" дуугаар сэрнэ.. тиймээ, энэ бол зүүд биш, тохиолдол давхцал ч биш, цаг хугацааны гацалт маягийн юм байв. Өөрөөр хэлбэл, Phil хоёрдугаар сарын хоёрны өдөр “түгжигдсэн” байлаа. Түүнд өчигдөр гэж байхгүй, бас маргааш гэж байхгүй, зөвхөн өнөөдөр буюу нэг л өдрөө үүрд амьдарч, тэр өдөр нь дахин дахин давтагдана. Phil галзуурсан мэт болно. Таньж мэдэхгүй хотод түүнд тусалж мэдэх хүн Rita л байв. Rita түүнд яаж итгэх билээ? Итгэлээ ч өглөөний 6:00 цаг болоход бүх юм шинээр эхлэх юм чинь. Phil тийм ч тэнэг хүн биш байлаа. Энэхүү хачин байдлаа ашиглаж эхэлнэ. Таалагдсан хүүхнийхээ талаар гурван хоногийн дотор бүрэн мэдээлэл цуглуулж, дөрөвдөх өдрөөсөө л өвөртөө оруулах юмуу банкыг ядах юмгүй дээрэмдэж байв. Өглөөний 6:00 цаг гэхэд дахиал тэр өдөр шинээр эхлэх болохоор Phil хүссэнээ гүйцэлдүүлж байлаа. Гэхдээ муу тал их байв.
Маргааш гэж байхгүй, их хэмжээний мөнгөтэй, хүссэнээ өөрийн болгосон ч тэр нь ганц өдрийн л настай байлаа. Дахиал бүх юмыг өдөр болгон эхлүүлнэ гэдэг ямар байх вэ? Phil энэ байдалдаа залхаж, энэ амьдралаасаа уйдаж, үхмээр санагдана. Ингээд Phil амиа хорлосон ч өглөө түүнийг өнөөх гайт дуу сэрээнэ. Өөрийгөө дүүжилж, буудаж, тогонд цохиулж, есөн шидээр үхээд ч нэмэргүй өнөөх л шидлийн "I Got You Babe" дуу түүнийг сэрээсээр л.. Үнэн тамын амьдрал биш гэж үү? Phil арга барж, яасан ч яахуу гэсэн амьдралаар амьдарч эхэлнэ. Ингэж явахдаа өмнө нь уурлаад өөртөө халгаадаггүй байсан буудлын үйлчлэгч, их сургуулийн найз нартайгаа хүншиг \эелдэг\ харьцаж эхэлнэ.. сэтгэлтэй ч харь хөндий байсан Rita-тайгаа ч дотно харьцаж эхэлнэ. Хүмүүстэй элэгсэг дотно харьцаж, буян үйлдэх, өгөөмөр сэтгэл гаргах нь Phil-д халуун дулаан хайрыг амтлуулж, хүн болсоор анх удаагаа амьдралыг, хүмүүсийг таньж, тэднийг хүндэлсэнээр эргээд өөрийг нь хүндэлж хайрладаг болохыг ухаарна. Энэ мөчөөс Phil өдрийг ном уншиж, төгөлдөр хуураар хичээллэж өнгөрүүлнэ. Хотынхоо бүх хүнийг таних болсон тэрээр тэр өдөр золгүй үхэх хүмүүсийг ч мэдэж, улмаар амийг нь авардаг болно, өдөр бүр. Phil-н нэг өдрийн амьдрал Rita-г өөртөө хайртай болгосноор бүх юм хэвийн байдалдаа орж байгаагаар кино дуусдаг. Энэ киноны зохиолыг бичсэн Danny Rubin-д анхлан санаа нь 1990 онд төржээ.
Тэрээр Лос Анжелес хот руу нүүж, кино зохиолчоор ажиллаж байжээ. Нэг удаа теарт кино эхлэхийг хүлээж байхдаа Anne Rice-н "The Vampire Lestat" номыг уншиж байтал гэнэт мөнх амьдралтай цус сорогчийн тухай болон цаг хугацаа хязгааргүй байсан бол хүн юу хийх байсан бэ гэсэн бодол төрж. Тэрээр цус сорогчид ердийн дүрэм журам, ёс суртахууны хил хязгаарыг баримтлах шаардлагагүй жирийн хүмүүстэй адил гэж үзсэн. Тэрээр үхэшгүй мөнх хэдийд уйтгар эсхүл утгагүй болох, мөн хүн цаг хугацаа өнгөрөхөд хэрхэн өөрчлөгддөг буюу өөрчлөгдөх чадваргүй тийм хүнд яаж нөлөөлөх вэ гэж өөрөө асуужээ. Ингээд тэрээр өсвөр наснаасаа цааш наслах боломжгүй, хөгжих үедээ гацчихсан залуугийн тухай бодож эхэлжээ. Rubin саяхан нэг кино зохиолоо худалдаад байсан учир агент түүнд продюсеруудын анхаарлыг татахуйц сайн зохиол боловсруулахыг зөвлөж. Rubin мөнхийн амьдралаар өөрчлөгдөж буй хүний тухай санаа нь дээрээ ажиллаж эхэлсэн ч гэнэт түүхэн ба ирээдүйн үйл явдлыг дүрслэхэд нэлээн түвэгтэй байсан тул асуудал үүссэнийг ухаарав.
Тухайн үед тэрээр өглөө болгон нэг л өдрөө сэрдэг хүний тухай сэдэвтэй зохиол хоёр жилийн өмнө бичиж байснаа санасан ба Rubin энэ хоёр санаагаа нэгтгэснээр эл кино бүтжээ. Мөнхийн амьдралын түүхийн шугаман бус давтагдах мөчлөгөөр дүрсэлсэнээр түүнд үйл явдлын тохиргоог өөрчлөх боломж гарсны сацуу давталт нь комеди, драматик боломжуудыг олгожээ. Phil-н цаг хугацааны гогцоонд хэр удаан байсан нь хэлэлцүүлгин өргөн сэдэв болсон. Найруулагч Harold Ramis нэгэнтээ киноны үйл явдал өрнөх хугацаа 10 жил болсон гэж үзэж байна хэмээсэн. Нэг блогчин хугацааны бодит уртыг ойролцоогоор 9 жил гэж тооцоолсон бол Ramis дараа нь блогчины болоод өөрийнхөө тооцоололд эргэлзэх болсон. Аливаа ажилд гаргууд болохын тулд дор хаяж 10 жил шаардлагатай гэж Ramis хэлсэн (Phil францаар ярьж, мөсөөр баримал урладаг). Ramis: "Phil-н цаг хугацааны зогсолт хийгээд тэнэг байсныг нь харгалзан үзвэл энэ нь 30 юмуу 40 жил болох ёстой" гэжээ. Үүнтэй төстэй тооцооллоор ямар нэгэн салбарт мэргэжилтэн болохын тулд багадаа 10,000 цаг (жил гаран хугацаа) суралцах шаардлагатай гэж (кинонд гарсан юмуу дурдагдсан гогцооны тоог тооцвол) үзвэл Phil ойролцоогоор 12,400 хоног буюу бараг 34 жилийг гогцоонд гацаж өнгөрүүлжээ.
Rubin-н анхны нооргийн концептэд Phil цаг хугацааг тооцоолох гэж хөтөлсөн номондоо 70-80 жилийг цаг хугацааны гогцоонд гацсан гэж бичсэн байдаг ажээ. Еврей гэр бүлд төрж өссөн Ramis хоёрдахь эхнэрээсээ Буддын шашны амьдралын хэв маяг, зарим зарчмыг хүлээж авсан байдаг. Буддын шашны сургуульд сүнс дараагийн түвшинд хөгжихийн тулд ойролцоогоор 10,000 жил шаардагддаг гэж тэрээр хэлжээ. Энэ асуудал сүүлдээ улс төрийн хачирхалтай асуулт болсон гэж Rubin уурлангүй хэлсэн байдаг: "Миний хувьд киноны утга та удаан хугацаанд үргэлжлэх ямар нэгэн зүйлийг тэвчиж чадах эсэх мэдрэмжийн тухай байсан. Надад лав тийм байсан. Мэдэхгүй юм, зуун жил, насан туршдаа ч тэр гогцоонд байсан байж магадгүй" гэж Rubin хэлсэн. Цаг хугацааны гогцооны тодорхойгүй байдал бол киног гайхалтай болгож буй элементүүдийн нэг юм. Phil яагаад бас яаж тэнд орсныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүйтэй адил Phil өмнөхөөсөө илүү сайн хүн болоход зөвхөн хангалттай цаг хугацаа л хэрэгтэй юм.
Уг киног төрөл бүрийн бүлгүүд янз бүрээр тайлбарласан байна. Зохиолч Rubin анхнаасаа ямар нэгэн оюун санааны зүйрлэл болгон киноны зохиолоо бичээгүйн гэж хэлж байв. Энэ бол ердөө л хүний амьдрал, зугтаахыг хүсдэг ч циклд баригдсан хүний түүх гэж хараасай хэмээжээ. "Энэ бол амьдралынх нь нэг өдөр ахин дахин давтагддаг хүний түүх бус энэ бол хэрхэн амьдрах тухай түүх юм. Хэнд амьдрал нь цуврал өдрүүд шиг санагддаггүй гэж? Хэнд цаг хугацаанд гацчихсан юм шиг санагддаггүй гэж" хэмээн Rubin хэлсэн буй. Боулингийн сцэнд Phil Пункссутауныигийн хоёр оршин суугчдаас юу ч хийгээд ямар ч утгагүй тийм газарт гацчихвал ямар байх вэ гэж асуудаг; Phil өөрийнхөө нөхцлийг хэлж байна, харин өнөөх хоёр хүн гогцоонд гацаагүй ч түүний юу хэлэх гээд байгааг сайтар мэддэг. Rubin, Ramis хоёр киноныхоо философийн, оюун санааны талаарх сэдвийг ярилцаж байхдаа киногоо зугаатай, сэтгэлд хүрэм, сайхан кино байхаас илүү гаргахыг хүсээгүй гэдэг. Жүжигчин Bill Murray кино зохиолыг уншаад өөрчлөгдөхөөс айдаг хүмүүсийн нэг л хэв, өнгөөр үргэлжлэх амьдралыг харуулсан кино гэж ойлгожээ. Цаг хугацааны гогцоо эхлэх үе бол Phil-н амьдралын хамгийн муу өдөр, нэг талдаа. Нөгөө талдаа бол Phil өөрийгөө хэн бэ гэдгийг өөрчлөхөд, эргэн тойрноо буюу бусдыг хүлээн авснаар, өдөр тутам хором болгоныг ойлгож ухаарснаар, мөн хамгийн гол нь хайраа олсон гэдгээр тэр өдөр түүний хувьд хамгийн шилдэг бас онцгой өдөр юм. 2017 онд Murray энэ киноныхоо талаар: "энэ бол бид дахин хичээж оролдох ёстой гэсэн санаа... энэ кино хүчирхэг, үзэсгэлэнтэй санааг илэрхийлсээр байгаа учраас энэ кино одоо ч үзэгчидтэй байгаа" гэжээ.
Phil-н дүрд Chevy Chase, Tom Hanks, Michael Keaton нэрс хүчтэй яригдаж байсан ба Ramis-н анхны сонголт Tom Hanks байсан, гэвч Hanks сайн хүний дүрийг бүтээж олонд танигдаад байсан тул үзэгчид үүнийг нь хүлээж авахгүй гэж үзэн Hanks өөрөө саналаас татгалзжээ. Michael Keaton-д хэгжүүн, увайгүй дүрд тоглох асуудалгүй байсан ч киногоо сайн ойлгохгүй учраас татгалзсан байдаг ба хожим татгалзсандаа харамсаж явдаг гэдгээ илэрхийлсэн буй. Ерөнхийдөө Phil-г кино зохиолд залуу хүн гэж бичсэн байсан, харин холбогдсон бүх инээдмийн жүжигчид хөгшин байгаад байв. Ramis, Murray хоёр 1974 оноос эхлэн хамтран ажиллахдаа 5 кино бүтээсэн найзууд байлаа. Rubin гол дүрээ ааштай, яхир гэж бичээгүй, харин ер бусын нөхцөлд орсон эгэл хүн гэж дүрсэлсэн байлаа. Murray гол дүрийг хамаагүй илүү увайгүй, ёжтой, зожиг байдлаар бүтээсэн байдаг. Rubin өөр жүжигчин сонгохыг хүссэн ч Ramis түүнийг тайвшруулаад; "санаа бүү зов, энэ бол Murray-н хийж чаддаг ажил. Тэр муухай ааштай ч чамайг өөртөө татаж чадна" гэж хэлжээ. Жүжигчин Andie MacDowell ч үүнтэй адилхан үгс хэлсэн; "Murray новш боловч чамайг инээлгэж чадна" хэмээжээ. Rita-н дүрд комедиан жүжигчдийг шалгаж үзсэн хэдий ч Murray угаасаа комедиан байхад зэрэгцүүлээд бас нэг инээдмийн жүжигчин сонгох нь тохиромжгүй гэж кино бүтээгчид үзсэн. Rita бол Phil-тэй адил онигоо ярьж, марзагнахын оронд илүү оюунлаг, хүнлэг дүр байвал зохицохоор байв.
Ийнхүү Andie MacDowell Rita-н дүрд сонгогдсон буюу түүний байгаа байдал дүрдээ яг тан таарчээ. Andie Murray-н импровиз хийх чадварт дасан дагахыг хичээж байв. Энэхүү кино нь Murray, Ramis хоёрын өмнөх бүтээлүүдээс мэдэгдэхүйц ялгаатай байсан ба жижиг хэмжээтэй, сэтгэл татам, зөөлөн кино болсон гэж шүүмжлэгчид үзэж байв. Мөн зарим шүүмжлэгчид "Tootsie"-ээс хойших хамгийн сайн Америк комеди гэж нэрлэсэн. Шүүмжлэгч Hal Hinson найруулагч Ramis-н хошин мэдрэмжийг магтаад дүр эсгэхгүйгээр ухаалгаар бодож олсон үйл явдлыг сайшаасан. Roger Ebert киног Murray-н тоглосон Зул сарын сэдэвт "Strooged" кинотой харьцуулж; "Groundhog Day бол таагүй сэтгэгдэл төрүүлж байсан газар өөдрөг үзэл төрүүлэх кино" гэсэн буй. Шүүмжлэгчид уг киног илэрхий ёс суртахууны шинжтэй гэдэг дээр санал нэгтэй байсан ч үзүүлэхдээ асуудалтай гэсэн байдаг; шүүмжлэгч Desson Thomson кино эхэндээ сонирхолтой байдаг ч эцэстээ байдаг л нэг Холливуудын хэв маягт ёс суртахууны үлгэр болж хувирдаг гэж үзжээ. Janet Maslin "нихилизм ба сентиментализмыг тэнцвэртэй үзүүлсэн" гэсэн байхад өөр нэгэн судлаач цинизм ба өөдрөг үзлийг нэгэн зэрэг сэтгэл татмаар зурагласан гэжээ. 2004 онд The New Yorker сэтгүүлийн уг киног Ramis-н шедевр гэсэн бол нэрт шүүмжлэгч Roger Ebert уг киног дутуу үнэлж байснаа хүлээн зөвшөөрч, аугаа киноны тоонд оруулж, Murray-н тоглолт киног аугаа болоход чухал үүрэгтэй байсан гэж бичжээ. Энэ кинонд Murray магадгүй замналынхаа шилдэг дүрийг бүтээсэн болов уу. Энэ магадгүй философи ба комедийг зэрэгцүүлж суулгаж чадсан хамгийн шилдэг кино болов уу. Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 285-р байрт жагсаагаад байна.
Comments
Post a Comment